Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/79

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Н.М түүний өмгөөлөгч Б.Б,

хохирогч П.Ү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Н М холбогдох эрүүгийн 1917001240071 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 03-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Нэртийн ...........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Н М, /РД:........... /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Н.М нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвийн талбайн орчим иргэн П.Ү-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг хөлөөрөө хавирч хүний эрүүл мэндэд зүүн гарын бугалга ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Н.М нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвийн талбайн орчим иргэн П.Ү-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг хөлөөрөө хавирч унаган хүний эрүүл мэндэд зүүн гарын бугалга ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1 Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 28-ны шөнө найз Э-тай пиво ууж байгаад шөнө 01 цагийн үед гэртээ харихаар явж байтал Шивээговь сумын төв талбайн орчимд Ү, У нартай тааралдсан. Ү надад хандаад архи ууж чадахгүй байж яах гэж архи уусан юм бэ гэсэн. Тэгэхээр нь би чам шиг архи уугаад ажлаасаа халагдахгүй гэж хэлээд  гэрийнхээ зүг алхтал Ү араас ирээд миний өмсөж явсан подволкны захнаас бариад авахаар нь эргэж хараад баруун хөлөөрөө Ү зүүн хөлийг хавираад газар унагаасан. Ү газар уначихаад гар эвгүй болчихлоо гэхээр нь тоглоод байна гэж бодоод гэрлүүгээ явсан. Өөр асуудал болоогүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31/

 

1.2. Хохирогч П.Ү шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ: “ 2019 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Шивээговь суманд байдаг Б ахынд модны нүх ухаж байгаад орой тараад Улсболдын хамт гэртээ харьж хоол идчихээд У-оос утасны цэнэглэгч авах гээд явж байгаа супермаркет голын дэлгүүр 2-н голоос М орилоод гараад ирсан. Хажуугаар өнгөрөхөд нь би М-д битгий орилж хашгичаад байгаач Шивээ жижигхэн дараа нь хэл аманд орох гэж байгаа юм гэж хэлтэл чамд миний яаж явах хамаагүй чам шиг ууж идэж ажлаасаа халагдахгүй, чи арчаагүйдээ ажлаасаа халагдсан гэхээр нь би чимээгүй алхаж байтал араас дэлгүүрийн өрөө төл гээд хашгичаад байхаар нь би эргэж очоод чи чимээгүй бай гэж хэлээд энгэрээс нь бариад автал намайг хавиараад унагасан. Би унахдаа гар эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш би ажил хийж чадаагүй 4 сар банкны зээл төлөөгүй. Эмчилгээний зардалд 700.000 төгрөг төлсөн. Банкны зээлийн эргэн төлөлт 2.932.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

1.3. Хохирогч П.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Би Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Б ахын мал нядалгааны газарт мод тарих нүх ухаж байгаад шөнө 23 цаг өнгөрч байхад У-ын хамт 10-р байранд байх гэртээ очиж хоол идчихээд  шөнө 01 цагийн үед У-оос цэнэглэгч авах гээд гарсан.  Тэгээд гэрээс 6-р байрлуу алхаж байтал Нэгүн паб голын лангуу хоёрын голоор согтуу хүн гарч ирээд орилоод яваад байсан. Тэгээд төв талбай дээр ирсэн чинь М-байхаар нь би таньдаг болохоороо миний найз чимээгүй яваачээ гэсэн чинь  М чи муу дуугүй бай чамд ямар ч хамаа байхгүй гэхээр нь  би орхиод У-ын хамт цаашаагаа явсан чинь М миний араас чи муу арчаагүйдээ уурхайгаас халагдсан биздээ, миний яах чамд хамаагүй гэхээр нь  цаашаагаа явж байсан чинь арчаагүй новш тэр дэлгүүрт тавьсан өрөө дараарай би чиний байгаагүй газар байж үзсэн шүү гээд орилоод байхаар нь би буцаж очоод чи чимээгүй байгаач миний яах чамд ямар хамаатай юм бэ гээд энгэр дээрээс нь заамдаад бариад авсан чинь М баруун хөлөөрөө миний зүүн хөлийг хавираад намайг газар унагаасан. Би газар унахдаа зүүн гараараа тулж унасан чинь гар эвгүй болоод уначихсан. Тэгсэн чинь М миний дээрээс дараад авахаар нь ёооё гар эвгүй болчихлоо ш дээ гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ намайг яг өшиглөх гэж байхад У салгаж авсан. Тэгээд би Улсболдтой хамт эмнэлэгрүү алхаад М бид хоёрын араас элдэв үг хараасаар үлдсэн. Би гомдолтой байна. Би ажлаасаа гараад Өмнөговь аймагруу том машин барих гээд явах гэж байсан. Одоо байгаа байдлаасаа ажил хийх боломжгүй байгаа тул өвчтэй байх хугацаандаа авах байсан цалингаа нэхэмжилнэ. Эмчилгээний зардалд 700.000 төгрөг өгсөн. Надад эмчилгээний бусад зардалд 1.700.000 төгрөг гарсан. Мөн дээр нь сард 483.000 төгрөгийн Төрийн банкинд зээл төлдөг. Энэ нь 6, 7, 8-р сарын төлөлт өгөөгүй байгаа. Миний гар хугарсан учраас ажил хийх боломжгүй байна. Би гар зүгээр байсан бол Өмнөговь аймгийн таван толгойд ажилд орох байсан юм. Би М 4 сарын банкны зээл 1.932.000 төгрөг нэхэмжилнэ. Мөнх-Эрдэнээс 700.000 төгрөг авсан. Одоо нийт хохиролд 2.932.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 8-9  хуудас/

 

1.4. Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “ Би 2019 оны 06 дугаар сарын 27-ны орой Ү ахыг мал нядалгааны газар ажиллуулдаг Б ахын хашаанд модны нүх ухаж байна гэхээр нь орой 23 цагийн үед очсон. Тэгээд Ү ах бид хоёр 10-р байранд байх гэрт нь очоод хоол идчихээд зурагт үзэж байгаад шөнө 01 цагийн үед Ү ах надаас утасны цэнэглэгч авна гээд 6-р байранд байх манай гэрлүү явсан. Бид хоёрын сумын төв талбай орчим явж байхад М 7-р байрны орчмоос согтуу гарч ирээд гудамжаар орилоод алхаад байсан. Тэгээд бид хоёрын хажуугаар зөрөх үед нь  Ү ах миний найз жоохон чимээгүй яваачээ хүмүүс муу хэлнэ ш дээ гэсэн чинь М урдаас нь миний яаж явах чамд хамаагүй, чи муу өөрийгөө хичээ гэж хэлчихээд явсан. Тэгээд бид хоёрыг цаашаа алхаж байсан чинь  М бид хоёрын араас Үүрээ чи арчаагүйдээ уурхайгаас халагдсан биздээ, чи тэр найзын дэлгүүрт тавьсан өр ширээ дараарай, чи өөрөө арчаагүй байгаа биздээ гээд орилсон чинь Ү ах буцаж очоод М-ийг миний найз юу гээд байгаа юм бэ гээд араас нь татсан чинь  М Ү ахыг баруун хөлөөрөө хавираад унагаасан. Ү ах газар унах үедээ ёооё гар гээд унасан. Тэгээд М дээрээс нь дараад авахаар нь би М салгаж босгосон. Тэгээд Ү ах босож ирээд газар унах үед гараа хугалчих шиг боллоо хоёулаа эмнэлэг явья гэж хэлээд бид 2 эмнэлэг явсан…” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12 хуудас/

 

1.5. Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 215 дугаар дүгнэлтэнд: П.Ү-ийн биед зүүн гарын бугалга ясны доод хэсгийн далд хугарал гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 17 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай дүү уул нь томоотой хүүхэд байгаа юм. Бусадтай их найрсаг харьцдаг хүүхэд байгаа юм. Манай ойр орчмын хүмүүс бүгд мэднэ. Манай дүү их хүнд тусархуу  ямар ч ажил байсан голохгүй хийдэг их сайн хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 14/

 

2.2. М нь хүмүүстэй их нийцтэй харьцаатай, хүний эв олохдоо сайн, урьд нь хамт ууж байхад агсан согтуу тавьж байсан талаар надад санах юм байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд  /х.х-ийн 42 хуудас/ зэрэг болно.

 

2.4. Амбултороор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 44-48/

 

2.5. Хохирлын тооцоо /хх-ийн 49-53/

 

Хохирогч эмчилгээний зардалд 2.932.000 төгрөг нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 117.200 төгрөгний тооцоо бүхий баримтыг үнэлэх нь зүйтэй байна. Учир нь нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь нэрийн зөрүүтэй болон он сарын зөрүүтэй зэрэг шаардлага хангахгүй байна.

Хохирогч П.Ү нь зээлийн эргэн төлөлт 4 сараар нэхэмжилсэн боловч хаана ямар орлоготой ажиллаж байсан талаарх орлогын эх үүсвэрээ тодорхойлж чадаагүй тул хэлэлцэхгүй орхиж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар хохирогчид 700.000  төгрөгийг төлснийг дурдах нь зүйтэй байна.

 

        Шүүх, шүүгдэгч Н.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв

 

  Шүүгдэгч Н.М эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаардугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Н М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт  шүүгдэгч Н.М нь хохирогч П.Ү 700.000 /долоон дуун мянга/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь үлдсэн 2.932.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ