| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2026/0088/З |
| Дугаар | 001/ХТ2026/0062 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2026/0062
“Д” ХХК-ийн гомдолтой, нийслэлийн
Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн
эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын
улсын байцаагчид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0198 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2026/0210 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 197 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т, хариуцагч Т.Л нарыг оролцуулан, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдлын шаардлага:
1.Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0135376 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” *** дугаар шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-ийг “Хадгалж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” гэж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 5,000,00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгах албадлагын арга хэмжээ авчээ.
3.Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “... Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг хэрэглэхдээ хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан л бол зөрчил гэж үзэхгүй, харин хадгалахдаа хууль болон холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн бол зөрчилд тооцохоор заасан. ... Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахыг шууд хориглоогүй. Харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь холбогдох хууль, журмын дагуу хадгалж, зохих арга хэмжээ авах үүрэгтэй. ... Байцаагч нь нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр үндэслэлгүй акт гаргасан” гэж,
4.Хариуцагчаас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч “... Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн импортын 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хадгалж байсан зөрчил “Д” ХХК-ийн гаалийн бүрдүүлэгч, кассын нярав, үйлчлэгчийн мэдүүлгээр тогтоогдсон. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтуудад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүргийг заасан. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа биш, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хадгалах хугацааг заасан” гэж тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0198 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 3, 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.7-д заасныг баримтлан гомдол гаргагч “Д” ХХК-ийн “нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2026/0210 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.7, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.4, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасныг тус тус баримтлан “Д” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Хариуцагчаас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. (Гомдлыг агуулгаар тусгав)
7.1.Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Л би хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
7.2.“Д” ХХК-аас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 23, 2023 оны 09 дүгээр сарын 25, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгасан гэх тэмдэглэлд дурдагдсан хүнсний бүтээгдэхүүнээ устгалд оруулаагүй, хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг 1-3 жилийн хугацаанд хадгалж байсан.
7.3.Иймд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулж 10 нэр төрлийн 295 ширхэг 2,813,800 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар шилжүүлж шийдвэрлэсэн.
7.4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 9.1-д заасан хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа дууссанаас хойш 30-аас доошгүй хоногийн хугацаанд, эсхүл хадгалах хугацаа дууссанаас хойш нэгээс доошгүй жилийн хугацаанд тус тус хадгална” гэж заасныг хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахыг шууд хориглоогүй бөгөөд харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь холбогдох хууль, журмын дагуу зохих арга хэмжээ авах үүрэгтэй байхаар зохицуулсан гэж буруу тайлбарласан.
7.5.Мөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр устгагдсан гэх бүтээгдэхүүнүүд нь тухайн цаг үед хэрэглэх хугацаа дуусаагүй байсан, 2023 оны 09 дүгээр сарын 25, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд устгасан гэх бүтээгдэхүүнүүдийн устгал хийж байгаа зураг дээрх нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байхгүй байгаа нь Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах тухай журам”-д нийцсэн гэж зөрүүтэй тайлбарласан.
7.6.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус зохицуулсан байх ба “Д” ХХК-ийн импортлон худалдаалж байсан “Schar” нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хугацаа дуусах бүрд устгалын комисс томилж устгалд оруулдаг гэх боловч 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр устгал хийсэн тэмдэглэлд бичсэн 178 ширхэг “Penne” гоймон нь тухайн цаг үед хэрэглэж дуусах хугацаа нь дуусаагүй байсан.
7.7.Өөрөөр хэлбэл тухайн цаг үед компаниас гаргасан бүтээгдэхүүн устгах шийдвэр өөр бүтээгдэхүүнд хамааралтай байсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдан ирсэн дээрх нэрийн бүтээгдэхүүнийг устгах тухай компаниас шийдвэр гараагүй хэрэглэх хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хадгалж байсан нь тогтоогдож байна.
7.8.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 197 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ
9.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
10.“*** дүүргийн *** дугаар хороо, *** центрийн *** давхарт гомдол гаргагчийн оффис дотор байрлах ажилчдын хоолны газрын өрөөнд хугацаа дууссан жигнэмэг, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүн хадгалж, хэрэглэдэг” гэх гомдол, мэдээллийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс харьяаллын дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжүүлснийг хяналтын улсын байцаагч Т.Л *** дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
11.Ингэхдээ эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, зөрчлийн хэрэгт авагдсан бүтээгдэхүүний сав баглаа боодол, түүн дээрх хадгалах, хэрэглэж дуусах хугацааны тэмдэглэл бүхий фото зургуудаас импортын Schar Gluten-free нэрийн Penne гоймон хайрцаг нь задраагүй 35 ширхэг, задарсан 3 ширхэг, хадгалах хугацаа 2022.07.13-2024.07.13, Bonta Italia нэрийн гоймон-1 ширхэг, хадгалах хугацаа 2020.11.04-2022.11.04, Choco Balls өглөөний хоол-95 ширхэг, хэрэглэж дуусах хугацаа 2022.08.01-2023.07.28, Hoops con miele жигнэмэг-51 ширхэг, хэрэглэж дуусах хугацаа 2023.09.06, Butterkeks petit Beurre жигнэмэг-3 ширхэг, үйлдвэрлэсэн хугацаа 2023.09.09, хэрэглэж дуусах хугацаа 12 сар, Монгол Улсад үйлдвэрлэсэн Витос Цэнэг нэрийн бөөр хамгаалах бэлдмэл-11 ширхэг, үйлдвэрлэсэн хугацаа 2024.06.15, хэрэглэж дуусах хугацаа 12 cap, гоо сайхны бэлдмэл-18 ширхэг, үйлдвэрлэсэн хугацаа 2024.08.18, хэрэглэж дуусах хугацаа 12 сар, барагшунтай бэлдмэл-73 ширхэг, үйлдвэрлэсэн хугацаа 2023.08.04, хэрэглэж дуусах хугацаа 12 сар, дархлаа сайжруулах бэлдмэл-5 ширхэг, үйлдвэрлэсэн хугацаа 2024.06.28, хэрэглэж дуусах хугацаа 12 cap нийт 295 ширхэг хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг хадгалж байсан нь тогтоогджээ.
12.Улмаар, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар гомдол гаргагчид “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” зөрчилд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасан зөрчилд тооцох шууд үндэслэл болох эсэх тухай байна.
13.Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэж хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан үйлдлийг зөрчилд тооцохоор хуульчилсан.
14.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “хадгалах хугацаа гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг” гэж, 4.1.13-т ““хэрэглэж дуусах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг” гэж тус тус хадгалах хугацаа болон хэрэглэж дуусах хугацааг ялгамжтай байдлаар зохицуулсан хэдий ч энэхүү зөрчлийн хүрээнд хадгалах хугацаа болон хэрэглэж дуусах хугацаа аль нь ч дууссан зөрчилд тооцохоор байна.
15.Учир нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна” гээд, 12.4.5-д “хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа” гэж зааснаас үзвэл хүнсний бүтээгдэхүүн нь хадгалах хугацаа эсхүл хэрэглэж дуусах хугацааны аль нэгийг агуулсан байх шаардлагатай бөгөөд энэ хэргийн хувьд маргаан бүхий бүтээгдэхүүнүүдэд хадгалах хугацааг заасан тул хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хадгалах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг хадгалж болно, энэ нь зөрчилд тооцогдохгүй гэсэн үг биш.
16.Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасан зөрчлийн талаар “РМТ” ХХК ба НМХГ, УДШ 2020.09.16 ХТ-328 дугаар тогтоол нь хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг агуулахад хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй хамт нэг тавиурт хадгалж байсан зөрчлийн тохиолдолд “хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан л бол зөрчил гэж үзэхгүй, харин хадгалахдаа хууль болон холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн бол зөрчилд тооцно” гэж тайлбарлан хэрэглэж, шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
17.Өөрөөр хэлбэл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах” гэж заасан бөгөөд хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авах, устгалд оруулах зэрэг хүнсний аюулгүй байдлыг хангах хууль, дүрэм, журамд заасан дараагийн зохих арга хэмжээ авалгүйгээр хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалж байсан тохиолдолд зөрчилд тооцно.
18.Энэ хэргийн тохиолдолд гомдол гаргагч нь хэрэглэж дуусах хугацаа эсхүл хадгалах хугацаа нь хэтэрсэн нийт 295 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулж байсан, акт үйлдсэн гэх боловч ийнхүү акт үйлдсэнээс хойш 1-ээс 3 жилийн хугацаанд тусгаарлан битүүмжлэлгүйгээр ажилчдын байранд хадгалж байсан нь тогтоогдсон байх тул холбогдох хууль болон дүрэм, журам, стандартад нийцүүлж хадгалж байсан, тухайлбал малын тэжээлийн зориулалтаар хадгалж байсан гэж үзэхгүй.
19.Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасныг маргаан бүхий тохиолдолд зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
20.Давж заалдах шатны шүүх “хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахыг шууд хориглоогүй бөгөөд харин хүнсний чиглэлийн үйл ажиллаа эрхлэгч нь холбогдох хууль, журмын дагуу зохих арга хэмжээ авах үүрэгтэй байхаар зохицуулсан” гэж зөрчлийг зөв тайлбарласан атлаа маргаан бүхий тохиолдолд устгах акт үйлдсэн, малын тэжээлийн зориулалтаар дахин боловсруулж болох тул хадгалахыг шууд хориглоогүй, нийтэд худалдаалах зорилгыг агуулаагүй зэргээр дүгнэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь буруу байна.
21.Учир нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ” гээд, 11.1.7-д “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” гэж заасан нөхцөл байдал үүссэн тул Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-ийн урьдчилсан нөхцөл хангагдсан.
22.Мөн давж заалдах шатны шүүх Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д заасныг хэрэглэсэн нь буруу бөгөөд Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 9.1-д заасан бүртгэлийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа дууссанаас хойш 30-аас доошгүй хоногийн хугацаанд, эсхүл хадгалах хугацаа дууссанаас хойш нэгээс доошгүй жилийн хугацаанд тус тус хадгална” гэж хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг заасан байх тул энэ нь хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах хугацаанд хамааралгүй.
23.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2026/0210 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ