Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01853

 

  

 

 

 

 

 

 

     2025         10            24                                         210/МА2025/01853

                                                 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04343 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

 

Алданги 54,300,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 144,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч *******а нь, иргэн *******ын орон сууц захиалагчийн эрхийг шилжүүлэн авч, хариуцагч “*******” ХХК-тай Хан-Уул дүүргийн *******, *******, 3 давхрын 72,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 181,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “*******” ХХК-тай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ” байгуулагдсан.

Нэхэмжлэгч *******а нь гэрээний үүргийг биелүүлж, мөнгөн төлбөрийг хугацаанд нь төлсөн ба уг үйл баримтыг нотолж, хариуцагчаас төлбөрийн үлдэгдэлгүй талаар баримтыг гаргаж өгсөн. Гэвч гэрээнд орон сууцыг 2021 оны 04 дүгээр улиралд улсын комисст хүлээлгэж өгч, бэлэн болгон ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлэлгүй 2 жил гаруй хугацаа өнгөрсний дараа 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн.

Иймд гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг тооцоход 1 өдрийн 108,600 төгрөг, нийт 730 хоног буюу 24 сараар 79,278,000 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 54,300,000 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан барьж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор төлөвлөсөн болно гэснийг нэхэмжлэгч нь өөрөөр тайлбарласан байна. *******а нь барилгын ажлын үйл явц удааширч байгаатай холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар манай компанид өмнө нь гомдол санал илэрхийлж байгаагүй. Талуудын хооронд байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* тоот "Гэрээ дүгнэсэн акт"-д захиалагч *******а нь ямар нэгэн гомдол саналгүйгээ илэрхийлэн гарын үсэг зурсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3 дах хэсэгт “Орон сууцыг ажлын комисс хүлээн авсны дараа улсын комисс хүлээн авахаар хүлээгдэж буй хугацаа нь гэрээний захиалга биелүүлэх хугацааг хэтрүүлсэнд тооцогдохгүй болно” гэж заасан. Мөн 2020 оноос ковидын асуудал даамжирсаар хил хааж, хөл хорио тогтоож эхэлсэн. Бараа бүтээгдэхүүн хилээр орж ирэхээ больсон. Ингээд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр *******а орон сууцандаа орсон боловч 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд шүүхэд нэхэмжлэл гаргаж алданги шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. "" ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн *******атай №, тоот “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр талууд Хан-Уул дүүрэг, *******, давхар "" барилгын 9 давхарт 72.4 м.кв 3 өрөө орон сууцыг захиалах, гүйцэтгэгч талын зүгээс орон сууцыг барьж ашиглалтад оруулж захиалагч талд өгөх үүргийг хүлээсэн байдаг.

"" ХХК-ийн зүгээс гэрээний 6.3 заасан нөхцөл байдал үүссэн тул орон сууцны үнийг зах зээлийн үнээс хөнгөлөлттэйгөөр тооцон 1 м.кв-ийг 3,500,000 төгрөг, нийт 253,400,000 төгрөгөөр тооцож, зөрүү төлбөр 144,800,000 төгрөгийг төлөхийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тоот албан тоотоор иргэн *******ад мэдэгдсэн. Иргэн *******а нь дээрх үнийн зөрүү болох 144,800,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төлөөгүй.

3.2. Хариуцагч компанийн зүгээс барилгын ажилтай холбоотойгоор 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлын комисс хүлээж авснаас хойш 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагуудад удаа дараа улсын комисс хүлээж аваач гэдэг хүсэлтийг өгдөг. Төрийн эрх бүхий байгууллага нь өөрөө улсын комисс  бүрдээгүй байгаа учраас ажиллах боломжгүй гэдэг хариу өгсөөр байсан. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахиад хүсэлтээ өгсөн. Дахиад өгөхөд комисс бүрдсэн байна, манайхаас ажиллана гэсэн, манай барилгатай очиж бүрэн дүүрэн танилцаж үзээд, өөрөөр хэлбэл, бид нар тодорхой хэмжээний галын аюулгүй байдалтай холбоотой нэмэлт шинэ тоноглолуудыг хийхийг манайхад үүрэг болгосон.

 2020 онд хийгдэж байсан ажлын зургаас хойш 2-4 жил өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, орчин үеийн шинэ технологиуд бий болсон, галын тохиолдлын тоноглолтой холбоотой шинэ технологиуд бий болсон учраас тэр шинэ технологиудыг барилга дээрээ суулгахыг бидэнд үүрэг болгосон. Ингээд сүүлийн үеийн зайлшгүй хийх тоноглолуудыг хийж дуусгаад 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр улсын комисс бүрэн дүүрэн ажиллаад, хүлээж авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч байгууллага нь сөрөг нэхэмжлэл дээрээ тухайн орон сууцны үнийн өнөөдрийн ханш өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл нотлох баримтаар яг тухайн цахилгааны үнэ, А-92, дизель түлш, валютын ханш зэрэг хэрхэн өөрчлөгдсөн байгааг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Мөн хамгийн гол нь өнөөдрийг хүртэл яагаад энэ байр ашиглалтад ороогүй, өдийг хүрсэн бэ гэдэг нь нэхэмжлэгчийн буруугаас болоогүй.

Хохирол байгаа бол нөгөө талд заавал гэрээний үүрэг зөрчсөн, хохироосон үйлдэл байх ёстой. Гэтэл *******ад өөрийн үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн, ямар үүргээ зөрчсөн болох нь тодорхойгүй байна. Мөн ковидын нөхцөл байдал учирсан гэж тайлбарлаад, ковидын нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллага болон Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагад хандаж форс мажорын гэрчилгээ буюу нөхцөл байдлынхаа гэрчилгээг авч хэрэгт хавсаргах ёстой байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******ын хариуцагч “*******” ХХК-ид холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл алдангид 54,300,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч *******ад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хохиролд 144,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429,450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Талуудын байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* дугаар "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай , дугаар гэрээг дүгнэсэн акт"-аар гэрээнээс үүсэх аливаа өр төлбөр, хохирлын асуудлыг тохиролцоогүй бөгөөд хариуцагч нь захиалагч нартаа түлхүүрээ гардан авч, удаан хүлээсэн орон сууцандаа орох ганц боломжийг уг актад гарын үсэг зурах нөхцөл тулгасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасанчлан нэхэмжлэгч өр төлбөр, хохирлыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хууль тогтоогч нотлох баримтыг үнэлэх аргачлалыг заасан байна. Мөн тус хуульд бичмэл нотлох баримтаас гадна зохигчдын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх болохыг тус хуулийн 42 дугаар зүйлд тогтоож өгсөн.

6.2. Талуудын байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ , тоот" гэрээний дагуу гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан орон сууцыг 2021 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Уг үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болохыг шүүхээс тогтоосон боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага болоод буй хэд хоногийн хугацаа хэтэрч хэдий хэмжээний алданги тооцох талаар тодорхой үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Талуудын байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч нь хүлээсэн үүргээ зохих ёсны дагуу биелүүлээгүй, гэрээгээр тохирсон хугацаанаас 730 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн зэрэг нөхцөл байдлыг шүүхээс бүрэн дүгнээгүй учир шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон.

Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний хоёр талын хувьд гэрээний нөгөө талд итгэх итгэлцэл, нөхцөл байдлын хувьд өөр өөр байр сууринаас уг гэрээнд ханддаг. Захиалагчийн хувьд тухайн байршилд барилга барьж байгаа хэдхэн барилгын компани дундаас гэрээ байгуулах гэж байгаа гүйцэтгэгчид итгэж найдан, хэдэн жилийн хугацаанд цуглуулсан мөнгөө гэр оронтой болох зорилгоор шилжүүлдэг. Гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаанаас хойш 2 жилийн хугацаанд хүлээсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдана.

Иймд анхан шатны шүүхийн 182/ШШ2025/04343 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн хохирсон эрх ашиг сонирхол болон эрх зүйн байр сууринаас бодитой дүгнэлт хийж чадаагүй, тайлбар нотлох баримтыг бодитоор үнэлээгүй шийдвэрлэсэн учир дутагдалтай шийдвэр болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

7.1. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол хууль ёсны бус, үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Анх манай компани захиалагч нь иргэн гэх хүн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр захиалгын гэрээ байгуулж тус захиалгын гэрээг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч *******а шилжүүлж авсан. Энэ үед 2021 оны 3 дугаар улиралд тус барилга ашиглалтад орно гэж заасан байдаг боловч захиалгын гэрээний 6.2 дахь хэсэгт заасны дагуу давагдашгүй хүчин зүйлийн улмаас тодорхой заалтуудыг үндэслэн гэрээ сунгагдах үндэслэл бий болно гэдгийг гэрээнд тусгасан. Нэхэмжлэгч *******ын гэрээ байгуулах явцад барилга ашиглалтад орох хугацаа болоогүй байсан. Өөрөөр хэлбэл, 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр гэрээ байгуулагдсан ба 2021 оны 3 дугаар улиралд барилга ашиглалтад орох тухай агуулга бүхий гэрээ байгуулсан.

Тухайн худалдаж авч буй барилгыг 100 хувь ашиглалтад ороогүй үйл баримтыг мэдэж байсан ч хариуцагч байгууллагатай гэрээ байгуулж ашиглалтад орох хугацаа хүртэл хүлээхээр болсон.  Талууд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дүгнэх актыг үйлдсэн. Тус актад түлхүүр хүлээлгэж өгөх, барилгатай холбоотой доголдлыг компани бүрэн хариуцах, барилгыг улсын комисст бүрэн хүлээлгэж өгч, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх талаар мөн Ковид-19 цар тахлын хүнд нөхцөлийн үед барилгыг барьж буй ч нэмэлт өртөг зардлыг авахгүй байх талаар тусгаж талууд тохиролцсоны үндсэн дээр гэрээг дүгнэсэн. Тус барилгыг нь өнөөдрийн байдлаар улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон. Манай зүгээс нэхэмжлэгч *******ын улсын бүртгэлийн гэрчилгээг хуулийн дагуу гаргуулж өгөх ажиллагаа хийгдэж байна. Холбогдох төрийн байгууллагад хүсэлт гаргаж өгсөн ба үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүрэн  гарвал *******а нь тус барилгын хууль ёсны өмчлөгч болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан алданги 54,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 144,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Нэхэмжлэгч *******а нь, “*******” ХХК-тай иргэн *******ын байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг шилжүүлэн авч, тус компанитай 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай” , дугаар гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, *******, “” хотхоны С блокын 3 давхрын 72.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 181,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг бүрэн төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-5-7, 8-12, 13/

 

Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай гэрээ дүгнэсэн актаар орон сууцыг хүлээн авч, одоо амьдарч байгаа талаар талуудын хэн аль нь маргаагүй. /хх-15, 98/

 

4. Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон, мөн маргааны үйл баримттай холбоотой эрх зүйн дүгнэлт алдаатай болсныг тус тус зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

4.1. Гэрээний зүйл нь орон сууцны зориулалттай барилгын 3 өрөө орон сууц буюу төрлийн шинжээр тодорхойлогдох ирээдүйд бий болох эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5. Нэхэмжлэгч гэрээний 3.3 дахь хэсэгт заасныг үндэслэн орон сууц ашиглалтад оруулах хугацааг хариуцагч хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардсан бол, хариуцагч орон сууцны үнэ нэмэгдсэнтэй холбоотой орон сууцны үнийн зөрүүг шаардсан нь маргааны зүйл болжээ.

 

5.1. Хэргийн 36-39 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “*******” ХХК нь гүйцэтгэгчийн хувиар “” ХХК, “” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн *******ны нутаг дэвсгэрт дутуу баригдсан давхар орон сууцны барилгыг дулаан зогсоолын хамт гүйцээн барьж,  2021 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцжээ.

 

5.2. Гэвч, хариуцагч “*******” ХХК нь гэрээнд заасан 2021 оны 4 дүгээр улиралд багтааж ашиглалтад оруулаагүй байх бөгөөд үүний шалтгааныг нийтэд илэрхий үйл баримт болох цар тахлын үеийн нөхцөл байдал нөлөөлсөн, мөн барилгыг ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд төрийн эрх бүхий байгууллагад удаа дараа хүсэлт гаргаж байснаас шалтгаалан хугацаа хэтэрч, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр уг барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын дугаар акт гарсан талаар тайлбарлаж, холбогдох хүсэлт болон улсын комиссын актыг шүүхэд ирүүлсэн байна. /хх-109-111/

 

6. Дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгч *******атай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 3.3-т заасан “гүйцэтгэгч тал орон сууцыг ашиглалтад оруулах хугацаанаас нь 1 сараар хэтрүүлэн иж бүрэн барьж чадаагүй тохиолдолд дараагийн сар буюу 2 дахь сараас эхлэн хоног тутамд сууцны үнэд төлсөн төлбөрийн дүнгээс тооцон 0.1 хувийн алдангийг захиалагчид төлнө” гэж заасныг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч *******ын алданги шаардах эрх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үүссэн гэж үзнэ.

 

6.1. Мөн *******а болон “*******” ХХК-ийн хооронд хийгдсэн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ дүгнэсэн актад “захиалагч гүйцэтгэгч байгууллагатай өр төлбөр, татвар, шимтгэл, бусад ямар нэгэн өр төлбөргүй, авлагагүй болно” гэж дурдсан нь үүргээ гүйцэтгээгүй талыг гэрээнд заасан алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

6.2. Хэргийн баримтаас үзвэл, нийтэд илэрхий үйл баримт болох цар тахлын үеийн нөхцөл байдал барилгын ажлын явц удаашрахад нөлөөлсөн гэж үзэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар багасган, нэхэмжлэлийн шаардлага 54,300,000 төгрөгийн 50 хувь болох 27,150,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,150,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

7. Хариуцагч нь орон сууцны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор орон сууцны үнийн зөрүү буюу гэрээний үүрэг  шаардсан байхад анхан шатны шүүх гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд зардал, гэмтэл, орлого зэргийг тооцох тухай Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг шийдвэрт баримталсан нь үндэслэлгүй тул уг заалтыг хассан өөрчлөлтийг оруулна.

 

8. Хариуцагч тал орон сууцны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор 144,800,000 төгрөг гаргуулахаар  сөрөг нэхэмжлэл гаргасан байх боловч Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шаардах эрхээ хэрэгжүүлж гэрээнд өөрчлөлт оруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04343 дугаар шийдвэрийн

 

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-иас алданги 27,150,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,150,000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч *******ад холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хохиролд 144,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтыг “... нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 881,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 293,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                            ШҮҮГЧИД                                        Б.МАНДАЛБАЯР

 

 

                                                                                    Н.ГЭРЭЛТУЯА