| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0089/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/84 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/84
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Аийн Тд холбогдох эрүүгийн 1917001480077 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Аийн Т /РД:ЕЙ/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1982 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дээд боловсролтой, инжинер, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч А.Т нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, төмөр замын 77 дугаар байрны гадаа иргэн М.Гтай маргалдан, улмаар түүний толгойн тус газар чулуугаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч А.Т нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, төмөр замын 77 дугаар байрны гадаа иргэн М.Гтай маргалдан, улмаар түүний толгойн тус газар чулуугаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1 Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гар утсаа Гд үлдээчихсэн байсан. Тэгээд гэрт нь очиход О орон дээрээ унтаж байсан. Тэгээд сэрээх санаатай М гэж дуудахад 00-ын өрөөнөөс Г гарч ирсэн. Г манайхаас гар ах, хүүхдүүд унтаж байна гэсэн. Тэгээд гэрийнх нь үүдэнд гадаа гарч маргалдсан. Гадаа гараад намайг түлхээд унагаачихаар нь газраас чулуу аваад Гыг айлгах санаатай цохиход У ахаа та намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд толгойноос нь цус гарахаар нь би гэр лүүгээ харьсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал 17 цагийн үед манайд нэг хүн орж ирсэн. Манай хүргэн ахыг М гэдэг юм. Тэр хүн М, М гээд дуудаад байхаар нь би 00 өрөөнөөс хэн бэ М ах унтаж байгаа гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн надад хандаад хэн бэ лалараа гэсэн. Тэгэхээр нь хэн юм бол гэж бодоод 00 өрөөнөөс гараад ирсэн. Тэгтэл манай байрны ах Т ороод ирсэн байсан. Т ах намайг харчихаад чи муу надад томордог болсон уу, чи олон нийтийн цагдаа болохоороо томордог болсон юм уу гэсэн. Тэгэхээр нь би Т ахыг гэрээс гар гээд хамт гарсан. Гэрийн гадаа гараад чи муу ийм зан гаргадаг болсон уу гээд салаавч хуруу гаргаад миний аманд тулгаад байсан. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд цааш нь түлхсэн чинь газраас 2 гартаа чулуу атгаад бариад авахаар нь би зөрүүлээд газраас чулуу авсан. Т ах чи муу чулуу барьдаг болсон уу гэхээр нь би чулуугаа хаясан. Тэгтэл Т ах над руу чулуутай 2 гараараа саваад өөдөөс дайраад ирсэн. Тэгэхээр нь би баруун гараараа зүүн гарыг нь хаасан. Тэгтэл Т ах баруун гартаа барьсан чулуугаар миний толгойн орой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд намайг цохисон чулуугаа зүүн урагш шидсэн. Миний толгойн дух хэсэг рүү нойт оргиод ирэхээр нь гараараа арчаад үзсэн чинь цус гарч байсан. Тухайн үед манай хажуу айлын Г эгч болиоч гээд хашгирсан чинь Т ах гэр лүүгээ гүйгээд явсан. Т ах бид хоёр урд нь маргалдаж муудаж байгаагүй. Бид хоёрын дунд урдын өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Миний толгойн орой хэсэгт хуйх язарсан байна. Өөр гэмтэл байхгүй. Т ах архи уусан согтуу байсан. Энэ гэмтлүүдийг Т ах надад учруулсан. Урд надад ямар нэгэн гэмтэл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-14 хуудас/
1.3. Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 77 дугаар байрны 2 тоотод гэртээ байж байгаад гараад иртэл манай хажуу айлын Г, мөн хажуу байрны Т нар хоорондоо маргалдаад зогсож байсан. Т архи уусан байдалтай байсан. Т Гд хандаад чи намайг яагаад оруулахгүй гээд байгаа юм би ороод Отай уулзах гээд байна гэж хэлсэн. Г Тд хандаад чамайг оруулахгүй гээд байна зайл гээд байсан. Тэгсэнээ Г газраас чулуу аваад гартаа браихаар нь би хажуунаас нь чи цагдаа хүн байж чулуу мод бариад яах гээд байгаа юм бэ чи зохицуулаад Оыг унтаж байгааг нь харуулаад явуулчихаач зодолдож ноцолдоод байх юу байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Г гарт байсан чулуугаа хаясан. Нэг харахад Т гэр лүүгээ явж байсан. Г толгойноос цус гарсан гэрийн үүдэнд хүрээд ирсэн. Т, Г нар удаан бол муудалцаагүй. Би Гыг хэн цохисныг хараагүй. Тэр хоёрыг бие биенээ цохичихно гэж бодоогүй. Тэр хоёрын хажууд өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/
1.4. Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 256 дүгээр дүгнэлтэнд: М.Гын биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 20 хуудас/
1.5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-5 хуудас/
1.6. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /х.х-ийн 6-8 хуудас/
1.7.Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 10 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч А.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Т нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч М.Гын хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч А.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тийн хувьд хүнтэй эвсэг харьцаатай. Хошин марзан зантай. Элдэв янзын ааш зан байхгүй. Тийг хүнтэй муудалцаж байхыг хараагүй. Гыг буруу харьцсанаас болж ийм асуудал боллоо гэж бодож байна. Түүнээс хүн цохиж зодох хүн биш ээ.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/
2.2. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Т ахын хувьдхүнтэй нийтэч харьцаатай. Олны дунд биеэ зөв аваад явчихдаг. Хүнтэй харьцаа сайтай. Сургуульд байхдаа онц сурдаг байсан. Этгээд янз бүрийн ааш зан байхгүй төлөв хүн байгаа юм. би урд хүнтэй муудалцаж маргалдаж байхыг нь хараагүй. Аль болохоор хүнтэй учраа олоод харьцдаг. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/
2.3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүд /х.х-ийн 26-27 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 50 хуудас/
2.5. А.Тийн Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, Бакалаврын дипломны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 52-56 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Тийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11,5х8,5 см хэмжээтэй чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.Тд нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11,5х8,5 см хэмжээтэй чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч А.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ