| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/05174/И |
| Дугаар | 210/МА2025/01852 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01852
2025 10 24 210/МА2025/01852
“*******банк” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/06395 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 66,467,525 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Зээлдэгч ******* нь манай банктай 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ, ******* тоот фидуцийн гэрээг тус тус байгуулж 44,000,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлд 1,869,002 төгрөг, үндсэн хүүнд 2,782,423 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 75 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 2023 оны 07 дугаар сараас хойш хуваарьт төлбөрийг төлөлгүй удаа дараа зөрчиж банкийг хохироож байна.
Иймд, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 42,130,998 төгрөг, зээлийн хүү 23,511,601 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 785,426 төгрөг байгаа бөгөөд үүн дээр нэмж шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 39,500 төгрөг, нийт 66,467,525 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. миний бие “*******банк” ХК-иас нэхэмжилж байгаа зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээрээ шийдүүлэх хүсэлттэй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 66,428,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгож,
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн ******* улсын дугаартай, “*******” маркийн автомашинаар хангуулах болохыг дурдаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490,288 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 490,288 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг зээлдэгч миний бие төлөөгүй боловч тус төлбөртэй холбоотой хүү болох 23,511,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 785,425 төгрөг зэргийг зөвшөөрөхгүй байна. Шүүхээс эдгээрийг нэмж 66,428,024 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд, дээрх төлбөрийн хүүг багасгаж эсвэл барьцаа болох ******* улсын дугаартай “*******” маркийн автомашинаар бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.1.1-т заасны дагуу жилийн 28.8 хувийн хүү тооцож 66,467,525 төгрөг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,467,525 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “... зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргажээ.
3. “******* банк” ХК, ******* нар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* нь 44,000,000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлэхээр /хх-19-23/, мөн өдөр талууд ******* дугаартай Фидуцийн гэрээ /үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/ байгуулж, тус гэрээгээр ******* улсын дугаартай, “*******” маркийн автомашиныг банкны өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх, хэрэв зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд банк хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, харин зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон /хх-24-27/ ба уг үйл баримтад зохигч маргаангүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
Зээлийн эргэн төлөлтийн хуваариар хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2027 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд сар бүр 1,542,524.97 төгрөг төлөх үүрэг хүлээсэн /хх-22/ боловч тэрээр 2023 оны 04-06 сарын хооронд гурван удаагийн төлөлт хийж, үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Ингээд нэхэмжлэгч тал хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндсэн зээл 42,130,998.46 төгрөг, хүү 23,511,600.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 785,425.58 төгрөг, нийт 66,428,024.99 төгрөг гэж тодорхойлж, зээл, зээлийн хүүгийн тооцооллыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. /хх-28/
Хариуцагч нь зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн шүүхэд хариу тайлбар гаргасан боловч татгалзлын үндэслэлээ нотлох баримт ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
5. Түүнчлэн хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо зээлийн хүү 23,511,600.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 785,428.58 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх төлбөрийг багасгах, эсхүл барьцаа хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх агуулгаар гаргажээ.
Гэвч дээрх нотлох баримтуудаар хариуцагч ******* нь гэрээний үүргээ тогтоосон хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл, хүү, гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй.
Тодруулбал, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт тус тус зааснаар зээлдэгч нь зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Мөн зээлийн гэрээний 3.3-т “Зээлдэгч хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол гэрээний зөрчил гэж тооцогдох ба нэмэгдүүлсэн хүү бодох үндэслэл болно. Нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна” гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагчийн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгах талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг нэмж оруулах нь нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардсан нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зохицуулалт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ.
7. Мөн шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсгийг баримталж, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн ******* улсын дугаартай, “*******” маркийн автомашинаар хангуулахаар шийдвэрлэжээ.
Тухайн тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэснийг баримталж, уг заалтын дагуу найруулгын өөрчлөлт оруулан залруулга хийх нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуци нь барьцааны гэрээнээс өөр буюу ялгаатай тул зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч нь зээл төлөгдөөгүй тохиолдолд фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах эрх эдэлнэ.
8. Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/06395 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад “452 дугаар зүйлийн 452.2” гэж нэмж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “235 дугаар зүйлийн 235.5” гэснийг хасаж “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай, “*******” маркийн автомашиныг бодитой гаргуулан авах эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Н.ГЭРЭЛТУЯА