Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/80

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг ирүүлсэн шүүгдэгч Г. овогтой М Б-д холбогдох эрүүгийн 1917001200069 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Г. овогт М Б. /РД:............./, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн,  34 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, ...... гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1,

Урьд 2015 онд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч М.Б нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мөнхийн 121 тоотод иргэн Н.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун гуя газар нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Мөнхийн 121 тоотод иргэн Н.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун гуянд нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Андууд дэлгүүрийн өмнө Мө Э 2-той таараад 1 шил Хараа архи авсан байхаар нь дагаад М-ийн гэрт очсон. Тэрнийг уучихаад М-аас гарч яваад М-тай таараад Манлайбаатар 1 шил архи авахаар нь буцаад М-д очиж тэр архийг уусан. М-тай утаснаас болж маргалдаад адууны гэдэс идэж байсан түмпэн дотор байсан хутгыг аваад баруун хонгоных нь тэнд 1 удаа хутгалсан. М-ийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би М-тай уулзаад уучлалт гуйсан  гэх мэдүүлэг.

 

Хохирогч Н.М- мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2019 оны 06 дугаар сарны 15-ны орой Малхын эгнээний зүүн үзүүрт байдаг дэлгүүрээс Эрка бид хоёр 0.75 литрийн Хараа архи аваад гараад иртэл Б- тааралдсан. Тэгээд бид гурав манай гэр болох Мөнхийн 121 тоотод очсон. Манайд тухайн үед хүн байгаагүй би ганцаараа байсан. Э- тэр архинаас хоёр хундага уучихаад би ажилтай гээд гараад явсан. Б- бид хоёр архиа уугаад үлдсэн. Би нилээн архи уусан болохоор унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн өглөөний 5 цаг болж байсан. Миний баруун гуя хөндүүрлээд байсан. Тэгээд өмдөө бариад үзсэн нойтон байсан. Гараад хартал цус болсон байсан. Тэгээд ээж М-рэнд хүнд хутгалуулсан талаараа хэлсэн. Маргааш нь эмнэлэгт үзүүлчихээд цагдаа дээр ирэхэд М- тааралдаад Б- чамайг түмпэн дотор мах идэж байсан хутгаар хутгалсан би хутгыг нь аваад хивсэн доогуур хийсэн байгаа гэж хэлсэн. М-ыг хэлсний дараа бодоод байхад би Б-тай муудалцаж байсан. Юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Б- мах идэж байсан хутгаар миний баруун гуя өгзөг орчимд нэг удаа дүрсэн. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор унтаад өгсөн байна лээ. Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-20 хуудас/

 

Гэрч Д.М- мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Би Чойр дээр М-тай цуг архи ууж байгаад  тэдний гэрт очиж хонох санаатай нэг шил архи аваад гэрлүү нь явж байтал Баяндалай халамцуу таарсан. Бид хоёр хамт М-ийн гэрт  очсон чинь Мөнгөнхуяг гэртээ ганцаараа унтаж байсан. Би М-ийг дуудаж сэрээгээд нөгөө авч очсон архиа хувааж уугаад сууж байгаад хөргөгчинд нь байсан адууны гэдэснээс идэж байхад М- Б- нар муудалцаад эхэлсэн. Тэгтэл махтай түмпэн дотор байсан шар иштэй хутгыг Б-шүүрч аваад М-ийн хонго гуя хавьд нэг удаа хутгалсан тэгэхээр нь би Б-ийн гараас хутгыг нь булааж аваад хивсэн доогуур шидчихээд айсандаа шууд гэртээ харьсан…” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/

 

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 сарын 17-ны өдөр Чойрт Баянбулагийн 1-4 тоотод гэртээ байж байтал М надруу утсаар яриад өчигдөр орой Б М-ийг хутгалчихлаа  чи очоод юу болсон байна үзээтэх гэсэн. Тэгээд Мөнгөнхуягийн гэрт очиход гэр нь гаднаасаа цоожтой байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/

 

Гэрч Н.О  мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М.Б нь 2019.05.20-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж уг ялыг эдэлж эхлээгүй байхдаа оргон зайлсан. Шүүхийн тогтоол гарснаас хойш нэг ч удаа ирж ял эдлээгүй оргон зайлсан хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа. М.Б нь гэмт хэрэг үйлдээд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан учир ялыг түдгэлзүүлэх саналыг гаргаж прокурорт хүргүүлсэн байгаа.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/

 

Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 205 дугаар дүгнэлтэнд: Н.М-ийн биед баруун гуянд шарх, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 30 хуудас/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 7-9 хуудас/

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Багахангай Налайх дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-73/

 

Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 13 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

 Шүүгдэгч М.Б нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 /-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж дээрх хэрэгтээ 22 хоног цагдан хоригдсон байна. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих ангийн дарга хошууч Э.Т-ын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/959 дугаартай албан бичигт М.Б нь 320 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний цагдан хоригдсон 22 хоногийг оруулан тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  4-т зааснаар ялаас хасч 144 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байна.

Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хохирогч Н.М нь шүүгдэгч М.Б-д холбогдуулж гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 38 хоног цагдан хоригдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Гурван яргайт овогтой М Б-г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 380 /гурван зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэг, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 144 /нэг зуун дөчин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 380 /гурван зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 524 /таван зуун хорин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 524 /таван зуун хорин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч М.Б нь 38 /гучин найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийэх арга хэмжээг авсугай.

 

.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ