Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0242

 

М.К-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор М.К-н нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Буянт сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 01-ний өдрийн Б/08 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Сахилгын зөрчлийг нэхэмжлэгч М.К гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Багийн Засаг даргын хувьд хугацаатай судалгаа, мэдээг цаг тухайд нь дээд шатны байгууллагад тайлагнаагүй сахилгын зөрчлөө нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зөрчлийг үгүйсгэсэн нотлох баримт гаргаагүй, ийм баримт ч шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлэхдээ нэг талыг баримталсанд гомдолтой байна. Ховд аймгийн Буянт сумын Засаг даргаас хугацаатай мэдээ, судалгааг цаг тухайд нь гаргаж өгөөгүй багийн Засаг дарга нартай уулзаж, хариуцлага тооцохыг мэдэгдэж, хугацаатай судалгаа, мэдээг цаг тухайд нь өгч байх талаар үүрэг, чиглэл өгч байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Ийм байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Кистаувайд сонсох ажиллагаа явуулахгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, сахилгын зөрчил гаргасан этгээдийг хариуцлагаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасантай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч М.К нь Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдуулан “Буянт сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг тус тус баримтлан  “Дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг биелж ажиллаагүй, ажлын хариуцлага алдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.К-д албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч нь дээр дурдсан сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ тодруулж шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Үржилд ашиглаж буй бог малын хээлтүүлэгчийг ялган тэмдэглэх, малын нэгдсэн сангийн бүртгэлд хамруулах ажлыг багийн нутаг дэвсгэрт зохион байгуулаагүй, энэ талаар Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан бичгээр ирүүлсэн чиглэлийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй”, “Сумын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр бүртгэгдсэн малчин өрх, малчин, өвөлжөө хаваржаандаа орон сууцтай малчин өрхийн тоо судалгааг гаргаж ирүүлэх талаар Хүнс хөдөө аж ахуйн газрын албан бичгээр ирүүлсэн чиглэлийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй”, “Ургац хураалт, хадлан, хужир шүүний мэдээг цаг тухайд сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлээгүй, энэ талаарх сумын Засаг даргаас өгсөн чиглэлийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй”, “Дээд шатны байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн үүрэг, чиглэлийг хугацаанд хэрэгжүүлдэггүй, багийн Засаг даргаас гарах судалгаа, мэдээ тайлан албан даалгаврыг биелүүлдэггүй” гэж тайлбарлан маргасан байна.

Анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөрчил тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзнэ. Тодруулбал,

Хэрэгт авагдсан баримтаар  Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын  2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр албан бичгээр “Үржилд ашиглаж буй бог малын хээлтүүлэгчийг ялган тэмдэглэх, малын нэгдсэн сангийн бүртгэлд хамруулахаар төлөвлөсний дагуу ялган тэмдэглэгээ хийгдэх бог малын хээлтүүлэгчийн захиалгыг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлэх”-ийг даалгасан байх бөгөөд Цагаан эрэг баг нь хуц, ухна ялгалтын мэдээ, захиалгаа хугацаандаа хүргүүлсэн нь нотлогдсон, харин дээрх албан бичигт малыг ээмэгжүүлэх ажил хийхийг даалгаагүй, бусад багуудад мөн адил энэ ажил хийгдээгүй талаар Буянт сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн И.Б-ийн “Багийн дарга нарын мэдээ судалгааны үзүүлэлт”-д тодорхойлсон тул уг зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Мөн Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 137 дугаар албан бичгээр “2019 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр бүртгэгдсэн малчин өрх, малчин, өвөлжөө, хаваржаандаа орон сууцтай малчин өрхийн тоо судалгааг 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэх”-ийг даалгасан боловч 3 баг уг судалгааг ирүүлээгүй талаар  “Багийн дарга нарын мэдээ судалгааны үзүүлэлт”-д дурдсан байх ба уг судалгааг жилийн эцсийн судалгаанд үндэслэж гаргахаар байсан тул сумын мэдээллийн баазад байсан мэдээлэлд тулгуурлаж хүргүүлсэн нөхцөл байдал болон зөвхөн Цагаан эрэг багийн Засаг даргаас дээрх судалгааг ирүүлээгүйг зөрчилд тооцсон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 278 дугаар албан бичгээр өгсөн үүрэг даалгаварын тухайд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсанаас хойш ирсэн байх тул маргаан бүхий актын үндэслэл болсон гэж үзэхгүй, үүнтэй холбоотой зөрчилд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тодорхойлсон байх бөгөөд хариуцагч нь дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг багийн Засаг дарга нарт хэрхэн мэдэгдэх, хүргүүлэх, мэдээ судалгааг хүлээн авах эргэх холбоо, албаны харилцааны зохицуулалт тодорхойгүй, энэ талаар албажуулсан баримт байхгүй, маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй зэрэг тохиолдолд дээр дурдсан зарчимтай нийцсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй, энэ талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Д.Баатархүү    

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН