Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0271

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Г.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 22-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 43.4, 43.4.1-д заасныг баримтлан гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож цуцлахыг даалгах “А” компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх шударга ёс, тэгш байдлын зарчмыг баримталсангүй. Энэхүү ажлыг гүйцэтгэж чадаагүйд хариуцагч Эрүүл мэндийн яам буруутай байсан ч шүүх захиргааны байгууллагын талд шийдвэрээ гаргасан. Барьцаа хөрөнгийн дансанд санхүүжилтийг байршуулж, урьдчилгаа төлбөрийн баталгаагаар олгоно гэж шийдвэрлэчихсэн атлаа явцын дунд санхүүжилт олгож чадахааргүй болж, ажил гүйцэтгэх хугацаа дуусаагүй байхад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Үндэсний аудитын газрын 01/96 ГАГ-2018-01-ГА дугаар актаар санхүүжилтийг улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гарсан. Санхүүжилт олгогдоогүй, татагдсан зэрэг асуудал нь 68 хувийн гүйцэтгэлийн тайлан гаргаж хүргүүлсэнтэй төдийлөн хамааралгүй бөгөөд 2019 он гарсны дараа Хөрөнгө оруулалтын хэлтэс барьцаа хөрөнгийн данснаас мөнгөө гаргаж, санхүүжилтээ олгож чадаагүйтэй холбоотой энэхүү ажил хийгдээгүй. Санхүүжилт олгогдох эсэх нь эргэлзээтэй, нэгэнт эргэн татагдах нь ойлгомжтой болсон зэрэг нөхцөл байдал илэрхий байсан тул “Андгай" ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш удаа дараа гэрээг цуцлах хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд хүргүүлж байсан. Гэрээний дагуу санхүүжилтийг гүйцэтгэлээр олгох байсан ч “А” ХХК цаг агаарын нөхцөл, холбогдох хууль, стандартын улмаас 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг хүртэл барилгын ажил явуулах боломж огт байгаагүй. Энэ тохиолдолд захиалагч байгууллага төсөв, санхүүжилттэй холбоотой зөв менежмент хийж чадаагүй бөгөөд ажлыг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан. Гаргасан шийдвэрээсээ удаа дараа ухарч, өөрчилж байсан нь нэхэмжлэгчид ойлгомжгүй байдал бий болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон гэрээнд гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгох талаар зохицуулсан зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасны дагуу захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой боловч гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзаж, улсын орлого болгохоор шийдвэрлэж байгаа нь хуульд үндэслээгүй болно. Нэхэмжлэгч “А” ХХК нь гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой зардал, ихээхэн хүч гарган хөөцөлдсөн цаг хугацаагаараа хохирч байгаа хэдий ч энэхүү асуудлаараа шүүхэд нэхэмжпэл гаргаагүй. Гагцхүү зөвхөн гүйцэтгэлийн баталгаа болгон Хаан банкинд байршуулсан 16,700,000 төгрөгийг цуцлуулах талаар шүүхэд хандаж байгааг ойлгож хүлээж авахыг хүсье. Баталгаа гаргах гэрээний 1.1.2-т “Баталгааны төрөл: Эх үүсвэртэй” гэж заасны дагуу бид өөрсдийн мөнгийг банкинд байршуулсан гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 Нэхэмжлэгч “А” ХХК нь Эрүүл мэндийн яаманд холбогдуулан “Гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, гүйцэтгэлийн баталгааг цуцлахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий Эрүүл мэндийн яамны 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2/3561 дүгээр албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна”, Х банкны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан GU2018112818057 дугаартай гүйцэтгэлийн баталгаанд “гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тухай захиалагчийн анхны шаардлагыг хүлээн авсан даруй үл маргах журмаар төлбөрийг хийх үүрэг хүлээсэн бөгөөд тус баталгаа нь ажил дууссан тухай мэдэгдэл гарсанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна”  гэж тус тус заасан  гэх үндэслэлээр “Зооноз өвчин судлалын үндэсний төвийн агуулахын байрны барилга барих” ажлын гүйцэтгэгч тал болох “А” ХХК-ийн гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзаж байгаагаа мэдэгджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХХК нь Эрүүл мэндийн яамнаас зарласан “Зооноз өвчин судлалын үндэсний төвийн агуулахын байрны барилга барих” ажлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр захиалагчтай ЭМЯ-2018/XVIII.1.41 тоот гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас дээрх гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17-д “гүйцэтгэлийн баталгаа  гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг” гэж зааснаас үзвэл гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлэхээ илэрхийлсэн амлалт гэж ойлгох бөгөөд ийнхүү гүйцэтгэлийн баталгаа гаргуулж буй зорилго нь гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд захиалагчийн шаардлагыг хангуулах арга хэрэгсэл болгоход оршино.

Гэтэл  нэхэмжлэгч нь гэрээний дагуу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгээгүй, ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй шалтгаанаа захиалагчаас санхүүжилт олгоогүй гэж тайлбарласан ч бодит бус гүйцэтгэлийг баталгаажуулан санхүүжилт авахаар материал ирүүлсэн нь нотлогдсоноор захиалагчийн зүгээс санхүүжилт олгож чадаагүй үйл баримт тогтоогдсон тул үүрэг гүйцэтгэгчийн буруугаас гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна”, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 227 дугаар зүйлийн  227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой шаардах эрх хуулиар үүсдэг тул  нэхэмжлэгч “А” ХХК-ийн үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдсан ч гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой үүрэг дуусгавар болохгүй тул хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж заасныг баримтлан “А” ХХК-ийн гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Н.Хонинхүү    

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН