Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/81

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-н Ч-д холбогдох эрүүгийн 1917000680053 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 20-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “Т” дэлгүүрт ...... ажилтай, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ... дүгээр баг, Х-ны  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх Б овогт Ц-н Ч, /РД: ЕЙ/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ц.Ч нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, нэгдүгээр цэцэрлэгийн орчим иргэн Б.З-н нүүрэн тус газар чулуу шидэж зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний гэмтлийн гаралтай хараа бууралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ц.Ч нь согтуурсан үедээ 2019 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, нэгдүгээр цэцэрлэгийн орчим иргэн Б.З-н нүүрэн тус газар чулуу шидэж зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний гэмтлийн гаралтай хараа бууралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Ц.Ч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал С над руу утсаар яриад Халуун тогоонд /ТБ Центрт/ хүрээд ир гэсэн. Тэгээд би 23 цагийн үед ТБЦентрт ирсэн. Сумъяа ТБЦентрт сууж байсан. Сумъяа надад хандаад Д-г аваад Сет бааранд орж бүжиглэе гэсэн. Тэгээд 00 цагийн үед Сет бааранд  Д, С бид гурав хамт орсон. Сет бааранд ороод 1 пиво 1 шил архи захиалж аваад С, Д нар бүжиглэж байгаад З-тай маргалдаад муудалцаад эхэлсэн. Би наанаас нь очоод Д, С хоёрыг салгаж аваад ширээндээ суулгасан. Бааранд гэрэлгүй байсан болохоор бие биеийгээ цохисон үгүйг сайн мэдэхгүй байна. Бид нарыг сууж байхад З-тай хамт явсан биерхүү махлаг залуу бид нарын сууж байсан ширээн дээр ирээд С-д хэдүүлээ гараад камергүй газар зодолдъё гэж хэлсэн байсан. Тэгээд бид нар сууж байхад баар хаах цаг болоод З бид нараас түрүүлээд гараад явсан. Бид гурав З нартай хамт гарах юм бол зодоон болно байх гэж бодоод бааранд үлдээд нэг хэсэг байж байгаад тэр хэдийг явсан байх гэж бодоод 15 минут орчмын дараа Сет баарнаас гарсан чинь З болон хоёр залуу зогсож байсан. Бид гурав шууд гэр лүүгээ харихаар явтал З нар араас ирээд камергүй газар очоод зодолдъё гээд бид нараас түрүүлээд явсан. Тэр хэд ТБЦентрийн зүүн хойд хэсэгт очоод зогссон. Д чаа, С бид 3 эд нартай зодолдох юм бол барахгүй гэж ярилцаад Петровис клонкийн зүүн хойд талд засмал зам дээр такси барих гээд зогсож байтал З хүрээд ирсэн. З ирээд С-н нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон чинь С газар унаад өгсөн. Би З-г түлхэж холдуулаад С-г салгаж аваад цаашаа 1-р цэцэрлэгийн урд талын саад руу зугтаасан. С согтуу байсан болохоороо явж өгөхгүй байсан юм. Араас З хоёр найзтайгаа бид гурвыг гүйцээд ирсэн. Нэг нь хөдөөний бололтой хүрэм, бакалан гуталтай байсан. Тэгээд З бид нар луу дайрсан. С тэр хэд дундаа хийгээд зодоод байхаар нь Д бид хоёр салгаж авсан. З-тай хамт явсан залуу нь Д-н бөгс рүү өшиглөөд намайг нүүр хавьд хальт цохисон ба арагшаа ухарч байгаад хөл алдаад унасан. Намайг унагасан тэр залуу намайг цохих гээд дайрахаар нь газар самардаад гарт таарсан зүйлээ аваад тэр залууг өөрөөсөө холдуулах гээд шидтэл тэр залууг миний шидсэн зүйл оноогүй цаана байсан хүнийг оносон. Тэр оногдсон хүн та нарыг ална гээд орилоод доошоо суухаар зугтаасан. Тухайн үед хэнийг хаана яаж оносон талаараа мэдэхгүй. 7 орчим хоногийн дараа Д над руу утсаар яриад сааданд бид нарыг зодох гэсэн хүмүүсийг нэгнийх нь нүд гэмтсэн байна ирж уулз гэж байна гэж хэлсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод ажилтай байсан болохоор уулзаж чадаагүй явж байтал цагдаагаас дуудсан. Тэгээд З гэдэг хүний биед гэмтэл учруулсан гэдгээ мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Б.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019 оны 03 дугаар сарын 23-25-нд шилжих шөнө хүмүүст зодуулсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байна. 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа орой 18 цагийн үед буугаад гэртээ хариад амрах гэж байтал хамт ажилладаг М над руу утсаар яриад Сет бааранд хүрээд ирээч  хамт жоохон сууя гэсэн. Тэгээд М, Г нарын хамт Сет бааранд очсон. М бааранд сууж байсан. М бид нарт Хар чингис нэртэй 0.75 литрийн архи авч өгсөн. Тэр архийг Г, М, М бид нар хувааж ууцгаагаад бүжиглэсэн. Тухайн үед бааранд нилээн олон хүн байсан. Тэгээд бүжиглэж байтал одоо энэ Д гээд байгаа залуу араас намайг шахаад түлхээд байхаар нь би зөрүүлээд бөгсөөрөө түлхсэн. Тэгтэл Д-тай хамт явсан бололтой 4 залуу над руу дайраад намайг энд тэндээс хэд хэдэн удаа цохисон. Би хэн нь цохиод байгааг харж чадаагүй. Би зөрүүлж цохиж амжаагүй тэнд байсан хүмүүс бид хэдийг салгасан. Тухайн үед баар хааж байсан юм. М бид нараас түрүүлээд гараад явсан байсан юм. Тэгээд Г, М бид гурав баарнаас гарсан. Сет бааранд сууж байсан 2 охин гараад ирэхээр нь юм яриад зогсож байгаад засмал замаа дагаад Халуун тогооны хажуугаар хойшоо явж байгаад Г би гэртээ түрүүлээд харьж байя гээд явсан.  М бид хоёр нөгөө 2 охины араас алхаад олон түүхийн эдийн хажууд очтол тэр хоёр охиныг нэг хөдөөний залуу явуулахгүй байхаар нь очоод тэр хөдөөний залууг салгаж аваад Петровис клонкийн хажууд буцаад ирсэн. Тэгтэл Халуун тогооны хажуунаас Д, Ч мөн танихгүй 3 залуугийн хамт гүйгээд ирсэн. Тэгэхээр нь М бид хоёр зугтаагаад 1-р цэцэрлэгийн урд талын саад руу орсон. Д түрүүлж гүйж ирээд намайг үсрээд тийрсэн. Тэгээд бужигналдаад эхэлсэн. Би куртека тайлаад цэцэрлэгийн хашааны урд талд тавьсан. Тэгээд тэр хэдээс зугтааж явсаар байгаад цэцэрлэгийн хашаанд орсон. Тэр хэд хашаанаас гараад явахаар би араас гараад куртекээ авах гээд гартал тэр хэдийн нэг нь над руу юм шидсэн. Тэр зүйл нь миний зүүн талын нүд орчимд ирээд оносон, гал манараад харанхуйлаад явсан. Д нар цаашаа зугтаагаад гүйгээд явсан. Тэр хэдийг чулуу шидчихлээ гэж бодсон. Дараа нь би тэр хавиар явж харахад чулуунаас өөр зүйл харагдахгүй байна лээ. Тухайн үед миний зүүн нүд, хамар, хөмсөгний язарсан шархнаас нилээн их хэмжээний цус гарсан. Би эмнэлэг дээр ирээд хөмсөг нүдний доод зовхи, хамар дээр язарсан шархандаа нийт 6 оёдол тавиулсан. Эмнэлгээс цагдаа дуудаж байгаа бололтой байсан. Тухайн үед би 03 цагаас ажилтай байсан болохоор ажил дээр очоод дарга Ли-д хэлээд чөлөө аваад гэртээ хариад хэвтсэн. М чиний утас руу цагдаагаас залгаж байна, хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Тэгээд утсаа нэг хэсэг хаагаад хэвтсэн. Миний зүүн талын нүд тэр чигтээ таглараад хавдсан байсан, юм харахгүй байсан. Хавдар нь буухаар гайгүй болох байх гэж бодож байсан. Тэгээд хавдар нь буураад нүд нээгдээд ирсэн, нүд юм харахгүй болохоор нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нүдний эмчид үзүүлсэн. Эмч надад 13-н маягт хийж өгөөд Улаанбаатар хот руу явуулсан. Би Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний нүдний торлогт цус харвасан байна, цус шимэгдээд харж ч магадгүй гэж хэлсэн. Мөн миний хамрын яс хугарсан байна гэж эмч хэлсэн. Намайг 2 500 000 төгрөгийн үнэтэй тариа нүдэндээ хийлгэ гэсэн. Надад мөнгө олдохгүй байгаа учраас тариагаа хийлгэж чадаагүй. Мөн нүд юм харахгүй болохоор нь ажлаасаа гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

...Өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Одоо миний нүдний хараа арай дээрдэж байх шиг байна. Том зүйлийн өнгийг ялгахтайгаа болсон. Надад Ч-д хандан гаргах гомдол санал, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх  мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

1.4. Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 00 цаг өнгөрч байхад Ч, С нарын хамт Сет бааранд орцгоосон. Бид нар хоёр хоёр пиво захиалчихаад бүжиглэж байсан. Тэгтэл энэ З гээд байгаа залуу С-тай муудалцаад эхэлсэн. Юунаас болсон талаар нь мэдэхгүй байна. Тэгтэл Сет баарны бармен, Дижи нар нь салгасан. 01 цаг 30 минут гээд Сет баар хөгжмөө зогсоогоод хаах цаг боллоо гэсэн. З болон хамт явсан 3 залуу нь хамт бид нараас түрүүлээд явсан. Ч, С бид гурав ууж байсан зүйлээ ууж дуусгаад 01 цаг 50 минутын үед Сет баарнаас гараад ирсэн чинь З болон хамт явсан 2 залуу нь хүлээгээд зогсож байсан. З нар бид 3-г харчихаад хойшоо харанхуй камергүй газар очоод зодолдъё гээд байсан. Тэгээд бид нар маргалдаж явсаар байгаад аймгийн Холбооны ард очсон. Ч, С бид нар З нартай зодолдох юм бол дийлэхгүй гэдгээ мэдээд Тулга дэлгүүрийн зүүн талын зам дээр такси барих гээд зогсож байтал З нар араас хүрээд ирсэн. З бид нар дээр ирээд С шууд цохиод авсан. С газар унаад өгөхөөр нь Ч бид хоёр босгож аваад 1-р цэцэрлэгийн чигт зугтаасан. Тэгээд 1-р цэцэрлэгийн урд талын саадан дотор З С барьж аваад нэг том биетэй ахтай  нийлээд зодоод байсан. Ч бид хоёр салгах гээд дийлэхгүй байсан. Ч газраас нэг юм аваад тэр хэдийн зүгт шидсэн. Тухайн үед С салгаад авсан байсан. Ч-г юм шидсэний дараа З нүүрээ дараад доошоо суучихаар нь С, Ч бид гурав яваад өгсөн. Бараг 7 хоногийн дараа ажил дээр байж байтал З архи уусан согтуу орж ирээд чи найзынхаа дугаарыг өгчих цагдаад мэдэгдэхээс өмнө ирээд уулзаадах гээд хэлчих гэж байгаад гараад явсан. З зүүн нүднийхээ доод зовхинд оёдол тавиулсан байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Би нараас салахгүй дайраад бид нар зугтах боломжгүй байж байгаад цэцэрлэгийн хашаанаас бид нар гарсан чинь араас З гараад тэгтэл Ч газраас чулуу авч шидээд З-г оносон. Тэгээд бид нар цаашаа зугтаасан. Бид нар дундаас газар унасан хүн байхгүй. Бид нарыг зугтаахад З хамт явж байсан хүнийхээ хамт араас хөөлгүй суугаад үлдсэн. Ч тэр үед газар унасан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Ш.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Сэт бааранд З, Г бид нар хамт очсон. Манай ажлын М бид 3-г хамт хүрээд ир гээд дуудсан юм. Тэгээд Сет бааранд ороод 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 1 шилийг, Сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво хүн бүр хоёр хоёрыг авсан. Тэгээд бүжиглэж байгаад З нэг залуутай муудалцсан. Энэ хоёрыг тэнд байсан хүмүүс хориод болиулсан. З-г Г бид хоёр наанаас очиж авсан. Тэгээд баар хаах цаг болоод бид гурав гарсан. М бид нараас түрүүлээд явсан байсан. Сет баарнаас гараад бааранд танилцсан 2 охиныг хүлээгээд зогсож байтал З-тай муудалцсан залуу, 4 залуугийн хамт гарч ирсэн. Тэгээд тэр залуучуудтай маргалдсан. Тэгээд ийшээ гэрэлгүй газар очоод үзье гэсэн. Тэгээд З бид нар түрүүлээд ТБЦентрийн хойд талд гараад байж байтал тэр хэд утсаар яриад ТБЦентрийн баруун талд засмал замын хажууд зогсож байсан. Тэгтэл бааранд сууж байсан 2 охин ТБЦентрийн баруун талаар хойшоо алхаж байсан. Г тухайн үед гэртээ харилаа гээд яваад өгсөн. З бид хоёр нөгөө охиныхоо араас алхаад явж байтал нөгөө залуучууд Петровис клонкийн хажууд гэрлэн доор нь зогсож байсан. З надаас түрүүлээд гүйж очоод хөдөөний бололтой залуутай муудалцаад байсан. Нөгөө хөдөөний бололтой залуу цаашаа яваад өгсөн. З-тай муудалцсан залуучууд 4-лээ явж байсан. Тэгээд тэр залуучууд цаашаа З-г дагуулаад хотын такси явдаг зүгт явсан. Би араас нь явсан. Тэгээд муудалцаж явсаар байгаад цэцэрлэгийн хашаа руу орсон. Тэгээд З бид хоёр тэр хэдтэй ганц нэг цохилцсон. Би нэг залууг хальт бөгс рүү өшиглөөд нэг залууг нүүр хавьд нь цохисон. Тэгээд тэр залуучууд цаашаа салаад хөндийрсөн. З куртекаа тайлаад хаясан байсан. Тэрийгээ авах гээд хашаанаас гарсан. Нөгөө 4 залуу цаахан талд байгаа харагдсан. З яаая тоосгодуулчихлаа гээд хашгирсан. Би наанаас нь гүйгээд очтол нөгөө 4 залуу цаашаа зугтаасан. З нүүрээ дараад суусан байсан. Наанаас очоод харахад нүүр битүү цус болсон зүүн талын нүд орчимоос нь цус гарч байсан. Хөдөөний бололтой залуу үлдсэн байхаар нь тэрийг нь хамт явсан байна гэж бодоод дагуулаад явсан. Тэр залуу утас түрүүвчээ хаясан байна гэхээр нь зодолдсон газар луугаа яваад хайж байгаад утас түрүүвчийг нь олж өгсөн. Тэгээд тэр залууг нь дагуулаад эмнэлэгт очиж З-г үзүүлж оёо тавиулсан. Тухайн үед бараг 04 цаг болж байсан. Эмнэлгээс цагдаа дуудаж байсан. З бид хоёрын ажлын цаг болж байсан болохоор эмнэлгээс гараад ажил дээрээ очсон. Манай ажил 04 цаг 30 минутад цугладаг юм. Цагдаагаас З луу залгаад байсан. З утсаа аваагүй. Одоо З зүүн нүд нь юм харахгүй байгаа. Мөн хамар нь хугарсан байна гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

...Баарнаас гараад 1-р цэцэрлэгийн хашааны зүгт явж байсан чинь Ч нар араас хүрж ирээд үгийн зөрүүгүй З бид хоёр луу дайрсан. Тэгэхээр нь З бид хоёр 1-р цэцэрлэгийн хашаа руу орсон чинь Ч нар араас орж ирсэн. Би хэнийг нь мэдэхгүй 2 хүнтэй муудалцаад нэгнийх нь бөгс рүү нэг удаа хальт өшиглөсөн. Мөн нэг залуугийнх нь хацар шанаа хавьд хальт нэг удаа цохисон. Тэгээд Ч нар хашаанаас гарсан. Тэгтэл З ганцаараа араас хашаанаас гараад шууд намайг тоосгодчихлоо гэж хэлэхээр нь би гүйгээд очсон чинь гудамжны гэрэлд З-н нүүр нь нил цус болсон харагдаж байсан. Би З-с хашаанаас яах гэж гарсан юм бэ гэж асуусан чинь би куртекээ тайлаад хашааны гадаа шидчихсэн байсан. Тэрийгээ авах гээд гарсан чинь өөдөөс юм шидээд миний нүүрийг оночихлоо гэж хэлсэн. Тэр үед хөдөөний бололтой нэг залуу хашааны хойд хэсгээс ганцаараа алхаад ирж байсан. Харин Ч, С, Д гэх залуучууд зүүн тийшээ Петровисийн клонкийн хажуугаар ороод явчихаж байгаа харагдсан. Би тэр залууг тэдгээр хүмүүстэй хамт явж байгаад үлдчихлээ гэж бодоод бариад авсан чинь би мэдэхгүй, тэр залуутай хамт яваагүй гээд байсан. Тэр залуу хэлэхдээ би энд түрүүвч утсаа хаана хаясан юм бэ гээд хамт явсан чинь бид нарын хоорондоо маргалдаж зодоон болсон газраас хойно байх таксины зогсоолын хажуунаас утсыг нь харин түрүүвчийг нь Тулга цайны газрын хавиас зам дээрээс олж өгчихөөд З-г аваад нөгөө залууг дагуулаад эмнэлэг рүү очсон. Тэгэхэд тэр залуу мөн л би та нартай муудалцсан 3 залуутай хамт яваагүй, харин түрийвч утас хоёроо хаячихаад байж байгаад хүмүүс шуугилдаад байхаар нь хүрээд ирсэн чинь хашаанаас 3 залуу гарч ирээд зогсож байгаад цаашаа яваад өгсөн. Харин араас нь нэг залуу гарч ирээд юм гэж хэлээд доошоо суусан чинь араас нь гарч ирээд намайг бариад авсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр залууг зодоонд ямар ч хамаагүй юм байна гэж бодоод эмнэлэг дээрээс явуулсан. Би тэр залуугийн нэрийг нь асуугаагүй, утасны дугаарыг нь мэдэхгүй одоо харвал танина... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

1.6. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

З, М бид гурав нэг газар хамт байр хөлсөлж байсан юм. Тухайн өдөр ажлаасаа буугаад гэртээ хариад амрах гэж байтал манай ажлын М З ах руу утсаар яриад Сет бааранд байна хүрээд ир гэсэн. Тэгээд З ах М бид гурав 21 цаг өнгөрч байхад Сет бааранд очсон. М бид нарыг бааранд очиход Хар Чингис нэртэй 0.75 литрийн архи авч өгсөн. Энэ архийг бид нар хувааж ууцгааж байгаад бүжгийн талбайд гараад бүжиглэсэн. Тэгтэл З ах нэг залуутай муудалцаад зууралдаад байхаар нь М бид хоёр очиж салгасан. Тухайн үед бие биенээ цохиогүй. М тухайн үед гэртээ харилаа гээд яваад өгсөн байсан. Тэгээд баар хаах болоод З ах М бид нар түрүүлээд гарсан. Бааранд танилцсан хүүхнүүдийг хүлээгээд зогсож байтал З ахтай муудалцсан 4 залуу гараад ирсэн. Тэр 4 залуутай баарны гадаа маргалдаж байгаад З ах, М бид гурав түрүүлээд ТБЦентрийн хойд талд явж байтал нөгөө залуучууд араас хөөе гээд хашгираад байсан. Би явлаа гээд түрүүлээд яваад өгсөн. З ах, М нар бааранд танилцсан хүүхнүүдтэй уулзана гээд үлдсэн. Тэгээд гэртээ хариад унтаж байтал үүрээр 04 цаг өнгөрч байхад З ах, М нар орж ирсэн. З ах хүнд зодуулсан байдалтай зүүн талын нүд битүү хавдсан байсан. Би яасан талаар асуухад бааранд байсан 4 залуу, мөн дээр нь нэг залуу нэмэгдээд 5 залуутай зодолдоод нэг залуу нь чулуугаар цохичихлоо гэж байсан. З ах  маргааш нь нүд юм харахгүй байна. Хавдар нь буураад юм харах байлгүй гэж байсан. Тэгээд хавдар нь буугаад нүд нь юм харахгүй болохоор нь Говьсүмбэр аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн. Улаанбаатар хотод эмчид үзүүлээд ирсэн эм тариа бичиж өгсөн гэсэн. Одоо нүд нь сайн харахгүй байгаа... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

                   

1.7. Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Би 2019 оны 04 дүгээр сард ажлынхаа хүмүүстэй хамт Халуун тогооны ресторанд сууж байгаад 00 орох гээд ганцаараа явж байсан чинь надтай сууж байгаад салсан нөхөр З Халуун тогооны гадаа зүс таних Д гэх залуугийн хамт сууж байхаар нь би тухайн үедээ юм хэлэлгүй цаашаа яваад өгсөн. Би тэр өдрийн маргааш нь өөрийнхөө ажил дээр /Дэнжийн андууд/ дэлгүүрт байж байсан чинь нөгөө Д гэх залуу тамхи авах гэж орж ирэхээр нь би Д-с өчигдөр Халуун тогооны гадаа уулзаад сууж байсан залуугаа яаж таньдаг юм бэ гээд асуусан чинь Д миний өөдөөс тэр залууг надтай хамт явсан залуу зодчихсон чинь олон юм яриад гэж хэлсэн. Үүнээс өөр зүйл яригдаагүй. Би тухайн үед З-г хүнд зодуулсан гэдгийг нь мэдээгүй байсан. Тэр Д гэх залуугаас З-г хүнд зодуулсан юм байна гэж мэдсэн юм. Хаана хэзээ хэн гэдэг хүнд зодуулсныг нь мэдэхгүй. Д-с лавлаж асуугаагүй. З бид хоёр нэг гэрт 5 жил гаран амьдарч байгаад 2018 оны 11 дүгээр сард салсан. З-н биед ямар нэгэн гажиг согог байгаагүй. З ер нь архи дарс нээх их уугаад байдаггүй байсан. Би З-тай уулзалдаагүй тусдаа амьдарч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

1.8. Гэрч Б.Р мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн орой 23-с 00 цагийн орчим манай бааранд сууж байсан Ч, Д, Ч-ний ах нь гээд нэг танихгүй эрэгтэй хүн гурав бааранд сууж байгаад нэг харсан чинь бүжгийн талбайд хүнтэй муудалцаад барилцаад авсан. Тэр үед нь би ажилтай байсан болохоор очоод салгасан. Бааранд муудалцахдаа бие биенийгээ цохисон асуудал гарсан үгүйг нь анзаараагүй. Ер нь хэн нэг нэгнийгээ цохисон асуудал гаргаагүй. Тэгээд Ч нарыг үлдээгээд нөгөө муудалцсан хүмүүсийг нь гаргасан. Тэр муудалцсан хүмүүс нь гурвуулаа байсан гэж санаж байна. Ч болон тэнд байсан бусад хүмүүсийг хооронд нь салгаад баарнаас гаргах үед биед нь ил харагдах шарх гэмтэл мэдэгдээгүй, анзаараагүй. Тэдгээр хүмүүс хоорондоо юунаас болж маргалдаж муудалцсан гэдгийг нь би мэдэхгүй. Ч нартай муудалцсан хүмүүсийг танихгүй. Надтай хамт тэр хүмүүсийг манайд ажиллаж байгаад гарчихсан Б гэх хүн байсан. Тэр хүн ажлаас гараад одоо Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажиллаж байгаа гэж сонссон. Утасны дугаарыг нь мэдэхгүй. Чойр дээр Ус-Ду-н зүүн талд байдаг. Өөр надад энэ талаар сонссон мэдсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

1.9. Хохирогч Б.З мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Тухайн газар харанхуй гэрэлгүй байсан. Би Д гэж харсан. Намайг тийрсэн хүн намайг онож тийрээгүй. Хий өшиглөөд газар унаж байгаа харагдсан. Би цэцэрлэгийн хашаан дотор цохиулаагүй. Цэцэрлэгийн хашаан дотор удаан бол муудалцаагүй. 1 минут бараг болоогүй. Ч нар хашаанаас гараад гүйсэн. Би тэр хэдийг зугтаагаад явчихлаа гэж бодоод хашааны гадаа үлдээсэн куртекаа авах гээд гартал тэр хэд цаашаа Тулга цайны газрын зүгт явж байгаа харагдсан. Тэгтэл зүүн нүд рүү хатуу зүйл хүчтэй ирээд цохисон. Нүдэнд гал манараад явсан. Тэгээд зүүн нүдээ дартал нойтон оргиод цус гарч байсан. Би эхлээд том тоосгоор цохичихлоо гэж бодсон. Ч нилээн том хэмжээтэй зүйлээр шидэж намайг оносон. Энэнээс болоод миний зүүн нүд юм харахгүй болсон. Тухайн үед хавдар нь буугаад гайгүй болох байх гэж бодсон. Хавдар нь буугаад зүүн нүд юм харахгүй болсон. Цэцэрлэгийн хашаан дотор би цохиулаагүй. Хашаанаас гарч куртекээ авах гэж байхдаа чулуунд оногдож гэмтсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/

 

1.10. Гэрч Ш.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ч, Д, С гэх хүмүүсийн нэгэнтэй нь З муудалцсан. Дараа нь сонсож байхад С-ттай муудалцсан юм шиг байна лээ. Тухайн үед бүжиглэж байгаад С-г З бөгсөөрөө түлхсэнээс болоод муудалцсан гэсэн. Тухайн үед Зоригтбаатар С-тай зодолдсон. Бусад дандаа салгаж байсан. Бааранд байхад З С нар муудалцсан. Тухайн үед З дараа нь цэцэрлэгийн хашаанд байхад чулуугаар цохиулаад зүүн нүдэндээ гэмтэл авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар хуудас/

 

1.11. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр цагийг нь санахгүй байна. Би архи уусан явж байгаад ганцаараа Сет бааранд орсон. Сет бааранд намайг орсноос хойш зодоон болоогүй байх. Би сайн мэдэхгүй байна. Тэгээд баар хаах цаг болсон гээд бааранд үйлчлүүлж байсан хүмүүсийг бөөнд нь гаргасан. Гадаа гарахад баахан залуучууд гадуур орилолдоод шуугилдаад байж байсан. Тэр хүмүүс надаас түрүүлээд хойшоо явцгаасан. Би жоохон байж байгаад Петровисс клонкийн зүүн хойд талд засмал зам дээр такси барих гээд зогсож байтал баахан залуучууд 1-р цэцэрлэгийн талаас буюу баруун талаас гүйлдээд ирсэн. Нэг нь намайг харчихаад нөгөө хэдий чинь нэг нь байна гээд намайг заамдаад барьж аваад манай найзыг хар танай найз ийм болгочихлоо гэсэн. Тэр найзыг нь харахад нэг талийнх нь нүд нь нил цус болсон хавдсан харагдсан. Одоо аль талын нүд нь цус болсон хавдсан байсныг санахгүй байна. Тэгээд зодуулсан залуу болон хамт явсан нэг залуу нь миний хувцаснаас бариад дагуулаад эмнэлэг орсон. Би тухайн үед тэр хэдтэй зууралдаж байгаад утас түрийвчээ хаясан байсан. Эмнэлэг орохоос өмнө зодуулаагүй залуу нь надтай хамт явж утас түрийвч олж өгсөн. Би маргааш өглөө тэр газраас машиныхаа түлхүүрийг олж авсан. Эмнэлэг дээр очоод зодуулсан гэх залууг харахад нэг талын нүд хавдаад тагларсан, нил цус болсон харагдсан. Эмч цааш нь аваад орсон. Би хамт явсан залуутай нь яриад би та нарыг зодсон залуучуудтай хамт яваагүй гэдгээ хэлсэн. Намайг тэр хоёр зодсон залуучуудтай хамт явсан гээд буруу ойлгосон юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/

 

1.12. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Яаралтай тусламжийн хуудаснаас харахад 2019 оны 03 дугаар сарын 25-ны шөнө 03 цаг 45 минутад Б.З нь Тулга цайны газрын урд зогсоол дээр хүнд зүүн нүд орчимд чулуугаар цохиулсан гэж ирсэн. З-н биед зүүн нүдний хөмсөг дээрээс доош ташуу зүсэгдсэн мэт шархтай, мөн зүүн нүдний доод зовхинд 2-3 см язарсан шархтай байсан. Мөн хамар нь хавдсан мурийсан байсан. Хамар нь хавдартай байсан болохоор шинэ хуучин хугаралыг нь мэдэж болоогүй. З-н шарханд зүсэлт хийгээд зүүн нүдний дээд хөмсгөнд учирсан шарханд 4 оёдол тавьж өгсөн. Цаашид мэс заслын эмчид үзүүлэхийг зөвлөөд цагдаад мэдэгдээд явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/

 

1.13. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр надад үзүүлсэн. Онош нь гэмтлийн дараах хүүхэн харааны өргөсөн, нүдний алимны битүү гэмтэл хүнд хэлбэр гэсэн оношоор үзүүлсэн. Би тухайн үедээ үзүүлэхгүй яасан юм бэ гэхэд З нүдний хавдар буухаар гайгүй харах байх гэж бодсон гэж хэлж байсан. Би үзсэн өдрөө З-т 13А маягт хийж өгөөд Улаанбаатар хотын 1-р эмнэлэг рүү явуулсан. З надад хэлэхдээ 2019 оны 03 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн үед зодуулсан 103 дээр ирээд зүүн нүдний хөмсөг хамар нүдний доод зовхинд оёдол тавиулсан гэж байсан. З-г үзэхэд баруун талын нүдний хараа хэвийн 100 хувь харж байсан. Зүүн нүдний хараа нь хурууны хөдөлгөөн мэдэрч байсан. Хуруу тоолж чадахгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар хуудас/

 

1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн192 дугаартай дүгнэлтэд:

- Б.З-н биед зүүн нүдний аяга ясны хугарал, зүүн хөмсөгт шарх зүүн нүдний доод зовхинд зулгаралт, нүдний алимны доргилт, зүүн нүдний гэмтлийн гаралтай хараа бууралт /LE-0,03/ гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Зүүн нүдний гэмтлийн дараах хараа бууралт Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1.11-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 35 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

1.15. Шинжээч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Эрүүл хүний нүд 1.0 хэмжээтэй хараатай байдаг. Өөрөөр хэлбэл орчны бүх зүйлийг ялган тод харахын тулд ийм харааны чадамжтай байх хэрэгтэй. Б.З-н хувьд зүүн нүд гэмтэл авахаас өмнө хэвийн буюу 1.0 хараатай байсан. Энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмаар 35 хувийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулж байгаа тул гэмтлийн хүнд зэрэг гэж дүгнэлтээ гаргасан. Магадлуулагчийн зүүн нүд нь дангаар өнгө ялгах чадваргүй болсон байсан. Харин хар болон цагаан өнгөөр ялгаж харж байгаа зүйлс нь тодорхой бус бүхэл бүрсгэр зүйл болгон харж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

...Б.З-н биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Гэвч нүүрний зүүн хэсэгт нүдний дээр доор гээд 2 газарт хүч үйлчилж гэмтэл учруулсан тул нэг хатуу биет үйлчилсэн ч үүсгэгдсэн гэмтэл нь өөр өөр газарт болохоор мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэл гэж үзсэн юм. Б.З-н биед үүссэн гэмтлүүд нь атгасан гарны хэмжээтэй буюу түүнээс дээш том чулуугаар нүүрний зүүн хэсэг рүү нь нэг удаа цохигдох үед үүсэх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/

 

1.16. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хх-ийн 92-94 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Ч-ний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Ч нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Ц.Ч, хохирогч Б.З нар нь согтууруулах ундааг зохистой хэрэглээгүйгээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Ч-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Ц.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ц.Ч-ний хувьд найз нөхөдтэйгээ эвсэг харьцаатай. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Хүнд их тусархуу, Ч-ний хувьд бие муутай татаж унадаг. Ажил хөдөлмөр хийхдээ чин шударгаар хийдэг. Би багаасаа найзалж байгаа, найз нартаа үнэнч залуу байгаа юм. Ч-ний хувьд аав ээжтэйгээ хамт амьдардаг. Аав нь Цагаан хад гэх газарт том машин барьдаг гэсэн. Ээж нь аймгийн эмнэлэгт ажилладаг... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ц.Ч хувьд зөөлөн дөлгөөхөн зантай. Хэр барагтаа уурлахгүй хүлээцтэй ханддаг. Хүнтэй маргалдаж муудаад байхгүй. Хүнтэй аль болох эвээ олоод харьдаг. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Найз нартаа үнэнч байдаг. Архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэхгүй. Хааяа баяр ёслолын үеэр ганц лааз пиво уудаг. Хэтрүүлж хэрэглэдэггүй. Ч аав ээж ах нарынхаа хамт амьдардаг. Аав нь Цагаан хад гэх газарт тээврийн жолооч хийдэг. Өөр мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

2.3. Хохирогч Б.З-н Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс гаргасан хүсэлт, /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

 

2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/ хх-ийн 66-70 дугаар хуудас/

 

2.5. Хохирогч Б.З-н биед үзлэг хийсэн үзлэгийн баримт, /хх-ийн 76-83 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Ч-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна.

Иймд шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-нд оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Ц.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

                   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-н Ч-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-нд оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАНДАХ