Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01460

 

Э-57 СӨХны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01647 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1550 дугаар магадлалтай,

Э-57 СӨХны нэхэмжлэлтэй

Б.Т, Т.Ө нарт холбогдох

705 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Өгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оны 01 сараас хойш СӨХны төлбөрөө төлөөгүй, СӨХны сарын төлбөр 15,000 төгрөг 47 сар 705,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ш.Ж миний бие тус байрны СӨХны даргаар 2012 оны 9 сараас эхлэн ажиллаж байна. Урьд нь СӨХны даргаар ажиллаж байсан Болормаа энэ хүнээс СӨХны төлбөрөө авахад хүндрэлтэй зохих хуулийн байгууллагад хандахыг зөвлөж байсан. Урьд шүүхэд өгч бөөн чирэгдэл болж мөнгөө авч байсан. Б.Т гуай хэл амаар доромжилж мөнгөө төлөхгүй байгаа. Өнөртуяа нь төрсөн охин нь юм. Өнөртуяа уг хаягт амьдардаггүй боловч өмчлөгч ураас СӨХны төлбөрөө нэхэмжилсэн. Б.Т Өнөртуяагийн байранд амьдардаг, хаалгаа тайлж өгдөггүй, шүүхээр яваад авахыг чинь харна гэж удаа дараа хэлдэг. Шүүх хуралдаанд очихгүй гэсэн учраас заавал оролцуулах шаардлагагүй, ирэх ч үгүй. Энэ хүн шүүхийг хүндэтгэхгүй байна...” гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “...СӨХны төлбөрийг би төлөхгүй. Сүүлийн 3-4 жил уг байранд би оршин суудаггүй. Надтай СӨХ ямар нэгэн гэрээ хийсэн юм байхгүй. Ийм учраас төлбөрийг би төлж чадахгүй... ” гэжээ

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01647 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Өгаас 705,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э-57” СӨХнд олгож, Б.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Өгаас улсын тэмдэгтийн хураамжид 21,470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э-57” СӨХнд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1550 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Өгаас 705 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э-57” СӨХнд олгож, Б.Тд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Ө хяналтын гомдолдоо: Т.Ө би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 1550 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Э 57 СӨХ нь 2013 оны 1 дүгээр сараас хойш нэг сарын 15 000 төгрөгөөр тооцож нийт 47 сарын СӨХны төлбөрт 705 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь хариуцагч надад шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамжтай ч танилцуулалгүйгээр намайг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй хууль зөрчиж, үндэслэл муутай шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх түүнийг залруулалгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэгч Э 57 СӨХны талд шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр, магадлал гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдэлбэл зохих эрх, үүргийг хэрэгжүүлэн шударгаар мэтгэлцэх боломжоор хангаагүйгээс “... дор дурьдсан үнэ тарифаар тооцсоныг шүүх өндөр тогтоосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж үзсэнээс шалтгаалан дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хэрэгсэхгүй болох бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Хариуцагч Т.Ө би Баянзүрх дүүрэг 5-р хороо 15-р хороолол 81-р байрны 44 тоот 29мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчийн хувиар тухайн дүүрэг, хороонд ам бүл 2 бүртгэлтэй байдаг ба орон сууцны дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны зэрэг бусад ашиглалтын зардлуудаа ам бүл 2-оор төлдөг байхад нэхэмжлэгч Э 57 СӨХг нь лифт 700 төгрөг /ам бүл гэж тооцон /нэг сарын 2100x47 сар/ 65 800 төгрөг байхыг ам бүл 3-р тооцон 32 900 төгрөг, мөн засвар үйлчилгээ хуримтлал 100 төгрөг/мкв/ нэг сарын 2900 төгрөгийг 47 сараар үржүүлэн 136 300 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байхад шүүхээс өндөр тогтоосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Э 57 СӨХ нь миний өмчлөлийн орон сууцны талбай болох 29мкв талбайд дээрх хугацаанд нэг ч удаа засвар үйлчилгээ хийж байгаагүй болно. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч Б.Т, Т.Ө нараас 705 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э-57” СӨХны нэхэмжлэлийг хоёр шатны шүүх Т.Өд хариуцуулан шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулжээ. 

Хариуцагч нь “...шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй, ам бүл 2 байхад гурваар бодож төлбөрийг тогтоосон...нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй” тул шийдвэр, магадлалыг хянаж өгнө үү гэжээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХнд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал СӨХны гишүүн байх ёстой байна.

“Э-57” СӨХг зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны барилгын сууц өмчлөгч нар байгуулсан байх ба Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны 44 тоот орон сууцны өмчлөгч Т.Ө нь тус холбооны гишүүн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Иймд хариуцагч Т.Ө нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг холбоонд төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад 2013 оны 1 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг багтаасан байх ба шүүх хуулиар үүссэн гэрээний үүрэгт хамаарах хуулиар тусгайлан тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг анхаараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь буруу болсон боловч хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд Иргэний хуулийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж тусгайлан тогтоожээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 1 сараас эхлэн эрх нь зөрчигдсөн байхад хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй тул 2013 оны 11 дүгээр сарын 23 хүртэлх хугацааны үүргийг хангуулах үндэслэлгүй, үүнээс хойш буюу 2013 оны 11 дүгээр сарын 23-наас 2016 оны 10 дугаар сарын 23-ныг хүртэлх 35 сарын төлбөр 525 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байжээ.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна. Хариуцагч үүргийг гүйцэтгэхээс татгалзсан тул нэхэмжлэлээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн 2013 оны 1 дүгээр сараас 2013 оны 11 дүгээр сарын 23 хүртэл хугацааны шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Т.Өгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг шүүх хязгаарлаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж магадлалд тодорхой тусгажээ. Хариуцагч Т.Ө нь татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1550 дугаар магадлалын 1 дэх заалтад, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дах заалтыг нэгтгэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дах хэсгийг баримтлан хариуцагч Т.Өгаас 525 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-57 СӨХнд олгож, нэхэмжлэлээс 180 000 төгрөгний шаардлагыг болон хариуцагч Б.Тд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад 21 470 ... гэснийг 16 400 гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

              ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА