| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0094/Э |
| Дугаар | 000070 |
| Огноо | 2017-06-07 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 000070
Б.Отгонбаярт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2017/0094/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Т.Ганзориг
Ялтан Б.Отгонбаяр
Ялтны өмгөөлөгч Д.Энхбаяр
Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолтой Бямбацогт овогтой Отгонбаярт холбогдох, 201614000525 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Б.Отгонбаяр болон ялтны өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, марктенгийн менежер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо 58-01 тоотод оршин суух, УП 93050331 регистрийн дугаартай, Шар түрүүт овогт Бямбацогтын Отгонбаяр.
Шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа байлдагч Д.Дөлгөөнтэй маргалдан сандлаар цохихоор далайх явцдаа тэднийг салгах гэж байсан байлдагч О.Ням-Очирын толгойн тус газарт цохиж биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Шар түрүүт овогт Бямбацогтын Отгонбаярыг бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1.д зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярыг 1 жилийн хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Б.Отгонбаяраас 853.000 төгрөг гаргуулан Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо 19-55 тоотод оршин суух О.Ням-Очирт /РД:УЗ97051119/ олгож, нэхэмжлэлээс 58.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Отгонбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан Б.Отгонбаяр давж заалдах гомдолдоо:
Миний бие нь анхан шатны шүүхээс хорих ял аваад цагдан хоригдож байна. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Цэргийн албанаас хугацааны өмнө халагдсан. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.
Ялтны өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдах гомдолдоо:
Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Отгонбаярыг бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар маргахгүй, харин түүнд оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөн хөнгөрүүлэх үндэслэл, боломж байна гэж үзэж давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа ба 853 000 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогч талд төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.д зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа цэргийн байранд байлдагч Д.Дөлгөөнтэй маргалдан түүнийг сандлаар цохихоор далайх явцдаа тэднийг салгах гэж байсан байлдагч О.Ням-Очирын толгойн тус газарт нь цохиж, биед нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
Хохирогч О.Ням-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Отгонбаяр, Дөлгөөн хоёр хоорондоо зодолдсон. Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороод хоёр тийш нь түлхсэн чинь Отгонбаяр Дөлгөөнийг сандлаар цохих гэж байгаад андуураад намайг цохисон. Би толгой эргээд хана налаад зогссон. Хэсэг зогсож байгаад орон дээрээ очиж хэвтсэн... гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Оюунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Ням-Очир өөрөө ярихдаа байлдагч Отгонбаяр, Дөлгөөн хоёрыг муудалцахаар нь дундуур нь орсон чинь сандлаар зүүн талын шанаа руугаа хальт цохиулсан гэж хэлсэн. Шанааг нь дарж үзэхэд хөндүүр байх шиг байсан. Гар хүргэхгүй байсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Сэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Ахлах байлдагч Отгонбаяр Дөлгөөний зүүн талын шанаа руу нэг удаа цохиод ...давхралдаад орон дээр унасан. Тэнд байсан байлдагч нар тэр хоёрыг салгах гэхэд Отгонбаяр цэргүүдийн суудаг ногоон сандал баруун гартаа бариад зогсож байсан. Тэр үед байлдагч Ням-Очир гүйж очоод Дөлгөөн, Отгонбаяр хоёрыг салгах гээд дундуур нь ороод зогссон. Отгонбаяр сандал бариад Дөлгөөнийг цохих гэсэн чинь Дөлгөөн дундаа байсан Ням-Очирыг түлхэж хамаад Отгонбаяр луу дайрсан. Тэр үед Отгонбаяр сандлаараа Дөлгөөний нуруу луу цохих шиг болсон. ...Ямар ч байсан Отгонбаяр баруун гараараа модон сандал өргөж байгаад доош нь булгасан. ...Ням-Очир миний хажууд ирээд миний эрүү лүү цохьчихлоо гээд амаа ангайлгаад харуулсан. Ням-Очир тэр хоёрын дунд салгах гээд зогсож байсан... гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Баасанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...10 дугаар сарын 10-ны орчим манай салааны цэргүүд ажилд яваад ирсэн чинь Ням-Очир надтай уулзаад өнөөдөр Отгонбаяр, Дөлгөөн хоёрыг зодоон хийхээр нь салгах гэж байгаад дундуур нь ороод толгой руугаа сандлаар цохиулчихсан чинь эрүү толгой өвдөөд байна... гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Дөлгөөнөө эргээд алхах үед Отгонбаяр хаанаас ч юм бүү мэд нэг мэдсэн сандал бариад Дөлгөөнөө рүү дайрсан. Тэгэхээр нь би хажуу талаас нь цохиулж магадгүй гэж бодоод тонгойгоод түлхсэн...Оройн хоолон дээр Ням-Очир өдөр Отгонбаярт цохиулсан гэж өөрийнхөө салааны орлогч Батмагнайд хэлж байсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Отгонбаярын далайсан сандал нь миний баруун мөрөн дээгүүр даваад миний нуруун дээр цохьсон. Отгонбаяр бид хоёрыг цэргүүд салгасан. Би орныхоо хажууд очоод зогсож байхад цэргүүд хоорондоо Ням-Очир сая Отгонбаяр, Дөлгөөн хоёрыг салгах гэж байгаад сандланд цохиулсан гэнээ гээд яриад байсан. Ням-Очир дээр яваад очиход орон дээрээ доошоо хараад тонгойгоод сууж байсан. Сая та хоёрыг салгах гэж байгаад цохиулчихлаа гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны
О.Ням-Очирын биед бага тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.3.д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт,
Шинжээч эмч Ч.Буянзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тархины комьпютер томографикийн шинжилгээ ба 2016 оны 09 дүгээр сарын 21-нээс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэрэгт дээрх цусан хураа оношлогдоогүй байна. Иймээс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойших хугацаанд дээрх гэмтэл үүссэн байх боломжтой байна. О.Ням-Очирын хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхээс үзэхэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй... гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Отгонбаяр хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад хохирогчийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн байх ба анхан шатны шүүх хохирогчийг цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нь дурдаж шийдвэрлэсэн байна.
Харин шүүгдэгч Б.Отгонбаяр нь анх удаа гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний хувийн байдал болон хохирогчийн гаргасан “...бид гомдол саналгүй, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан ..., тул Б.Отгонбаярт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн санал, хүсэлт зэргийг харгалзан Б.Отгонбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Б.Отгонбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолд
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.д зааснаар Б.Отгонбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Б.Отгонбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Б.Отгонбаяр нь шийтгэх тогтоолд хохирогчид олгохоор заасан хохирлын 853 000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурьдсугай.
5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
С.ЦЭЦЭГМАА