| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 314/2024/00205/и |
| Дугаар | 204/МА2025/00026 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 204/МА2025/00026
2025 11 13 204/МА2025/00026
“И” ХХК , В.С нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч “И” ХХК , В.С нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Э-т холбогдох,
Гэм хорын хохирол нийт 85,644,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “И” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан /цахимаар/, хариуцагч Ц.Э , хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “И” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцангийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зам тээврийн осол гарахад тухайн тээврийн хэрэгсэл “Г” ХХК -ийн өмчлөлд байсан. Тухайн цаг үед “Г” ХХК -иар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Shaanxi shacman Х-3000 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч В.С ийн нөхөр Ц.Э нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цагаан хаднаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын бичигтийн боомт хооронд тээвэрлүүлэхээр Ц.Э-т ой тохиролцсон. Гэм хор учирсан автомашин нь тухайн цаг үед ... улсын дугаартай байсан. Өнөөдрийн байдлаар “И” ХХК -ийн өмчлөлд шилжиж, тээврийн хэрэгслийн дугаар нь 53-58 СҮҮ гэсэн улсын дугаартай болсон. Энэ нь 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ шилжсэн.
Дээрх тохиролцооны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цагаан хаднаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум хүртэл Ц.Э тээврийн хэрэгслийг жолоодон хүргэж өгч ажлын хөлсөнд 1,200,000 төгрөг төлөхөөр болж хариуцагчид 300,000 төгрөгийг урьдчилгаа өгсөн. Гэтэл хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт shaanxi shacman Х-3000 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа мөн манай “Г” ХХК -ийн өмчлөлийн машин байсан 60-94 УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасан.
Сүхбаатар аймгийн замын цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шийтгэлийн хуудсаар Ц.Э ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан.
2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Онцгой Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар shaanxi shacman Х-3000 маркийн автомашинд 76,094,000 төгрөгийн хохирол учирсан. Мөн үнэлгээний төлбөр 3,250,000 төгрөг, нийт 79,334,000 төгрөгийн хохирол учирсан. Дээр нь гэм хор учирсан тээврийн хэрэгсэл нь нүүрс тээврийн боксыг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Б” ХХК -иас нэг ширхгийг нь 1,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод 4 ширхэг бокс түрээсэлж тавьсан байсан. 1 тээврийн хэрэгсэлд 2 ширхэг бокс суулгасан. Гэтэл зам тээврийн осолд орсны улмаас ашиглах боломжгүй болж хий түрээсийн төлбөр төлсөн. Боксын үнийг 2025 оны 6 дугаар сарыг хүртэл төлсөн байсан. Энэ дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй. Зөвхөн 2 сарын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг нэхэмжилсэн. Осолд орсон тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу тээвэрлэхэд авто кранаар ачуулсан. Энд зөвхөн ачилтын хөлс 300,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн хөлс, зардал гэх бусад зүйлийг шаардаагүй. Ингээд автомашины хохирол 79,334,000 төгрөг, бокс түрээсийн 6,000,000 төгрөг, кранаар өргүүлсэн зардал 300,000 төгрөг, нийт 85,644,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч В.С ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би 2023 оны 8 дугаар сард анх нүүрс тээврийн машин авч явуулахад амжилттай сард 20,000,000-30,000,000 төгрөг олдог болоод банканд хүсэлт өгсөн. Бизнес эмэгтэйн зээл авъя гэхэд банк миний зээлийг 2024 оны 12 дугаар сард зөвшөөрсөн мэдэгдэл өгсний дараа би энэ мөргөлдсөн, мөргүүлсэн гэсэн 2 машиныг цоо шинээр нь 2024 оны машиныг 6 дугаар сард захиалж авсан. Зээл аваад урьдчилгаа төлбөрт нь 3 өрөө байраа тавьсан. Одоо би байрны зээл, бизнес эмэгтэй зээл давхар төлдөг.
Энэ мөргөлдсөн болон мөргүүлсэн машин аль аль нь ажиллагаатай явж байж зээлээ төлөөд, хүүгээ төлөөд, би бизнес эмэгтэйн зээл авахгүйгээр бүх зүйлийг өөрсдөө төлбөр тооцоог нь төлөөд явах боломжтой зүйлийг би өнөөдрийг хүртэл өөрөө хүүг нь төлөөд явж байна. Сард бараг 10-аад сая төгрөгийн 3 зээл төлдөг. Энэ хүн бусдаар дамжуулан шүүхээр явбал 40,000,000 төгрөг өгье, тэгээд 2 жил яваад та нар юу ч олж долоохгүй гэж хүнээр хэлүүлж байгаа хүнд үнэхээр гомдолтой байна. Он өнгөрөх тусам машины техникийн үнэ хөлс дандаа унаж байдаг. Энэ машин өөрөө ажлаа хийгээд миний зээлийг төлөөд орлого олж байх байтал байхгүй.
“Г” ХХК -д 2024 оны 12 дугаар сарын 16-нд гэрээ байгуулж орсон. Иргэн дээр байгаа машин заавал нүүрс тээврийн компанид бүртгүүлж байж нүүрс тээврийн ажилд гардаг, хилээр гарах зөвшөөрөл олдог. Бүх нүүрс тээврийн машин нүүрс тээврийн компанид бүртгүүлдэг. Тэр журмын дагуу бичигтийн боомтод ажил хийе гэсэн гэрээний дагуу 65,000,000 төгрөгийг зээлж авсан байсан. Тэр нь боксын түрээс, цагаан хаднаас Бичигт явах замын түлш, жолоочийн зардал гээд энэ бүгд нийлсэн 65,000,000 төгрөгийг зээлж авсан. “Г” ХХК нь надаас банкны хүүгээр хүү тооцож 65,000,000 төгрөгөө нэхэмжилсэн. Тэр баримтуудыг би хавсаргаагүй байгаа. 05 дугаар сарын 31-ний хүртэл “Г” ХХК -иас мөнгөө нэхэмжлээд байсан учраас компаниа сольж хүү төлөхгүйгээр явъя гэсэн.
Хэрэв миний 3 машин гурвуулаа ажил хийсэн бол би маш богино хугацаанд буюу 6 сарын дотор ямар ч өр төлбөргүй болох байсан. Яг үнэндээ 85,000,000 төгрөг гэж байгаа боловч ханшийн зөрүү өөрчлөлт орсон. Юаны ханш өссөн, бүх юмны ханш өссөн, үнэлгээний бүх үнэ өссөн. Одоо 120,000,000 төгрөг болж байгаа. Би ардаа амьдралтай. Миний хүүхэд оюутан. Би санхүүгийн хувьд сар болгон 10,000,000 төгрөгийн хүү зөвхөн төлж амьдарч байна. Олсон мөнгөөрөө бүгдийг зээлийн хүүд өгөөд сард 3 зээл төлнө гэдэг бол санхүүгийн хувьд маш их дарамт. Энэ дунд би сэтгэл санааны хохирол ч нэхэмжлээгүй. Энэ хүн юу бодож үгүй гэж байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Бас өөрийн нэр дээр байсан хөрөнгөө бүгдийг нь хүнд шилжүүлсэн гэсэн сураг сонсоод байж байгаа.
Нэг машин 285,000,000 төгрөг. Ар араас нь 2 машиныг эвдчихсэн. Ингээд байж байхад энэ хүнээс ханш өсөхөөс өмнөх үеийн оношилгооны төлбөр, бокс төлбөр, унаа унш гээд би нэхэмжлээгүй. “Г” ХХК нь надаас нэхэмжлээд авсан. Бүгдийг нь би төлсөн. Энэ хүнээс би нэг төгрөгийн хүү нэхээгүй. Үнэхээр гомдолтой байна. Хоёр компанийн хамтран ажиллах гэрээний дагуу бид нар явдаг. Хувь хүн компани 2 хамтран ажиллах гэрээгээр ажилладаг. Жолоочийг ажиллуулж байгаа компани хариуцна гэсэн үүрэг энэ дунд байдаггүй. Ажлын байранд очиж амжаагүй. Өмнөговиос Сүхбаатар аймаг хүртэл тээвэрлэх ажлыг л энэ хүн хийсэн. Түүнээс тэнд нүүрс тээврийн олборлох ажлын, компанийн ажил хийх гэж биш машин хүргэж өгөх ажлаар л явсан. Хөлсөөр ажиллах аман гэрээгээр тохиролцоод урьдчилгаа төлбөрөө төлсөн байсан.
Иймд автомашины хохирол 79,334,000 төгрөг дээр бокс түрээсийн 6,000,000 төгрөг, кранаар өргүүлсэн зардал 300,000 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлага 85,644,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хүсэлтээр ажил үүрэг гүйцэтгэж яваад авто осолд орж эрүүл мэндээрээ хохирч одоо ажил үүрэг гүйцэтгэх ямар ч боломжгүй байна. Намайг эмчилгээнд байхад ажилд хөлсөлж явуулсан нэхэмжлэгч, эрүүл мэндээрээ хохирсон, өвчин зовлондоо шаналж байгаа намайг дарамталж 3,200,000 төгрөгийг хууль бусаар авсан.
Монгол Улсын Иргэний хуульд зааснаар авто осолтой холбогдож гарсан хохирлыг автомашин эзэмшигч хариуцах зохицуулалттай учир энэ нэхэмжлэлийн шаардлага надад үл хамаарах тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үед миний жолоодож явсан авто машин даатгалтай байх ёстой. Нэхэмжлэгч тал даатгалынхаа компаниас нөхөн төлбөрөө авах ёстой гэж үзэж байна. “Г” ХХК ХХК нь даатгалаас нөхөн төлбөр авах ёстой байхад нэхэмжилж байгаа учир би нэхэмжлэлийн шаардлагыг надаас давхар зөвшөөрөхгүй байгаа болно. Би эмнэлгээс оргосон зүйл байхгүй. Би энэ хүмүүстэй ажлын гэрээ хийж байгаагүй. Зараар очиж машин унаад явсан. Тэгсэн даатгалгүй машин байсан байна лээ гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа энэ субъектүүд нь энэ хэргийн жинхэнэ зохигчид биш учраас зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл аливаа эрх зүйн харилцаа Иргэний хуульд заасан тодорхой хэм хэмжээний дагуу явдаг. Ц.Э нь “Г” ХХК -тай Иргэний хуулийн 359 дугаар зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан. Гэрээ байгуулсан 2 субъект гэрээний эрх үүргээ хангаагүй, энэ хооронд маргаан гарвал энэ асуудлаа өнөөдөр ярих ёстой. Анх “Г” ХХК нь нэхэмжлэл гаргасан байсан.
Хамгийн гол нь энэ субъектүүдтэй Ц.Э байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй. Гэрээ хэлцэл байгуулаад эрх, үүрэг яриагүй. Гэрээгүй гээд нэхэмжлэгч тал хохирох уу? гэвэл мэдээж хохирохгүй. Хуулиараа адил тэгш эрхтэй. Тэгвэл миний үйлчлүүлэгч Ц.Э ын жолоодож байсан машин нь “Г” ХХК -д түрээсийн гэрээгээр очсон машин. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ нь түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын эрх, үүргийг зохицуулсан хуулийн нарийн зохицуулалттай. Түрээслэгч тал нь түрээслүүлэгчийн гэм буруугийн улмаас өөртөө хохирол учруулбал Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дугаар зүйлд зааснаар учруулсан бүх хохирлоо түрээсийн гэрээний үүргийн дагуу “Г” ХХК -иас нэхэх ёстой. “Г” ХХК нь бүх хохирол төлбөрийг хариуцаж барагдуулна. Барагдуулсны дараа энэ хүнтэй хөлсөөр ажиллах гэрээндээ заасан эрх, үүргийн хүрээнд ярилцах учиртай. Тийм учраас энэ төлбөрийг хариуцагч хариуцах үндэсгүй. Тийм учраас хэргийн жинхэнэ хариуцагч Ц.Э биш гэж үзэж байгаа юм.
Хамгийн гол нь Ц.Э энэ хүмүүстэй байгуулсан гэрээ байхгүй. Энэ маргаанд анхаарал татаж байгаа 2 асуудал байна. Даатгалын хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар уг тээврийн хэрэгсэл даатгалтай байж ажил үйлчилгээнд гарах ёстой. Энэ даатгалаасаа тухайн хохирлоо нэхэмжилж авна. Даатгал хийлгээгүй бол эрсдэлээ өөрөө хариуцна. Хуулийн ийм зохицуулалт байна. Дараагийн зүйл хэрэв үнэхээр энэ 2 субъектийг нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект мөн гэж шүүх үзвэл Ц.Э тэр машины эвдрэлийг хуулийн зохицуулалтаар хүлээхгүй. Яагаад хүлээхгүй вэ? гэхээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д техникийн ослын улмаас гарсан эрсдэлийг өмчлөгч эзэмшигч хариуцна гэсэн заалттай. Жолооч хариуцна гэсэн хуулийн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн үед уг машины эзэмшигч нь түрээсээр эрх, үүрэг нь тэнд шилжсэн юм шиг байгаа юм. Нэгэн эзэмшиж байгаа бол тэр компани өөрөө эрсдэлээ хариуцна.
Тэгэхээр хариуцагч осол гэмтэл дээр маргаагүй. Тээврийн хэрэгслийн осол болоод Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулсан. Тэр буруугаа бүгдийг нь хүлээж байгаа. Машины шинэ хуучин дээр маргаагүй. Хуульд юу гэж зохицуулсан байна тэр өгүүлбэрээр нь явна. Хамгийн гол нь энэ нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хохироогүй, хохирол учруулаагүй байна гэж маргаагүй. Ганцхан хуульд заасан хуулийн зохицуулалтаар явах ёстой гэж маргаж байгаа. Яагаад гэвэл хамтран ажилладаг тэр “Г” ХХК -иас хохирлоо нэхэх эрхтэй. Тэр нь хуулийн бүхэл бүтэн заалттай.
Хамгийн наад зах нь осол болсон газраас тээврийн хэрэгслийг ачих зардал гээд энэ хүн ажлын хөлс авах нь битгий хэл 3,200,000 төгрөг төлсөн байгаа. Харин түүнийг энэ хүмүүс мэдэхгүй учраас дурдахгүй байх шиг байна. Ийм ийм учраас “Г” ХХК хариуцах учраас хариуцах үндэсгүй гэж байгаа юм. Хариуцах үндэстэй юм гэж дүгнэлтэд шүүх хүрвэл энэ чинь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлээр шийдэгдэнэ гэв.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.Э оос 85,644,000 төгрөг гаргуулан хамтран нэхэмжлэгч В.С д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586,170 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э оос 586,170 төгрөгийг гаргуулан хамтран нэхэмжлэгч В.С д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
9. Хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч “И” ХХК , В.С нар нь хариуцагч Ц.Э-т холбогдуулан гэм хорын хохирол 85,644,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан хэм хэмжээг ноцтой зөрчиж байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, “Г” ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хууль бусаар сольсон. Анхан шүүхийн нэхэмжлэгч болгон сольсон “И” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Г” ХХК -тай гэрээ байгуулж, хохирол учирсан авто машиныг шилжүүлсэн байна.
“Г” ХХК , “И” ХХК хоёрын дунд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээгээр эрх зүйн харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. “И” ХХК -д учирсан хохирлыг “Г” ХХК хариуцах хууль зүйн үндэслэлтэй болохыг хоёр компанийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээ нотолж байна. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч болгон хувиргасан “И” ХХК болон иргэн В.С , хариуцагч Ц.Э нарын дунд ямар нэгэн гэрээ хэлэлцээр, эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Хариуцагч Ц.Э нь “Г” ХХК -тай хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж яваад осол гаргасан байхад “И” ХХК болон иргэн В.С нарт гэм хорын хохирол төлөх шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь заалтуудыг биелүүлээгүй, мөн хуулийн 172-р зүйлийн 172.2.1,172.2.2 дахь хэсэгт заасан алдаа гаргасан, иргэний хуулийг буруу хэрэглэсэн бас нэг үндэслэл гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 314/ШШ2025/00590 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
10. Хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “И” ХХК нь гэрээ хэлцлийн үндсэн дээр хэн нэгэндээ хохирол учруулсан. Гэрээнийхээ дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүх “Г” ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэгчийг хууль зөрчин сольж, өнөөдөр Ц.Э ыг тодорхой хэмжээний төлбөр гаргуулахаар шийдвэрлүүлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн. Мөн Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийг хэрхэн арилгах талаар хуулийн тодорхой заалт байгаа. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл ашиглалтын улмаас учирсан хохирлыг тээврийн хэрэгслийг жинхэнэ өмчлөгч хариуцна гэж хуульчилсан байхад хувь хүнд хариуцуулж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн. Хариуцагч нэхэмжлэгч болж хувирсан байгаа. Энэ “И” ХХК -тай ямар нэгэн гэрээ хийгээгүй, “Г” ХХК ХХК-тай ажиллах гэрээтэй бөгөөд тэр гэрээнийхээ дагуу үүргээ гүйцэтгэж яваад машиндаа гэмтэл учруулсан. “И” ХХК нь өмчлөлд байсан тээврийн хэрэгсэлд хөндлөнгөөс гэмтэл учруулсан бол өөр хэрэг. Гэтэл нэхэмжлэгч болсон “Г” ХХК ХХК-тай гэрээ хэлцэл байгуулаад техникээ шилжүүлээд шийдвэрлэгдэх асуудал болохоос биш өнөөдөр Ц.Э-т холбогдуулж хариуцлагыг эдлүүлж байгаа нь өөрсдөө хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа юм. Энэ нь хууль, шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш эрхтэй байх эрхийг зөрчиж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
11. Хариуцагч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Г” ХХК ХХК-тай аман гэрээтэй байсан. Харин “И” ХХК -тай ямар ч хамаагүй. Тийм учраас татгалзаж байна гэв.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг сольсон нь буруу гэдэг агуулгаар тайлбарлаж байх шиг байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.4 дүгээр зүйлийн 1-д нэхэмжлэгч өөрийнхөө хүсэлтээр жинхэнэ нэхэмжлэгчээр солих хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй. Энэ процессын хуульд заасны дагуу “Говь шанхын дуган” ХХК, “И” ХХК -ийг жинхэнэ нэхэмжлэгчээр оролцуулж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан. Мөн “И” ХХК нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн. Яагаад энэ агуулгаар хүсэлт гаргах болсон бэ гэвэл осол гаргах үед тус тээврийн хэрэгсэл “Г” компанийн өмчлөлд байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г” ХХК компанийн өмчлөлд биш “Их бичигт уул” компанийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдсон. Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаануудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч байж нэхэмжлэл гаргадаг. Ийм агуулгаар нэхэмжлэгчээ сольсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. В.С ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл энэ маргаан бүхий зам тээврийн осол гарсан тээврийн хэрэгсэл улсын хилээр нүүрс тээвэрт явах зориулалттай машин байсан. Гэтэл нөгөө хувь хүний нэр дээр байгаа машин гардаггүй. Компанийн нэр дээр байгаа машин гардаг учраас “Г” ХХК ХХК, “Их бичигт Уул” гэдэг компанийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Гэтэл бодит байдал дээр машины эзэмшигч нь В.С бизнесийн зээл авч тухайн автомашиныг худалдаж авсан нотлох баримтуудаа гаргаж өгсөн учраас гэм хорын хохирлыг В.С д олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж “Их бичигт уул” компанийн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Манайхаас гэрээний бус үүрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцааг гэрээний үүрэг, гэрээний бус үүрэг гэж 2 ангилдаг байгаа. Гэтэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэрээний бус үүргээ нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагчийн зүгээс гэрээний үүрэг яриад байгааг ойлгохгүй байгаа. “Г” ХХК В.С гэж хүний нөхөр н.Эрдэнэтулгатай харилцан амаар тохиролцоод тус тээврийн хэрэгслийг Өмнөговийн аймгийн Цогтцэций сумаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу тээвэрлэх харилцаа үүсээд тээвэрлэх явцдаа зам тээврийн осол гаргасан байгаа. Хариуцагч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар маргадаггүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэл болон нотлох баримтууд авагдсан учраас тухайн тээврийн хэрэгслийг гэм хор учруулсан этгээд л төлөх үүрэгтэй. Энэ нь гэм хорын хохирол учруулсан хүн нь төлөх асуудал байгаа. Энд гэрээний бус үүрэг ярьж хуулийг буруу тайлбарлаж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв А гэж хүний машиныг Б гэж хүн унаж явж байгаад В гэдэг хүнд хохирол учруулсан бол В хохирлоо хэнээс шаардах вэ гэдэг асуулт гарч ирнэ. А гэдэг өмчлөгчөөс болон В гэдэг хүнээс шаардаж болно. Энэ харилцаан дээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар яригдах учраас мөн хуулийн 510, 497 дугаар заасан бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нөхцөл байдал байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. “И” ХХК , В.С нар нь хариуцагч Ц.Э-т холбогдуулан гэм хорын хохирол нийт 85,644,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Ц.Э эс зөвшөөрч даатгалаас нөхөн төлбөр авах ёстой байхад надаас нэхэмжилсэн, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар автомашины эзэмшигч гэм хорын хохирлыг нөхөн төлөх ёстой гэж маргажээ.
2. Анхан шатны шүүх “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тул shaanxi shacman Х-3000 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг хариуцагч Ц.Э хариуцан арилгах үүрэгтэй... тээврийн хэрэгсэл нь “Г” ХХК ХХК, “И” ХХК -ийн нэр дээр бүртгэлтэй боловч тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч В.С худалдан авч нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд “Г” ХХК ХХК, “И” ХХК -ийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул shaanxi shacman Х-3000 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь хамтран нэхэмжлэгч В.С байна...тээврийн хэрэгсэлд 76,094,000 төгрөг үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 3,250,000 төгрөг, нийт 79,344,000 төгрөгийн хохирол учирсан нь “Онцгой үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 250108005 дугаартай тайлан, үнэлгээний төлбөр төлсөн баримт зэргээр нотлогдож байна...” гэсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Э оос 85,644,000 төгрөг гаргуулан В.С д олгохоор шийдвэрлэжээ.
3. Дээрх байдлаар анхан шатны шүүх В.С ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч “И” ХХК -ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн агуулгыг шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсан, улсын тэмдэгтийн хураамжийг буруу шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар Ц.Э нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Shaanxi shacman ... улсын дугаар автомашиныг жолоодон явахдаа shaanxi shacman .... улсын дугаартай автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан, shaanxi shacman ... улсын дугаар автомашины эвдрэлийн үнэлгээ 76,094,000 төгрөг, эвдрэлийн үнэлдгээ хийлгэсэн төлбөр 3,250,000 төгрөг, автомашиныг кранаар ачуулсан төлбөр 300,000 төгрөг, нүүрс тээврийн боксийн түрээс гэж 6,000,000 төгрөг төлсөн нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0029498 дугаар шийтгэлийн хуудас, “Онцгой үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны В.С ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 19, 20, 32, 33, 39, 41-47, 63, 64-р тал/ зэргээр нотлогдсон бөгөөд эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, зохигч энэ талаар маргаагүй байна.
5. Харин учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцах үндэслэлтэй эсэх, даатгалаас нөхөн төлбөр авах эсэх нь маргааны зүйл болжээ.
5.1 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осол гаргахад болон шүүхэд нэхэмжлэл гаргахад Shaanxi shacman ... улсын дугаар автомашин “Г” ХХК -ийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “И” ХХК -ийн өмчлөлд шилжсэн /хх-ийн 06, 07, 120-р тал/ үйл баримт тогтоогдсон боловч В.С нь Хаан банкнаас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 345,000,000 төгрөгийн зээл авч, ....-иас 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 570,000,000 төгрөгөөр Shacman X3000 чирэгч толгой 2 ширхэг, CIMC давхар тавцант чиргүүл худалдан авч, нүүрс тээврийн компанид бүртгүүлж байж нүүрс тээврийн ажилд гардаг, хилээр гарах зөвшөөрөл олдог гэх шалтгаанаар “Г” ХХК ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн /хх-ийн 6, 7, 125, 48-62-р тал/ үйл баримтуудад үндэслэн Shaanxi shacman ... улсын дугаар автомашины гэм хорын хохирол нийт 85,644,000 төгрөгийг шаардах эрхтэй нэхэмжлэгчийг В.С гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Дээр нь эд хөрөнгийн үр шимийг эзэмшигч В.С байх бөгөөд энэ талаар зохигч мараагүй байна.
Харин гэм хорын хохирол нийт 85,644,000 төгрөгийг В.С д олгохоор шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт “Г” ХХК ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулав.
5.2 Ц.Э нь Shaanxi shacman ... улсын дугаар автомашиныг жолоодон явж зам тээврийн осол гарган, 100,000 төгрөгийн торгох шийтгэл хүлээсэн талаар маргаагүй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж марган, улмаар энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Гэтэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг нь бусад этгээдэд буюу гуравдагч этгээдэд учирсан гэм хорыг тээврийн хэрэгслийг эзэмшигч нөхөн төлөхөөр зохицуулсан. Түүнээс тээврийн хэрэгслийг эзэмшигч В.С өөрт учирсан хохирлоо өөрөө хариуцах агуулга байхгүй учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж гэм буруутай этгээд болох Ц.Э оос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Shaanxi shacman ... улсын дугаар автомашин “Г” ХХК дараа нь “И” ХХК -ийн өмчлөлд бүртгэлтэй боловч уг автомашины үр шимийг өмчлөгч, эзэмшигч нь В.С учир Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар өөрөөсөө гэм хорын хохирол шаардах тухай хууль зүйн ойлголт байхгүй тул анхан шатны шүүх гэм буруутай этгээдээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулахаар хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
5.3 Анх “Г” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад В.С ийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах, жинхэнэ нэхэмжлэгч “И” ХХК -иар солих хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь /хх-ийн 110-113, 118, 131, 132-р тал/ нэхэмжлэгчийн хүсэлт, зөвшөөрлөөр хийгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн нэхэмжлэгчийг хууль бусаар сольсон гэх давж залдах гомдол үндэслэлгүй байна.
Мөн Ц.Э нь “Г” ХХК -тай Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн гэх боловч тухайн автомашины эзэмшигч В.С, Ц.Эрдэнэтулга нар Ц.Э-т ой автомашин хүргүүлэхээр тохиролцон урьдчилгаа 300,000 төгрөг өгсөн байсан нь “Г” ХХК -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 01/-ээр нотлогдсон учир энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
5.4 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан нь Shaanxi shacman ... улсын дугаар автомашинд даатгал хийлгээгүй байсан талаар тайлбар гаргасан. /хх-ийн 80-р тал/ Нөгөө талаар энэ нь хуулиар тогтоосон албан журмын даатгалын хэлбэр биш учир эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг даатгалын компаниас гаргуулах ёстой хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна.
6. Ц.Э зүгээс В.С д өмнө нь 3,200,000 төгрөг төлсөн гэх боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах боломжгүй байна.
Мөн анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй тул түүний дүгнэлтийн талаарх үндэслэлээ магадлалын үндэслэх хэсэгт тусгаагүй болохыг дурдав.
7. “Г” ХХК ХХК Ц.Э-т холбогдуулан нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж 586,170 төгрөг төлж, В.С улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад Ц.Э оос улсын тэмдэгтийн хураамж 586,170 төгрөг гаргуулан В.С д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Г” ХХК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586,170 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Э оос улсын тэмдэгтийн хураамж 586,170 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 586,170 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 314/ШШ2025/00590 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:
1 дэх заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Э оос 85,644,000 төгрөг гаргуулан В.С д олгож, “И” ХХК -ийн 85,644,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг бүхэлд нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Г” ХХК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586,170 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Э оос улсын тэмдэгтийн хураамж 586,170 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 586,170 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ