Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01758

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/03530 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээгээр тохирсон хөлсний үлдэгдэл 68,134,508 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: гэрээний хохирол 60,774,492 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ******* ХХК-ийн нийт 9 чингэлэг ачааг Польш улсаас Монгол улс руу нийлүүлэх тээвэр зуучлалын үйл ажиллагааг хариуцсан. 5 чингэлэг ачааг Монгол улсад хүлээлгэн өгч, төлбөр тооцоо дууссан. Харин үлдэх 4 чингэлэг ачааг хүлээн авсан атлаа хариуцагч нь өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй. Манай компанийн үйл ажиллагаанаас үл шалтгаалах шалтгаанаар тээвэрлэлтийн үйл ажиллагаа удааширсан хэдий ч бид дээрх захиалгыг бүрэн биелүүлж ачааг хүлээлгэн өгсөн.

Иймд төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 18,712 евро буюу 68,134,508 төгрөг (2024.04.01, 1 евро = 3,641.22 төгрөг)-ийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь ******* ХХК-тай 2022 оны 06 сарын 09-ний өдөр ЗЗБХ-06/16/2022 дугаартай тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Польш улсаас чипс болон самарны тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон. Үүний дагуу 2022 оны 06 сарын 29-ний өдрөөс ачилт хийгдэж эхэлсэн. Энэ ачилтын мэдээллийг ******* ХХК-ийн и-мэйл хаягаас манай и-мэйл хаягт ачаа тээвэр эхэлсэн гэж мэдэгдсэн. Манай компани ******* ХХК-тай тээврийн гэрээ байгуулж, хавсралтад заасны дагуу барааны мэдээлэл, тээвэрлэлтийн маршрут, тээврийн хөлс зэргийг тусгаж өгсөн. Бид ******* ХХК-аар нийт 9 чингэлэг буюу 8 чингэлэг чипс, 1 чингэлэг лаазалсан самар тээвэрлүүлсэн. Чипс нь үйлдвэрээсээ гараад 1 жилийн хадгалалтын хугацаатай байдаг. Чипсний хадгалалтын хугацаа бага байдаг тул бид аль болох түргэн тээвэрлэлт хийлгүүлэх талаар ******* ХХК-д барааны чанар, хадгалах хугацаа зэрэг мэдээллийг өгсөн байдаг. Тухайн 9 чингэлэг бараа нь 2022 оны 06 сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 сарын 08-ны хооронд ачигдсан. Үүний 5 чингэлэг бараа буюу 4 чингэлэг чипс, 1 чингэлэг самар ирсэн. Энэ нь 40 хоногийн хугацаанд тээвэрлэгдэж ирсэн. Үлдсэн 4 чингэлэг бараа нь 2022 оны 07 сарын 16-ны өдөр Брест гэх боомт дээр ирээд гацсан байна гэж мэдээлсэн. Ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байж байгаад 2022 оны 10 сарын 17-ны өдөр Брестээс Улаанбаатар хот руу хөдөлсөн гэх мэдээлэл ирүүлсэн. Тухайн 4 чингэлэг бараа 2022 оны 11 сарын 17-ны өдөр Монгол улсад ирээд тээврийн үйл ажиллагааг хийсэн гэх мэдээлэл өгч тухайн чингэлэг барааг авах гэсэн боловч 4 чингэлэг барааг олгохгүй гэх мэдээллийг гаалиас бидэнд мэдэгдсэн. Учир нь ******* ХХК нь *******тээврийн компанид өр төлбөртэй тул барилт хийх мэдээлэл өгсөн учир танай 4 чингэлэг бараа саатуулагдсан, иймд 4 чингэлэг бараа олгогдохгүй гэж хариу өгсөн. Энэ талаар даруй арга хэмжээ авч өгөөч гэж удаа дараа мэдэгдсэн боловч арга хэмжээ авахгүй байсаар манай бараа нь хүнсний бүтээгдэхүүн тул хадгалалтын эрсдэлтэй хугацаанд орсон. Бид 2023 оны 02 сарын 15-ны өдөр нь *******тээврийн компанид ******* ХХК төлбөртэй байсан учир 2 чингэлэг барааны дүн 10,406 еврог шилжүүлж 2 чингэлэг барааг хүлээн авсан. Бид барааг хүлээн авсан хэдий ч барааны хадгалалтын хугацаа 2023 оны 05 сарын 09-ний өдөр дуусаж, борлуулалтын сувгаас татан авалт хийж, агуулахдаа төвлөрүүлэн 2024 оны 06 сарын 11-ний өдөр барааг актлан нийт 46,787,200 төгрөгийн барааг устгалд оруулсан. Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 3.1.12-т заасны дагуу бид 5 чингэлэг барааг тээвэрлэсэн 40 хоногийг баримталсан. ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, тээвэр саатуулагдсантай холбоотой валютын ханшны зөрүүний тооцооллыг 2023 оны 02 сарын 28-ны өдөр хүлээн авсан. Эхний 2 чингэлгээр тооцвол барааг хүлээн авах боломжит сүүлийн хугацаа 2022 оны 09 сарын 01-ний өдөр, тухайн өдрийн еврогийн ханш нь 3,211.62 төгрөг байсан. Бид энэ төлбөрийн дагуу ******* ХХК-д 9,356 евро буюу 30,047,917 төгрөг төлөх байсан боловч *******тээврийн компанид 2023 оны 02 сарын 15-ны өдөр 1 еврогийн ханш нь 3,763.34 төгрөг, нийт 10,396 еврог буюу 39,123,683 төгрөг төлсөн нь ханшийн 9,075,766 төгрөгийн зөрүүтэй. Дараагийн 2 чингэлгийг 2023 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авсан. Энэ нь мөн адил ханшийн зөрүүгээр ******* ХХК-д 30,047,917 төгрөг төлөх ёстой байсан бол ******* ХХК-д төлөөгүй буюу төлбөл зохих төлбөр 34,959,442 төгрөг, ханшийн зөрүү 4,911,526 төгрөг болно. Нийт ханшийн зөрүүнд 13,987,291 төгрөг, бараа устгалд оруулсан 46,787,200 төгрөг болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохиролд нийт 60,774,492 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Захиалагчаас сүүлийн 4 чингэлэг ачааг 2023 оны 02 сард хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрйг бүрэн төлөөгүй. Ачааг хүлээн авах үед барааны хугацаа дуусаагүй байсан. 2022 оны 07 сарын 09-ний өдөр хүлээн авсан бараагаа тээвэрлэгчээр дамжуулж 2022 оны 11 сарын 07-ны өдөр Монгол улсын Улаанбаатар хот дахь гаалийн газар авч ирсэн. Ингээд тээвэр зуучлагчийн үүрэг албан ёсоор дууссан гагцхүү тээвэрлэгчээс ачааг хүлээж авах шаардлага, эрх, үүрэг нэхэмжлэгч талд бий болсон. Түүнчлэн 2022 оны 03 сард хөрш ОХУ-Украйн улс руу цэргийн ажиллагаа хийгээд дайны байдалд шилжсэнээс ачаа барааны эргэлт удааширсан, түүнтэй холбоотой Оросоос ирж байгаа барааны тээвэрлэлтийн явцад төлбөрийг урьдчилан төлөх шаардлага тавьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2022 оны 03 сараас өмнө ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа бол А цэгээсээ Б цэг дээрээ очсоны дараа төлбөр төлдөг байсан бол, тухайн хугацаанаас хойш бол А цэгээс Б цэг рүү очихоос өмнө төлбөрийг төлөх шаардлага тавьдаг болсон. ******* ХХК нь тодорхой үүргээ биелүүлээгүй, түүнээс нь шалтгаант холбоотой хохирол учирсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК нь үүргээ гүйцэтгэж бараа ирсэн, хадгалалтын хугацаа нь дуусахаас өмнө ачаа бараагаа хүлээн авсан, 2022 оны 11 сарын 07-ны өдөр ачаа бараа ирсэн даруйд хариуцагч компани нь өөрөө ачаа бараагаа авах боломж нь байсан. Аваагүй, төлбөрөө ******* ХХК-аар төлүүлэх гэж мэрийгээд 4 сарын хугацаа алдсан юм. Энэ нөхцөл байдлын дийлэнх нь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа байхад тээвэр зуучлалын компанийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй. 2022 оны 11 сарын 07-ны өдөр ирсэн барааг өөрсдөө аваагүй байж байгаад 2023 оны 02 сарын 28-ны өдөр хүлээн аваад, энэ хугацаанаасаа хойш хэдий хугацаанд хадгалсныг мэдэхгүй. 2024 оны 03 сарын 01-ний өдөр буюу бүтэн 1 жилийн дараа устгалд оруулсан нь манай тээвэр зуучлалаар ирсэн бараа мөн эсэх тодорхойгүй. 2024 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт зарагдаагүй бараа бүтээгдэхүүнээ бүгдийг нь устгалд оруулаад учирсан хохирлоо нэхэмжлэгчээс нэхэмжилж байна гэж харж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 7,676 евро буюу 27,950,005 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 40,184,503 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох 60,774,492 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 498,700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 461,822 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 297,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 40,184,503 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагч ******* ХХК, ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 06 сарын 09-ний өдрийн тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ-ний дагуу нийт 9 ширхэг ачааны зуучлалын захиалгыг тухайн онд хийснээс 5 чингэлэг ачааг богино хугацаанд хүлээн авч, төлбөр тооцоогоо бүрэн хийсэн талаар маргаагүй. Харин үлдэгдэл 4 ачааны хувьд тээврийн төлбөрийг төлөхгүй бол ачааг явуулахгүй талаар зуучлагч ******* ХХК-д мэдэгдсэний дагуу ******* ХХК-д мэдэгдэж байсан боловч татгалзсан. Гэтэл Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан Зуучлалын гэрээ нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үндсэн үүрэгтэй бөгөөд энэ дагуу түүний эрх, ашиг сонирхлын дагуу Ачаагаа хүлээн авахын тулд тээврийн төлбөрийг төлөх шаардлагатай-г тайлбарласан. Харин зуучлалын гэрээний дагуу зуучлагч ******* ХХК нь төлбөрийг зуучлуулагч ******* ХХК-ийн өмнөөс төлөх үүрэг хүлээгээгүйг тэмдэглэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь ******* ХХК-аас тээврийн төлбөрийг хүлээн авч тээвэрлэгч *******компанид дамжуулан төлөх үүргийг хүлээнэ. Нөгөө талаар гадаад тээвэрлэгч нь өөрт байгаа хил, гаалийн давуу талаа ашиглаж ачааг хүлээн авсны дараа зүй бус шаардлага тавьж, ачааг Монгол улсад хүргэгдэхээс өмнө төлбөр төлөхийг шаардаж эхэлсэн нь ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаа биш.

5.2. Хариуцагч ******* ХХК нь үлдэгдэл 2 ачаагаа авахын тулд гадаад тээвэрлэгч *******компанид төлсөн талаар нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Ингэхдээ ачаа барааны үндсэн төлбөрийг нэмэгдүүлсэн үнээр буюу 10,406 евро төлсөн гэж тайлбарлаж байгаа юм. Эндээс үзвэл хариуцагч нь зуучлагчаараа дамжуулаагүй, өөрсдөө гадаад тээвэрлэгчтэй харилцаж төлбөрийг шууд гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж маргаж буй нь өөрсдөө гэрээний үүргээ зөрчсөн, түүнчлэн тээврийн төлбөрийг төлж байж ачаагаа хүлээн авахаас өөр аргагүй гэдгийг мэдсэн болох нь харагдана. Хэрэв хариуцагч ачааны тээврийн төлбөрийг төлөх шаардлагатай болсон үед төлсөн бол ачаа, бараагаа хурдан хугацаанд шилжүүлэн авч бидний хооронд маргаан үүсэхгүй байсан. Мөн чингэлэгийн түрээс, талбайн түрээс, чингэлэг ашиглалтын зардлыг нэмж төлөхгүй байсан. Түүнчлэн сүүлийн 4 чингэлэг ачааны 2 ачааны тээврийг төлсөн бол үлдэгдэл 2 ачааны тээврийг төлөхгүй байх шалтгаан байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгааг ойлгохгүй байна.

5.3. Нэхэмжлэлийн шаардлагаас 40,184,503 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал 18,712 еврогоос 10,396 еврог хасах үндэсгүй. ******* ХХК-аас гадаад тээвэрлэгч *******компани төлбөрийг бүрэн шаардаж байгаа тул гадаад тээвэрлэгчийн хувьд ******* ХХК-ийн 2 чингэлэг ачааны тээврийн төлбөрийг төлөгдсөн гэж үзэхгүй. Нөгөө талаар 4 чингэлэг ачааны төлбөрийг бүрэн ******* ХХК-д төлөх үүрэг хүлээсэн боловч төлөөгүй нь үнэн. Нөгөө талаар шүүх 2 чингэлэг ачааны төлбөрт 10,396 еврог *******компанид төлснийг дүгнээд 18,712 еврогоос хасч тооцоход 8,316 евро төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн боловч дахин дүгнэхдээ 7,676 еврог гаргуулахаар шийдсэн нь илт үндэслэлгүй, зөрүүтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 01/63 тоот ******* ХХК-аас Гаалийн ерөнхий газарт явуулсан албан бичиг авагдсан ******* ХХК нь *******компанид өр төлбөртэй байсан тул манай компанийн 4 чингэлэг бараа олгогдоогүй нь нотлогдож байхад анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын тайлбар аль аль нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж буруу дүгнэсэн.

6.2. 2022 оны 06 сарын 09-ний өдрийн ЗЗБХ-06/16/2022 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ-ний 4.2-т ******* ХХК-ийн нэр дээрх ачаа Улаанбаатар хотод Гаалийн мэдүүлэг хийж, ачааг авснаас хойш 7 хоногийн дотор тээврийн хөлсийг төлнө гэж тохиролцсон. Гэсэн хэдий ч ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаа буюу гадаад тээврийн компанид өртэй шалтгаанаар ачаа барааг олгохгүй байсан тул тээвэрлэлтийг гүйцэтгэсэн *******компанид тээврийн зардлыг төлж ачаа бараагаа авсан, гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс үүдэж манай компанид хохирол учирсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

6.3. Манай бүтээгдэхүүн 2022 оны 05 сард үйлдвэрлэгдэж, 2023 оны 05 сард хадгалалтын хугацаа дуусах хүнсний бүтээгдэхүүн бөгөөд 2022 оны 07 сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 сарын 17-ны өдрийг хүртэл Брест хотод, 2022 оны 10 сарын 17-ны өдрөөс Монгол улс руу хөдөлж 2022 оны 11 сарын 08-ны өдөр ирсэн. Энэ өдрөөс 2023 оны 02 сарын 27-ны өдөр хүртэл 2 чингэлэг, 2023 оны 03 сарын 23-ны өдөр хүртэл 2 чингэлэг тус тус ******* ХХК-ийн илт буруутай үйл ажиллагааны улмаас гааль дээрх хөдөлгөөнд битүүмж хийгдэж түгжигдсэнтэй холбоотой гаалийн талбайн зардал, чингэлэг түрээсийн зардлыг тус тус ******* ХХК нь ямар нэгэн маргаангүй төлсөн нь өөрсдийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болно. 2023 оны 02 сарын 15-ны өдрийн Албан бичиг хүргүүлэх нь албан бичигт тухайн төлбөрийг төлөх нь үнэн гэж тусгасан.

6.4. ******* ХХК нь ачаа бараа удааширсан шалтгааныг давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэж тайлбарлаж байх хэдий ч талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 сарын 09-ний өдрийн "Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ-ний 3.1.4, 5.2-т заасан мэдээллээр хангах, давагдашгүй хүчин зүйлийн улмаас зууч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Чипс хадгалалтын хугацаа бага тул Intersnack Poland Sp.x.o.o компани нь манай захиалгыг үйлдвэрлэж дуусмагц мэдэгдэж барааг тээвэрлэлтэд шилжүүлдэг бөгөөд Польш улсаас Монгол улс, Улаанбаатар хот хүртэл дунджаар (2022.06.29-наас 2022.07.08-нд ачигдсан бараа Улаанбаатарт 2022.08.16-ны өдөр ирсэн) 40 хоног тээвэрлэгдэж ирсэн. Талуудын хооронд байгуулагдсан Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 3 дугаар заалтын 3.1, Олон улсын ачааны харилцааны хэлэлцээрийн хоёрдугаар бүлгийн 24 дүгээр зүйлийн 1-д зааснаар ачаа хүргэх хугацааг Польш улсаас Монгол улс, Улаанбаатар хот хүртэл дунджаар 40 /дөч/ хоног гэж тооцсон болно. ******* ХХК нь тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний үүргээ биелүүлээгүй буюу мэдээллээр хангах, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, гэрээгээр тохирсон хугацаанд бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн өгөөгүйгээс ******* ХХК-д хохирол учирсан, тээвэр зуучийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бараа бүтээгдэхүүнийг зах зээлд хугацаанд нь нийлүүлэх боломжгүй байдал үүсч устгалд оруулсан тул шалтгаант холбоотой байна.

6.5. Анхан шатны шүүх ачаа саатаж байгаа талаар нэхэмжлэгчээс хариуцагчид албан бичгээр мэдэгдэж байсан гэж дүгнэсэн хэдий ч хэргийн хэддүгээр талд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй бөгөөд энэ тухай ******* ХХК нь огт мэдэгдэж байгаагүй. 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 01/63 тоот ******* ХХК-аас Гаалийн ерөнхий газарт явуулсан албан бичигт манай ачааг ямар шалтгаанаар олгохгүй байгааг тодорхой харуулж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйд заасныг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг тал бүрээс нь бодитой харьцуулж, судалж чадаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээгээр тохирсон хөлсний үлдэгдэл 68,134,508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний хохирол 60,774,492 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган талууд маргажээ.

3. Талууд 2022 оны 06 сарын 09-ний өдөр 06/16/2022 дугаартай Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Польш улсаас Улаанбаатар хот руу 1 чингэлэг самар, 8 чингэлэг чипс тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийх, ******* ХХК нь гэрээнд заасан хөлс 4,528 х 8 = 36,224 + 4,508 = 40,732 евро төлөх нөхцөлийг тус тус тохиролцсон байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээ гэж дүгнэсэн нь буруу.

Учир нь, зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг хүлээдэг байтал ******* ХХК нь захиалсан тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоог ******* ХХК-аас хүлээн авч тээвэрлэгчид төлөх, ачилтын техникийн нөхцөлийг боловсруулах, хилийн өртөө боомтуудаар ачаа дамжсан хөдөлгөөний тухай замын мэдээллээр бүрэн хангах, тухайн тээврийг зохион байгуулах талаар тээврийн байгууллагуудтай зөвшилцөн тээврийн бичиг баримт бөглөх заавраар хангах г.м үүргийг гэрээгээр хүлээсэн байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан илгээмжийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Хариуцагч ******* ХХК нь 9 чингэлэг ачаанаас 5 чингэлэг ачаа (1 чингэлэг самар, 4 чингэлэг чипс)-г 2022 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох хөлсийг төлсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй.

Харин 4 чингэлэг ачаа (4 чингэлэг чипс) нэхэмжлэгч ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан саатсан эсэх, хэрэв буруутай бол үүнээс үүдэн хариуцагч ******* ХХК-д 60,774,492 төгрөгийн хохирол учирсан эсэх, мөн хариуцагч ******* ХХК-аас *******компанид төлсөн гэх 10,396 еврог нэхэмжлэгч ******* ХХК-ийн авах ёстой хөлсөөс хасч тооцох үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, маргаан бүхий 4 чингэлэг ачаа нь 2022 оны 06 сарын 29-ний өдөр Польш улсаас ачигдаж, 2022 оны 07 сарын 17-ны өдөр Брест боомтод ирж, 2022 оны 10 сарын 17-ны өдөр Брест боомтоос гарч, 2022 оны 11 сарын 08-ны өдөр Улаанбаатар хот дахь гаальд ирсэн үйл баримтыг зөв тогтоожээ.

7. Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д Илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.1-д зууч нь захиалсан тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоог захиалагчаас хүлээн авч тээвэрлэгчид төлнө гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, ачаа тээвэрлэхтэй холбоотой зардлыг төлөх үүргийг нэхэмжлэгч ******* ХХК бус харин хариуцагч ******* ХХК хууль болон гэрээгээр хүлээжээ.

8. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийг *******компанид ачаа тээвэрлэхтэй холбоотой төлбөрийг төлөөгүйн улмаас ачаа саатсан гэж шууд буруутгах үндэслэлгүй. 

9. Түүнчлэн, маргаан бүхий 4 чингэлэг ачаа Улаанбаатар хот дахь гаальд 2022 оны 11 сарын 08-ны өдөр ирсэн байтал хариуцагч ******* ХХК нь гэрээгээр тохирсон хөлсөө нэхэмжлэгч ******* ХХК-д төлөөгүйн улмаас ******* ХХК нь 2 чингэлэг ачааг 2023 оны 02 сарын 15-ны өдөр, үлдэх 2 чингэлэг ачааг 2023 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авчээ.

Хариуцагч ******* ХХК нь 2023 оны 02 сарын 15-ны өдөр *******компанид 10,396 еврог төлсний дараа буюу 2023 оны 02 сарын 15-ны өдөр 2 чингэлэг ачаа, 2023 оны 03 сарын 23-ны өдөр үлдэх 2 чингэлэг ачааг хүлээн авсан үйл баримтаар дээрх дүгнэлт батлагдана.

10. Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээгээр тохирсон хөлсний үлдэгдлийг хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхтэй.

4 чингэлэг чипс 4,528 евро = 18,112 евро болж байх ба үүнээс хариуцагч ******* ХХК-аас *******компанид төлсөн 10,396 еврог хасаж тооцоход 7,716 евро болж байна.

Үүнийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцоход 7,716 х 3,641.22 = 28,095,654 төгрөг болж байх тул уг дүнг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-аас *******компанид төлсөн 10,396 еврогийн хэмжээгээр төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх тул түүний гаргасан ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 10,396 еврог хасаж тооцсон нь буруу... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

11. Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зохицуулалтад нийцжээ. Тодруулбал:

11.1. Энэхүү магадлалын хянавал хэсгийн 7, 8, 9-д тус тус дүгнэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

11.2.  ...Польш улсад үйлдвэрлэсэн чипсний хадгалах хугацаа 1 жил... гэсэн тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүйгээс гадна устгалд оруулсан гэх чипсийг маргаан бүхий 4 чингэлэг чипстэй холбоотой гэж эргэлзээгүйгээр үзэх баримт хэрэгт авагдаагүй.

12. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч тал болон хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/03530 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...410 дугаар зүйлийн 410.1... гэснийг ...407 дугаар зүйлийн 407.1... гэж, ...27,950,005... гэснийг ...28,095,654... гэж, ...40,184,503... гэснийг ...40,038,854... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...222 дугаар зүйлийн 222.7... гэснийг ...219 дүгээр зүйлийн 219.1... гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...297,700... гэснийг ..298,428... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 358,880 төгрөг, хариуцагч талаас төлсөн 461,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР