Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/78

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Д М-т холбогдох эрүүгийн 1917001110061 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 04-нд Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ..........дугаар баг, ........... ..........гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар 23 хоногийн хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх М овогт Д М, /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Д.М нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 3-305 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар болон гэдсэн дээр нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Д.М нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 3-305 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар болон гэдсэн дээр нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1 Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр найз М-ийн хамт гэртээ байж байтал Б- буюу  Ц-17 цагийн үед манайд ирсэн. Ц 5 бог мал нядлаад өгөөч гэсэн. Тэгээд мал нядалж байхдаа эхнэр М-ыг дуудаж гэдэс арилгуулсан. Тухайн үед М гадуур явж байгаад М-ийн хамт ирсэн. Цэ малын махаа зарчихаад ирэхдээ надад 20.000 төгрөг өгөхөөр нь М-ийг дэлгүүр явуулж 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авчруулж Ц М бид гурав хувааж уусан.  Тэгтэл манай эхнэр М хажуунаас М бид хоёрт пиво авчихгүй яасан юм бэ гэхэд Ц тэр хоёрт мөнгө өгсөн. М М 2 хамт дэлгүүр яваад 5-6 ширхэг Нийслэл нэртэй лаазтай пиво авчирсан. Орой 22 цагийн орчимд бид нарын ууж байсан архи пиво дууссан. М дэлгүүр яваад 0.5 итрийн Ерөөл архи нэг шилийг, Нийслэл нэртэй 0.5 литрийн пиво 5 ширхэгийг авчирсан. Тэгээд тэр архи пивийг ууцгаасан. Ц 00 цагийн үед би өглөө эрт Улаанбаатар явах ажилтай гээд явсан. Нэг харсан эхнэр М гэртээ байхгүй байхаар нь хашаагаар хайж байгаад олдохгүй болохоор нь гэртээ ороод хаалгаа түгжээд унтсан. Өглөө үүрээр гэрийн хаалга тогшихоор нь онгойлгоход М зогсож байхаар нь хаачаад ирж байгаа юм бэ гээд нүдрүү нь гараараа нэг удаа цохисон. М газар унаад өгөхөөр нь дээр нь хөлөөрөө гишгэсэн. Тухайн үед манай 2 хүүхэд уйлахаар нь би больсон. Тэгээд гэртээ байж байтал хадам ээж С цагдаа нартай хамт орж ирсэн… гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-44 дүгээр хуудас/

 

1.2. Хохирогч П.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Би 2019 оны 06 дугаар сарын 10-ны орой 16 цагийн орчим Балдан засаг зах дээр манай бэр М-ийн ажил дээр хамт байж байсан чинь манай хамтран амьдрагч М надруу утсаар залгаад бид нар гэрт мал хийж байна гэдсийг нь арилгах хүн байхгүй байна гээд надруу ярихаар нь  би М-ийг дагуулаад Цагаан-Усны 30-305 тоотод очиход 5 тооны бог нядалсан байсан. Би тэнд малын гэдэс цэвэрлээд байж байхад Б малынхаа махыг авч явж зарчихаад ирэхдээ мал хийж өгсөн гээд М-т 20.000 төгрөг өгснийг М М-т өгөөд 0.75 литрийн Ерөөл нэртэй архи нэг шилийг авчруулсан. Тэр архийг М, Б, М нар хувааж уусан. Тэгээд байж байхад Б надад мөнгө өгөхөөр нь М бид хоёр тэр мөнгөөр нь хүний хоёр лааз Нийслэл нэртэй 0.5 литрийн пиво аваад гадаа хашаан дотор уугаад сууж байхад гэр дотор байсан хүмүүс ороод ир, хамт суу гээд бид хоёрыг дуудаад гэрлүү орсон. Тэгээд удалгүй гаднаас нэг шил 0.75 литрийн Ерөөл архи, 2.5 литрийн пиво нэгийг авчраад тэр архи пивийг ууж байгаад Б гэнэт яваад өгсөн байсан. Б явах гэж байгаа талаараа юм хэлээгүй. Тэгээд удалгүй М-ын дуу нь чангараад хашгичаад эхэлхээр нь би гэрээс хөл нүцгэн гараад хашааны завсараар нь харж байсан чинь М хашгичаад М-рүү дайраад байх шиг байсан. Би тэгээд буцаж хашаанд ороод гэрийн гадаа байсан М-ын эзэмшлийн Ниссан Сани маркын машины арын суудал дээр ороод хэвтэж байсан нэг мэдсэн унтаад өгсөн байсан. Тэгээд даараад сэрсэн чинь гадаа нам гүм болсон гэрийн гэрэл унтраалттай байхаар нь хаалгыг онгойлгох гээд татсан чинь түгжээтэй байхаар нь хаалганы дээд тотгоор харахад М хойморт унтаж байхаар нь хаалга онгойлгох гээд хатавчаар гараа хийгээд оролдож байсан чинь М сэрээд босч ирээд хаалга онгойлгоод үгийн зөрүүгүй миний нүүрлүү гараараа нэг удаа цохиод намайг гарнаас бариад гэрлүү чирч оруулаад газар унагаад нуруу болон гэдсэн дээрээс 2-3 удаа дэвссэн. Тэгтэл миний хамарнаас цус гараад би бөөлжих гээд байхаар нь гэрээс гараад бөөлжсөн чинь нөжирсөн цусаар бөөлжсөн. Би буцаж ороод хэвтээд өгсөн. М гэрт ууж баралгүй үлдсэн байсан пивоноос уугаад байж байтал гадаа бороо ороод М өрхөө татах гээд гарсан хойгуур нь би М-ын утаснаас ээж С-уу залгаад цагдаа дуудаарай М намайг алах гээд байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй манай ээж ирээд, удалгүй араас нь цагдаа ирээд Манлайбаатарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12, 18-19  хуудас/

 

1.3. Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Би 2019 оны 06 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед хадам эгч М-ын гэрт очсон юм. Тэгтэл М эгчийн нөхөр болох М, өөрийнхөө найзууд болох М, Б нарын намт 4-5 бог мал нядалж байсан. Тэгээд тэдгээр хүмүүс малаа нядалж дуусгачихаад гэртээ байж байтал М гэх залуу нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи, 0.5 литрийн Нийслэл нэртэй шар айраг 4 ширхэгийг авчирсан юм. Тэгээд М эгч бид хоёрт тус бүрт нэг 2 лааз пиво өгчихөөд М, М, Б нар нөгөө архиа хувааж ууцгаасан юм. Тэгээд ууж байсан архи нь дуусаад М дахин гадагшаа гараад 0.5 литрийн нэг шил архи, 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво авч ирээд ууцгаасан. Тэгээд байж байтал шөнийн 01 цагийн үед Б гэрээс гараад явтал М ах нилээн согтсон байдалтай гэр дотор том том алхаад янз бүрийн юм яриад нэг л сонин байдалтай  яваад байсан. Тэгээд би гараад гэртээ харьсан…” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

 

1.4. Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Би 2019 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн орчим миний утас дуугарахаар нь авсан чинь манай охин М  ээж цагдаа дуудаад өгөөч М намайг алах гээд байна гэж хэлээд утас нь тасарсан. Би тухайн үед бэр охин М-гийг цагдаа дуудаад өг гэж хэлээд  Цагаан-Усны  3-305 тоотод байх гэрт нь очиход манай охины нүүр нь хавдсан орондоо хэвтэж байсан. Наана нь манай хүргэн М согтуу сууж байсан…” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

 

1.4. Гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Би Улаанбаатар хот явах гээд замаараа Чойрт 5 мал хийж зарах гээд нядлах газар олдохгүй байхаар нь М ахруу яриад мал хийлцээд өгөөч гэсэн чинь М ах зөвшөөрөөд тэдний хашаанд малаа хийгээд М эгчийг дуудаж гэдсийг нь арилгуулсан. Би малынхаа махыг М-ийн хамт явж зараад М ахад 20.000 төгрөг өгөхөд тэр мөнгийг М-т өгөөд архи авчруулсан чинь М эгч би пиво уумаар байна гэхээр нь 8000 төгрөг өгөхөд тэр мөнгөөр М эгч М-тэй пиво авч уусан. Би тэнд байж байгаад 00 цагийн үед гэртээ харьсан түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй …” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

 

1.4. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “…Намайг унтах гээд хэвтэхэд М, Ба, М, М нар хамт үлдсэн. Би унтаж байгаад өглөө 05 цагийн үед сэрэхэд М-ын нүүр нь хавдсан байдалтай орондоо хэвтчихсэн М наана нь суучихсан хоорондоо хэрэлдээд байж байсан. Би босоод гэрээс нь гараад буцаж оролгүй явсан. М М 2 хоорондоо яагаад муудсан талаар би мэдэхгүй …” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/

 

 

1.6. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 195 дугаар дүгнэлтэнд: П.М-ын биед тархи доргилт, зүүн дээд доод зовхи, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч ахмад Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 30 хуудас/

1.7. Согтуурсан хүнийг саатуулсан тэмдэглэл /х.х-ийн 9 хуудас/

1.8. Аюулын зэргийн үнэлгээний маягт /х.х-ийн 06-08 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Д.М-ын иргэний үнэмлэхний лавлагаа,

 

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд  /х.х-ийн 56, 58-94 хуудас/ зэрэг болно.

 

        Шүүгдэгч Д.М-т Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын  хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

        Шүүгдэгч Д.М нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар биеэр 191 хоногийн хорих ялыг эдэлсэн ба үлдэж байгаа нь 2 жил 2 сар 29 хоног байна.

 

        Иймд шүүгдэгч Д.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Д М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сар 29 /хорин ес/ хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 90 /ер/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 02 /хоёр/ жил 05 /тав/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 02 /хоёр/ жил 05 /тав/ сар 29 /хорин ес/  хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Д.М-ын хорих ял эдлэх хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 17- ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ