Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01795

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/04981 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,576,173.01 төгрөг, нотариатын зардал 19,500 төгрөг, нийт 17,595,673.01 төгрөг гаргуулах үндсэн,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 162,665 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрийн банкны ******* тоот данснаас интернэт банкаар гүйлгээ хийж өөрийн дансанд байсан 49,320 төгрөгийг бусдад шилжүүлэх явцад банкны интернэт гүйлгээнд алдаа гарсан байдаг. Тус өдрийн 17:27 минутаас 17:35 минутын хооронд 49,320 төгрөгийг 101 удаагийн үйлдлээр, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01:46 минутаас эхлэн 49,320 төгрөгийг 88 удаагийн үйлдлээр, 4320 төгрөгөөр 1 удаагийн үйлдлээр, 44,700 төгрөгийг 14 удаагийн үйлдлээр буюу нийт 204 удаагийн үйлдлээр, банк хоорондын гүйлгээ хийгдсэн учраас бүх шилжүүлэгт 300 төгрөгийн нэмэгдэл 103 удаа буюу 30,900 төгрөг нийт 9,933,080 төгрөг иргэн *******гийн хамаарал бүхий этгээдэд шилжин орсон байдаг. Банк хоорондын гүйлгээ тул хэн рүү шилжүүлсэн нь мэдэгдэхгүй байсан тул *******г дуудаж тодруулахад би, энэ мөнгийг авсан, танай си алдаа учраас өөрийн хамаарал бүхий этгээд хамтран амьдрагч ******* гэх хүний төрийн банкны данс руу шилжүүлсэн, үүнийгээ зөвшөөрнө, cap бүр 500,000 төгрөгөөр төлөх байдлаар барагдуулна гэсэн агуулгатай хүсэлтийг *******гийн хамт бичиж өгсөн. Уг хэрэгт банк *******д холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/01143 дугаар шийдвэрээр ...тус 9,933,080 төгрөгийн зарлага ******* Төрийн банк дахь MNMN******* тоот данс руу орлого болж шилжиж, ******* нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгөөр 1 удаа, 800,000 төгрөгөөр 6 удаагийн гүйлгээгээр нийт 9,800,000 төгрөгийг зарлага гаргасан болох нь Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна. Дээрх баримтууд болон хэргийн нөхцөл байдлыг харьцуулан дүгнэхэд хариуцагч *******гийн эд хөрөнгө нэмэгдсэн зүйлгүй, түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй байна.... хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд шүүхийн хавтаст хэрэгт авагдсан *******гийн Төрийн банкны ******* тоот дансны хуулгаар дээрх мөнгийг ******* авч ашигласан болох нь тогтоогдсон тул энэхүү төлбөрийг *******гаас гаргуулахаар нэхэмжилж байна.

******* нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр банкны интернэт банкаар гүйлгээ хийж өөрийн ******* тоот данснаас 50,100 төгрөгийн гүйлгээг шилжүүлэх явцад алдаа гарсан. Уг алдааны улмаас тус өдрийн 15:00 минутаас 15:21 минутын хооронд 49,859 төгрөгийг 94 удаагийн үйлдлээр мөн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01:46 минутад дахин 999,651 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр, /ухаалаг мэдээ үйлчилгээний хураамж 50 төгрөгөөр 6 удаа, банк хоорондын гүйлгээний хураамж 300 төгрөгөөр 6 удаа буюу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 8,793,258.01 төгрөг *******гийн бусад банкны дансанд шилжигдсэн. Улмаар тухайн үед банкны зүгээс дуудаж уулзахад уг мөнгө дансанд нь шилжигдэн орсныг хүлээн зөвшөөрч cap бүр төлөх байдлаар төлбөрийг төлж барагдуулах хүсэлтийг гаргаж байсан боловч одоог хүртэл төлөөгүй тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. 8,793,258.01 төгрөгийн авлага үүссэнээс хойш ******* нь банканд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 1,003,300 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 146,865 төгрөг нийт 1,150,165 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр болох 7,643,093.01 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй болно.

Банкнаас, 2020 онд *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/Ш32020/13926 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч хаягт байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр *******г эрэн сурвалжилж хаягийг олж тогтоосны дагуу энэхүү төлбөрийг мөн адил *******гаас гаргуулахаар нэхэмжилж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,933,080+7,643,093.01=нийт 17,576,173.01 төгрөг, нотариатын зардалд 19,500 төгрөг, нийт 17,595,673.01 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Банкны тухай хууль мөрдөх ёстой бөгөөд бүртгэл тооцоо хөтлөх программд алдаа гарсны улмаас хасах (-17,576,173.01) дүн үүсэж байгаа бол энэ тухай Монгол банкны хяналт шалгалт, бүртгэл тооцоо, мэдээлэл технологи, аюулгүй байдалд хандаж албан шийдвэр чиг үүрэг авч хяналт тавиулсан байх ёстой.

банканд байх иргэний дебит данс нь хасах үлдэгдэлтэй болох боломжгүй бөгөөд уг асуудлыг зөвхөн банк удирдаж байгаа болно. Тиймээс өөрийн IT - мэдээлэл технологийн газар хэлтсийн алдаа дутагдлыг иргэнээс нэхэмжлэх хуулийн заалт байхгүй. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ. Гэрээнд байхгүй мөнгөн дүнг байх боломжгүй алдаагаар үйлдэнэ гэж заалт оруулаагүй. Банк нь, Банкны тухай хуулиар 7 дугаар зүйлийн 7.4.7-д энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээд, иргэн тухайн банканд хүлээсэн санхүүгийн өр төлбөрөө барагдуулахаас өөрөөр аливаа гүйлгээг Монголбанк зөвшөөрснөөс бусад тохиолдолд хийх гэж заасан байдаг. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт банк нь банк хоорондын гүйлгээгээ Монголбанк дахь харилцах дансаараа дамжуулан хийнэ. Монголбанкнаас зөвшөөрсөн тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасны дагуу төлбөр тооцооны төлөөлөгч дээр байршуулсан дансаар гүйлгээгээ дамжуулж болно.

Тухайн мөнгөн дүн 2015 онд гарсан гэх боловч өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь банк өөрсдийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн, тухайн асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож миний дансыг сэргээлгэж өгнө үү. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна хэмээжээ. 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байх боловч банк нь гэрээг орлох баримт бичгийг үндэслэн нэхэмжлэл гаргахдаа тус хуулийн заалтыг зөрчиж хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үед гэрээний үүрэг хангуулахаар нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

банк нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 61/02/552 дугаартай нэхэмжлэлийн 2-т дурдахдаа ******* тоот данснаас 50,100 төгрөгийн гүйлгээг шилжүүлэх явцад алдаа гарсан хэмээжээ. Гүйлгээний шилжүүлэх эрх, алдааг хариуцах эрх, үүрэг зөвхөн банканд байдаг. Төв банкнаас банк байгуулах зөвшөөрөл авч аливаа төлбөр тооцооны асуудлыг Монгол банкны хяналт шалгалт доор хийж шаардлагатай тохиолдолд төв банкнаас эрх хүлээн авагч хүртэл томилогддог бөгөөд энэхүү төлбөр тооцоо, гүйлгээний алдааны асуудлыг Монгол банк шийдэх ёстой.

банканд учирсан гэх хохирлыг эрсдэлийн сангаас барагдуулдаг. Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах тухай журам-8у 3.5.1.4/2- заалт, банкны ТУЗ-ын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 тоот тогтоолыг үндэслэн эрсдэлийн сан бүхий 721 дансны 2.9 тэрбум төгрөг буюу нийт багцын 0.03%-тай тэнцэх сангаас хорогдуулсан байна.

Тиймээс үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учирсан мэдээлэл технологийн алдаа дутагдлаа, алдаа гаргасан ажилтнаараа залруулж Банкны тухай хууль, Төв банкны тухай хууль, Компанийн тухай хууль болон мэдээллийн технологийн аюулгүй байдлыг мөрдөж зөв зүйтэй нэхэмжлэл гаргаж хариуцагчийг зөв тогтоож хуулийг мөрдөхийг хүсэж байна гэжээ.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь банканд 2012 оны 03 дугаар сарын 6-ны өдөр энгийн харилцах буюу дебит данс нээлгэсэн бөгөөд хэвийн орлого зарлагын гүйлгээ хийж харилцагчийн зүгээс хамтран ажилласан болно. Гэвч банк нь программын алдааны улмаас танд 17,000,000 төгрөгийн битүүмж үүсгэсэн гэж миний дансыг ажиллагаагүй болгосон бөгөөд дансанд байсан 146,865 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 14:55 минутад 2015-улайсан дансны авлагаас хасав гэх утгатай гүйлгээг хийсэн байсныг миний бие 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдсэн даруйдаа нэхэмжлэл гаргаж байна. Харилцагчийнхаа данснаас зөвшөөрөлгүй, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг зөрчиж харилцагчийн даалгавраар бус харилцагчид мэдэгдэлгүйгээр гүйлгээ хийсэн тул 11.5 дахь хэсэгт банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасны дагуу хууль болон журмын бус алдаа гаргаж үндэслэлгүй гүйлгээ хийж өөртөө шилжүүлж авсан нөхцөл байдлыг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр тооцож сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч ******* миний банкны ******* харилцах данснаас үндэслэлгүйгээр хөрөнгөжиж шилжүүлж авсан 146,865 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

банк нь дансны хуулганд өөрчлөлт оруулж 2025 оны 01 дүгээр сарын 24-ний байдлаар хуулганд хасах -17,000,000 гэх дүнг арилгаж дансны үлдэгдэлд +42,228 төгрөг гэж харагдах бөгөөд мөнгөн дүнг зарлагадахад шүүхийн шийдвэргүй, дансны үйлчилгээ үзүүлэх гэрээгүй битүүмжтэй байгаа болно. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ гэж заасан бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байхгүй байхад миний хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс 2017 онд 0.00, 2018 онд 0.00, 2019 онд 1400 төгрөг, 2020 онд 2400 төгрөг, 2020 онд 2400 төгрөг, 2021 онд 2400 төгрөг, 2022 онд 2400 төгрөг, 2023 онд 2400 төгрөг, 2024 онд 2400 төгрөг, 2025 онд 0.00 төгрөг авч нийт 15,800 төгрөгийн хохирлыг данс хөтөлсний шимтгэл нэртэй гүйлгээгээр бий болгож банк үндэслэлгүй зарим жилүүдэд хөрөнгөжжээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг 15,800 төгрөгөөр нэмэгдүүлж, миний банкны ******* харилцах данснаас үндэслэлгүйгээр хөрөнгөжиж шилжүүлж авсан 15,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Иймд нийт 162,665 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

******* тайлбарлахдаа банк үлдэгдэлд тааруулсан гүйлгээ хийнэ гэж байна. Энэ Монголбанкны журамд байгаа үлдэгдэл тааруулсан гүйлгээ хийнэ. Үүний дагуу банк ажилладаг. Гэхдээ 05 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 07-ны шилжих шөнө банкны программын алдаа гарсан. Үүнийг бид өөрсдөө ч хянах боломжгүй алдаа гаргачихлаа ийм учраас энэ хүний данс руу орчхоод байна гээд за тэгээд үүнийх нь дагуу тухайн үед ******* болон ******* нартай манай банкны ажилтнууд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан байгаа. банкны тусгай хэлэлцээрийн газарт ******* ******* данснаас 8,493,659 төгрөг, *******гийн ******* тоот данснаас 9,993,080 төгрөг тус тус Төрийн банкны ******* тоот *******гийн данс руу нийт 18,782,739 төгрөгийг интернэт банкаар шилжүүлэн авсан. Интернэт банкны алдаанаас болж дээрх гүйлгээ хийгдсэн болохоор нийт мөнгөн дүнг сар бүр 500,000 төгрөгөөр бид нар төлж барагдуулна. Уг данснуудад орж ирсэн 18,782,739 төгрөг энэ дансанд байхгүй байсан бөгөөд банкны *******гийн ******* дансанд хасах 8,793,659 төгрөгийн гүйлгээ. *******гийн ******* дансанд хасах 9,993,080 төгрөгийн үлдэгдэлтэй болж Төрийн банкны данс руу 18,000,000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө нь бидэнд орох ёсгүй орлого гээд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нотариатаар орсон байдаг. ******* болон ******* нар гарын үсгээ зурсан. Өөрийнхөн зөвшөөрлийнх дансанд нь орж ирсэн сөрөг нэхэмжлэл буюу 146,865 төгрөгийг сар болгон 500,000 төгрөгийн таталт хийнэ ээ гэж манай банканд хүлээн зөвшөөрснийхөө нь дагуу таталт хийсэн. 300 төгрөгийн данс хөтөлсний хураамж гэж байна. Энэ хүний данс битүүмжтэй байсан ч гэсэн тухайн банкны хөдөлсөн хураамж хийгдэж л байгаа. Дансанд нь орлого зарлагын ямар нэгэн гүйлгээ орсон тохиолдолд энэ хүний дансыг хэн нэгэн банкны программд хөтөлж байгаа. Хөтөлсөн хураамжаа банк авсан үүнийг харилцагчтай байгуулсан гэрээгээр зохицуулагдана. Гэвч 2015 онд *******тай байгуулагдсан харилцах дансных нь гэрээ нь олдохгүй байгаа гэхдээ харилцах дансны гэрээ байхгүй байгаа тохиолдолд данс хэзээ ч нээгдэхгүй тэгэхээр энэ дансыг нээгээд ашиглаж байгаа бол харилцах дансны гэрээн журмын дагуу мөнгөө төл үйлчилгээгээ авч л дуусах боломжтой. Банк өөрөө эрсдэлээ тооцоод өөрөө хариуцна гэж байна. Эзэн холбогдогч нь тодорхой шилжиж орсон, хэний данс руу орсон нь тодорхой байхад ******* өөрөө иргэний журамт үүргээ гүйцэтгэж шилжиж орж ирсэн мөнгийг шууд банк руу шилжүүлэх ёстой байтал банк хариуцна гэж ярьж байгаа нь иргэн хүнийхээ журамт үүргийг биелүүлэхгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байна. Банкны алдаанаас үүдэлтэй гүйлгээг ******* өөрт ашигтай мэт байдлаар ашиглах боломжгүй сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 17,545,273.01 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, *******-д холбогдох, 162,665 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,929 төгрөг, хариуцагч *******гийн /16,459.16+6,000/ 22,459,16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 245,676 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 12,853.16 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж хариуцагчид буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгч нь банкны программын алдааг иргэн *******д хариуцуулан шүүхийн шийдвэртээ алдаанаас үүдсэн хохирлыг надаар төлүүлэхээр болсон. банкны программын алдаанд Монгол банкнаас шинжээч томилуулъя гэх хүсэлтийг хангаагүй. УИХ-ын гишүүн *******д хүртэл банкны системийн алдааг иргэн, харилцагчид даалгаад байна. Монголбанкны ерөнхийлөгчөөс энэ хэний буруутай үйлдлээс болоод дансандаа ямар ч мөнгөгүй байхад байхгүй мөнгө шилжээд байгаа асуудлыг тодруулахаар хүсэлт өгч шүүгч шүүгчид таныг шинжээч томилохгүй болохоор бид гишүүнээр ийм албан бичиг бэлдүүлээд илгээсэн хариу нь хэрэгт ач холбогдол өгөх тул хурлын товыг өөрчлөхийг хүсэхэд мөн адил нэг талыг бариад шийдвэрээ гаргасан.

Шүүгч банканд үйлчлээд илтэд давуу байдлыг албан тушаалаа урвуулан ашиглаад байгаа тухай Авлигатай тэмцэх газарт өгөхөд шүүхийн сахилгын хороонд өг гээд миний бие 4 удаа Шүүхийн Сахилгын хороонд өгөхөд шүүгчид бие биенээ мэддэг учраас ямар ч арга хэмжээ аваагүй.

Энэ асуудал улс төрийн байдлаар шийдэгдэж нэг өдөр Монголбанкнаас хариуг банкны программын алдааны тухай хариу өгнө. Тэрхүү мөнгийг ******* төлөх биш Банкны тухай хуульд зааснаар банк программаа хариуцна, дансан дахь үлдэгдэлд тааруулж гүйлгээ хийнэ гэх хариуг өгнө. Энэ үед шүүхэд шинээр тогтоогдсон баримтаа үндэслээд шинэчлэн судлагдах хүсэлт ахиад л явах учир анхан шатны шүүх дээр энэ асуудлыг нэг мөр шийдмээр байна.

Миний бие шүүгч дээр регрессийн шинжилгээ хийхэд график хасахруу орсон буюу илтэд банканд үйлчилсэн нь тогтоогдсон. Тиймээс ARCH коэффициент хийж залруулахын тулд Шүүхийн Сахилгын хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Ерөнхий шүүгчид гомдол гаргаад амжилт олоогүй. Шүүх засаглал үнэн бодит зөв шүүдэг эсэх асуудал хөндөгдөж байна. Тиймээс шүүхийн шинжилгээгээр банкны систем, төлбөр тооцоо, банк хоорондын гүйлгээний асуудлыг Монголбанк төв банк хариуцах юм уу, эсвэл шууд иргэний шүүхээр иргэнд бурууг нь үүрүүлээд аж ахуй нэгжээ дэмжээд явах юм уу, үнэн зөвийг дэнслэхийн тулд Шүүхийн тухай хуульд заасан баримтлан шүүхэд үнэн зөвөөр мэтгэлцэх, нотлох боломжууд гарч ирэх ёстой.

Иймд, давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Миний бие Монгол банкнаас УИХ гишүүнд хандаж өгөх албан бичиг зэргийг үндэслэн шүүхэд банк нь программаас гарсан алдааг стандарт бус гэрээ ч биш албадан 10 жилийн өмнө бичүүлсэн гар бичмэлийг үндэслээд хөөн хэлэлцэх хугацаа дуусчхаад байхад нотлох боломж, шүүхээр нотлох баримт гаргуулах боломж олголгүйгээр буруугүй иргэнд хохирол үүрүүлсэн асуудлыг шийдмээр байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс шинжээч томилоогүй, мэтгэлцэх зарчмаар хангаагүй гэх агуулгаар гомдол гаргасан. Шинжээч томилох асуудалд ******* манай алдаа бөгөөд манай буруутай үйл ажиллагаанаас болоод *******гийн данс руу хасах гүйлгээ хийгдээд мөнгө орсон талаар хэлсэн. Анхан шатны шүүхэд энэ асуудлыг шүүх хуралдаан бүрээр шийдвэрлээд явсан. Анхан шатны шүүх *******г мэтгэлцэх эрхээр нь хангаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Шүүх *******г бүх эрхээр нь хангасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн бүх эрхээр нь хангаж ажилласан. ******* эсрэгээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан бүх үндэслэлээр шүүгчээс татгалзсан. Шүүгчээс татгалзсан үндэслэлийг Ерөнхий шүүгч шийдвэрлээд захирамж гаргасан. Ерөнхий шүүгчийн захирамжууд хэрэгт авагдсан. Энэ асуудалд эрхээр хангаагүй гэсэн ойлголт огт байхгүй. 2 хавтаст хэргийн бүхэл бүтэн нэг хавтаст хэрэг нь *******гийн хүсэлтийг шийдвэрлэсэн хүсэлт, захирамжууд байдаг. Мөн 2023 оны 12 дугаар сард иргэний хэрэг үүссэн бол 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* бүх хүсэлтүүдээ шийдвэрлүүлж, бүр эрхээр хангуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Мөн энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан. Шүүхийн шийдвэрт энэ талаар тусгасан. Нэхэмжлэгч ******* 2015 оноос хойш чимээгүй байсан атлаа одоо надаас мөнгө нэхээд байна гэсэн утга агуулга бүхий тайлбарыг хариуцагч хэлсэн. *******тай тухайн үед хамтран амьдарч байсан *******д холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тэр үед нэхэмжлэл гаргаж байсан. 2020 онд *******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоод 2022 онд эрэн сурвалжлуулаад 2023 онд хаягийг нь тогтоосны үндсэнд 2023 оны 11 дүгээр сард манайх нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй. Аливаа хүн буруутай үйлдэл гаргасан бол хариуцлагаа хүлээх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,576,173 төгрөг, нотариатын зардал 19,500 төгрөг, нийт 17,595,673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, 162,665 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ******* нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр банкны өөрийн ******* тоот данснаас интернэт банкаар гүйлгээ хийж өөрийн дансанд байсан 49,320 төгрөгийг бусдад шилжүүлэх явцад банкны интернэт гүйлгээнд алдаа гарч тус банкны мөнгөн хөрөнгөнөөс 9,933,080 төгрөг *******гийн хамаарал бүхий этгээд болох *******гийн дансанд шилжсэн, мөн хариуцагч ******* нь банкны өөрийн ******* тоот данснаас 50,100 төгрөгийг шилжүүлэх явцад мөн алдаа гарч, улмаар Төрийн банкны ******* тоот дансанд нийт 8,793,258.01 төгрөг *******гийн дансанд шилжсэн, нийт 18,726,338.01 төгрөгөөс 1,150,165 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 17,576,173.01 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлажээ.

 

1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Банкны бүртгэл тооцоо хөтлөх программд алдаа гарсны улмаас хасах дүн үүсэж байгаа бол энэ тухай Монгол банкны хяналт шалгалт, бүртгэл тооцоо, мэдээлэл технологи, аюулгүй байдалд хандаж хяналт тавиулсан байх ёстой боловч банк өөрсдийн алдааны тухай мэдэгдээгүй тул шүүхээр бус Төв банк асуудлыг шийдвэрлэх ёстой. Мөн өөрийн мэдээлэл технологийн газар хэлтсийн алдаа дутагдлыг иргэнээс нэхэмжлэх хуулийн заалт байхгүй. Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлэх тул шаардах эрхгүй, тухайн мөнгөн дүн 2015 онд гарсан гэх боловч өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул банк өөрсдийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Түүнчлэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гүйлгээний шилжүүлэх эрх, алдааг хариуцах эрх, үүрэг зөвхөн банканд байдаг тул энэхүү төлбөр тооцоо, гүйлгээний алдааны асуудлыг Монгол банк шийдэх ёстой. банканд учирсан гэх хохирлыг эрсдэлийн сангаас барагдуулдаг тул үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан банкны нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар зөв үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. *******гийн эзэмшлийн банкны ******* тоот данснаас 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17:27 цагт 49,320 төгрөгийг шилжүүлэх явцад олон удаагийн давтамжтай үйлдлээр буюу 17:27 цагаас 17:35 цагийн хооронд 49,320 төгрөг нь 101 удаагийн гүйлгээгээр 4,981,320 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01:46 цагаас эхлэн 49,320 төгрөг нь 88 удаагийн гүйлгээгээр нийт 4,340,160 төгрөг, 01:46 цагт 4,320 төгрөг нэг удаа, мөн 44,700 төгрөг 14 удаагийн гүйлгээгээр нийт 625,800 төгрөг, буюу нийт 9,951,600 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь *******гийн дансны хуулгаар тогтоогджээ.

Мөн дээр дурдсан шилжүүлэг тутамд банк хоорондын гүйлгээний хураамж 300 төгрөгийг 103 удаагийн гүйлгээгээр 30,900 төгрөг буюу *******гийн банкны дансаар нийт 9,982,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. /1хх12-17/

 

2.2. *******гийн банкны ******* тоот данснаас шилжүүлсэн дээрх гүйлгээ нь хариуцагч *******гийн Төрийн банкны ******* тоот дансанд 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд 49,320 төгрөг 101 удаагийн гүйлгээгээр 4,981,320 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 49,320 төгрөг 88 удаагийн гүйлгээгээр нийт 4,340,160 төгрөг, нэг удаагийн гүйлгээгээр 4,320 төгрөг, мөн 44,700 төгрөг 14 удаагийн гүйлгээгээр 625,800 төгрөг, бүгд 9,951,600 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна./1хх 88-90/

 

2.3. Хариуцагч *******гийн банкны ******* тоот өөрийн дансаар дамжин 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 минутаас 15:21 минутын хооронд 49,859 төгрөг 94 удаагийн гүйлгээгээр нийт 4,686,746 төгрөг, мөн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01:46 минутад дахин 999,651 төгрөг 5 удаагийн гүйлгээгээр нийт 4,998,255 төгрөг, бүгд 9,685,001 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Мөн ухаалаг мэдээ үйлчилгээний хураамж 50 төгрөгөөр 6 удаа, банк хоорондын гүйлгээний хураамж 300 төгрөгөөр 6 удаа буюу *******гийн банкны данснаас нийт 9,793,300.7 төгрөгийн гүйлгээ хийгджээ./1хх-18-20/

 

2.4. Хариуцагч *******гийн дээр дурдсан банкны ******* тоот данснаас шилжүүлсэн дээрх гүйлгээ нь түүний Төрийн банкны ******* тоот дансанд 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 49,859 төгрөг 94 удаагийн гүйлгээгээр нийт 4,686,746 төгрөг, мөн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01:46 минутад дахин 999,651 төгрөг 5 удаагийн гүйлгээгээр нийт 4,998,255 төгрөг, бүгд 9,685,001 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна./1хх88-90/

 

2.5. Хариуцагч *******гийн Төрийн банкны ******* тоот данснаас 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 595,000 төгрөг, 947,000 төгрөг, 1,147,000 төгрөг, 950,042.76 төгрөг, 46,700 төгрөг, 4,800,000 төгрөг /800,000 төгрөг 6 удаа/, 180,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 4,800,000 төгрөг/800,000 төгрөгөөр 6 удаа/, 54,600 төгрөг, 16,100 төгрөг, 28,300 төгрөгөөр, нийт 19,564,742 төгрөгийн зарлагын гүйлгээг хийгдсэн байна./1хх88-90/

 

2.6. *******, ******* нар нь банкны тусгай активын газарт хандан Жавхлангийн ******* тоот данснаас 8,793,659 ******* ******* тоот данснаас 9,993,080 төгрөг тус тус Төрийн банкны ******* ******* данс руу нийт 18,782,739 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. Интернэт банкны алдаанаас болж дээрх гүйлгээ хийгдсэн болно. Нийт мөнгөн дүнг сар бүр 500,000 төгрөгөөр тооцон төлж барагдуулна. Жич: ******* *******, ******* ******* тоот уг данснуудад 18,782,739 төгрөг байхгүй байсан бөгөөд банкны ******* данс нь хасах-8,793,659 төгрөг, ******* данс нь хасах -9,993,080 төгрөгийн үлдэгдэлтэй болж Төрийн банкны ******* тоот дансанд 18,782,739 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө нь бидэнд орж ирэх ёсгүй орлого болно. *******, *******. 2025.09.11 гэсэн баримтыг гараар үйлдсэн байна./1хх11/

 

3. Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч банкны интернэт банкны гүйлгээний системд алдааны улмаас ******* болон хариуцагч ******* нарын эзэмшлийн дансаар орлогын гүйлгээ хийгдэж улмаар хариуцагч *******гийн эзэмшлийн Төрийн банкны ******* тоот данс руу шилжиж орсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан банк, Төрийн банкны дансны хуулгуудаар тогтоогджээ.

 

3.1. *******гийн эзэмшлийн банкны ******* дугаартай дансанд 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн15:36 цагийн үлдэгдэл 49,420 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч *******гийн Төрийн банкны дансны үлдэгдэл 59,968 төгрөг байх үеэс нэмэгдэж дээр дурдсан гүйлгээнүүд шилжин орж ирсэн болох нь банкны болон Төрийн банкны дансны хуулгуудаар тогтоогдсон байна.

Тодруулбал, хариуцагч *******гийн Төрийн банкны ******* тоот дансны үлдэгдэл 59,968 төгрөг байхад 2015 оны 05 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд нийт 19,636,601 төгрөгийн орлого орж, хариуцагч нь 19,564,742 төгрөгийн зарлагын гүйлгээг хийсэн байна.

 

3.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан. Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас дээрх үндэслэлгүй хийгдсэн гүйлгээний орлогыг буцаан шаардах эрхтэй.

 

3.3. Хариуцагч нь Банкны системийн алдааны улмаас бусдын данс руу мөнгөн хөрөнгө шилжсэн асуудал нь банкны өөрийн буруутай үйлдэлд хамаарах учир тухайн хөрөнгийг хариуцах үндэслэлгүй Төрийн банкин дахь мөнгөн хөрөнгийг ******* өөрийн данснаас гаргаж авсан, захиран зарцуулсан болохыг нотлох баримтгүй, уг мөнгөн хөрөнгийг Төрийн банкны данснаас хариуцагч ******* аваагүй тул хариуцах үндэслэлгүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтгүй байна.

 

3.4. Тодруулбал, хариуцагч нь Төрийн банкны өөрийн эзэмшлийн дансанд орлого болж орсон гүйлгээний зарлагыг хийгээгүй гэх тайлбар нь нотлох баримтгүй байна. Түүнчлэн, Төрийн банкны 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04/1050 дугаартай албан бичгээр 2015 оны 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдийн зарлагын гүйлгээний дүрс бичлэгийг шалгуулах тухай *******гийн хүсэлтэд АТМ төхөөрөмжөөр хийгдсэн гүйлгээний лог, зураг, дүрслэл зэрэг цахим мэдээллийг ажлын 30 хоногт хадгалдаг тул уг бичлэгийн хадгалах хугацаа дууссан, сэргээгдэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байх бөгөөд энэ нь хариуцагчийн татгалзлыг үндэслэх нотлох баримт болохгүй.

 

3.5. Мөн түүний Төрийн банкны эзэмшлийн данснаас зарлагын гүйлгээг хэн нэгэн этгээд хийсэн эсэх талаар банк болон эрх бүхий бусад этгээдэд хандсан тухай нотлох баримтгүй байна. Харин, хариуцагч ******* Төрийн банкны ******* тоот дансанд 18,782,739 төгрөг орж ирснийг хүлээн зөвшөөрч, уг мөнгө нь түүнд орж ирэх ёсгүй орлого байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн байна. Уг баримтыг нэхэмжлэгч талаас хүчээр далайлгаж хийлгэж авсан гэх боловч уг баримтыг үгүйсгэх, няцаах нотлох баримтгүй байна.

 

4. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч *******г дээрх 17,545,273 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 103 удаагийн банк хоорондын шилжүүлгийн хураамжийн 30,900 төгрөг болон нотариатын зардал 19,500 төгрөг, нийт 50,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр дүгнэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй орхигдуулсан байх тул энэ талаарх өөрчлөлтийг оруулна.

 

6. Хариуцагчийн гаргасан 162,665 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд энэ талаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.

 

7. Хариуцагчаас банкны программын үйлдэлд шинжээчийн дүгнэлт гаргуулж, хэний буруугаас программ эвдэрсэн, эсхүл мэдээлэл технологийн ажилтны буруутай үйлдэл, эсхүл удирдлагын буруутай үйлдэл мөн эсэхийг, мөн уг алдааг хэн хариуцах үүрэгтэйг шинжээч томилж тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба анхан шатны шүүхээс хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийн зорилго болон шинжээчээр тогтоолгох гэж буй зүйл нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралгүй гэх үндэслэлээр түүний хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд нийцсэн байна. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын нотлох баримт бүрдүүлэх цуглуулах тухай хүсэлт нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай хамааралтай, нотолгооны ач холбогдолтой байх учиртай тул уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

8. Мөн, хариуцагч нь УИХ-ын гишүүнд хандан банкны программын алдааны талаар бичсэний дагуу Монгол банкнаас хариу ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй. Учир нь нэхэмжлэгчийн уг хүсэлт нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад мөн хамааралгүй, ач холбогдолгүй байх тул уг гомдол үндэслэлгүй.

 

9. Хариуцагчийн гаргасан 10 жилийн өмнө бичүүлсэн гар бичмэлийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нотлох боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй. Учир нь, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэсэн заалтад хамаарах талаар анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хариуцагчийн *******-тай байгуулсан данс эзэмших гэрээтэй холбоогүй, гэрээний бус үүрэгт хамаарах шаардлага тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт хамаарахгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх гомдол үндэслэлгүй.

 

10. Шүүх, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/04981 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 17,545,273.01 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 50,400 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч *******гийн нэхэмжлэгч *******-д холбогдуулан гаргасан 162,665 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,676 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ