Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 035

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би, Өлгий сумын 8 дугаар багийн оршин суугч Х.Күлдигийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч П.Банзаргчид холбогдох Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2198 тоот Захиргааны арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Күлдигээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Хасен овогтой Күлди нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвд багшаар ажилладаг ба 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн орой 2 найзтайгаа хамт Баян-Өлгий аймгийн 5 дугаар багт байрлах Кымызхана буюу айраг, хоолны газарт орж ярилцангаа хоол идэж нэг аяга айраг уусан юм. Гэрлүүгээ харих болсон ба хамт яваа найз охин болох Х.Манарын хүүхдийг гүүрийн цаана байгаа айлаас авахаар явж байхад замын цагдаа нар аймгийн гүүрний цаад талын аманд явж буй бүх машины жолооч нарыг үлээлгэж шалгаж байсан. Тэдний дохиогоор зогссон ба замын цагдаагийн албан хаагч нь надад гартаа байгаа аппаратыг үлээхийг шаардсан юм. Би түүнд хандаж ... нэг аяга айраг уусан юм, уусан айраг алкоголийн хэмжээ нь хориглосон хэмжээнд хүрэхгүй ч гэсэн наад гарт чинь байгаа аппаратаар архи уусан мэтээр дуугарч магадгүй, би үлээхээс татгалзаж байна... гэж хэлэхэд тэд миний гараас хүчтэй барьж аваад, гарыг маань хойшоо мушгиж, гадагшаа чирээд татан гаргахыг оролдсон юм. Тэр үед миний гарт байсан цагны оосор тасарч, машины түлхүүр хугарч газар унасан. Үүнээс болж гар маань хөхөрч, цус хуралдан түр хугацаанд ажиллагаагүй болсон юм. Би тэдний хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол надтай тэгж бүдүүлэг харьцаж болох байх. Гэхдээ би түүнд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, харин хууль журмаараа согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзах эрх маань байгааг түүнд ойлгуулахыг хичээсэн боловч янз бүрийн байдлаар биднийг сүрдүүлж, хэл амаар доромжлон ёс бусаар харьцаж, хүч хэрэглэн миний эрхэд халдаж биед гэмтэл учруулан байж цагдаагийн газарт авчирсан.

Намайг согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан байхад журмыг үл биелүүлж, миний хуулиар хамгаалагдсан эрхэд ноцтойгоор халдаж, биед гэмтэл учруулан байж согтуурал шалгах багажаар шалгасан явдалд туйлын их гомдолтой байна. Тухайн үед өөрийгөө саатуулсан цагдаа нарт стандартчиллын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж хэрэглэсээр согтуурлын хэмжээгээр шалгуулахыг хэлж холбогдох баримт бичгийг нь үзүүлэхийг шаардсан юм. Хэрэв бичиг баримтгүй бол цуснаас дээж авахуулж шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулан согтуурлын хэмжээг тогтоолгомоор байгаагаа удаа дараа хэлж, гарынхаа венийн судсыг үзүүлэн байж гуйсан юм. Нөгөө талаар эрүүлжүүлэхт байсан 2 хүнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулан надаас тэрхүү баталгаат бус аппаратаар согтуурлын хэмжээг хүчээр шалгасан юм. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам-ын 1.2-т ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, шинжлэх ухаан, технологийн ололтод түшиглэн, эрүүл ахуйн шаардлагыг хангасан олон улсын жишигт хэрэглэж байгаа зориулалтын багаж хэрэгслийг ашиглана..., 2.1-т ...цагдаагийн эрх бүхий ажилтан тээврийн хэрэгсэл жолоодож явсан болон жолоодсон байж болзошгүй этгээдийг өөрийнх нь зөвшөөрснөөр энгийн аргаар /шулуун шугаман тэмдэгтийн дагуу алхуулах, нүдээ аньж, гарыг урагш сунгасан байдалтайгаар нэг хөл дээр зогсоох зэргээр тэнцвэрээ хэрхэн олж байгааг шалгах гэх мэт/, эсвэл тандагч багажаар шалгаж болно..., 2.3-т ...цагдаагийн албан хаагч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна, хэрэв боломжгүй бол дуу, дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулна..., мөн журмын 2.4-т ...зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ... гэж тус тус заажээ.

Гэтэл цагдаагийн албан хаагч нар хууль бус шаардлага тавьж, янз бүрээр сүрдүүлж, хэл амаар доромжилно, хүчээр цагдаагийн газарт авчирна доод давхарт байгаа ямар ч бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй драйгерээр хүчээр согтуурлын хэмээг шалгасан юм. Тухайлбал, цагдаагийн албан хаагч нар тэр үед надад ...энэ муу баячуудыг би өнөөдөр заавал торгож эрхийг нь хасаж, арга хэмжээ авахуулах болно... хэмээн заналхийлэлтэйгээр хэлж байсан. Дээрх хууль буюу журамд зааснаар шалгуулагч зөвшөөрөөгүй тохиолдолд согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэхийг заасаар байтал журам зөрчиж миний эрхийг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсэг, мөн Монгол улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журмын дээр дурдсан заалтуудыг ноцтойгоор зөрчиж хуулиар хамгаалагдсан эрхэд хаа хамаагүй халдаж байгаа явдалд гомдолтой байна.

Тусгаар тогтносон, бүрэн эрхт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан улсад ийм бүдүүлэг буюу ноцтой дарангуйлал бүхий хүний эрхийг зөрчсөн ажиллагааг цагдаагийн байгууллага явуулж байгаад туйлын их харамсаж байна.

Ингэж ганцхан аяга айраг ууж тээврийн хэрэгсэл жолоодсоны төлөө эрхээ хасуулсандаа сэтгэл санаагаар гүн хямарч байна. Би амьдрахын тулд хувиараа бизнес эрхэлж, нэг төгрөгөө хоёр болгохын тулд зүтгэж яваа жирийн нэгэн эмэгтэй хүн юм. Өдөр тутмын үйл ажиллагаанд маань зайлшгүй хэрэглэгдэх тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хууль бусаар хасаж шийдвэрлэсэн нь надад маш хүнд тусч байна. Надад омог түшиг болж, тус хүргэдэг төрөл төрөгсөд, ах дүү, аав, ээж, нөхөр, хүүхдүүд гэж байхгүй, ганц бие эмэгтэй хүн учраас хуулиар хамгаалсан эрхэд маань ноцтойгоор халдаж үндэслэлгүйгээр жолоодох эрхийг маань хасаж, торгож байгаа явдалд маш их гомдолтой байна.

Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлагч П.Банзрагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2198 тоот Захиргааны арга хэмжээ авсан шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа М.Батболд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болохоор Прокурорын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан хянуулж аймгийн Прокурорт гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул эрхээ хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад П.Банзрагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2198 тоот Захиргааны арга хэмжээ авах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хасений Күлди миний бие 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд хандаж Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад П.Банзрагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2198 тоот Захиргааны арга хэмжээ авсан шийдвэр-ийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан билээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрхийнхээ дагуу дээрх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаас гарах үр дагаварыг сайн ойлгосон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Күлди Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч П.Банзрагчид холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2198 тоот Захиргааны арга хэмжээ авсан шийдвэр-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Х.Күлди нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэхүү захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Күлдигээс тус шүүхэд гаргасан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2198 тоот Захиргааны арга хэмжээ авсан шийдвэр-ийгхүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Х.Күлдигийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч П.Банзрагчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША