Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1767

 

 

   "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00546 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХд холбогдох

 

Гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 96 599 513 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, "Х" ХХК-иас түрээсийн төлбөр, алдангид 50 679 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Х" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:   

Манай банк иргэн ХХтай 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХ дүгээр дөчин мянгатын ХХ дугаар байрны ХХ тоот үйлчилгээний зориулалтаар өргөтгөсөн байрыг түрээслэх гэрээ байгуулсан. 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр бохирын шугам бөглөрсний улмаас салбарын захирлын өрөөний шал, хананы доод хэсэг, коридорын хананд засвар хийх шаардлагатай болсон тул өрөөний шалыг бүрэн хуулж 7-8 хоног хатаагаад 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дахин шинээр шал суулгасан. Үүнээс хойш 6 удаа бохирын шугам бөглөрч, орон сууцны конторын ажилтнуудаар бөглөрлийг нь гаргуулж байсан. Уг байрыг банкны үйлчилгээний зориулалтаар түрээсэлсэн тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл үүсч үйлчлүүлэгчдээс бохир үнэртэж байгаа талаар удаа дараа гомдол ирж байсан. 2015 оны 04 дүгээр сард дохиоллын утас орж ирсэн дээврийн хэсгээр борооны ус нэвтэрч дохиолол гэмтсэн тул тэр хэсгийг силконоор бөглөж битүүлсэн. Үүнээс хойш 2015 оны 7 дугаар сарын эхээр гүйлгээний заалны дээврийн хэсгээс борооны ус гоожсон тул энэ тухай түрээслүүлэгчид мэдэгдэж, доголдлыг газар дээр нь үзүүлж дээврээ засахыг шаардаж, заасан хугацаанд засахгүй бол түрээсийн гэрээг цуцлах талаар сануулж байсан. Ингээд засаагүй байтал мөн оны 07 дугаар сарын 12,13 14-ний өдрүүдэд бороо дахин орж дээврийн хэсэг нэлэнхүйдээ усанд автаж дүүжин тааз нурсны улмаас банк үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Түрээсийн байр нь бусдын амь бие, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдалд орсон тул түрээсийн гэрээг цуцалж байгаа талаар хариуцагчид мэдэгдэж албан тоот хүргүүлсэн.

ХХын өмчлөлийн түрээсийн байр нь доголдолтой байсантай шууд
холбоотойгоор түрээслэгчийн банкны үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч
 банкинд хохирол учирсан. Банк 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үйл ажиллага явуулаагүй тул олох ёстой байсан орлогод 49 592 779 төгрөг, банкны үйл ажиллагаанд тохируулан түрээсийн байранд хийсэн тохижилт, засварт 45 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн байрны хана, шал зэрэг усанд автсаны улмаас 1 500 000 төгрөг, 07 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд бороо дахин орж дээврийн хэсэг нэлэнхүйдээ усанд автаж дүүжин тааз нурсны улмаас 506 734 төгрөгийн эд хөрөнгийн эвдрэл зэрэг зардалд нийт 96 599 513 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ХХын тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад:

2014 оны 09 дугаар сарын 12-ны өдөр "Х" ХХК-тай ХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХ дүгээр дөчин мянгатын ХХ дугаар байрны ХХ тоот үйлчилгээний зориулалтаар өргөтгөсөн байрыг түрээслэх гэрээ байгуулж, тус банкны Аюулгүй байдал, аж ахуйн газрын захирал ХХХХХ, тус газрын мэргэжилтэн ХХХХХХ, банкны хуулийн хэлтсийн ажилтан ХХХХХХХ нарт байраа бүхэлд нь үзүүлж, өргөтгөлийн дээвэр сайн хийгдсэн, борооны ус гоождоггүй, энэ жил бороо хур ихтэй байна, дээвэр найдвартай үз гэж намайг санал болгон хэлэхэд тэд дээшээ дээвэр гарах шаардлагагүй, хүлээн зөвшөөрч байна гээд дээвэр дээр гарч үзээгүй, байрыг актаар хүлээлгэн өгсөн. ХХХХХ захирал гэрээ байгуулах үед "банкны засвар аюулгүй байдал талаасаа тусгай стандартаар хийгддэг, манай банк мэргэжлийн байгууллагаар засвар хийлгэдэг, манайх засвараа өөрсдөө хийж гүйцэтгэнэ" гэж 2014 оны 09 дугаар сарын 12-ны өдрөөс хойших бүх засвар урсгал засварын үүргийг банк өөртөө хүлээсэн. Түрээслэгч Хинд эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй байр хүлээлгэн өгсөн. Гэрээнд түрээслэгч 2014 оны 9 сарын 12-ны өдөр буюу гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс 2014 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд түрээсийн байранд Х өөрийн ажил, үйлчилгээнд тохируулан холбогдох завсар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хариуцан гүйцэтгэхээр болсон. Түрээслүүлэгчийн хувьд миний бие банкны засварын ажилд зориулж 4 000 000 төгрөгийг гэрээгээр тохиролцсоны дагуу төлсөн. Х 2014 оны 12 сард гадна талын хаягаа "ХХХХХХХХХ" гэдэг байгууллагаар хийлгэсэн байсан. Энэ зун Хныхан дээврээс борооны ус гоожиж байна гэхээр нь дээвэр дээр гарч үзэхэд хаяг хийсэн хүмүүс  хаалганы дээд нүүрэн тал хэсэгт дээврийн хар цаасыг огол татаж хуулсан байсан. Х засварын үеэр жорлонг үндсэн байршлаас нь зөөн хажуугийн өрөө рүү шилжүүлэхдээ алдаа гаргаснаас бохирын шугам бөглөрсөн гэж үзэж байна. Тухайн байр хариуцсан конторын слесарь ХХХХХХХ гэдэг дараа нь асуухад "би очиж зассан, бохирын шугамнаас бөөрөнхий хар хуванцар зүйл гарч ирсэн засварын үед бохирын шугам руу орсон байна" гэж хэлж байсан. Х засварын үеэр хаяг дохиолол тавиулахдаа дээвэр цоолсон гэж үздэг, энэ тухай ч би хэлж байсан. Хэрэв анх удаа дээврээс бага зэрэг дусаал гоожих үед миний үгэнд ороод тухайн газрыг битүүлсэн бол дахин борооны ус нэвтрэхгүй байсан. Түрээслэгч нь гэрээний 4.3-т заасанчлан ус, дулаан тог цахилгааны төлбөрөө төлөөгүй тул Хны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Түрээсийн гэрээ 2014 оны 11 сарын 01 өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл таван жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөр 7 700 000 төгрөг. Төлбөрийг cap бүрийн 14-ний өдөр Х төлөхөөр тохирсон боловч 2015 оны 7 дугаар сараас хойш төлбөр төлөгдөөгүй. Хнаас 2015 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудын түрээсийн төлбөр 30 800 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн гэрээний 7.2-т зааснаар түрээслэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөх ёстой. Үүнд: 2015 оны 2 сарын 14-ний гэрээний 6.2.6-т заасны дагуу түрээслэгч түрээсийн төлбөр 3 700 000 төгрөг төлөх үүрэг байсан боловч 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 34 хоног хожимдуулан төлсөн. Үүний алданги нь 629 000 төгрөг, 2015 оны 7, 8, 9 сарын түрээсийн төлбөрийн алдангид 11 550 000 төгрөг, 2015 оны 7, 8, 9, 10, 11 саруудын түрээсийн төлбөр 38 500 000 төгрөг нийт 50 679 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан  тайлбартаа:

 Иргэн ХХ нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 10/337 тоот түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд 00 бөглөрөх дээврээс ус гоожих зэргээр түрээсэлж байгаа байранд асуудал их гардаг байсан ч нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж цаг тухайд нь төлбөрөө шилжүүлж ирсэн. Гэтэл 2015 оны 07 дугаар сард гүйлгээний заалны хэсгээр борооны ус гоожин дүүжин тааз бүхэлдээ нурж банк үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ тухай түрээслүүлэгчид мэдэгдэж дээврийн байдлыг газар дээр нь үзүүлж дээврээ засч өгөхийг шаардаж засч өгөхгүй бол уг гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгох хүсэлттэй байгаа талаар их дэлгүүр салбарын захирал ХХХХХХХ 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2045/46 тоот албан тоотыг хүргүүлсэн байдаг.

Иймд Хны зүгээс түрээсийн гэрээнээс татгалзсан тул ХХын гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч ХХас олох ёстой байсан орлого 49 592 779 төгрөг, тохижилт, засварт 45 000 000 төгрөг, засварын зардал 1 500 000 төгрөг, хохирол 506 734 төгрөг, нийт 96 599 513 төгрөг гаргуулах нэхэмжлэгч "Х" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч "Х" ХХК-иас 18 063 332 төгрөг гаргуулж, хариуцагч ХХд олгож, хариуцагч ХХын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 32 615 668 төгрөгт тооцогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "Х" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640 948 төгрөг болон хариуцагч ХХын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 345 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч "Х" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 248 267 төгрөгийг гаргуулж, хариуцагч ХХд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:          Анхан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэгчийн “банк 9 дүгээр сард гэрээ байгуулан засвар хийж байгаад 11 сард үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед намар байсан харьцангуй бороо бага орж байсан гэж тайлбарласныг анхаарч үзэлгүй анхнаасаа доголдолгүй байсан мэтээр хэтэрхий нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн түрээсийн байр анхнаасаа доголдолтой байсан талаар нэхэмжлэлээ үндэслэн уг доголдлыг арилгаж өгөхийг шаардаж байсныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч шүүх хуралдааны явцад янз бүрээр дараах тайлбаруудыг гаргасан байна. Түрээсийн гэрээний 2.3-т зааснаар тухайн  байр нь гуравдагч этгээдтэй холбоотой ямар нэг маргаангүй, эрхийн болон чанарын доголдолгүй байна гэж шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Гэрээний хугацаанд байрны дээврээс ус алдсан, бохирын шугам бөглөрсөн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй, уг байрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан фото зургаар тогтоогдсон байхад шүүхийн зүгээс үнэлээгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д зааснаар хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр хөлс төлөхөөс татгалзсан бөгөөд сөрөг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 18 063 32 төгрөгийг үл хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэг, 294.1.3, түрээсийн гэрээний 8.2-т заасныг үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1, 289.2.3, 294 дүгээр зүйлийн 294.3-т заасан хугацааг харгалзахгүй гэрээг цуцлах гэсэн заалтыг хэрэглээгүй байна. Шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5-д заасан "Түрээслэгч гэрээ дуусгавар болоход байрны засвар, тохижилт, засан сайжруулалтад оруулсан хөрөнгө оруулалт салгаж үл болох эд хөрөнгийг үнэ төлбөргүй түрээслүүлэгчид шилжүүлнэ" гэж заалтыг үндэслэн тохижилт засварт оруулсан 45 000 000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг заалт нь гэрээний ердийн хугацаа дуусахад үйлчлэх бөгөөд түрээслүүлэгчийн буруугаас болж гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцлагдахад хүрсэн нь уг заалт үйлчлэх боломжгүй юм. Түрээслүүлэгчийн буруугаас болж гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан нь талуудын тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдож түрээслэгч уг хохирлоо нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

           Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд  96 599 513 төгрөг хариуцагч ХХас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ХХ эс зөвшөөрч, түрээсийн төлбөр, алдангид 50 679 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ХХ ХХХХХХХХ дүүрэг ХХ дүгээр хороо ХХ дүгээр ХХ мянгатын ХХХХХХ тоот үйлчилгээний зориулалтаар 120 м.кв болгож өргөтгөсөн барилгыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслэх, нэхэмжлэгч “Х” ХХК сар тутмын түрээсийн төлбөрт 7 700 000 төгрөг төлөх харилцааг зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч тал уг барилгад засвар хийж, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байсан нь 10/337 тоот түрээсийн гэрээ, талуудын тайлбар, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хны 2046/45 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2015 оны 7 дугаар сарын эхээр, 7 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд барилгын дээврээс борооны ус гоожиж, дүүжин тааз нурсны улмаас банк үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул олох ёстой байсан орлого 49 592 779 төгрөг, түрээсийн байрны тохижилт, засварт зарцуулсан  45 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын  12-ны өдөр бохирын шугам бөглөрсөн, 2015 оны 4 дүгээр сард дохиоллын утас орсон дээврийн хэсгээр борооны ус нэвтэрч салбарын захирлын өрөө, коридорын хананд засвар хийсэн эд хөрөнгийн зардалд 1 500 000 төгрөг, хохиролд 506 734 төгрөг тус тус зарцуулагдсан, хариуцагч чанарын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

 

          Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар түрээслүүлэгч тал буюу хариуцагч ХХ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээслэгч талд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд нь зориулж үл хөдлөх эд хөрөнгө эзэмшилд нь шилжүүлсэн ба гэрээний хугацаанд барилгын дээврээс ус гоожсон, бохирын шугам гэмтсэнээс ариун цэврийн өрөө бөглөрсөн зэрэг үйл баримтууд тогтоогдож байх боловч  энэ нь түрээслүүлэгчийн буруугаас болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

             Тодруулбал хариуцагч тал гэрээний зүйлийг түрээслэгчид хүлээлгэн өгсөн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сар хүртэл 7-8 сарын дараа дээрх зөрчил илэрсэн байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Х 2014 оны 12 сард гадна талын хаягаа "ХХХХХХХХХ" ХХК-иар хийлгэсэн, хаяг хийсэн хүмүүс хаалганы дээд нүүрэн тал хэсэгт дээврийн хар цаасыг огол татаж хуулсан нь дээврээс дусаал гоожиход нөлөөлсөн, түрээслэгч ариун цэврийн өрөөний суултуурын байршлыг өөрчилснөөс 00 бөглөрсөн” гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, байшингийн дээврээс дусаал гоожсон явдал нь гэрээг цуцлах хэмжээний доголдол болохыг нотолсон баримтгүй байна.  

        

            Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “түрээслэгч банк түрээсийн байрны гадна, дотор засварыг өөрийн хөрөнгөөр хариуцан гүйцэтгэх, түрээслүүлэгчийн хувьд миний бие банкны засварын ажилд зориулж 4 000 000 төгрөг өгөхөөр тохиролцож мөнгөө  төлсөн” гэж тайлбарладаг ба талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.7 дахь заалтаар “түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаанд өөрийн хөрөнгөөр байрны гадна болон дотор талын нийт засвар /их засвар, урсгал засвар/ үйлчилгээг хариуцаж хийнэ” гэж, мөн гэрээний 6.2.6 дахь хэсэгт түрээслүүлэгч дээр дурьдсан засварт 4 000 000 төгрөг оруулахаар тохиролцсон байх тул хариуцагч ХХыг түрээслэгчид доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

            Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг арилгуулахаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй боловч, хариуцагчийн хүлээсэн үүргийн зөрчлөөс нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйн зэрэгцээ түрээсийн гэрээ цуцлахад нэхэмжлэгч өөрөө буруутай байсан гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

           Нэхэмжлэгчийн, банкны үйл ажиллагаанд тохируулан хийсэн тохижилт, засварын зардал 45 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэстэй боловч шүүхийн хийсэн дүгнэлт буруу байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар гэрээний талууд түрээслэгч нь эд хөрөнгийг засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр түрээслүүлэгчээс шаардах эрхтэй боловч гэрээ цуцлахад хариуцагчийн гэм буруутай байдал нөлөөлсөн нь тогтоогдоогүй учраас засварын зардлыг бүхэлд нь шаардах боломжгүй, банкны зориулалтаар тохижуулсан тохижилтоос салгаж болох сайжруулалтыг авах боломжтой.   

 

Иймд хариуцагч ХХас 96.599.513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18.063.332 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч 2015 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудын түрээсийн төлбөрт 38.500.000 төгрөг, алдангид 12.179.000 төгрөг, нийт 50.679.000 төгрөг шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч түрээсийн гэрээ 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон, энэ өдөр байрнаас нүүсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар эд хөрөнгө ашигласны хөлс төлөхгүй байх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1, 289.2.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв.  

 

            Талууд гэрээгээр сар тутмын түрээсийн төлбөр 7.700.000 төгрөг байхаар тохирсон, түрээслэгч буюу нэхэмжлэгч “Х” ХХК нь 2015 оны 7 дугаар сараас өмнөх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн, 7 дугаар сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүй, нэхэмжлэгч 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс гэрээгээ цуцлан байрнаас нүүсэн үйл баримтууд тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцлахаар заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2-т “Хэрэв гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бол саналаа 30-аас доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа албан бичгээр мэдэгдэх бөгөөд талууд харилцан зөвшилцөн шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь 10/337 тоот гэрээг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр цуцалсан саналыг хариуцагчид хүргүүлсэн байх тул анхан шатны шүүх гэрээгээр тохирсон дээрх журмын дагуу 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлагдсан гэж үзээд энэ хугацааны түрээсийн төлбөрт 12.063.661 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч түрээсийн байрыг ашиглаагүй нь хүчин төгөлдөр гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.  

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт шийдвэрт оруулав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 232 дугаар зүйлийн 232.1” гэснийг хасч “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 гэсний дараа 227 дугаар зүйлийн 227.1, 290 дүгээр зүйлийн 290.7” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 640 948 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                             ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                    А.МӨНХЗУЛ