Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 034

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын 8 дугаар багийн оршин суугч М.Нуржаны нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох;

Баян Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч М.Нуржан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мейрамхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч К.Болат, гэрч Х.Асхар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч М.Нуржан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар орон сууц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд туршилтын хугацаагаар түр томилогдож байсан. Баян-Өлгий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс төрийн албаны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласны дагуу миний бие холбогдох материалуудыг бүрдүүлж өгч, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, 73 оноо авч тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай 131 дүгээр тогтоолоор бие дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдэж, мөн тогтоолоор болон аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 103 дугаар албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын орон сууц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд томилуулахаар нэрийг минь дэвшүүлснээр миний бие жинхлэгдэж бүр томилогдсон юм. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаал гарсантай холбогдуулан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Албан тушаалаас чөлөөлөх тухай Б/11 дүгээр, Албан тушаалд томилох тухай Б/12 дугаар тушаалууд тус тус гарч, миний бие тус газрын зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Эдгээр тушаалуудаар миний өмнө ажиллаж байсан ажлын байрны нэр өөрчлөгдсөн боловч чиг үүрэг өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл өмнөх ажлын байрны тодорхойлолтод байсан чиг үүрэг болон ажлын байранд тавигдах шаардлагууд шинэ бүтэц дэх зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний орон тоонд хэвээр хадгалагдсан юм. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн ба анх ажилд томилогдсон өдрөөс эхэлж ажлаас чөлөөлөгдөх хүртэл өргөсөн тангарагтаа үнэнч байж, үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн. Ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй байсан К.Болат нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б/02 дугаар тушаал гаргаж намайг ямар ч үндэслэл, шалтгаангүйгээр ажлаас минь халчихлаа. Дээр дурдсанчлан миний бие төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах ёстой хэмээн үзэж байна. Иймд хууль бусаар гарсан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Болатын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний орон тоонд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мейрамхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Нуржан нь төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтад тэнцэж, төрийн албан хаагчийн тангараг өргөж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас албан ёсоор батлагдаж ирсэн орон тоонд жинхлэн томилогдон ажиллаж байсан юм. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны Б/65 дугаар тушаалд заасан бүтцийн дагуу ажиллах ёстой. Гэтэл шинээр томилогдсон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга орон тоо нь цомхтгогдсон гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Гэвч М.Нуржаны ажиллаж байсан орон тоо нь хэвээр байж байгаа. Орон тоо нь хасагдаагүй учраас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчаас төсөв дутуу батлагдаж ирсэн учраас зайлшгүй шаардлагаар 2 хүнийг цомхтголд оруулсан ба түүний нэг нь нэхэмжлэгч М.Нуржан байсан гэж тайлбарлаж байна. Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан байдаг, уг 27.2.4 дэх заалт дотроо хэд хэдэн зохицуулалттай. Үүнд төрийн байгууллага татан буугдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо хасагдсан гэж заасан ба хариуцагч орон тоо хасагдсан учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа. Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах журамтай. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдгийг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох ба энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг чөлөөлөхөөр хуулийн зохицуулалттай юм байна. Ажил олгогч ингэж чөлөөлж болно, ийм эрх нь байгаа. Гэхдээ бүх зүйл журмын дагуу байх ёстой. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар батлах нь тодорхой болсон байгаа. Энэ талаар 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаал хавтаст хэрэгт авагдсан, энэхүү тушаалыг хариуцагч жишиг тушаал гэж маргаж байгаа боловч үүнийг нотолж чадаагүй байна. Тухайн тушаалын гарчиг нь Аймгуудын ГХБХБ газрын бүтэц, орон тоог батлах тухай гэж байх бөгөөд тушаалд баталсугай, мөрдсүгэй гэж зохицуулсан учраас үүнийг жишиг тушаал биш гэж миний бие үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийн талаар Барилга, хот байгуулалтынсайд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын хооронд Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулах гэрээний 1 дүгээр хавсралтад заасан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны төсвийн санхүүжилтийн хуваарь-тай шууд холбоотой гэж тайлбарлаж байгаа. Үүнд удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 12, гэрээт ажилтан 2, нийт 15 орон тооны төсөв батлагдсан учраас зайлшгүй шаардлагаар хоёр хүнийг цомхтголд оруулсан гэж байна. Гэтэл энэ нь нотлогдоогүй байна, одоо хүртэл 16 хүн ажиллаж байгаа юм байна. Хэрвээ миний үйлчлүүлэгч тухайн үед санал болгосон ажлын байранд томилогдсон байсан бол 17 хүн ажиллахаар байсан нь харагдаж байгаа. Мөн тухайн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал бөгөөд цалин хөлс нь албан ёсоор батлагдаагүй, орлогоор цалинжиж байгаа албан тушаал учраас үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар хуулийн 25, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны албан хаагч ажил, албан тушаалаас халагдахгүй байх гэсэн баталгаа эдэлдэг. Б/65 дугаар тушаал хүчин төгөлдөр, орон тоо хассан ямар нэгэн тушаал гаргаагүй байхад шууд орон тооны цомхтголд оруулсан асуудал бол хууль бус гэж үзэж байгаа. Хамгийн түрүүнд энэ тухай зохих газарт асуудал болгож тавих ёстой ба эрх бүхий байгууллагаас маргаан бүхий орон тоог хассан бол өөр хэрэг байсан юм.Тухайн газарт 16 хүн ажиллаж байгаа ба 10-аад төрийн захиргааны албан хаагч ажиллаж байна. Чухам яагаад миний үйлчлүүлэгчийг ажлаас чөлөөлж байгаа вэ гэдэг нь маргаан дагуулж байна. Үүнийг дэлгэрүүлж ярихад Барилга, хот байгуулалтын сайд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын хооронд Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулах гэрээгээр нэхэмжлэгчийн цалин хөлс батлагдаагүй,хуваарилагдаж ирээгүй гэдэг нь батлагдахгүй байна. Албан ёсоор орон тоог хассан бүтэц ирээгүй байхад дутуу батлагдаж ирсэн төсвийг зохицуулахгүйгээр ажилтныг шууд ажлаас нь чөлөөлчихөөд дараа нь ийм асуудалд залруулга хийх гэж хөөцөлдөж явж байгаа нь хууль бус юм. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/382 дугаар албан бичгээс үзэхэд энэ хүний орон тоог цомхтгох, ажлаас халах талаар дээрээс ямар нэгэн чиглэл ирээгүй болох нь тогтоогдож байна. Гэхдээ тухайн байгууллагын бүтэц, орон тооны талаар зохицуулалтыг хийж болно гэсэн өгүүлбэр байгаа. Үүнийг хариуцагч барьж аваад уг албан тоотын дагуу зохицуулалт хийсэн гэж маргаж байгаа боловч үүнийг өөрөө нотлоогүй, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш нэг тушаал гаргасан ба энэ нь дараа нь бүрдүүлсэн материал гэж үзэж байна. Эхлээд тушаал гаргах ёстой, дараа нь цомхтгол хийх нь хуульд нийцэх юм. Харин түрүүлээд цомхтгол хийж, дараа нь бүтцийг баталсан нь хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн М.Нуржаныг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн боловч тухайн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад орон тооны цомхтголд оруулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг буруу хэрэглэж, ажилтныг хууль бусаар ажлаас чөлөөлж, төрийн албан хаагчийн эрх ашгийн ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Орон тоо нь хасагдаагүй байхад ажилтныг ажлаас чөлөөлсөн байна. 2015 оноос хойш энэхүү байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт ороогүйбайна. Гэвч хариуцагчийн зүгээс жил болгон хуваарилагдсан төсөвт тааруулж эрх хэмжээний хүрээнд бүтэц, орон тоог баталж байсан гэж тайлбарлаж байгаа боловч Б/65 дугаар тушаалын дараа тухайн байгууллагын бүтэц, орон тоог баталсан шийдвэр гараагүй гэж ойлгох нь зүйтэй. Мөн хариуцагч чиг үүрэг нь давхардсан учраас М.Нуржаныг ажлаас халсан гэж хэлэх боловч энэхүү үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Цалин хөлсийг тогтоож өгсөн тушаал байгаа гэж тайлбарлах боловч энэ бол бүтэц, орон тоог өөрчлөн баталсан тушаал биш цалин хөлс тогтоох, орон тоо батлах гэдэг нь өөр өөр ойлголт юм. Хариуцагчийн дараагийн тайлбар бол үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнүүлсэн гэж байгаа. М.Нуржан нь үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхээр очиход дүгнээгүй, өнөөдөр амжихгүй гэж явуулсны дараа өөрийнх нь эзгүйд үр дүнгийн гэрээг хангалтгүй гэждүгнэсэн асуудал байгаа. Үүнтэй М.Нуржан танилцаагүй, танилцсан гэж гарын үсэг зураагүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, шийдвэр нь хуульд нийцээгүй, хариуцагч тал шүүхийн өмнө татгалзлаа нотолж чадаагүй, иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч К.Болат шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын их хурлаас 2017 оны тус байгууллагын төсөвт төрийн захиргааны албан хаагчийн цалингийн санг 10 орон тоогоор баталсан. Манай байгууллагын 2017 оны төсөв нь 2016 оны 12 дугаар сард батлагдаж ирсэн ба батлагдсан төсвийг мэргэжилтэн бүрээр тооцож үзээд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд цалин, төсөв хүрэхгүй юм байна гэдэг асуудлыг бид нар ярилцаж, хуулийн дагуу ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл 2017 онд 15 хүний орон тоогоор төсөв батлагдсан байгаа. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүх ажилтанд 2017 оны байгууллагын батлагдсан төсвийг танилцуулсан ба 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэхэд хангалтгүй дүгнэлт авсан 2 төрийн албан хаагчийг орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлсөн.Энэ тухай Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулж, мэргэжилтэн М.Нуржанд 2016 оны 12 дугаар сарын эхэнд мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгсөн. Тэгээд М.Нуржанд нэгдүгээрт өнөөдөр төсөв ийм байгаа ч маргааш байдал дээрдэж болох тул барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, хоёрдугаарт албан тушаал бууруулаад лаборантаар ажиллах, гуравдугаарт орон тоог цомхтгож ажлаас чөлөөлөх гэсэн санал тавьсан. М.Нуржан нь өөрөө уг албан тушаалд ажиллахаас татгалзсан болно.Нөгөө албан тушаалтанд мөн адил дээрх саналыг тавьснаар албан тушаалыг бууруулж лаборантаар ажиллахыг зөвшөөрсөн учраас лаборантаар ажиллуулж байгаа. Мөн нэхэмжлэгч М.Нуржанд дахиж боломж олгож эцэг, эхтэйгээ зөвлөлдөж ирээрэй гэж санал тавьсан ба М.Нуржан нь зөвлөлдөж ирээд орон тооны цомхтголд орно гэсэн санал гаргасан байдаг. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлж, тушаал дээр 3 сарын тэтгэмж олгох талаар тусгасан байсан ба өөрөө бол 6 сарын тэтгэмж авах талаар санал гаргаж байсан юм. Өмнө нь 6 сар байсан ба хуульд өөрчлөлт орж, одоо 3 сар болсон гэдгийг өөрт нь ойлгуулж тушаалыг өгч явуулсан юм. 2017 оны Төсвийн тухай хууль, сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 15 орон тоогоор баталсан байдаг. Цалингийн сантай холбогдуулан агентлагт албан тоот явуулахад энэ жил төсвийн тодотгол хийгдэхгүй байгаа учраас одоо бидэнд цалин хөлс нэмэх боломж байхгүй гэсэн юм. Мөн манай агентлагийн дэд даргын албан бичиг ирсэн ба үүний сүүлчийн хэсэгт ...Тухайн газрын ажилтнуудын цалингийн шатлал нь нэмэгдэх, төрийн алба хаасны болон зэрэг дэв нэмэгдэх зэргээр цалингийн сан хүрэхгүй тохиолдолд батлагдсан бүтэц, зохион байгуулалтын хүрээнд холбогдох хууль тогтоомжид заасан эрх, үүрэг болон өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд ажлын байрыг нягтруулж ажиллах нь тухайн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудал байна гэсэн байна.Эдгээрээс болж цомхтголд оруулсан. Даргын тушаал бол үлгэрчилсэн загвар учраас үүгээр асуудал нь шийдэгдэхгүй, аливаа асуудлыг хуулиар шийдэх учраас би хуулиа баримталсан болно. 1,374,870 төгрөгийн тэтгэмжийг М.Нуржаны дансанд шилжүүлж өгсөн байгаа ба цомхтголоор гаргасан миний тушаал бүрэн хэрэгжиж байгаа. Ийм учраас миний тушаалыг хэвээр баталж өгөхийг хүсье. Энэ хүний ажлыг хуваарилах асуудлын хувьд бол хуулийг судалж үзэхэд давхардсан орон тоо байгаа нь батлагдаж байгаа. Тухайлбал М.Нуржаны хийж байгаа ажил нь зураг төсөл, магадал хариуцсан мэргэжилтэн ба энэ нь аймгийн ерөнхий архитекторын эрх, үүрэгт нь байж байгаа. Цаашид төсөв, хөрөнгө нь батлагдаж, асуудал нь шийдэгдвэл, залуу хүнийг дэмжихэд бэлэн байгаа гэв.

Гэрч Х.Асхар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

М.Нуржан нь анх ажилд томилогдож ирсэн өдрөөс эхлэн тухайн ажлыг урьд нь гүйцэтгэж байсан хүний хувьд ажлын чиг үүргийг цаасан хэлбэрээр болон файлаар зааж өгч тусалж ирсэн юм. Өнгөрсөн оны хагас жилээс эхлэн ажил таслах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх зэрэг асуудал гаргаж байсан учраас энэ талаар түүний эцэгт нь хэлж байсан ба байгууллагын хуралд оруулаад цалин бууруулах арга хэмжээ авч байсан. Мөн дээрээс ирсэн албан бичгүүдийг гэртээ авч яваад өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх зэрэг асуудал гаргаж байсан болно. Дараа нь жилийн эцэст тайлан бичихдээ дутуу бичиж ирүүлсэн, биелүүлээгүй ажлыг худлаа тайланд оруулах зэрэг зөрчил гаргаж байсан ба энэ талаар урьд нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө нотлох баримттайгаар хэлж байсан. Бид хамт сууж байгаад нэхэмжлэгчийн ажлын үр дүн, ачаалал зэргийг харгалзан үзэж цалин хөлс хүрэлцэхгүй учраас лаборантаар ажиллуулъя гэхэд нэхэмжлэгч өөрөө төрийн үйлчилгээний албан тушаалтнаар ажиллахгүй гэж ажлаас гарсан байгаа. Ажлын чиг үүрэг нь давхцсан асуудал байгаа, ажлын чиг үүрэг нь ерөнхий архитекторын чиг үүрэгтэй давхцаж байгаа. Түүний ажлын ачаалал бага, сүүлийн үед эдийн засгийн хямралтай холбогдон хөрөнгө оруулалт багасаж, зураг төсөл хийгдэх асуудал цөөхөн болсон, ганц хоёр зураг төслийн ажил хийгдэх ёстой байсан мөртлөө түүнийг хангалтгүй биелүүлсэн асуудлаас болж одоо хүртэл зураг төсөл нь гараагүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар[1] Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн тус газарт зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан М.Нуржаныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас уг маргаан бүхий актын үндэслэлийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нийтдээ 15, үүний дотор төрийн захиргааны ангиллын 10 орон тоотой байхаар 2017 онд төсөв, цалингийн зардлыг баталсан тул 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэхэд хангалтгүй дүн авсан 2 төрийн албан хаагчийг орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүлөөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болохбөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагууажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан бөгөөд уг заалтыг үндэслэн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч М.Нуржаныг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6-д зааснаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлахаар зохицуулжээ.Үүний дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын /хуучнаар/ даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаартушаалаар тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог 2 хэлтэс, төрийн захиргааны ангиллын 13, төрийн үйлчилгээний ангиллын 3, гэрээт 2, нийт 18 орон тоотой байхаар баталсан, уг төрийн захиргааны ангиллын 13 орон тооны нэг нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний орон тоо бөгөөд энэхүү тус байгууллагын бүтэц, орон тоог баталсан Б/65 дугаар тушаал хүчинтэй байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2]нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч М.Нуржаныг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлснөөр уг зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг тус газрын ерөнхий архитектор болон инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн хэрэгжүүлж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] тогтоогдсон.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Нуржан нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн тул Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын орон сууц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээр[4] тус газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар уг албан тушаалд томилогдож[5], улмаар дээрх Б/65 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар зураг төсөл,магадлал хариуцсан мэргэжилтний орон тоонд томилогдсон[6] байх ба тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч[7] байна.

Эдгээрээс үзэхэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог батлах эрх бүхий этгээд болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас маргаан бүхий зураг төсөл,магадлал хариуцсан мэргэжилтний орон тоог хассан шийдвэр гаргаагүй буюу тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог баталсан 2015 оны Б/65 дугаар тушаал хүчинтэй байгаа, мөн зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, уг чиг үүргийг тус байгууллагын мэргэжилтнүүд хэрэгжүүлж байгаа болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаагүй байна дүгнэлээ. Өөрөөр хэлбэл уг орон тоог хассан шийдвэр эрх бүхий этгээдээс гаргаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар албан тушаалын орон тоо нь хасагдсан гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл бий болоогүй байна гэж үзлээ.

2. Маргаан бүхий орон тоог хассан шийдвэр байхгүй, гэхдээ төсөв байхгүй тул Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж заасны дагуу төсвийн шууд захирагчийн хувьд батлагдсан төсөвт багтаан цалинг тогтоож тушаал гаргасан гэж хариуцагч тайлбарласан. Гэхдээ дээр дурдсанаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог батлах эрх бүхий этгээд болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас тус байгууллагыг 18 орон тоотой байхаар баталж өгсөн, маргаан бүхий орон тоог хассан шийдвэр гаргаагүй, мөн тус байгууллагын ажиллагчдын цалин хөлсийг тогтоосон гэх тушаалыг[8] хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу нэхэмжлэгч М.Нуржаныг ажлаас чөлөөлснөөс хойш гаргасан байх тул уг тайлбар нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч шүүх хуралдаан дээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитекторын эрх, үүрэгт зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний хэрэгжүүлэх чиг үүрэг багтаж байгаа,чиг үүрэг нь давхардсан тул маргаан бүхий орон тоог хассан гэсэн тайлбар гаргасан.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.9-д зааснаар төсвийн шууд захирагч нь дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар,төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох бүрэн эрхтэй боловч хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь хуульд заасан дээрх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн тогтоох талаар дээд шатны төсвийн захирагчаас зөвшөөрөл аваагүйгээс гадна маргаан бүхий орон тоог хасаж,тус байгууллагын бүтцийг шинэчлэн тогтоосон шийдвэр гаргаагүй мөртлөө төсөв хүрэлцэхгүй гэдэг үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.1,27.2.4-т заасантай нийцээгүй, хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн албан тушаал эрхлэх эрхийг зөрчсөн байна.

3. Тус байгууллага нь 15 орон тоотой байхаар 2017 онд төсөв, цалингийн зардлыг баталсан тул 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэхэд хангалтгүй дүн авсан албан хаагчдыг цомхтгож, ажлаас чөлөөлсөн гэж хариуцагч тайлбарласан ба төрийн байгууллага татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтаар, харин үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, албан тушаалын зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн,удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлээр тус тус зохицуулсан. Өөрөөр хэлбэл албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тухайн төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Үүнээс гадна зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан М.Нуржаны 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй тул М.Нуржан 2016 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журамын 6 дугаар зүйлийн 6.1-д Менежер нь гэрээний биелэлтийгдүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ, 6.7-д Гэрээний биелэлтийг дүгнэх "Илтгэх хуудас"-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно, 6.8-д "Илтгэх хуудас"-ыг 3 хувь үйлдэж, менежер, төрийн жинхэнэ албан хаагч, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (албан хаагч) тус бүр 1 хувийг авна гэж тус тус зохицуулжээ. Гэхдээ нэхэмжлэгч М.Нуржантай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ дээрх журамд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч М.Нуржантай ярилцлага хийхгүйгээр, өөрөөр хэлбэл түүнийг байлцуулахгүйгээр дүгнэж үнэлгээ өгсөн, гэрээний биелэлтийг дүгнэсэн талаарх илтгэх хуудаст гарын үсэг зуруулаагүй, түүний 1 хувийг өгөөгүй болох нь нотлох баримтуудаар[9] тогтоогдсон ба тухайн үнэлгээ нь хүчин төгөлдөр болоогүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл дээрх журмын 6 дугаар зүйлийн 6.5-д Төрийн жинхэнэ албан хаагч нь менежерийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ гэж заасны дагуу санал нийлээгүй тохиолдолд тайлбар гаргах боломжийг олгоогүй , мөн заалтын Хэрэв менежер түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн Илтгэх хуудас-нд тайлбарыг хавсарган төрийн жинхэнэ албан хаагчийн хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно гэсэн арга хэмжээ авагдаагүй тохиолдолд М.Нуржаны 2016 оны үйл ажиллагааны үр дүн,мэргэшлийн түвшингийн үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Нуржаныг тус газрын зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтланнэхэмжлэгч М.Нуржаны ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 2017 оны 05 дугаар сарын 04-нийг хүртэлх 3 сар 19 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1980486 төгрөгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 4 дэх хэсэгт зааснаар хоолны мөнгө буюу хоолны үнийн хөнгөлөлт нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй тул хоолны үнийн хөнгөлөлтийг оролцуулахгүйгээр дундаж цалин хөлсийг тодорхойлж гаргуулсныг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2,Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Нуржаныг тус газрын зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 19 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1980486 /нэг сая есөн зуун наян мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 


[1] Хэргийн 67-р хуудас

[2] Хэргийн 61-62,65-66,96-97-р хуудас

[3] Хэргийн 94,181-183,189-190-р хуудас

[4] Хэргийн 8,9,10-р хуудас

[5] Хэргийн 121-р хуудас

[6] Хэргийн 65-66-р хуудас

[7] Хэргийн 16-р хуудас

[8] Хэргийн 164-166-р хуудас

[9] Хэргийн 153-163,181-183, 208-р хуудас