Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01824

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04042 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөр 271,780,000 төгрөг, алданги 135,890,000 төгрөг, хуулийн зөвлөх үйлчилгээний зардал 101,371,910 төгрөг, нийт 509,041,910 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь ******* ХХК-тай 2022 оны 04 сарын 06-ны өдөр 22201/340 дугаар Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний хүрээнд үүссэн нөхөн төлбөрийн асуудлаар даатгалын брокер ******* ХХК-аар дамжуулан 2022 оны 06 сарын 08-ны өдөр даатгагчид мэдэгдэж, 2022 оны 07 сарын 08-ны өдөр хохирол барагдуулах тухай хүсэлтийг гаргасан. ******* ХХК-аас 2023 оны 02 сарын 06-ны өдөр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг ирүүлсэн. Улмаар Санхүүгийн зохицуулах хороонд 2023 оны 04 сарын 26-ны өдөр гомдол гаргасан ба тус хорооноос 2023 оны 05 сарын 25-ны өдөр ...даатгагч байгууллага нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн тул ийнхүү шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Гэрээний хугацаанд даатгалын тохиолдол үүссэн буюу нэхэмжлэгч компанийн борлуулалт ложистикийн менежер ажилтай ******* хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас харилцагч ******* ХХК-аас зөөн тээвэрлүүлж буй ачаанд нэмэлт зардал, төлбөр үүссэн болно. Ажилтан ******* нь Герман дахь агент болох *******-г тээврийн нөхцөл болон бусад мэдээллүүдээр шуурхай хангаж ажиллаагүй, Port handling agent-ын талаар мэдээлэл өгч чадаагүй, тээврийн нөхцөлийг солихдоо буруу мэдээлэл (40ft 2 containers-г 20ft container гэж буруу мэдээлэл өгсөн) өгч, буруу үнэ санал судлуулж хугацаа алдсан, Hamburg port дээр чингэлэгийн болон талбайн түрээсийн зардал гарч байгааг тооцоолоогүй зэрэг мэргэжлийн үйл ажиллагааны алдаа дутагдал болон үйлдэл, эс үйлдэхүй гаргасан. Улмаар тэрээр *******-д чингэлэгийн болон талбайн түрээсийн зардал гарч байгааг 2022 оны 06 сарын 07-ны өдөр компанийн удирдлагад мэдэгдсэн байдаг.

Манай компани нь *******-д чингэлэгийн болон талбайн түрээсийн зардалд 2023 оны 01 сарын 26-ны өдөр 45,000 евро буюу 174,555,000 төгрөг, 2023 оны 01 сарын 27-ны өдөр 25,000 евро буюу 97,225,000 төгрөг, нийт 70,000 евро буюу 271,780,000 төгрөгийг төлсөн болно. Иймд Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1, 444.3, мөн Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ-ний 7.1.4, 7.2.3, 8.10-т тус тус заасныг үндэслэн даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний зардал 271,780,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Даатгалын компаниас нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх хугацаанд нэхэмжлэгч нь даатгалын тохиолдлын улмаас үүсч байгаа хохирлын хэмжээг багасгах, асуудлыг яаралтай шийдвэрлэх зорилгоор Герман улс дахь "******* хуулийн компаниас хууль зүйн туслалцаа авч ажилласны үндсэн дээр 164,308.80 еврогийн зардлыг 70,000 евро болгон багасгуулсан болно. Иймд "*******" хуулийн компанид төлсөн хууль зүйн зөвлөх үйлчилгээний төлбөр зардал болох 27,567.84 евро буюу Монгол банкны 2024 оны 05 сарын 29-ний өдрийн албан ханшаар тооцож 101,371,910 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Талуудын байгуулсан гэрээний 10.3-т Даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авсан болохоо даатгуулагчид мэдэгдэж хариу өгсөнөөс хойш гэрээний хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож олгоно , мөн 8.8-д Даатгагч нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзвэл нэхэмжлэлийг ажлын 14 хоногийн дотор шийдвэрлэж нөхөн төлбөрийг олгоно гэж тус тус заасан. ******* ХХК-аас хүссэний дагуу 2023 оны 01 сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс сүүлийн материалыг илгээсэн бөгөөд даатгагч 2023 оны 02 сарын 06-ны өдөр албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг өгсөн. ******* ХХК нь 2023 оны 02 сарын 06-ны өдрөөс 2024 оны 10 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүйгээр 271,780,000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохгүй 625 хоног хугацаа хэтрүүлсэн тул хоногт 0.5 хувийн алданги буюу 1,358,900 төгрөг, нийт 849,312,500 төгрөгийн алданги бодогдсон байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн 135,890,000 төгрөгийн алдангийг нэхэмжилнэ.

Иймд даатгалын нөхөн төлбөр 271,780,000 төгрөг, алданги 135,890,000 төгрөг, хуулийн зөвлөх үйлчилгээний зардал 101,371,910 төгрөг, нийт 509,041,910 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* ХХК-ийн ачааны тээвэрлэлт 2021 оны 09 сарын 27-ны өдөр Австрали улсаас хөдөлж 2022 оны 03 сарын 01-ний өдөр Герман улсын Hamburg port хүрч тэндээс Монгол улс руу ачигдан хөдлөх үед хугацаа алдсан гэж даатгагчид 2022 оны 06 сарын 08-ны өдөр и-мэйл илгээн мэдэгдсэн.

Тус ачаа ХБНГУ-ын Hamburg port-д 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 12-ны өдрийн хугацаанд гаалийн талбайд үнэгүй байж, 2022 оны 03 сарын 12-ны өдрөөс 2022 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл нийт 142 хоног хэтрэлттэй контейнерын төлбөр гарсан нь *******-ийн нэхэмжлэлээр тогтоогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.4-т Даатгалын хугацаа гэж заасны дагуу дээрх гэрээний хугацаанд хамаарахгүй бөгөөд 2022 оны 04 сарын 06-ны өдөр 22201/340 дугаар Байгууллагын ерөнхий хариуцлагын гэрээ-г байгуулсан өдрөөс хойшхи хугацаанд үүссэн эрсдэлд даатгагч үүрэг хүлээх ба даатгалын гэрээ байгуулагдаж гэрээний хамгаалалт үйлчилж эхлэхээс өмнө тохиолдол үүссэн нөхцөл байдал тогтоогдсон.

Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д заасан ноцтой нөхцөл байдлын талаар даатгуулагч гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мөн даатгалын хураамжийг гэрээ байгуулсанаас хойш 3 хоногийн дотор эхний 50 хувь, үлдэгдэл 50 хувийг 2022 оны 05 сарын 10-ны дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон боловч 2022 оны 04 сарын 20-ны өдөр эхний 50 хувь болох 4,250,000 төгрөгийг, 2022 оны 05 сарын 18-ны өдөр үлдэгдэл 50 хувь буюу 4,250,000 төгрөгийг тус тус брокер ******* ХХК-ийн дансанд төлсөн нь Иргэний хуулийн 437 дугаар зүйл 437.2-т Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж заасны дагуу даатгагчид нөхөн төлбөр олгох үүрэг хууль болон гэрээний дагуу үүсээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 05 сарын 30-ны өдөр өгсөн нэхэмжлэгчийн ажилтан *******ий гэрчийн мэдүүлэгт ...04 сарын 12-нд бүтэн чингэлэг гэдгийг нь цаад агентдаа мэдүүлээд эхэлсэн би өөрөө буруу ойлголт төрүүлээд цаад агент маань бүтэн чингэлэг гээд ойлгочихсон яваад байгаа л гэж бодсон гэж мэдүүлснээс үзэхэд, гэрч нь 2021 оны 11 сарын 09-ний өдрөөс эхлэн үйлчлүүлэгчийн тээврийн зааврыг зөрчиж, улмаар 2022 оны 04 сарын 12-ны өдөр өөрийн үйлчлүүлэгчийн заавраар буюу FCL нөхцөлөөр тээвэрлэлт хийхээр болж, энэ тухайгаа хариуцагчид 2022 оны 06 сарын 08-ны өдөр мэдэгдсэн нь нэхэмжлэгч Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1, 439 дүгээр зүйлийн 439.1-т тус тус заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна. Мөн хуулийн 439 дүгээр зүйлийн 439.5-д заасны дагуу ямарваа нэгэн заавар зөвлөгөө аваагүй, даатгагчийг заавар зөвлөгөө өгөх боломжийг хангаагүй нь Иргэний хуулийн 444.3-т заасанд хамаарахгүй байна.

******* ХХК-ийн 2022 оны 12 сарын 09-ний өдөр ******* ХХК-д хүргүүлсэн албан бичигт ... Та бүхний гаргасан алдаа дутагдлаас шалтгаалж манай ачаа Герман Улсын Hamburg port-д 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 10 сарын 06-ны өдөр хүртэл саатсан..., нэн яаралтай тээвэрлэлтийг зохион байгуулж авчрах шаардлага үүсэж байгааг мэдэгдэж байна, иймд захиалсан ачааны холбогдох нэмэлт зардлуудыг нэн даруй төлж ойрын хугацаанд авчрахгүй бол бид тухайн ачааг өөр тээвэр зуучлагчаар дамжуулж шинээр захиалах бөгөөд шинээр ачаа барааг захиалахтай холбогдон гарах бүх зардлыг та бүхнээс хууль шүүхийн дагуу нэхэмжлэх болохыг анхааруулж байна гэж дурдсан байх бөгөөд хэрвээ ачааг яаралтай авчрахгүй бол өөр зуучаар дамжуулан шинээр захиална гэдгээ илэрхийлсэн боловч ачааг шинээр захиалж, зардал гаргасан зүйл байхгүй, нэхэмжлэгч нар өөрсдөө ачааг тээвэрлэн 2023 оны 03 сард авчирсан болох нь *******ний гэрчийн мэдүүлэг болон холбогдох баримтуудаар нотлогддог. Үүнээс үзэхэд гуравдагч этгээд буюу ******* ХХК-д аливаа шаардлага гаргаагүй, нэмэлт зардал болон хохирол үүссэн баримт байхгүй байна.

Мөн гэрч ******* нь мэргэжлийн ажилтны хувьд 2 алдаа гаргасан ба эхний алдаа нь 2021 оны 11 сард ******* ХХК-аас өгсөн захиалгын нөхцөлийг зөрчиж, тээврийн FCL (дүүрэн чингэлгээр ачих) заавартай ирсэн захиалгыг LTL /олон салангид буюу түүвэр ачаа/ болгон тээвэрлэлтийн заавар зөрчиж, 2021 оны 11 сарын 09-ний өдөр ******* буюу Герман дахь төлөөлөгч руу тээвэрлэлтийн заавар өгсөн байдаг. Ачаа 2022 оны 03 сарын 01-ний өдөр ХБНГУ-д ирсэн бөгөөд энэ хугацаанд ******* *******-тэй ойлголцоогүй, түүнд зөв мэдээллийг залруулан өгөөгүй хэвээр байсан бөгөөд 2022 оны 03 сарын 30-ны өдөр үйлчлүүлэгчийн зааврыг дахин зөрчиж, тээврийн зааврыг FTL /бүтэн трак ачаа/ болгон дахин санаатайгаар заавар өөрчилж, 2022 оны 04 сард *******-гоос тээвэрлэлтийг анхнаасаа FCL нөхцөлөөр тээвэрлэх ёстой, өөрчлөх боломжгүй гэсэн шаардлагыг авснаар, 2022 оны 04 сарын 11-ний өдөр FCL тээврийн захиалгыг үйлчлүүлэгчийн заавраар өгсөн байна. Нэхэмжлэгч нь 2 ширхэг 40 тонны контейнер чингэлгийг хямд буюу LTL нөхцөлөөр тээвэрлүүлэх гэсэн нь өөрсдийн үйл ажиллагааны зардлыг багасгах, тээврийн төлөвлөгөөг өөрчилснөө анхнаасaa мэдэж байсан үйл баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн даатгалын тохиолдол болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний зардал гэх 271,780,000 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэмэгдүүлсэн шаардлагад хавсарган өгсөн баримтуудаас үзэхэд, хуулийн компанийн нэхэмжлэхэд "******* ХХК-ийн Герман улс дахь албан төлөөлөгчийн 2022 оны 02 сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 сарын 04-ний хугацааны үйлчилгээний төлбөр гэж дурдсан болон гүйцэтгэсэн ажлын жагсаалт, зарцуулсан цаг хугацаа, ажилласан өдрийн огноо зэргийг жагсаасан баримтаас үзэхэд хуулийн компаниас зөвлөгөө, туслалцаа авч эхэлсэн хугацаа нь даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүссэнийг тогтоож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс даатгалын тохиолдол 2022 оны 04 сараас эхэлсэн гэж тайлбарлаж байгаагаас огнооны хувьд зөрүүтэй буюу даатгалын тохиолдол болсон гэх хугацаанаас өмнө хуулийн фирмтэй байгуулсан гэрээ болох нь нотлогдож байна. Мөн дээрх тохиолдолтой шууд холбоо хамааралтай зөвлөгөө, туслалцаа авсан гэж шууд холбон үзэх үндэслэлгүй, гуравдагч этгээд буюу үйлчлүүлэгчийн шаардлагаас хамгаалсан үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн фирм зөвхөн ******* буюу ХБНГУ дахь агенттай холбоотой маргаан дээр зөвлөгөө туслалцаа үзүүлж ажилласан зэрэг нь нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтуудаар нотлогддог бөгөөд гуравдагч этгээд буюу ******* ХХК-тай холбоотой асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, харилцаагүй байх тул тус хуулийн фирмийн зардал Иргэний хуулийн 444.3-т заасанд хамаарахгүй, тухайн маргааны зардал нь өөрсдийн үндсэн үйл ажиллагааны зардлаа багасгах, холбогдох зардлаа хариуцан тохиролцон төлөх харилцаанд хамаарч байна.

Нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ даатгалын гэрээний 10.3-т заасны дагуу алданги 135,890,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нь даатгалын гэрээ байгуулахаас өмнө даатгалын гэх тохиолдол бий болсон, даатгалын хураамж төлөгдөөгүй гэж үзэж Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4, 436 дугаар зүйлийн 436.1, 437 дугаар зүйлийн 437.2-т тус тус заасан үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх үндэслэлээр алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.1-д заасны дагуу ачаа тээвэрлэлтийн гэрээний улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох зорилгоор энэхүү гэрээ байгуулагдсан ба мөн гэрээний 9.1.3, 9.3-т тус тус заасны дагуу даатгуулагчийн өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгохгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 444 дүгээр зүйлийн 444.1, 444.3-т зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 271,800,000 төгрөг, хуулийн зөвлөх үйлчилгээний зардал 101,371,910 төгрөг, алданги 135,890,000 төгрөг, нийт 509,061,910 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,017,860 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.4-т дүгнэснийг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК нь тээвэрлэлтийг зохион байгуулах явцад мэргэжлийн алдаа дутагдал гаргасан гэх атлаа үүнтэй холбоотойгоор гаргасан зардал нь даатгалын гэрээнд хамаарахгүй гэх дүгнэлттэй санал нийлэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд үйлчлүүлэгчдээ үзүүлж ирсэн. Ийнхүү тээвэр зуучлалын үйл ажиллагааг үзүүлэх явцад ******* ХХК-ийн ажилтнууд мэргэжлийн алдаа, дутагдал гаргах эрсдэл тодорхой түвшинд байдаг тул аливаа эрсдэл үүссэн тохиолдолд тухайн эрсдэлийг даван туулах зорилгоор мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагддаг бөгөөд энэ утгаараа 2022 оны 04 сарын 16-ны өдөр №22201-340 Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ-г хариуцагч ******* ХХК-тай байгуулсан. Тус гэрээний даатгалын эрсдэл хэсэгт Даатгуулагч байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа болгоомжгүй алдаа дутагдал болон үйлдэл эс үйлдэхүй гарсны улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирлын хариуцлага байхаар тодорхойлсон.

Захиалагч ******* ХХК-ийн ачааг тээвэрлэх явцад ажилтан ******* нь Герман дахь агент болох *******-r тээврийн нөхцөл болон бусад мэдээллүүдээр шуурхай хангаж чадаагүй, Port handing agent-ын талаар мэдээлэл өгч чадаагүй, тээврийн нөхцөлийг солихдоо буруу мэдээлэл (40ft 2 containers-г 20ft container гэж буруу мэдээлэл өгсөн) өгч, буруу үнэ санал судлуулж хугацаа алдсан зэрэг мэргэжлийн алдааг гаргасан. Харин ийнхүү мэргэжлийн алдаа гаргасан болохыг мэдсэн хугацааны хувьд ажилтан ******* анх 2022 оны 05 сарын 31-ний өдөр мэдэж, байгууллагын удирдлагуудад 2022 оны 06 сарын 07-ны өдөр хэлж, энэ талаар хариуцагч ******* ХХК-д 2022 оны 06 сарын 08-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн. Ийнхүү даатгалын эрсдэл бий болсон үеэс эхлэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь даатгалын тохиолдол нэгэнт бий болж байгааг ойлгож даатгалын эрсдэлээс үүдэн бий болох томоохон хэмжээний хохирлыг багасгах зорилгоор холбогдох арга хэмжээг даруй авч ажилласан. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн зүйлийн 9.1-д Даатгагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: гэж, мөн хэсгийн 9.1.8-д даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгах зорилгоор даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгуулагчид нөхөн төлөх гэж, Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.3-т Гуравдагч этгээдийн шаардлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан шүүхийн болон шүүхийн бус бусад зардлыг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай бол энэхүү зардал даатгалд нэгэн адил хамаарна гэж, талуудын хороонд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.4-т Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдлын улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх талаар тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд даатгалын эрсдэл нэгэнт бий болсон үед яаралтай арга хэмжээг авч ажиллах шаардлага үүссэн бөгөөд энэхүү нөхцөл байдал нь гуравдагч этгээд ******* ХХК-ийн шаардлагаас үүссэн.

Энэхүү үйл баримт нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын ******* болон ажилтан *******ий ******* и-мэйл хаягаас ******* ХХК-ийг төлөөлөн харилцаж байсан ажилтан *******ын ******* и-мэйл рүү 2022 оны 05 сарын 17-ны өдрөөс 2022 оны 07 сарын 15-ны өдрийг дуусталх цахим шуудан буюу и-мэйлүүдээс харагддаг бөгөөд мөн ******* ХХК-ийн 2022 оны 12 сарын 09-ний өдрийн №3108/Log Мэдэгдэл хүргүүлэх нь албан бичигт ...ачаа тээвэрлэлтийн зохион байгуулалтын явцад та бүхний гаргасан алдаа дутагдлаас шалтгаалж, манай ачаа Герман улсын Хамбург боомтод 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 10 сарын 06-ны өдрийн хүртэлх хугацаанд саатан нийт 161,638.4 еврог нэмэлтээр төлөх нөхцөл үүссэн. Иймд захиалсан ачааны холбогдох зардлуудыг нэн даруй төлж ойрын хугацаанд тээвэрлэн авчрахгүй бол бид тухайн ачааг өөр тээвэр зуучлагчаар дамжуулж шинээр захиалах бөгөөд шинээр ачаа барааг захиалахтай холбоотой гарах бүх зардлыг та бүхнээс хууль шүүхийн дагуу нэхэмжлэх болно гэдгийг нэхэмжлэх болно гэснээс тодорхой харагддаг.

Хэрэв ******* ХХК-ийн зүгээс даатгалын эрсдэл үүссэн үеийг мэдсэнээс эхлэн яаралтай арга хэмжээг авч, ХБНГУ-ын ******* хуулийн компанийг хөлслөн ажиллаагүй байсан бол бодит байдалд талбайн түрээсийн зардалд 70,000 евро буюу 271,780,000 төгрөг болон хуулийн фирм хөлсөлсөн зардал 27,567.84 евро буюу 101,371,910 төгрөгийн зардал бус харин 1,717,399,003.13 төгрөгийн зардал гарах нөхцөл үүсэхээр байсан бөгөөд энэхүү тооцооллын задаргааг бидний зүгээс боловсруулан шүүхэд хүргүүлсэн.

Товчхондоо нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага даатгалын гэрээний тохиолдол үүсэж, даатгалын нөхөн төлбөр буюу гуравдагч этгээд ******* ХХК-д үүссэн шууд хохирлыг хариуцагчаас нэхэмжилсэн бус харин Иргэний хуулийн 444.3, Даатгалын тухай хуулийн 9.1, 9.1.8 болон талуудын хооронд байгуулагдсан Даатгалын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ-ний 7.1.4-т заасныг баримтлан даатгалын эрсдэлийн улмаас учирч болох 1,717,399,003.13 төгрөгийн зардлыг 4 дахин багасгасан өртөг болох 373,151,910 төгрөг, түүний алданги 135,890,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа юм. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын тодруулсан үндэслэлээ 2025 оны 05 сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Гэтэл шүүх энэхүү үйл баримтад эрх зүйн алдаатай дүгнэлт хийж нэхэмжлэгч болон ******* ХХК-д зайлшгүй үлэмж хэмжээний хохирол бодитоор учрахыг заавал хүлээх ёстой байсан, ийнхүү үлэмж хохирол учирснаар шаардах эрх үүсэх мэтээр тайлбар хийж, шүүхийн шийдвэрээ гаргасан нь Иргэний хуулийн 431.1, 444.1 болон 444.3 дахь хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2. Шүүх хугацааны талаарх үйл баримтыг буруу дүгнэсэн тухай.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д дүгнэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажилтан ******* нь даатгалын эрсдэлийг анх 2022 оны 05 сарын 31-ний өдөр мэдэж, энэ талаар 2022 оны 06 сарын 07-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал *******д мэдэгдсэн болох нь ажилтан *******ий ******* гэдэг нь том усан онгоцны тээвэрлэгч компани усан онгоцноос чингэлгүүдээ тээвэрлэдэг тэр рүү 2022 оны 05 сарын 31-нд мэйл бичиж асуусан. Ийм чингэлгийг Ханбург боомтод үлдчихлээ, асар их төлбөр гарсан байна, учир учиртай юу болоод байна гэж асуусан. Тэгээд надад ийм ийм төлбөр гарчихсан наад чингэлгүүд ороод удаж байна аваагүй, өдөр өдөрт тариф нь нэмэгдэж явдаг. Интервалаар хоног хоногт хийх юм бол байнга өсөлттэй байдаг тийм болчихсон байна гэсэн. Тэр үед нь 5 дугаар сарын 31-ний өдөр мэдчихээд маргааш нь хүүхдийн баярын өдөр буюу бүх нийтийн амралт байсан. Ажилд орсон үед 5-7 хоногийн хугацаа алдаад тэр хооронд нэлээд сүүлд нь удирдлагадаа мэдэгдсэн гэх мэдүүлэг, тухайн үеийн даатгалын зуучлагч ******* ХХК-ийн ажилтан *******гийн Надад мэдэгдсэн нь 06 сарын 07-ны өдөр буюу и-мэйл явуулсны өмнөх өдөр л гэж би санаж байна. Мэдэгдэл хүлээж аваад маргааш нь и-мэйл явуулсан гэхээр и-мэйл нь 06 сарын 08-ны өдөр бол надад мэдэгдсэн 06 сарын 07-ны өдөр гэсэн үг гэх мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн №181/Ш3/2023/19045 дугаар захирамжийн дагуу 2024 оны 03 сарын 27-ны өдөр хийсэн шүүхийн үзлэгээр ******* болон ******* и-мэйлээс ажилтан *******ий ******* и-мэйл рүү 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 06:46 цагт илгээсэн Хүндэт *******, Одоогоор нэгж тус бүрийн хадгалах хураамж 23,850 евро хүртэл байгааг анхаарна уу. Төлбөр авах хүртэл дараагийн өдөр бүр 300 еврогийн хураамж авна. Хавсаргасан *******файлаас лавлагаа авна уу. Хүндэтгэсэн, *******, Ерөнхий удирдлагын хэлтэс, ******* (Germany) GmBH гэх зурвас, дээрх үзлэгээр тогтоогдсон ажилтан *******ий ******* и-мэйлээс 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 13:01 цагт **************, ******* болон ******* хаяг руу Эрхэм *******, Өндөр үнэ байна. Энэ талаар бидэнд мэдээлэл ирээгүй байна. Энэ тохиолдолд манайд хөнгөлөлт үзүүлэх боломжтой юу? Хэн ч бидэнд урьдчилж юу ч хэлээгүй. Энэ бол үнэхээр харамсалтай байна. гэх зурвас зэрэг нотлох баримтаар тогтоогддог.

Дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 43 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлсэн нотлох баримтуудад нэхэмжлэгч 2022 оны 05 сарын 31-ний өдөр анх даатгалын эрсдэлийн талаар мэдсэн болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөн даатгалын гэрээний хугацаа тоолох талаар гэрч *******гийн мэдүүлэгт ...Хариуцлагын даатгалын гэрээ нь олон улсад тохиолдол суурьтай болон нэхэмжлэл суурьтай гэсэн 2 агуулгаар хийгддэг. Жишээ нь: тохиолдол суурьтай гэдэг нь яг тухайн тохиолдол, кэйс үүссэн хугацаа нь даатгалын гэрээнд хамаарч байвал тухайн даатгал үйлчилнэ гэж явдаг. Нэхэмжлэл суурьтай гэдэг нь тохиолдол болсон хугацаанаас үл хамаарах хохирлоо учирснаа хэзээ мэдэж, нэхэмжлэлээ хэзээ гаргаж байгаа вэ? гэдэг тэр өдөр нь даатгалын гэрээний хугацаанд хамаарч байвал хариуцлагын даатгалд хамаарах байдлаар явдаг. Жишээ нь эмч эмчилгээгээ жилийн өмнө хийсэн байж болно. Гэхдээ тэр эмчилгээнээс гарсан ийм сөрөг үр дагавар нь жилийн дараа мэдэгдээд нэхэмжлэлээ жилийн дараа гаргаж байгаа бол тохиолдолд хэрвээ гэрээ нэхэмжлэл суурьтай байсан бол нэхэмжлэл гаргасан өдрийг баримтална гэдэг. Хэрвээ гэрээ нь тохиолдол суурьтай байсан бол эмчийн анхны эмчилгээ хийсэн өдрийг баримтална гэж үздэг. Гэхдээ энэ ачаа тээврийн даатгал дээр нэхэмжлэл болон тохиолдол суурьтай гэж тухайлан ялгах практик их байдаггүй. Ерөнхийдөө аль аль тал нь байж болохоор нээлттэй байдлаар хийсэн. Тухайлбал, даатгалын гэрээ 4 сард байгаа гэж бодож байна. Нэхэмжлэл гаргасан нь бидэнд мэдэгдсэн 06 сарын 07-ны өдөр байсан. Өөрсдөө хэзээ мэдэгдсэнийг нь сайн мэдэхгүй байна. Бидэнд нэхэмжлэл гаргасан 07-ны өдөр байсан учраас кэйс үүсэж байгаа хугацаа нь даатгалын гэрээнд багтаж хамаарч байгаа учраас цааш нь даатгалын гэрээнд хамаарч болзошгүй нөхцөл байна гэдэг агуулгаар нөхөн төлбөрийн нэхэмжлэл, мэдэгдлүүдийг *******д гаргасан талаар мэдүүлсэн. Энэ нь нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсанаас хойш даатгалын тохиолдол үүссэн болох нь хөндлөнгийн гэрч болох даатгалын мэргэжлийн даатгалын брокерын мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч даатгалын эрсдэл бий болж байгааг мэдсэн үеэс буюу 2022 оны 05 сарын 31-ний өдөр ажилтан ******* мэдэж, гүйцэтгэх захиралд 2022 оны 06 сарын 07-ны өдөр мэдэгдэж, улмаар тухайн өдрөө даатгалын брокер *******д ******* ХХК-ийн зүгээс мэдэгдсэн үйл баримтууд нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болж байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Баянзүрх, сүхбаатар, чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 04042 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийг зохион байгуулах үндсэн үүрэгтэйгээ шууд холбоотой бий болсон хадгалалт болон түрээсийн зардлыг даатгалын гэрээний хувьд гуравдагч этгээд болох ******* ХХК-д учирсан хохирол мэтээр эсвэл ******* ХХК-д учрах байсан хохирол мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хадгалалтын зардалд төлсөн гэж үзэж байгаа 271,000,000 төгрөг нь ******* ХХК-ийн илгээгчийн хувьд хариуцах өөрийн үүргээ санаатай зөрчсөнтэй нь холбоотойгоор үүссэн нэмэлт зардал болон тооцоолоогүй байсан үйл ажиллагааных нь алдагдал юм. ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ******* ХХК-аас 2021 оны 11 дүгээр сард FCL буюу дүүрэн чингэлгээр ачаа ачих тээвэрлэлтийн нөхцөлийг ******* ХХК нь өөрийн дураар LTL буюу олон салангид түүвэр ачаа болгож, заавар болон тээвэрлэлтийн нөхцөлийг нь өөрчилсөн. Тухайн ачаа нь 2022 оны 03 сарын 01-ний өдөр Герман улсад ирсэн боловч энэ хугацаанд ******* тээврийн нөхцөлийн талаар санаатайгаар үнэн зөв мэдээлэл өгөхгүй байсаар 2022 оны 03 сарын 30-ны өдөр ******* ХХК-ийн зааврыг дахин зөрчиж, FTL буюу бүтэн трак ачаа болгож тээвэрлэлтийн нөхцөлөө өөрчлөхөөр *******-д мэдээлсэн байдаг. Энэ мэтчилэн ******* ХХК-аас өгсөн "FCL" гэх заавар болон анх тохиролцсон тээвэрлэлтийн төлөвлөгөөг өөрчилж хугацаа алдсан. Өөрөөр хэлбэл, ******* ХХК ******* ХХК-ийн тээврийг зохион байгуулснаар өөрсдийн үйл ажиллагааны зардлыг хэмнэх болон олох байсан орлого ашгаа нэмэгдүүлэхийн тулд анх ******* ХХК-аас өгсөн FCL гэх заавар, тээвэрлэлтийн нөхцөлийг өөрчилсөн нь эргээд хугацаа алдах нөхцөл байдлыг өөрсдөд нь бий болгосон. Нэхэмжлэгч талын тээвэрлэлтийн нөхцөлийг өөрсдийн дураар өөрчилж, зөрчиж гүйцэтгэсэн ажил нь амжилтгүй болж, маш их хугацаа алдаж эхэлсэн учир уг хариуцлагагүй үйл ажиллагааныхаа алдагдлыг даатгалын гэрээний эрсдэлд хамруулах, мөн даатгалын тохиолдол үүссэн мэтээр маргадаг. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын ******* ХХК-ийг хариуцсан менежер ******* руу бичсэн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн и-мэйлд үзлэг хийсэн баримт 3-р хавтаст хэргийн 70-р хуудсанд авагдсан бөгөөд бид хариуцлагын даатгалд яаж ийж байгаад хамрагдах талаар хичээж байгаа, ажилтны буруу болох талаас нь баримт бүрдүүлэн өгсөн албан бичиг гаргаж өгч болох уу гэх агуулгатай и-мэйлийг явуулсан байдаг. Мөн 3-р хавтаст хэргийн 72-73-р хуудсанд албан бичиг иймэрхүү байхад болно, манай компанийн эсрэг төлбөр нэхэмжилж байгаа мэтээр албан бичиг бичээд өг гэх мэтчилэн ******* ХХК нь уг тохиолдлыг анхнаасаа даатгалын тохиолдолд хамаарах нөхцөл үүсээгүй гэдгийг ойлгосон, хүлээн зөвшөөрч байсан хэдий ч даатгалын тохиолдол мөн мэтээр материал бүрдүүлэхээр ажиллаж байсан нь дээрх баримтуудаас харагддаг. Иймд дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.4 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг даатгуулагч санаатай бий болгосон бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө гэж заасанд хамаарахаар байна. Даатгалын гэрээний 2.1.10-т гуравдагч этгээдийг тодорхойлсон бөгөөд гэрээгээр зөвхөн гуравдагч этгээд буюу үйлчлүүлэгч болох ******* ХХК-д учирсан хохирлыг хариуцна гэж тохиролцсон. ******* болон ******* нар даатгалын гэрээнд заасан гуравдагч этгээд буюу үйлчлүүлэгч биш, харин ******* ХХК-ийн харилцагч нь байдаг. Түүнчлэн түрээс болон хадгалалтын зардал гарсан асуудал нь ******* ХХК-д учирсан хохирол биш, ******* ХХК, ******* болон ******* нарын хооронд үүссэн харилцаанаас бий болсон компанийн өөрийн хөрөнгөд учирсан нэмэлт зардал болон үйл ажиллагааных нь алдагдал юм.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хугацааны талаарх баримтыг буруу дүгнэсэн гэж тайлбарладаг бөгөөд хадгалалт болон түрээсийн зардал гарч байгаа талаар анх 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн. Мөн тухайн компанийн ажилтан ******* нь энэ талаарх асуудлыг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр компанийн удирдлагуудад мэдэгдсэн тул мэдсэн цагаас эхэлж тохиолдол үүссэн гэж үзнэ хэмээн даатгалын гэрээний хугацааны талаарх зуучлагч *******гийн гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгож, давж заалдах гомдолдоо тайлбарласан байсан. Гэтэл гэрчийн мэдүүлэг өгсөн ******* нь ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний зүйл заалтыг тайлбарлах эрх бүхий этгээд буюу хэргийн оролцогч биш байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасныг баримталж байна гэж маргадаг. Гэтэл хариуцагч компанийн зүгээс тус хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг баримтлах ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК (хуучнаар *******с ХХК) нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 271,780,000 төгрөг, алданги 135,890,000 төгрөг, хуулийн зөвлөх үйлчилгээний зардал 101,371,910 төгрөг, нийт 509,041,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...даатгалын гэрээний хугацаанд тус компанийн ажилтан ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас харилцагч компанийн тээвэрлүүлж буй ачаанд нэмэлт зардал, төлбөр гарсан, мөн даатгалын тохиолдлын улмаас үүссэн хохирлын хэмжээг багасгах зорилгоор Герман улс дахь хуулийн компаниас хууль зүйн туслалцаа авч, хөлс төлсөн, даатгагч нь үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан... гэсэн үндэслэлээр, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө даатгалын тохиолдол үүссэн, даатгалын хураамжийг нэхэмжлэгч гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй, нэхэмжлэгчид учирсан хохирлыг гуравдагч этгээдэд учирсан хохирол гэж үзэхгүй... гэсэн үндэслэлээр тус тус тайлбарлан маргажээ.

3.1. Талууд 2022 оны 04 сарын 06-ны өдөр 22201/340 дугаартай Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх, ******* ХХК нь даатгалын хураамж төлөх нөхцөлийг тус тус тохирчээ.

Дээрх гэрээгээр даатгалын эрсдэлд ...даатгуулагч байгууллагын ажиллах орчин нөхцөлд гарах гэнэтийн осол аваар, даатгуулагчийн үйл ажиллагаандаа ашиглаж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс бусдын өмнө хүлээх амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирол, даатгуулагч байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа болгоомжгүй алдаа дутагдал болон үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирол... зэргийг хамааруулахаар тусгажээ.

Нэхэмжлэгч нь 2022 оны 04 сарын 20-ны өдөр 4,250,000 төгрөг, 2022 оны 05 сарын 18-ны өдөр 4,250,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг даатгалын хураамжид төлсөн байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

5.1. ******* ХХК, ******* ХХК-ууд 2017 оны 02 сарын 02-ны өдөр CW2162103 дугаартай Олон улсын тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийх, ******* ХХК нь гэрээнд заасан хөлс төлөх нөхцөлийг тохирсон;

5.2. Үүний дагуу ******* ХХК нь ******* ХХК-ийн захиалгын дагуу 40 тн-ын 2 чингэлэг ачаа (галын гүйдэг хаалга)-г Австрали улсаас Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэг хүлээсэн;

5.3. Тус ачаа нь ХБНГУ-ын Хамбург боомтод 2022 оны 03 сарын 01-ний өдөр хүрч, 2022 оны 03 сарын 12-ны өдрөөс 2022 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл саатсан;

5.4. Үүний улмаас ******* ХХК-аас *******-д нийт 70,000 евро буюу 271,780,000 төгрөгийг чингэлэг болон талбай түрээсийн зардалд 2023 оны 01 сарын 26-27-ны өдрүүдэд, ******* хуулийн фирмд нийт 27,567.84 евро буюу 101,371,910 төгрөгийг ажлын хөлсөнд 2022 оны 06 сарын 23, 2022 оны 09 сарын 01, 2022 оны 11 сарын 22-ны өдрүүдэд тус тус төлж нэмэлт зардал гаргасан;

5.5. Улмаар ******* ХХК нь даатгалын брокер ******* ХХК-аар дамжуулан 2022 оны 06 сарын 08-ны өдөр хохирол барагдуулах тухай хүсэлтийг ******* ХХК-д хүргүүлсэн;

5.6. ******* ХХК 2023 оны 02 сарын 06-ны өдөр нөхөн төлбөр олгох боломжгүй талаар хариуг ******* ХХК-д хүргүүлсэн;

5.7. Санхүүгийн зохицуулах хороо ******* ХХК-ийн гомдлыг хянан үзээд нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн хариуг 2023 оны 05 сарын 25-ны өдөр өгсөн.  

6. ...******* ХХК-д учирсан нэмэлт зардлыг гуравдагч этгээд ******* ХХК-д учирсан хохирол гэж үзэхгүй..., ...даатгалын тохиолдол даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө бий болсон... гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

6.1. Өмнө дурдсан 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 22201/340 дугаартай Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 444.1-д заасан хариуцлагын даатгалд хамаарч байна.

Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1-д Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй гэж заасан.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-аас *******-д төлсөн 70,000 евро буюу 271,780,000 төгрөг, ******* хуулийн компанид төлсөн 27,567.84 евро буюу 101,371,910 төгрөгийг тус тус гуравдагч этгээд ******* ХХК-д учирсан хохирол гэж үзэхгүй тул тэдгээрийг хариуцагч ******* ХХК-д хариуцуулах үндэслэлгүй.

******* ХХК, ******* ХХК-уудын хооронд байгуулсан 2017 оны 02 сарын 02-ны өдрийн CW2162103 дугаартай Олон улсын тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ-ний 5.12-ын (b)-д Үйлчилгээ үзүүлэгч нь ажилтныхаа үйлдлийг ямагт хариуцна. Үйлчилгээ үзүүлэгчийн ажилтан бусдын эд хөрөнгөд ямар нэгэн хохирол учруулж, тухайн эд хөрөнгийн эзэмшигч хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь холбогдох бүх зардлыг хариуцна гэж тусгасныг дурдах нь зүйтэй.

6.2. Энэхүү магадлалын хянавал хэсгийн 5.3-т дурдсанчлан даатгалын тохиолдол 2022 оны 03 сарын 12-ны өдөр буюу талууд даатгалын гэрээ байгуулсан 2022 оны 04 сарын 06-ны өдрөөс өмнө бий болсон байна.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор зааснаас үзвэл даатгалын тохиолдол нь тодорхой үйл явдал бий болохтой холбоотой буюу уг үйл явдал бий болсныг хэзээ мэдэх нь ач холбогдолгүй байна.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал ******* нь даатгалын тохиолдлын талаар 2022 оны 05 сарын 31-ний өдөр ажилтан *******ээс мэдсэн гэж тайлбарлах боловч уг хугацааг даатгалын тохиолдол бий болсон хугацаа гэж үзэх боломжгүй.

7. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болохоор зохицуулсан.

******* ХХК нь 2021 оны 11 сарын 16-ны өдөр захиалга өгөхдөө FCL (дүүрэн чингэлгээр ачих) нөхцөлөөр тээвэрлэлт хийх зааварчилгаа өгсөн байтал ******* ХХК нь ******* компанид LTL (олон салангид буюу түүвэр ачаа) нөхцөлөөр тээвэрлэлтийг зохион байгуулах санал өгсний улмаас тээвэрлэлт саатаж, улмаар ******* ХХК нь нөхцөлийг буцаад FCL (дүүрэн чингэлгээр ачих) болгон өөрчилсөн байдаг.

Иймд дээрх агуулгаар хариуцагч ******* ХХК нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй.

8. Иймд даатгалын нөхөн төлбөр 271,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 444 дүгээр зүйлийн 444.1-д заасантай нийцжээ.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор алданги 135,890,000 төгрөг, хуулийн зөвлөх үйлчилгээний зардал 101,371,910 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 2,703,259 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.НЯМБАЗАР