Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1827

 

    Х, ХХ нарын

     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05483 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х ХХ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХд холбогдох

 

Гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагч ХХХын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х, ХХ нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бидний хүүхэд ХХХХХг зодож, хөнгөн гэмтэл учруулсан боловч 16 нас хүрээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хэргийн улмаас хүүгийн хамрын ясны баруун хана цөмөрсөн, хамрын таславч мурийсан, одоо яаралтай хагалгаанд орох шаардлагатай боловч эмчилгээний төлбөргүйн улмаас мэс засалд оруулж чадахгүй байна. Мэс заслын зардал нь 1 150 000 төгрөг, ор хоногийн төлбөр 48 000 төгрөг, толгойн зураг авахуулахад гарсан зардал 120 000 төгрөг, шинжилгээний төлбөр 40 000 төгрөг, нотариатын зардал 2 500 төгрөг, одоо хүртэл эм, тариа хийлгэж байгаа болон автобус, таксины зардалд 679 500 төгрөгийн зардал гаргаад байна. ХХХХХгийн хамар байнга битүүрэх, толгой өвдөх, цус гарах зэргээр зовиур илэрч байна. Бид, хүүгийн хамт "ЭМЖЖ" чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийлгэсэн эмчилгээ нь хугарсан хамар, мурийсан таславч зэргийг эмчлээгүй, энэ мэс заслыг гоо сайхны гэж шууд ойлгож болохгүй. Нэгэнт хугарсан, мурийсан таславчийг мэс заслын аргаар эмчлэхгүй бол хүүхдийн хамар муруй, дотогш суусан, байнга битүүрдэг. Энэхүү үйл явдлаас болж миний хүүхэд сургуулиасаа гарсан, харьяа сургууль буцаан авахгүй гэж шийдсэн, цаашдын сургалт, хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн гэх үр дагаврууд бий боллоо. Иймд, ХХХХн эх ХХХаас 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХын хүү ХХХХ болон ХХХХХ нар 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зодолдсон. Эх ХХХ нь энэ үед хүү ХХХХг өөрийн бүрэн хяналтандаа байлгах бололцоо байхгүй байсан. Иймд, сургуулийн захиргаа тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой, бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцээгүй, баримтаар нотлогдсон зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ХХХХХд энэхүү зодооны улмаас зайлшгүй мэс засалд орох шаардлагатай эсэх, ямар эмчилгээ хийлгэх талаар баримтууд байхгүй байна. "ЭМЖЖ" чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн гэх баримтад уг мэс заслыг хийх талаар хэн зөвшөөрөл олгосон гэдгийг нэхэмжлэгч тал нотлохгүй байна, нотлох баримтаар өгч болох зардалд толгойн зураг авахуулсан 120 000 төгрөгийн зардал тус зодооны улмаас учирсан хохирол байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хохирлыг тодорхойлсон баримтууд тамга тэмдэггүй, хаанаас хэн гэж этгээд олгосон эсэх нь тодорхой бус цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэх, тэр тусмаа эм, тариа хийлгэж байгаа болон автобус, таксины зардал бодитоор гарсан эсэх нь нотлогдохгүй байна. Энэ хэргийн хариуцагчаар ХХХ бус харин харьяа сургуулийн захиргаа хариуцаж, хохирлыг барагдуулах ёстой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч ХХХаас 1 320 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х, ХХ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 679 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 болон 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х, ХХ нараас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлж, хариуцагч ХХХаас 36 078 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х, ХХ нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ХХХ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4 дэх хэсэгт "Эцэг, эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлж болно" гэж заажээ. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ХХХХгийн бусдад хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн байранд буюу хичээлийн анги дотор болсон тул ХХХХгийн эх ХХХ нь түүнд биечлэн хяналт тавих боломжгүй, харин Сургуулийн захиргаа нь сурагчдын "зохисгүй байдал"-д хяналт тавих үүрэгтэй болно. Гэтэл шүүх ХХХ нь хүү ХХХХг бусдын эрүүл мэндэд гэм хор учруулах үйлдэл хийхэд зохих ёсны хяналт тавьсан эсэх нь нотлогдохгүй байна хэмээн буруу дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж заасан ба хэрэгт авагдсан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгийн эмчлүүлэгчийн картад "ХХХХХгийн өвчин эдгэсэн тул эмнэлгээс гаргав, цаашид нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагагүй" гэж тэмдэглэсэн байна. Тиймээс шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн зардал нь "зайлшгүй зардал"-д хамаарах эсэхэд шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй. Хариуцагчийн зүгээс дээрх зардлыг "зайлшгүй зардалд" хамаарахгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хариуцагчаас нөхөн сэргээх мэс заслын төлбөрт 1 150 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн шийдвэрлэсэн. Мэс заслын төлбөрт 1 150 000 төгрөг шаардлагатай гэх баримтад тамга, тэмдэг дарагдаагүй, уг баримт эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажаагүй байна. Тиймээс уг баримт нь "зайлшгүй зардлын хэмжээг тогтоосон баримт гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймээс хариуцагч нь хэрэгт авагдсан хууль ёсны баримтын хүрээнд зардлыг төлөх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулах төлбөрийг хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХХ, Х нар нь хариуцагч ХХХд холбогдуулан /хүү/ ХХХХХгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулахыг шаарджээ. Тодруулбал, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуульд ХХХХд зодуулсны улмаас хамрын ясны баруун хана цөмөрсөн, хамрын таславч мурийсныг эмчлүүлэхэд шаардагдах мэс заслын зардал 1 198 000 төгрөг, толгойн зураг авахуулсны төлбөр 120 000 төгрөг, шинжилгээний төлбөр 40 000 төгрөг, эм тарианы зардалд нийт 2 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч мэс засал зайлшгүй хийлгэх шаардлагатай, эм тариа хэрэглэсэн нь шаардлага хангасан баримтаар нотлогдоогүй, 44 дүгээр сургууль хариуцлагыг хамтран хүлээх ёстой гэсэн үндэслэл заан маргажээ.

            Хариуцагч ХХХын хүү ХХХХ нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ХХХХХг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон боловч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэх үндэслэлээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4969 дугаар тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

            Хэргийн 52-63 дугаар талд авагдсан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 005443 тоот өвчний түүх гэх баримтаар “ХХХХХгийн хамрын хэлбэр алдагдаж нуруу хэсгээр доош суусан, таславч баруун тал руу мурийсан” гэх онош тавигдаж, хамрын суусан хэсгийг 2 талаас нь дээш өргөх эмчилгээг хийсэн, хамрын таславч мурийсан хэсэгт эмчилгээ хийгдээгүй нь тогтоогдож байх боловч уг эмчилгээнд шаардагдах зардлын хэмжээг эргэлзээгүй тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн хэргийн 10 дахь талд авагдсан “Хамрын мэс заслын зөвшөөрөл” гэх баримтад холбогдох эмчилгээ 1 150 000 төгрөгөөр хийгдэх, ор хоногийн төлбөрт 48 000 төгрөг зарцуулагдах талаар дурдсан байх боловч энэ баримтыг үйлдсэн ажилтны нэр, эмчийн гарын үсэг байхгүйн зэрэгцээ уг баримтад бичсэн эмчилгээний үнийн дүн засвартай байгааг шүүх тодруулаагүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэнгүй.

 

            Хэргийг хэлэлцэх явцад хариуцагч нь зардал шаардсан баримт шаардлага хангаагүй талаар тайлбарласан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж хэргийн оролцогчид шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх боломж олгоогүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэлслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

                                   

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05483 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХын төлсөн 32 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                А.МӨНХЗУЛ