Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2026/0068

 

Х.С-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий

аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         М.Батсуурь

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                       Д.Батбаатар

       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2026/0016 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2026/0236 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 235 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч Х.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч А.А нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч Х.С-ээс Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэргийн нөхцөл байдал:

2.Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Соёлын төвийн дарга Х.С-ийг албан тушаал бууруулах тухай” Б/07 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5, 66 дугаар сарын 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, сумын Засаг даргатай байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №01 дугаар хөдөлмөрийн гэрээний 4.3.2, 4.3.8, 4.3.14, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 2.3-т заасныг баримтлан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

2.1.Баян-Өлгий аймгийн Алтай сумын Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Х.С-ийг Соёлын төвийн менежерийн орон тоонд томилсон байна.

3.Нэхэмжлэгчээс албан тушаал бууруулсан захирамжийг эс зөвшөөрч “… Надад гаргасан алдаа дутагдал зөрчил байхгүй. ... Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр бууруулж, “менежер” гэх байгууллагын бүтцэд байхгүй орон тоонд томилсон” гэж,

3.1.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... Наадмаар огт баярын концерт, уран сайхны ажил зохиогоогүй, ажлын төлөвлөгөө батлуулаагүй. ... Наадмын 7 хоногийн ажиллагааны үед ажил хийгээгүй, тасалсан. Үндэсний их баяр наадам зохион байгуулах 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын комисс байгуулж, захирамж гаргасан. Комиссын бүх хүмүүсийг өрөөндөө дуудахад Х.С  байхгүй, оронд нь хөгжмийн багш ирж, оролцсон. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа, ажил тасалсан зөрчилд нь эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл оногдуулж, арга хэмжээ авах эрхтэй” гэж тайлбарлан маргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

4.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2026/0016 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.3, 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 8 дугаар сарын 8.1, 8.4, Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.С ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 16,806,533 төгрөгийг Алтай сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2026/0236 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2026/0016 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдсугай” гэж, шийдвэрийн 2, 3 дахь заалтын дугаарыг 3, 4 болгон өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. (Гомдлыг агуулгаар тусгав)

6.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

6.2.Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг хангалттай тодруулсан. Хариуцагчийн нэхэмжлэгчийг буруутгаж буй ажил тасалсан, төсвийн хөрөнгө завшсан гэх зөрчлүүд нь баримтаар тогтоогдоогүй.

6.3.Зөрчил тогтоогдохгүй байгаа тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох ёстой, дахин акт гаргах замаар алдаагаа засах, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломж олгох нь шударга ёсны зарчмыг алдагдуулсан үйлдэл болсон.

6.4.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь заалтыг зөрчсөн тухайд: Зөрчил болон сахилгын шийтгэлийн харьцаа алдагдсан. Хариуцагч нь шилэн данс болон мэдээллийн ил тод байдлын зөрчлийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон. Гэвч энэ нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан “сахилгын ноцтой зөрчил”-д шууд хамаарахгүй бөгөөд ажил олгогч зөрчлийн шинж байдалд тохироогүй хүнд шийтгэл ногдуулсан.

6.5.Давж заалдах шатны шүүх хариуцагчийг зөрчлөө дахин нягтлахыг даалгасан нь захиргааны хэргийн шүүхийн “нотлох зарчим”-ыг хариуцагчид ашигтайгаар эргүүлсэн. Захиргааны байгууллага актыг гаргахаас өмнө зөрчлийг бүрэн тогтоох үүрэгтэй бөгөөд шүүхийн шатанд зөрчил нь нотлогдоогүй бол уг акт нь анхнаасаа хууль бус байсан гэж үзэх үндэслэл болох ёстой.

6.6.Шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн тухайд: Ажил тасалсан гэх тухайд хариуцагч тал ирцийн бүртгэл гаргаж өгөөгүй. Харин нэхэмжлэгчээс тухайн хугацаанд цалингаа бүтэн авч байсныг нотлох баримт (цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт) гаргаж өгсөн. Давж заалдах шатны шүүх эдгээр бодит нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан дүгнэлт хийгээгүй атлаа хариуцагчийн үндэслэлгүй тайлбарыг дахин шалгах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй.

6.7.Төсвийн хөрөнгө завшсан гэх тухайд: 130,000 төгрөгийн асуудлаар нэхэмжлэгч өөрийн хувийн мөнгөөр наадмын бэлтгэл хангасан, дараа нь түүнийгээ буцааж авсан тухайгаа тодорхой мэдүүлсэн. Энэ нь гэмт хэргийн шинжгүй, санхүүгийн сахилгын ноцтой зөрчил биш атал давж заалдах шатны шүүх үүнийг дахин нягтлах нэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулах нөхцөлийг бүрдүүлж байна.

6.8.Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн албан тушаалаас нь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үед Соёлын төвд менежер гэх ажлын сул орон тоо байгаагүй.

6.9. Нэхэмжлэгч нь Алтай сумын Соёлын төвд 27 жил үр бүтээлтэй ажилласан, удаа дараа шагнагдаж байсан. 2024 оны ээлжит орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Засаг дарга солигдсоны дараа улс төрийн шалтгаанаар “ажлаа өг” гэж дарамталж байсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх үүнийг анхаарсангүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 235 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

8.Хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

9.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.С ийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын комисст томилогдсон атлаа уг ажилд оролцоогүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг зөрчсөн” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

10.Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч дээрх сахилгын зөрчлүүдээс зармыг нь гаргасан болох нь тогтоогдсон байна.

11.Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдах гүйцэтгэх албан тушаалтнуудын шуурхай хуралдаанд оролцоогүй, Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад оролцоогүй гэх зөрчлүүдийн хувьд удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудын шуурхай хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа оролцоогүй болох нь тус хуралдааны ирцээс[1], түүнчлэн сумын соёлын төвийн эрхлэгч, комиссын гишүүн атлаа Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад оролцоогүй болох нь тус тус тогтоогдож байх[2] бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ажил таслаагүй гэдэг нь цалинг бүтэн авч байсан баримтаар тогтоогдоно гэх боловч цалинг бүтэж авч байсан нь дээрх сахилгын зөрчлүүдийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

12.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг зөрчсөн зөрчлийн тухайд нэхэмжлэгч нь хуульд заасан мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1287 дугаар “Хариуцлага тооцож, хариу ирүүлэх тухай” албан бичгээр тогтоогдож байна[3].

13.Анхан шатны шүүх дээрх байдлаар зарим зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

14.Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан маргаан маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэхдээ “зөрчлүүдийг нэг бүрчлэн шалган тогтоохтой холбоотой ямар ажиллагааг явуулсан болох нь тодорхойгүй, захиргааны үйл ажиллагааг баримтжуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтад нийцэхгүй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

15.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тохиолдолд нэгэнт нэхэмжлэгч сахилгын зарим зөрчил гаргасан нь тогтоогдсон буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэх нөхцөл байдал үүсээгүй тул уг үндэслэлээр, “зөрчлийг дахин тогтоолгох” агуулгаар маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-ийг тайлбарлан хэрэглэсэн Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ХТ-66 дугаар тогтоолоос зөрүүтэй байна. 

16.Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж, 123.3-т “... сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасны дагуу тухайн зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан тохирох сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг олгосон байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн магадлалын шийдлийг хэвээр үлдээв.

17.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл нь нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийн шинж, үр дагаварт тохироогүй тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2026/0236 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.БАТСУУРЬ

ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

     Д.БАТБААТАР

     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

     Ц.ЦОГТ

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 132 - 153 дахь тал.

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 172 - 174 дахь тал.

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 62-65 дахь тал.