Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 204/МА2025/00024

 

 

 

 

 

 2025          11             12                                                 204/МА2025/00024                       

 

 

Ц.Ш  , Ш.Б  нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дүгээр сарын 07-ны өдрийн 314/ШШ2025/00446 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Ш  , Ш.Б  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.М , Д.Д , Т.Д , С.Б  нарт холбогдох,

Нийт 96,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Ш  ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ш , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав /цахимаар/, хариуцагч Д.М , нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: . . . Миний бие иргэний хариуцагчаар тогтоогдож Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08-р сарын 17-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор бусдад болон улсад 207,750,000 төгрөгийн хохирол төлөхөөр болж, Улсын Дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор улсын төсөвт төлөх 32,386,800 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            Тус эрүүгийн хэрэг нь шүүгдэгч Ц.Д-ын  дансанд хийгдсэн аудитын дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд Ц.Д-ын  хууран авч ашиглаж байсан миний болон охин Ш.Б тэй хамтран эзэмшдэг дансанд огт аудитын дүгнэлт хийгдээгүй бөгөөд бид эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа өөрсдийн дансанд тухайн хэрэгт дүгнэлт гаргасан “Дөлгөөн хайрхан Уул аудит” ХХК-д хандан аудитын дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлтээр миний болон охин Ш.Б тэй хамтран эзэмшдэг дансанд аудитын дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Ц.Д-ын  дансанд хийсэн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай болохыг тайлбарласан.

            Одоо Д.М гээс 50,800,000 төгрөг, С.Б оос 15,500,000 төгрөг, Д.Д гээс 11,950,000 төгрөг, Т.Д гээс 18,000,000 төгрөг гаргуулмаар байна.

            Миний бие эрүүгийн хэргийн шатанд хууль зүйн мэдлэггүйгээсээ болж мөрдөгч, прокурор үнэнийг тогтооно гэж хэт их итгэж байснаасаа болоод өмгөөлөгч авалгүй хэргийн бодит үнэнийг тайлбарлаж нотлох баримтыг гаргаж өгч чадаагүйгээс болж Ц.Д ыг бусдад болон хариуцагчид өр өглөгөө өгөхдөө миний дансны картыг авч ашиглаж байсан дансаараа дамжуулан хариуцагчдад өгсөн мөнгийг мөрдөн байцаагч нар миний дансны зарлагыг шалган тогтоож миний данснаас хариуцагчдын дансанд шилжин орсон мөнгийг шалгаж хасаагүй. Зөвхөн Ц.Д-ын  дансыг миний данстай харилцан орлого зарлагыг шалган Ц.Д-аас  миний дансанд бэлэн оруулсан орлого зарлага дүгнэсэн. Аудитын дүгнэлтээр миний бие Ц.Д-аас  илүү мөнгө авсан болж харагдан шүүхийн тогтоол дээр байгаа Ц.Д-д  мөнгөө өгч хохирсон гэх хохирогч нарт төлбөр төлөхөөр болж шийдвэрлэгдсэн. Шүүхийн тогтоол дээр байгаа хохирогч нарт нийт төлөх 176,000,000 төрөг болохоор Ц.Д  нь миний картыг барьж байхдаа мөнгө шилжүүлэн орж ирээд орсон мөнгийг тэр дор нь миний дансны картаар бусдад холбон хариуцагчид өгсөн байдаг болохоос миний дансанд байсан нь үлдээгүй. Миний бие захиран зарцуулаагүй мөнгө.

Иймд мөрдөн байцаагч дээр тэмдэглэл хөтлөгдөн шалгагдаагүй юм. Би энэ хариуцагч нарыг сайн мэдэхгүй, би өөрөө мөнгө шилжүүлээгүй, Ц.Д  миний картыг ашиглаж энэ хүмүүст мөнгө шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгө нь хохирогч нарын л мөнгө байх, миний мөнгө байгаагүй гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг дээр данс эзэмшигч нь Ш.Б , Ц.Ш  гуай мөн үү гэвэл мөн. Энэ 2 хүний данснаас эдгээр хариуцагчийн дансанд мөнгө орсон уу гэвэл орсон. Хариуцагч нарт мөнгө өгөх ямар нэгэн үүрэг байхгүй. Тийм учраас буюу мөнгө орсон учраас эдгээр улсууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иргэний хуульд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Учир шалтгааны хувьд яг ийм шалтгаанаар өмнө нь хариуцагчдын тайлбарт өгөгдөөд байгаа өмнөх эрүүгийн хэрэг шийдэхэд яг л Ц.Ш ын дансанд мөнгө орсон учраас энэ хүн иргэний хариуцагчаар төлөх ёстой гэдэг шийдвэр гарсан. Түүний урвуу хамаарлаар орсон өгсөн хүмүүсээсээ мөнгөө авъя гэдэг зүйл явж байгаа. Дээрээс нь шүүх бүрэлдэхүүн сая аудитын дүгнэлтийг үнэлэхгүй гэж хэлээгүй. Гагцхүү Ц.Ш , Ш.Б нарын энэ хэрэг зориулж хийсэн аудитын дүгнэлт биш гэж үзэж байх шиг байна лээ. Нотлох баримтаар нь үнэлээд үзэх юм бол энэ нь өөрөө яалт ч үгүй бусдад төлөх төлбөр энэ улсад өгсөн мөнгийг дахиж өгөхөөр шүүхийн шийдвэр дээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр дурдагдаад гарчихсан зүйл. Тэгээд шударга ёсонд авсан мөнгөө дахиад авч болдог юм уу? Үгүй юм уу? гэдэг асуудал яриад байгаа ийм л зүйл. Тэгээд энэ бол тайлбар байлаа. Тэгээд үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр баримтаа гаргаад өглөө. Хариуцагч нар түүнийг няцаах баримт гаргаж өгсөнгүй. Энэ мөнгийг эргүүлж өгсөн гэдэг зүйл ярьсангүй. Тийм учраас үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгөхийг хүсье гэж хэлэх гэсэн юм гэв.

            3. Хариуцагч Д.М  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: . . . Нэхэмжлэгч Ц.Ш нь Ц.Д  болон Д.М  надаас 50,800,000 төгрөг гаргуулах тухай шүүхэд ханджээ. Миний хувьд Ц.Ш болон Ш.Б  гэгч хүнтэй уулзаж байгаагүйгээр барахгүй огт танихгүй хүн байна. Энэ хүнтэй миний бие эрх зүйн ямар нэг харилцаагаар эрх эдэлж, үүрэг хүлээсэн зүйл амаар болон бичгийн ямар нэг хэлбэрээр байхгүй.

            Харин Ц.Д ыг таньдаг байсан. Миний бие Ц.Д ыг мах авч шахаж байгаа, улирлын чанартай бизнес хийж байгаа гэсэн болохоор хүү тооцолгүйгээр тус болох үүднээс зээлүүлж байсан. Тэрээр мөнгөө цаг хугацаандаа өгч байсан. Миний хувьд бараагаа бага багаар татаж авдаг байсан тул олон хоногоор хүү тооцож мөнгөө зээлүүлэх боломж байгаагүй.

            Ингээд 50,800,000 төгрөгийн гүйлгээ хуваан орж ирсэн талаар банкны данс хуулгаар тус бүр дээр тайлбар хийе. Эдгээрээс гүйлгээний утга дээр “Дээгийгээс” гэж миний дансруу гүйлгээ хийсэн байгааг тодорхой харж болно. Тэгэхээр энэ нь Ц.Д  бид хоёрын дундах мөнгө өгч авалцсан тухай байдлыг харуулж байгаа юм. Энэ асуудлаараа ч холбогдох байгууллагад тухайн үед шалгуулж байсан болно. 11,000,000 төгөрг орж ирсэн гүйлгээний тайлбар: 2018 оны 11 сарын 14-ний өдөр маргааш өгье гээд 10,700,000 төгрөг зээлсэн. Оройдоо махаа өгчихлөө гээд 9,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлээд эргээд мах авах болчихлоо гэж яриад 14-ний өдрийн өглөө надаас ахин 9,400,000 төгрөг авсан. Ингээд надад 11,100,000 төгрөгийн өглөгтэй байж байгаад хэлсэн хугацаандаа 11,000,000 төгрөгийг АТМ ороод хийе гээд хийсэн. 9,600,000 төгрөгийн гүйлгээний тайлбар: Зээл хаах гээд мөнгө дутаад маргааш өгнө гээд 2018 оны 11 сарын 15-нд 9,740,000 төгрөг зээлсэн. Энэ мөнгөө 11 сарын 16-нд 9,600,000 төгрөг хийсэн. Үлдэгдлийг нь дараа нь өгье гээд. 10,500,000 төгрөгийн гүйлгээний тайлбар: Мах орж ирлээ маргааш зараад өгнө гээд 2018 оны 11 сарын 20-нд 13,000,000 төгрөг зээлсэн. Үүнээсээ тухайн өдрөө 7,800,000 төгрөгийг өгсөн ч ахиад мах авах боллоо гээд 5,900,000 төгрөг эргээд зээлсэн. Ингээд 11 сарын 21-нд 4,100,000 болон 1,950,000 төгрөгийг тус тусын гүйлгээгээр эргүүлж хийсэн. Дахин 1,700,000 болон 3,090,000 төгрөгийг тус тусдаа гүйлгээгээр 21-ний өдрөө эргүүлж авсан. Эдгээрийн үлдэгдэл тооцоо болох 9,840,000 төгрөг дээр өмнөх өглөг 560,000 төгрөгийн хамт хийе мөн тус болсонд баярлалаа гээд гээд 100,000 төгрөг нэмж хийлээ шүү гээд 10,500,000 төгрөг хийсэн. 4,000,000 гүйлгээ орж ирсэн тайлбар: 2018 оны 12 сарын 20-нд маргааш өгье яаралтай хэрэг гарлаа гээд 3,800,000 төгрөгийг зээлсэн. Гүйлгээний утга дээрээ 21-нд өгөхөөр Ц.Д-д  зээлдүүлсэн гэж бичсэн байгаа. Ингээд 21-нд одоо хийлээ махаа сайн өглөө, баярлалаа гээд 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 3,000,000 төгрөгийн гүйлгээний тайлбар: 2018 оны 12 сарын 21-нд 6,200,000 төгрөгийг картын зээлээ хаачихаад маргааш өгнө гээд Ц.Д  зээлсэн гүйлгээний утга дээрээс харагдана. Ингээд 12 сарын 22-нд 3,000,000 төгрөгийг нь АТМ-с хийлээ гээд үлдсэн мөнгө болох 3,200,000 төгрөгийг өөрийн данснаас 2,300,000 төгрөгөөр болон 1,000,000 төгрөгөөр тус бүр хувааж хийсэн. 5,000,000 төгрөгийн гүйлгээ орж ирсэн тайлбар: 2019 оны 1 сарын 16-нд түүхий эд авахаар хөдөө явлаа гээд 5,000,000 төгрөгийг зээлье гэсэн. 5,000,000 төгрөг байгаагүй учир 1 сарын 16-нд 1,000,000 төгрөг, 1 сарын 18-нд 4,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг Голомт банкны дансаар өгсөн. Хөдөөнөөс сая ирлээ гд 1 сарын 23-нд 5,000,000 төгрөгийг хийсэн. 7,700,000 төгрөгийн гүйлгээний тайлбар: 2018 оны 11 сарын 28-нд хот руу машинд явах боллоо ирээд өгье 7,500,000 төгрөг өгөөч гэсэн. Бэлэн байгаагүй учир 3,000,000 төгрөг, 1,200,000 төгрөгийг 28-ны өдрөө Голомт Банкаар шилжүүлж 11 сарын 30-нд 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 17,200,000 төгрөг зээлсэн. 12 сарын 06-нд одоо хийлээ гээд АТМ-с 7,700,000 төгрөгийг хийсэн. Өмнө нь 350,000 төгрөг надад өгөх ёстой байсан тул түүнийгээ өгөөд олон хоног мөнгөө хэрэглүүлж тус боллоо гээд 150,000 төгрөг нэмж өгсөн. Ингээд энэ 7,700,000 төгрөг орж ирсэн.

            Миний бие Ц.Д тай харилцсан дансны гүйлгээгээ шалгуулж хуулийн байгууллага дээр 2019 оноос эхлэн тухай бүрд нь дуудсаны дагуу очиж мэдүүлэгээ өгч нотлох баримт, тайлбараа өгч байсан. Иргэн Ц.Д  нь надад аудит хийлгэсэн баримт бичиг, түүний арын хуудсан дээр нэмээд эдгээр данснаас 50,800,000 төгрөг гарчээ гэдгээ өөрийн гараар балаар нэмж өгсөн. Миний бие энэ мөнгөн дүн, хаан банкны харилцсан данс, голомт банкны харилцсан данс, бэлэн өгсөн мөнгө, хар дэвтрийн бичилт зэрэг зүйлүүдээр гүйлгээгээ үзүүлж цагдаад тухай бүр нь байцаалт өгсөн. 2019 оны 4 сарын 12-нд үүргийн гүйцэтгэлд тооцоо хийсэн тухай нотариатын тэмдэглэл хийлгэсэн. Энэ 50,800,000 төгрөг нь хэргээс гадуур үлдсэн биш миний хувьд бүх орсон гарсан зарлагаа бүрэн тооцож удаа дараа мэдүүлгээ өгч нэг бүрчлэн шалгуулсан гүйлгээ юм.

            Тиймээс миний бие Ц.Д тай холбоотой авсан өгсөн бүх тооцоог цагдаагийн байгууллагад бүрэн шалгуулсан учир хэргийг учир дутагдалтай шалгаж шийдвэрлэсэн гэж үзсэн Ц.Ш гэсэн хүнтэй санал нийлэхгүй байна. Энэ хүний данснаас над руу гүйлгээ хийхдээ 7 удаа АМТ буюу бэлэн мөнгөний машинаас гүйлгээ хийжээ. Энэ нь Ц.Ш гэгч хүн өөрөө Ц.Д-д  банкны карт, гүйлгээ хийх нууц дугаараа сайн дураараа өгч мөнгөө захиран зарцуулах эрхээ өгч гүйлгээ хийхэд нь дэмжсэн үйлдэл хийжээ. Тэхээр Ц.Д  гэдэг хүнтэйгээ л холбоотойгоор асуудлаа тавих ёстой болохоос ямар ч хамааралгүй танихгүй надаас мөнгө нэхэмжлэх нь буруу гэж бодож байна.

Иймээс би ямар нэг байдлаар Ц.Ш  , Ш.Б  гэдэг хүнтэй харилцан тохиролцож мөнгө авах, өгөх тухай ярилцаагүй, ямар нэг байдлаар холбогдоогүй учир хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            4. Хариуцагч Д.Д  шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Д  нь 2018 онд надаас мөнгө зээлж байсан. Улмаар зээлсэн мөнгөө Ц.Д-аас  нэхтэл 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 45 минутад Ц.Ш  ын Хаан банкин дахь ....  тоот данснаас миний Хаан банкин дахь ....  тоот данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл Ц.Д  наад 7,000,000 төгрөгөө миний данс руу шилжүүлчих. Би тань руу өөрийнхөө данснаас буцаагаад шилжүүлье гэж хэлээд тухайн өдрийн 12 цаг 52 минутад тухайн 7,000,000 төгрөгийг Ц.Д  өөрийн Хаан банкин дахь ....  тоот дансанд шилжүүлж авсан. Үүнийгээ буцааж өгөөгүй.

            Мөн 2019 оны 01 дүгээр сард Ц.Д-аас  зээлсэн мөнгөө нэхтэл 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Ш  ын төрсөн охин Ш.Б гийн ....  тоот данснаас миний Хаан банкин дахь ....  тоот данс руу 4,950,000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгтэл Ц.Д  мөн адил та миний данс руу шилжүүлчих. Би тань руу буцаагаад шилжүүлье гэж хэлээд өөрийн ....  тоот дансанд 4,950,000 төгрөгийг шилжүүлж авсан. Ц.Д  нь дээрх 11,950,000 төгрөгийг надад буцааж өгөөгүй. Энэ нь миний дансны хуулгаар тогтоогдож байгаа. Би Ц.Ш  , Ш.Б  нартай холбоотой өр, авлагын асуудал байхгүй болно.

Иймд дээрх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж надаас нэхэмжилсэн 11,950,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Т.Д  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Д  гэх бүсгүйд залилан мэхлүүлсэн байдаг. Энэ хэргээс болоод миний ээж Ж.Лхамсүрэн бид нар хохирч байна. Энэ Ц.Ш  оос би огт мөнгө аваагүй. Мөн энэ хэрэг маш удаан үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэр гарсан ч 100 төгрөг аваагүй гэжээ.

6. Хариуцагч С.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ц.Д д мөнгө зээлсэн байсан нь үнэн. Надаас мөнгө зээлээд өдөр нь хүүтэй нь өгдөг байсан. Төд удалгүй л дахиад зээл хаахаар болчихлоо гээд буцаагаад авчихдаг байсан. Олон хүний карт барьчихсан зээл хаачихаад буцаагаад өгий гэдэг байсан. Хэнээс гэдэг данснаас 15,500,000 төгрөг орж ирсний мэдэхгүй буцааж өгөхдөө Ц.Д-аас  гэж л хэлдэг байсан. Ш.Б  гэдэг хүүхэд нь иргэний үнэмлэх ч аваагүй ажилч хийх насанд хүрээгүй хүүхдийн дансанд өчнөөн мөнгө байдаг нь ойлгомжгүй байгаа. Ц.Ш  ын амьдралыг би сайн мэднэ. Ямар ч мөнгөгүй зээл авдаг л нөхөр байсан. Хүн болгоноос нэхээд байгаа 15,500,000 тэр Ц.Д-аас аа авах хэрэгтэй. Аудитын дүгнэлт гаргачихаад байхад худлаа хожих санаа байна. Мөнгөө хурдан гаргуулж авмаар байна гэжээ.

            7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Д.М , Д.Д , Т.Д , С.Б  нараас нийт 96,250,000 төгрөг гаргуулах тухай Ц.Ш  ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 853,350 төгрөгөөс 639,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 214,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

           

            8. Нэхэмлэгч Ц.Ш  ын давж заалдах гомдлын агуулга: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 314/ШШ2025/00446 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

            Нэхэмжлэгч, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Ш миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор иргэний хариуцагчаар тогтоогдож бусдад болон улсад 207,750,000 төгрөгийн хохирол төлөхөөр шийдвэрлэж Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор улсын төсөвт шилжүүлэх 32,386,800 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус эрүүгийн хэрэг нь шүүгдэгч Ц.Д-ын  дансанд хийгдсэн аудитын дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд Ц.Д-ын  хууран авч ашиглаж байсан миний болон охин Ш.Б тэй хамтран эзэмшдэг дансанд огт аудитын дүгнэлт хийгдээгүй бөгөөд бид эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа өөрсдийн дансанд тухайн хэрэгт дүгнэлт гаргасан Дөлгөөн хайрхан Уул аудит ХХК-д хандан аудитын дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлтээр миний болон охин Ш.Б тзй хамтран эзэмшдэг дансанд аудитын дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Ц.Д-ын  дансанд хийсэн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай болохыг тайлбарласан байдаг. Одоо Д.М гээс 50,800,000 төгрөг, С.Б оос 15,500,000 төгрөг, Д.Д гээс 11,950,000 төгрөг, Т.Д гээс 18,000,000 төгрөг гаргуулмаар байна. Миний бие эрүүгийн хэргийн шатанд хууль зүйн мэдлэггүйгээсээ болж мөрдөгч, прокурор үнэнийг тогтооно гэж хэт их итгэж байснаасаа болоод өмгөөлөгч авалгүй хэргийн бодит үнэнийг тайлбарлаж нотлох баримтыг гаргаж өгч чадаагүйгээсээ байсан болж Ц.Д ыг бусдад болон хариуцагчид өр өглөгөө өгөхдөө миний дансны картыг авч ашиглаж байсан дансаараа дамжуулан хариуцагчдад өгсөн мөнгийг мөрдөн байцаагч нар миний дансны зарлагыг шалган тогтоож миний данснаас хариуцагчдын дансанд шилжин орсон мөнгийг шалгаж хасаагүй. Зөвхөн Ц.Д ын дансыг миний данстай харилцан орлого зарлагыг шалган Ц.Д аас миний дансанд бэлэн оруулсан орлого зарлага дүгнэсэн. Аудитын дүгнэлтээр миний бие Ц.Д аас илүү мөнгө авсан болж харагдаж шүүхийн тогтоол дээр байгаа Ц.Д д мөнгөө өгч хохирсон гэх хохирогч нарт төлбөр төлөхөөр болж шийдвэрлэгдсэн. Шүүхийн тогтоол дээр байгаа хохирогч нарт нийт төлөх 176,000,000 төгрөг болохоор Ц.Д  нь миний картыг барьж байхдаа өөрийн данснаас миний данс руу мөнгө шилжүүлэн орж ирсэн мөнгийг тэр дор нь миний дансны картаар бусдад холбон хариуцагчид өгсөн байдаг болохоос миний дансанд байршин үлдээгүй. Миний бие захиран зарцуулаагүй мөнгө. Иймд мөрдөн байцаагч дээр тэмдэглэл хөтлөгдөн шалгагдаагүй юм. Би энэ хариуцагч нарыг сайн мэдэхгүй, би өөрөө мөнгө шилжүүлээгүй, Ц.Д  миний картыг ашиглаж энэ хүмүүст мөнгө шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгө нь хохирогч нарын л мөнгө байх, миний мөнгө байгаагүй гэж мэдүүлсэн. Энэ нь эрх зүйн мэдлэггүйн улмаас ийм тайлбар өгсөн. Агуулгаараа уг дансанд байсан мөнгө минийх биш боловч бас авсан, эргүүлж шилжүүлсэн мөнгө бас минийх биш. Гэхдээ Эрүүгийн хэргийн шүүх миний дансаар орсон л бол намайг авсан гэж үзсэн. Уг нь би аваагүй. Гэхдээ би төлөхөөр болсон. Тэгвэл аваагүй мөнгөө төлж байгаа бол тэдгээр хүмүүс нь уг мөнгөө миний дансаар шилжүүлээд авсан байсан. Мөрдөгчийн буруугаас авсан мөнгийг нь дахин төлүүлэхээр гаргасан учраас би тэднээс эргүүлэн нэхэж байгаа. Үүнийгээ шүүхэд зөв ойлгуулж чадсангүй. Энэ нөхцөл байдлыг манай өмгөөлөгч Л.Батжав шүүх хурал дээр дараах байдлаар хэлсэн. Энэ хэрэг дээр данс эзэмшигч нь Ш.Б , Ц.Ш  гуай мөн үү гэвэл мөн. Энэ 2 хүний данснаас эдгээр хариуцагчийн дансанд мөнгө орсон уу гэвэл орсон. Хариуцагч нарт мөнгө өгөх ямар нэгэн үүрэг байхгүй. Тийм учраас буюу мөнгө орсон учраас эдгээр улсууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иргэний хуульд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Учир шалтгааны хувьд яг ийм шалтгаанаар өмнө нь хариуцагчдын тайлбарт өгөгдөөд байгаа өмнөх эрүүгийн хэрэг шийдэхэд яг л Ц.Ш ын дансанд мөнгө орсон учраас энэ хүн иргэний хариуцагчаар төлөх ёстой гэдэг шийдвэр гарсан. Түүний урвуу хамаарлаар орсон өгсөн хүмүүсээсээ мөнгөө авъя гэдэг зүйл ярьж байгаа. Дээрээс нь шүүх бүрэлдэхүүн сая аудитын дүгнэлтийг үнэлэхгүй гэж хэлээгүй. Гагцхүү Ц.Ш , Ш.Б  нарын энэ хэрэг зориулж хийсэн аудитын дүгнэлт биш гэж үзэж байх шиг байна лээ. Нотлох баримтаар нь үнэлээд үзэх юм бол энэ нь өөрөө яалт ч үгүй бусдад төлөх төлбөр энэ улсад өгсөн мөнгийг дахиж өгөхөөр шүүхийн шийдвэр дээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр дурдагдаад гарчихсан зүйл. Тэгээд шударга ёсонд авсан мөнгөө дахиад авч болдог юм уу. Үгүй юм уу гэдэг асуудал яриад байгаа ийм л зүйл. Тэгээд энэ бол тайлбар байлаа. Тэгээд үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр баримтаа гаргаад өглөө. Хариуцагч нар түүнийг няцаах баримт гаргаж өгсөнгүй. Энэ мөнгийг эргүүлж өгсөн гэдэг зүйл ярьсангүй. Тийм учраас үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгөхийг хүсье." Гэтэл шүүх миний буруу тайлбарыг үндэслээд намайг хариуцагч нараас мөнгөн хөрөнгө шаардах эрх үүссэн болох нь тогтоогдоогүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэг нь хангагдаж байж нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж дүгнэх боломжтой гэж Иргэний хуулийг буруу тайлбарлаж миний эрхийг зөрчлөө. Миний картыг хүн ашигласныг шүүх тогтоосон. Тэр картад орсон мөнгийг намайг төлөх ёстой гож үзсэн. Тэгвэл миний картад орсон мөнгө эргээд хариуцагч нарын дансанд орсон. Дансанд орсон мөнгийг надаас дахин гаргуулахаар шүүх шийдсэн байхад хариуцагч нартай иргэний харилцаа үүсгээгүй гэж дүгнэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Цаашилбал нэхэмжлэгч Ц.Ш нь хариуцагч нартай ямар нэгэн  гэрээний харилцаанд ороогүй, мөн түүнчлэн гэм хорын шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Миний картыг ашиглаад хүн мөнгө оруулж гаргах үед би мөн л тэдэнтэй гэрээний харилцаа үүсгээгүй. Гэтэл иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн гэж үзээд иргэний хариуцагчаар намайг татсан. Гэтэл одоо болохоор гэрээний харилцаагүй гэж мөн л хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Цаашилбал үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх нь Иргэний хуульд зааснаар хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд буюу өөрөө тухайн хөрөнгийг шилжүүлсэн этгээдэд шаардах эрх үүсэхээр хуульчилсан байх тул надад үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүдэлтэй шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Угаасаа л миний өмнөөс хүн шилжүүлсэн, авсан шүү дээ. Намайг шилжүүлээгүй, аваагүй байхад эрх зүйн харилцааны оролцогч гэж үзсэн байхад одоо намайг өөрөө шилжүүлээгүй гэж буруутгах нь хууль буруу тайлбарласан үйлдэл гэж үзэж байна.

            Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ний өдрийн 314/ШШ2025/00446 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аудитын дүгнэлттэй гарсан мөнгөнүүд хохирлыг буруу гаргаад байсан. Аудитын дүгнэлтээр надад хохирол гарсан байгаа Энэ мөнгө нь бүгд хариуцагчид болон бусадтай гүйцэтгэлийн дансанд орсон. Аудитын дүгнэлттэй дансны хугацаа бүгд батлагдаж байгаа. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 8.1-д заасан үндэслэлүүд байхгүй учраас шаардах эрх үүсээгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг хуулийг буруу тайлбарласан гэж гомдол гаргасан. Энэ хэрэгт нэхэмжлэгчийн картыг ашигласан байдаг. Картаар нь 2 тэрбум гаруй төгрөг оруулж, 2 тэрбум гаруй төгрөг авсан байдаг. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч өөрөө гүйлгээ хийгээгүй гэдгийг хэлдэг. Гэхдээ нэгэнт данс эзэмшигч учраас тухайн дансаар орсон мөнгө бусдад төлөх ёстой, нэхэмжлэгчийн данс руу орсон учраас төлөх ёстой гэж иргэд хоорондын харилцаа бодитоор хүсэж үйлдээгүй боловч банкны данс эзэмшигчийн харилцаа үүссэн гэж нэхэмжлэгчээс 190,000,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нэг талаасаа шүүх нэхэмжлээд байгаа хүмүүстэй  иргэний эрх зүйн харилцаанд орсон учраас чи тэр мөнгийг нь буцаагаад өг гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тэгвэл анхан шатны шүүх эсрэгээрээ ороогүй байна гээд дүгнэсэн. Картад орсон мөнгийг буцаагаад өгсөн байдаг. Аудитын дүгнэлт хийхдээ мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж шинжээч томилсон гэж шинжээч биш болж зөвхөн нэг талын данс буюу нэхэмжлэгч нарын дансыг биш зөвхөн Ц.Д  гэдэг хүний дансыг шалгаад түүнээс гарсан гүйлгээг нь шалгаагүйн улмаас 198,000,000 төгрөгийн асуудал үүссэн. Хууль зүйн хувьд шүүх нь иргэд хоорондын харилцаа үүссэн үзсэн. Тийм учраас чи энэ мөнгийг төлөх ёстой гэж үзээд байдаг, нөгөө шүүх нь харилцаа үүсээгүй гээд байгаа. Нэхэмжлэгч өөрийгөө шүүхэд буруу ойлгуулаад анхан шатны шүүх дээр энэ мөнгө миний мөнгө биш гээд хэлсэн. Бодит байдал дээрээ бусдад төлөх мөнгө нь ч энэ хүний мөнгө биш, нэхэмжлээд байгаа мөнгө нь ч энэ хүний мөнгө биш гэдэг нь үнэн. Нэгэнт данс эзэмшигч гэдэг нь дансаар орсон, гарсан бүх мөнгө энэ хүн хариуцагч гээд татсан байгаа учраас өгсөн мөнгөө буцаагаад авах тухай асуудал болон өгөхгүй байх тухай асуудал яригдаж байна. Мөнгө өгсөн байхад дахин мөнгийг төлүүлэх тухай асуудал яригдаж байна. Нэг хүнд хоёр мөнгө өгч болохгүй, ийм л агуулгатай байгаа юм. Төлөхөөр гарсан мөнгийг төлсөн, хөрөнгөжсөн гэж үзэж байна. Хариуцагчийн дансанд мөнгө орсон учраас 2 дахин төлөх болсон учраас мөнгийг гаргуулж өгөх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх зөв дүгнэж чадаагүй, хуулийг буруу тайлбарласан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

11. Хариуцагч Д.М  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Би нэхэмжлэгчийг танихгүй. Би энэ хүний данс руу мөнгөө хийсэн зээлүүлсэн. Тухайн хүн рүү нь эргүүлээд бизнес хийж байгаа юм гээд мөнгийг хийнэ гэж хэлээд хугацаандаа мөнгөө хийсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс аудитын дүгнэлтийг ганцхан нэг талаас барьсан гэж өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Нөгөө хүмүүсийг би үнэндээ мэдэхгүй байна. Аудитын дүгнэлтийг миний данс болон Ц.Д  бид хоёрын дансанд хийсэн. Ц.Ш гэдэг хүний данснуудаар Ш.Б  гэдэг данснаас 50,800,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэсэн аудитын дүгнэлтийн дүгнэлт гарсан. Тухайн үедээ би гэрчийн мэдүүлэг өгч байсан. Би Хаан болон Голомт банкны дансаар мөнгөө авсан, өгсөн бүх баримтуудаа шалгуулаад гэрчийн мэдүүлгээ нэлээд хэд хэдэн удаа өгсөн. Би анхан шатны шүүх хуралдаан дээр бүх зүйлийг үнэн зөвөөр хэлсэн. Мөн 50,800,000 төгрөгийг Ц.Д-д  мөнгөө зээлж 7-н удаагийн гүйлгээнүүдийг хийсэн. Тухайн гүйлгээ нь 2 минутаас 2 цагийн хооронд Ц.Ш гуайн данс руу орсон байдаг. Шилжүүлсэн мөнгийг Ц.Ш гуайн данс руу шилжүүлсэн байдаг. Маш олон 100 хүний дансыг шалгасан байсан. Мөнгийг аваад буцаагаад өгөхдөө баярлалаа гээд өгсөн. Тийм л зүйл болсон байгаа. Миний хувьд ямар нэгэн үндэслэлгүй зүйл яриагүй. Миний дансанд 50,800,000 төгрөгийг хийгээд би түүнийг ашигласан зүйл байхгүй. Тэр хүнд мөнгөө шилжүүлсэн.

Иймд үндэслэл бүхий болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

1. Ц.Ш  , Ш.Б  нар Д.М гээс 50,800,000 төгрөг, С.Б оос 15,500,000 төгрөг, Д.Д гээс 11,950,000 төгрөг, Т.Д гээс 18,000,000 төгрөг, нийт 96,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “... эрүүгийн хэрэг нь Ц.Д-ын  дансанд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэсэн ... миний болон охин Ш.Б тэй хамтран эзэмшдэг дансанд аудитын дүгнэлт хийгээгүй ... эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-д хандан дүгнэлт гаргуулсан ... зөвхөн Ц.Д-ын  дансанд хийсэн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай ... Ц.Д  нь миний ... дансны карт болон охин Ш.Б тэй хамтран эзэмшдэг ... дансны картуудыг ашиглаж ... шилжүүлсэн мөнгө ... буцаж орж ирээгүй тул ... дээрх мөнгийг нэхэмжилж байна...” гэж тайлбарласан. /1-р хавтас 01, 02, 156, 157, 2-р хавтас, 26, 27, 145, 146, 3-р хавтас, 212, 213/

Д.М  “...миний бие Ц.Д ыг ... бизнес хийж байгаа гэсэн болохоор ... тус болох үүднээс зээлүүлж байсан. Тэрээр мөнгөө цаг хугацаандаа өгч байсан... орсон гарсан зарлагаа бүрэн тооцож удаа дараа мэдүүлгээ өгч нэг бүрчлэн шалгуулсан гүйлгээ юм...”, Д.Д  “... Ц.Д  нь дээрх 11,950,000 төгрөгийг надад буцааж өгөөгүй. Энэ нь миний дансны хуулгаар тогтоогдож байгаа...”, Т.Д  “...Миний бие Ц.Д  гэх бүсгүйд залилан мэхлүүлсэн байдаг. Энэ хэргээс болоод миний ээж Ж.Лхамсүрэн бид нар хохирч байна. Энэ Ц.Ш  оос би огт мөнгө аваагүй...”, С.Б  “Миний бие Ц.Д-д  мөнгө зээлж байсан нь үнэн. Надаас мөнгө зээлээд өдөр нь хүүтэй нь өгдөг байсан...” гэх хариу тайлбар тус тус гарган маргажээ. /1-р хавтас, 53-55, 70, 215, 02-р хавтас, 58, 61, 181/

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч Ц.Ш нь өөрийн болон нэхэмжлэгч Ш.Б гийн дансаар хариуцагч нарын дансанд хийсэн зарлагын гүйлгээг өөрөө хийгээгүй ... зарлагын гүйлгээ хийсэн гэх мөнгөн хөрөнгө нь өөрийнх нь хөрөнгө биш, хохирогч нарын мөнгө байсан гэж тус тус тайлбарласан. Үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх нь Иргэний хуульд зааснаар хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд буюу өөрөө тухайн хөрөнгийг шилжүүлсэн этгээдэд шаардах эрх үүсэхээр хуульчилсан байх тул нэхэмжлэгч Ц.Ш  т үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүдэлтэй шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа нэхэмжлэгч, хариуцагч нарт үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ...” гэж дүгнэсэн.

3. Иргэний хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1 Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарынх 17-ны өдрийн 2022/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолоор “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 87 дугаар дүгнэлтийг үндэслэн Ц.Д-ын  ....  тоот харилцах данснаас 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 01-02 сарын дансаар гарсан орлого зарлагын зөрүүг тооцоход Ш.Б гийн ....  тоот дансаар авсан мөнгө 1,862,245,000 төгрөг, өгсөн мөнгө нь 2,066,140,000 төгрөг, зөрүү 203,895,000 төгрөг, Ц.Ш 5561213884 тоот дансаар авсан мөнгө 182,920,000 төгрөг, өгсөн мөнгө нь 187,730,000 төгрөг, зөрүү 4,810,000 төгрөг гэж тооцон, Ц.Ш  ыг өөрийн болон төрсөн охин Ш.Б гийн дансаар нийт 203,895,000 төгрөг /203,895,000+4,810,000/-ийн ашиг, орлого олсон болохыг тогтоосон.

Ингээд Ц.Ш  оос 26,087,500 төгрөгийг хохирогч С.Б т, 15,657,000 төгрөгийг хохирогч Б.Г-д, 23,850,000 төгрөгийг хохирогч Ш.Г-д, 10,000,000 төгрөгийг хохирогч Б.Э-т, 11,300,000 төгрөгийг хохирогч С.Л-д, 23,800,000 төгрөгийг хохирогч Э.Ш-т, 2,440,000 төгрөгийг хохирогч О.О-т, 14,038,500 төгрөгийг хохирогч Г.Г-т, 10,478,000 төгрөгийг хохирогч Т.Д д, 1,640,000 төгрөгийг хохирогч А.М-д, 15,255,700 төгрөгийг хохирогч Д.Д д, 10,071,500 төгрөгийг хохирогч Н.Ө-д, 5,000,000 төгрөгийг хохирогч О.Н-т, 700,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.Б-д, 6,000,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ж.Л-д тус тус гаргуулан олгож, мөн Ц.Ш  оос 32,386,800 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлэн шийдвэрлэж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ДШМ/61 дүгээр магадлалаар энэ шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. /2-р хавтас, 237-263/

Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар тогтоолоор иргэний хариуцагч нараас гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. /2-р хавтас, 231-236/

3.2 Эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа Ц.Д-ын  Ц.Ш  , Ш.Б  нарын картыг ашиглан бусдын данс руу хийсэн орлого зарлагын гүйлгээг түүвэрлэж зөрүүг гаргуулсан гэх “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 144 тоот албан бичиг, хавсралт /1-р хавтас, 31-44/-ын хамт гарсан байна.

4. Гэтэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Ц.Ш, Ш.Б  нарын нэхэмжилсэн нийт 96,250,000 төгрөгийг өмнө нь буюу 2022 онд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 87 дугаар дүгнэлтэд үндэслэн Ц.Ш  , Ш.Б  нарын дансны орлого, зардлыг тооцох байдлаар шийдвэрлэсэн.

Мөн эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 144 тоот албан бичиг болон түүний хавсралтаар Ц.Ш  , Ш.Б  нарын дансны орлого, зарлагын зөрүүг гаргуулсан гэсэн үндэслэлээр дахин иргэний нэхэмжлэл гаргасан байх боловч эрүүгийн хэрэгт ижил үндэслэлээр Ц.Ш  , өмгөөлөгч Л.Батжав нар Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гарган хянуулахад гомдлыг хангаагүй шийдвэрлэж улмаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Дээр дурдсанаар Ц.Ш  , Ш.Б  нарын 2018-2019 оны дансны орлого, зарлагыг тооцон зөрүүг гаргаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна гэж үзэх бөгөөд Ц.Ш , Ш.Б  нар нэхэмжлэлийн үндэслэлийг өөр өөрөөр тодорхойлох нь өмнө гарсан шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул Ц.Ш  ын “шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад Ц.Ш, Ш.Б  нарын нэхэмжлэлийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана гэж, мөн энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно, энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцээгүй байна.

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Ш  , Ш.Б  нарын нэхэмжлэлтэй Д.М , Д.Д , Т.Д , С.Б  нарт холбогдох нийт 96,250,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

7. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ш  ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 853,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж Ц.Ш олгохоор, давж заалдах гомдол үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 639,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 314/ШШ2025/00446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Ш  , Ш.Б  нарын нэхэмжлэлтэй Д.М , Д.Д , Т.Д , С.Б  нарт холбогдох нийт 96,250,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 639,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ш-ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 853,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж Ц.Ш  т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                   ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                                     Л.НЯМДОРЖ