| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0134/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 141
2019 05 01 2019/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овгийн А.Б т холбогдох эрүүгийн 1934002830184 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэнийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 2000 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Төв аймаг, Лүн сум, 2 дугаар багийн нутаг оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 002916 регистрийн дугаар У овгийн А.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Урьхан” зоогийн газрын үүдэнд дүү А.Батдавааг өмөөрөн Ц.Базарсадын нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б :
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 1934002830184 дугаартай хэрэгт хохирогч Ц.Базарсадын /хх-ийн 7-8, 9 дүгээр хуудас/, гэрч Б.Батбаярын /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч А.Батдаваагийн /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Ө.Өсөхбаярын /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч А.Б ийн /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Б.Сүхбатын /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч М.Пүрэв-Очирын /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Д.Оюунсувдын /хх-ийн 19 дүгээр хуудас/, яллагдагч А.Б ийн /хх-ийн 40 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4421 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,
шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4420 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4419 дугаартай дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4447 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/, хохирогч Ц.Базарсадын хохирлын баримтууд /хх-ийн 45-50 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51 дүгээр хуудас/, шүүгдэгч А.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 41-44 дүгээр хуудас/, хохирогч Ц.Базарсад болон шүүгдэгч А.Б нар эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 52-54 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Урьхан” зоогийн газрын үүдэнд дүү А.Батдавааг өмөөрөн Ц.Базарсадын нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ц.Базарсадын ...Батдаваа гэх залуу урьд нь надтай хэрэлдээд ална гээд байсан болохоор би шууд очоод баруун хөлөөрөө хөлөн тус газар нь нэг удаа өшиглөөд хоёр гараараа барьж байгаад хоёр хөлний араар нь хөлөө тавиад мордож унагаасан чинь хажуу талаас нэг танихгүй залуу баруун хөлөөрөө нүүрэн тус газар нэг удаа өшиглөтөл манараад юу болсноо мэдэхгүй болсон. Нэг мэдсэн чинь зоогийн газрын ОО-ийн өрөөнд хамар амнаас цус гараад байж байсан. Маргааш нь Улаанбаатар хотод очиж эмнэлэгт 10 хоног хэвтсэн. А.Б гэх залууд нүүр рүүгээ өшиглүүлээд миний үүдэн доод нэг шүд хугарч нэг шүд эмтэрч, зүүн дээд уруул язарч гадна талдаа 2 дотор талдаа 3 оёдол хийлгэсэн юм... /хх-ийн 7-8, 9 дүгээр хуудас/,
гэрч Б.Батбаярын ...Жавзандулам надтай утсаар яриад та хэдийн зодсон хүний бие муу байна ирээд хар гэхээр нь А.Б , Батдаваа, Дорждаваа бид нар “Урьхан” зоогийн газарт иртэл Жавзандулам бид нарыг дотогшоо ороод ир гэхээр нь ороод ширээн дээр нь сууж байтал Сүхбат гэх залуу миний толгойн тус газар баруун гараараа хүчтэй нэг удаа цохитол толгой өвдсөн. Мөн Батдавааг Сүхбат баруун талын шанаан тус газар нь баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
насанд хүрээгүй гэрч А.Батдаваагийн ...А.Б хажууд зогсож байснаа Базарсадын нүүрэн тус газар баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм... /хх-ийн 12 дугаар хуудас/,
гэрч Ө.Өсөхбаярын ...Базарсад дээлтэй залуу болох Батдавааг баруун хөлөөрөө хөлөн тус газар нь нэг удаа өшиглөөд тонгороод газар унагатал хажуу талаас нь дээлтэй танихгүй нэг залуу Базарсадын нүүрэн тус газар нь баруун хөлөөрөө өшиглөтөл Сүхбат баруун гараараа цаашаа харсан байдалтай цохиж байсан. Тухайн хүний биеийн аль хэсэгт цохисныг би хараагүй... /хх-ийн 13 дугаар хуудас/,
гэрч Б.Сүхбатын ...Базарсадыг А.Б гэх залуу нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөхөөр нь би баруун гараараа мангасдаж цааш нь түлхээд араас нь толгой руу нь 2-3 удаа цохиод ар шилнээс нь татаж хойш нь татаж суулгаад мөн нэг удаа толгойн тус газар цохисон... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч М.Пүрэв-Очирын ...Базарсад Батдаваа гэх залууг баруун хөлөөрөө хөлөн тус газар нь нэг удаа өшиглөөд тонгорч унагаатал хажуу талаас нь танихгүй дээлтэй залуу баруун хөлөөрөө Базарсадын нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөтөл Базарсад гуйваад нүүр ам нь цус болоод босоод иртэл нөгөө Базарсадын өшиглөсөн залууг Сүхбат барьж аваад баруун гараараа цохиж байсан... /хх-ийн 18 дугаар хуудас/,
гэрч Д.Оюунсувдын ...А.Б нь зан байдлын талаар би сайн мэдэхгүй, архи уудаггүй янз бүрийн асуудал гаргаж байна гэж сонсоогүй. Улаанбаатар хотод сургуульд сурдаг, өөрийн нэр дээр эд хөрөнгө мал байхгүй. Аав Алтанхуяг, ээж Туяа ах, хоёрын дүүгийн хамт амьдардаг юм... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
яллагдагч А.Б ийн ...Миний төрсөн дүү Батдавааг Базарсад зодохоор нь би дүүгээ өмөөрөөд баруун талын хөлөөрөө нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж биед нь хохирол учруулсан. Өөр ямар нэгэн санаа зорилго агуулж Базарсадыг зодоогүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй... /хх-ийн 40 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4447 дугаартай ...Ц.Базарсадын биед уруул шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/, хохирогч Ц.Базарсадын хохирлын баримтууд /хх-ийн 45-50 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51 дүгээр хуудас/, шүүгдэгч А.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 41-44 дүгээр хуудас/, хохирогч Ц.Базарсад болон шүүгдэгч А.Б нар эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч А.Б т холбогдох эрүүгийн 1934002830184 дугаартай хэргийн шүүгдэгч А.Б ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай, мөн хохирогч Ц.Базарсадын хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч А.Б ын 2019 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө “Урьхан” зоогийн газрын үүдэнд дүү А.Батдавааг өмөөрөн Ц.Базарсадын нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл түүний улмаас учирсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан үр дагавартай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч А.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Базарсадын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Харин хохирогч Ц.Базарсадын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал баримтаар 736.000 төгрөгийг /хх-ийн 46-50 дугаар хуудас/ нэхэмжилсэн байна.
Гэвч шүүгдэгч А.Б нь хохирогчид эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 800.000 /найман зуун мянга/ төгрөг төлсөн болох нь хавтас хэргийн 8, 9 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгчийн туслахын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 20 минутад хохирогч Ц.Базарсадад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол саналгүй, харин эмчилгээний зардалд 800.000 төгрөг бэлэн авсан тайлбарыг тэмдэглэсэн талаарх мэдэгдэх хуудас зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Б ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч А.Б т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Б т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овгийн А.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч У овгийн А.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У овгийн А.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зураан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч У овгийн А.Б т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч У овгийн А.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ц.Базарсад нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У овгийн А.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У овгийн А.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН