Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 142

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         05              03                                          2019/ШЦТ/142                               

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Б.Бт холбогдох эрүүгийн 1834003340180 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг, Мөнгөнморьт сум, 2 дугаар баг Мухаргутай гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, УЮ90110553 дугаарын регистртэй, Т овгийн Б.Б

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                          /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Б нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар багийн нутаг “Мухар гутай” гэх газар 2018 оны 05 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Б.Бат-Оргилд хутгаа өгөхгүй хэмээн гараа савж байгаад улмаар Б.Бат-Оргилын гарын шуун тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

 

 

 

 

Эрүүгийн 1834003340180 дугаартай хэрэгт хохирогч Б.Бат-Оргилын /хх-ийн 18-19, 132, 134 дүгээр хуудас/, гэрч Б.Бат-Оргилын /хх-ийн 24-25, 26-27, 28-29, 30 дугаар хуудас/, гэрч Э.Оюунцэцэгийн /хх-ийн 31-32, 33-34, 35-36 дугаар хуудас/, гэрч Д.Ганбаатарын /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Ц.Батхуягийн /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Б.Отгонтуяагийн /хх-ийн 136 дугаар хуудас/, гэрч Б.Бийн /хх-ийн 135 дугаар хуудас/, яллагдагч Б.Бийн /хх-ийн 148-149 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 312 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 313 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11206 дугаартай дүгнэлт /хх-ийн 138 дугаар хуудас/,

 шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 11642 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 дугаар хуудас/, цэргийн төв эмнэлгийн лавлагаа,  эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-ийн 52-61 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 70 дугаар хуудас/,    шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 68, 75, 78, 84-115 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар багийн нутаг “Мухар гутай” гэх газар 2018 оны 05 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Б.Бат-Оргилд хутгаа өгөхгүй хэмээн гараа савж байгаад улмаар Б.Бат-Оргилын гарын шуун тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Бат-Оргилын ...уурлаад шууд хутга аваад өөрийнхөө гар руу хутгалаад эхэлсэн. Тухайн үед манай дүү архи нилээн уусан согтсон. Мөн эхнэртэйгээ бага зэрэг маргасан байсан ба сэтгэл санаа нь тогтворгүй байсан. Тэгээд л өөрийгөө хутгалсан болов уу гэж бодож байна. Ер нь архи уухаараа жоохон давьтаргүй болчихдог ба агсам согтуу их тавьдаг, бас өөрийгөө нэг удаа хутгаар гэмтээж байсан юм... /хх-ийн 132 дугаар хуудас/,

гэрч Б.Бат-Оргилын ...Б.Б гар утсаар эхнэртэйгээ хэрэлдээд орилж байгаад амиа хорлоно гэсэн чинь ээж уурлаад загнасан. Тэгсэн чинь Б.Б ээж рүү танд ямар хамаатай юм би үхмээр байна гээд хутга аваад өөрийнхөө гэдэс хавьцаа зүсэх шиг болсон. Тэгэхээр нь би хутгыг нь булаах гээд очтол миний зүүн гарны шуун дотор хэсгийг зүссэн тэгэхээр нь би  хутга аваад Б.Бийн нурууны ар хэсэг рүү нь хатгасан би Б.Бийг тухайн үед айлгах гэж байсан. Мөн өөрийгөө хамгаалсан Б.Бийн нурууны ар хэсэг рүү нь хатгасан. Би Б.Бийг тухайн үед айлгах гэж байсан. Мөн өөрийгөө хамгаалсан. Б.Бийг нуруу хэсэгтээ гэмтээгүй байх гэж бодож байна... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

...гэнэтхэн уурлаад та нар ер нь яахаараа дандаа намайг буруутгаж байдаг юм бэ, гээд ширээн дээр байсан хар иштэй хутгыг шүүрч аваад би үхээд өгье гэж хэлээд зүүн гараа зүсэх шиг болсон. Тэгэхээр нь би сандраад Б.Бийг болиулах гээд урдаас нь явж очтол хутгатай гараа хоёр тийшээ савчаад миний зүүн гарын шуун дээр зүссэн. Тэгээд хутгыг нь авах гэж ноцолдож байгаад Б.Бийн нуруунд далны хавьцаа хатгасан. Тэгтэл Б.Б надад хандаж та намайг хутгалчихлаа гэхээр нь дээл цамц хоёрыг нь тайлаад харсан чинь нуруунаас нь цус гарч байсан... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

...Б.Б эхлээд амиа хорлоно гээд гараа зүсээд байсан. Тэгэхээр нь би болиулах санаатай очиход хутгаа хоёр тийш саваад миний гарыг зүссэн. Тэгээд сүүлд суугаад архи хийгээд өг гэхээр нь чи юу ч гэсэн тамхи тат гээд хартал гэдэснээс нь цус гарсан байсан ба хэлтэл үхлээ хатлаа болоод тэгээд Багануур дүүрэгт хүргэж ирсэн ба би гэрт үлдээд өглөө цагдаа нар ирнэ гэж бодоод юу ч хөдөлгөлгүй байж байсан юм. Урьд өмнө манай дүү энэ мэтээр өөрийгөө гэмтээж байсан удаа байгаа... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

...Б.Б өөрийгөө хутгалаад байхаар нь би хутгыг нь салгаж авах санаатай ноцолдохдоо нуруу тус газарт нь гарыг нь өчих үедээ хутгалсан юм шиг байна лээ. Шарх нь чигээрээ биш хавсан байдалтай орсон байсан гэсэн. Тэгээд гараа саваад байх шиг байсан. Миний бодлоор тэр үед л миний гарыг зүссэн болов уу гэж бодоод байгаа юм. Хутгыг нь авах гэж зөндөө хоорондоо ноцолдсон болохоор аль ч үед гараа зүссэн байж магадгүй л байх... /хх-ийн 30 дугаар хуудас/,  

гэрч Э.Оюунцэцэгийн ...Б.Б надтай муудалцсанаа хар иштэй хутга аваад үхнэ гэж хэлэхээр нь би гэрээс гараад буцаад ороод иртэл гэрийн шал дээр цус болчихсон газар хэвтэж байсан. Тэгэхээр ньб и Багануур дүүрэг рүү 103 дуудсан... ...өөрөө үхнэ хатна гээд байсан... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

...Бат-Оргил надад хандаж ээжээ энэ Б.Б чинь амиа хорлоно гээд өөрийгөө хутгаар хатгачихлаа гэхээр нь би Б.Бийн подволкыг дээш нь сөхөөд харсан чинь гэдэснээс нь цус гараад цагаан юм цухуйчихсан байхыг хараад сандраад та хоёр чинь юун цус нөж болчихсон юм бэ, одоо байтлаасаа нэг нэгийгээ алах чинь дутаа юу гэж хэлээд Бат-Оргил, Б.Б хоёрыг хар иштэй хутга булаацалдаад ноцолдоод байхаар нь хоёуланг нь нэг, нэг алгадсан чинь ноцолдохоо болиод салсан... /хх-ийн 33-34 дугаар хуудас/,

...Манай хамгийн бага хүү Б.Б нь урьд өмнө өөрийгөө бас хутгалж байсан ба ерөнхийдөө архи уухаараа эмзэг согтдог, болж л өгвөл хутга шөвөг өөрийгөө ална, тална би өөрийгөө алаад далд ороод өгье гэх зэргээр айлгадаг байсан. Уг нь эрүүлдээ маш цайлган, тусархуу хүү хэрнээ энэ хар архинаас болж байх шиг байна... ...миний том хүү байгаагүй бол бага хүү маань бараг өөрийгөө алах л байсан болов уу гэж бодож байна... /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

гэрч Д.Ганбаатарын ...манай хамаатан Оюунцэцэг гэрийн хаалга тогшоод гэртт орж ирээд манай хүү Б.Б өөрөө өөрийгөө хутгалчихлаа та Багануур дүүрэг рүү хүргээд өгөөч гэхээр нь би Оюунцэцэгтэй цуг гэрт нь очиход Батхуяг хойд орон дээр унтаж байсан. Б.Б гэдсээ даавуугаар ороочихсон эмнэлэг дуудаад өгөөч гээд сууж байсан. Бат-Оргил гэрийн орон дээр сууж байсан. Намайг гэрт ороход Б.Б, Бат-Оргил нар нь согтуу байх шиг байсан. Тэгэхээр нь би Оюунцэцэгийн гадаа байсан портер машиныг асаагаад Б.Б, Оюунцэцэг нарыг суулгаад Оюунцэцэг дүү Энхболдын гэрт очоод энэ хоёрыг төв рүү хүргэж өг гэж хэлээд би гэр рүүгээ ирээд унтсан... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

гэрч Ц.Батхуягийн ...хүмүүс чанга чанга дуугаралдаад байхаар нь босоод хартал Б.Б гэрийн үүдэнд гэдсээ, миний бөөр гарчихлаа гээд орилоод байсан. Бат-Оргил гэрийн зүүн ор дээр сууж байсан. Оюунцэцэг гуай Б.Б үхлээ цагдаа эмнэлэг дуудна гээд орилоод байсан... ...Б.Б, Бат-Оргил бид гурав архи уугаад сууж байхад хоорондоо муудалцаж маргалдаагүй. Би согтоод унтаад өгсөн. Тэр хойгуур юу болсныг би сайн мэдэхгүй байна... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

гэрч Б.Бийн ...уур хүрээд ширээн дээр байсан хар иштэй хутга байсныг шүүрч аваад өөрийнхөө гар, шуугаа зүссэн. Тэгээд Бат-Оргил ах надаас хутга авах гээд хүрээд ирэхээр нь би хутгатай гараа хоёр тийш нь савчсан. Тэгээд Бат-Оргил ахын гарыг зүсчихсэн ба Бат-Оргил ах намайг тэвэрч аваад хутгаа өг гэхээр нь би өгөхгүй гээд хутгатай гараа ар нуруундаа бариад бид хоёр ноцолдсон. Тэгээд тухайн үед Батаа ах тасарчихсан огт сэрэхгүй байсан ба Бат-Оргил ах ээж гээд орилоод байсан. Тэгсэн гаднаас ээж орж ирээд юун цус нөж вэ гэсэн. Тэгээд би сууж байгаад босоод зогсох гэтэл нэг л босож зогсож чадахгүй байхаар нь дээлээ тайлаад үзтэл зүүн бөөр хэсгээс нэг цагаан юм цухуйсан байхыг хараад дотор сонин болоод явчхаар нь ширээн дээр байсан үлдсэн байсан хагас шил архи байсныг Бат-Оргил ахаар хийлгэж уугаад тэгээд машин асаагаад Галаа гэдэг ахаар бариулаад явж байхад замд түргэний тэрэг ирж авсан. Тэгээд нэг мэдсэн маргааш нь би эмнэлэгт сэрсэн юм... /хх-ийн 135 дугаар хуудас/,

яллагдагч Б.Бийн ...би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 148-149 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 312 дугаартай ...Б.Бийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, шархаар бүдүүн гэдэсний гогцоо гарсан, чацархайд шарх, хэвлий хөндийд багахан шингэн цус, зүүн бугалганд эдгэрч буй шарх, зүүн сарвууны эрхий хуруу, зүүн шуу, тохой, бугалга, баруун, зүүн дал, хэвлийд сорви бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 313 дугаартай ...Б.Бат-Оргилын биед зүүн тохойн дотор хэсэгт шарх, сорви бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11206 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “Нутаг” гэсэн бичигтэй 1 л-ийн архины шил, 3 ширхэг хадаастай хар өнгийн хуванцар 12 см иштэй 25 см урттай хутган дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр O/I/ бүлгийн харьяалалтай байна... гэх дүгнэлт /хх-ийн 138 дугаар хуудас/,

 шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 11642 дугаартай ...11206 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон архины шил, хар иштэй хутга зэргээс авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E. D5S818. D13S317, D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллериар тогтоож үр дүнг ДНХ-ийн лабораторын 1143 дугаартай архивч авч хадгалав... дүгнэлт /хх-ийн 48-50 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 дугаар хуудас/, цэргийн төв эмнэлгийн лавлагаа,  эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-ийн 52-61 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 70 дугаар хуудас/,    шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 68, 75, 78, 84-115 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

   

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

    

            Прокуророос шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн 1834003340180 дугаартай хэргийн шүүгдэгч Б.Бийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар багийн нутаг “Мухар гутай” гэх газар өөрийгөө хутгалж гэмтэл учруулж байх үед өөрийн төрсөн ах Б.Бат-Оргилд хутгаа өгөхгүй хэмээн гараа савж байгаад улмаар Б.Бат-Оргилын гарын шуун тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хутгалсан хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, түүний улмаас уг үйлдэл хөнгөн хохирол, хор уршиг учирсан үр дагаврын хоорондоо шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бат-Оргилын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.Бат-Оргил, шүүгдэгч Б.Боос эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд авагдсан Б.Бат-Оргилын хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хохирогчийн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Бийн гаргасан хүсэлт нь хавтас хэргийн 132, 134, 152 дугаар хуудсаны ар талд авагдсан хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Бат-Зориг нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч  Б.Бт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутгыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

 хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

               36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                        заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Т овгийн Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.    

   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

       

4. Шүүгдэгч Т овгийн Б.Бт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.    

 

5. Шүүгдэгч Т овгийн Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Бат-Оргил нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутгыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.  

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН