Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 153

 

Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 788 дугаар магадлалтай, Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарт холбогдох 2211016052039 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан гомдлыг үндэслэн 24.2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1994 оны ** дугаар сарын **-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт *** дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1004 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, Б овогт Д-ын Б,

2.Монгол Улсын иргэн, 1991 оны ** дугаар сарын **-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт *** дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-ын С,

3.Монгол Улсын иргэн, 1963 оны ** дугаар сарын **-ний өдөр *** аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ын Д,

4.Монгол Улсын иргэн, 1980 оны ** дүгээр сарын **-ний өдөр *** аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн О,

Шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 11-нээс 22-ны өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шургуут гэх газраас Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 126.2 кг Сибирь хушны үр идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн **-** УНС улсын дугаартай “Mitsubishi L200” загварын тээврийн хэрэгслээр 2022 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн хяналт шалгалтын пост хүртэл тээвэрлэн, Байгаль экологи, ургамлын аймагт 12.481.180 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Д-ын Б-ийг, Б овогт Л-ын С-ыг, Б овогт Д-ын Д, Б овогт Д-ийн О нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарыг 2 /хоёр/ жилийн тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нараас тус бүр 15.601.476 /арван таван сая зургаан зуун нэг мянга дөрвөн зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, хохирлыг 2 /хоёр/ жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн 73-32УНС улсын дугаартай автомашины битүүмжлэлийг чөлөөлж, уг автомашины үнэ болох 3.800.000 /гурван сая найман зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдсан 126,2 кг нийт 4 ширхэг шуудайтай хуш модны самрыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 788 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/359 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Уг хэргийг анхнаас нь мөрдөн шалгах ажиллагаа буруу явагдсан. Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болоогүй байхад Шүүх шинжилгээний байгууллагаар хохирлын үнэлгээ гаргуулсан, үүний улмаас хохирол, хор уршгийн хэр хэмжээг буруу тогтоосон, анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх нь үүнийг залруулж чадаагүй гэж үзэж байгаа тул хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Мөрдөн шалгах ажиллагаа буруу явагдсан, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоож чадаагүй талаар:

Миний бие анхан шатны шүүхэд хэрэг шилжин ирсний дараа өмгөөлөгчөөр оролцож хэргийн материалтай танилцаад Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж хэргийг прокурорт буцаалган маргаантай олон асуудлыг дахин шалгуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.

Ингэснээр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болох нь тогтоогдож 60 хоногийн хугацаа тогтоосон боловч эхний 43 хоногт нь ямар нэгэн ажиллагаа хийгдэлгүйгээр дарагдаж, үлдсэн 17 хоногт самрыг цэвэрлэх, бодит жинг тогтоох, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах гэсэн хоёр ажиллагаа хийгдэж дахин гэм буруугийн хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

Гэвч шинжээчийн дүгнэлтэд мөн л өмнөх дүгнэлт давтагдсан бөгөөд ингэхдээ хүчингүй болсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020.12.10-ны өдрийн А/677 тоот тушаалыг баримталсан төдийгүй Ойн тухай хуулийн 42.2-д заасан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг тогтоож чадаагүй.

Иймээс гэм буруугийн шүүх хуралдаан дээр шууд хохирол болон нөхөн төлбөрийн хэмжээг бодитой тогтоолгох дүгнэлтийг гаргасан боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд оролцогчоос зөвхөн нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй, харин дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхгүй гэж үзэн шууд хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг хууль зөрчин хэт өндөр тогтоосон хэмжээгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Уг хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр ажиллах хугацаанд Байгаль орчны салбарын энэ талаарх харилцааг зохицуулсан бүхий л хууль тогтоомжийн актуудыг олж судлан мэтгэлцсэн болно.

Тухайлбал: 1. 1995 оны Байгаль орчныг хамгаалах тухай хууль,

2.2012 оны Ойн тухай хууль,

3.2012 оны Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль,

4.Засгийн газрын 1995.08.25-ны өдрийн 153 дугаар тогтоол,

5.Засгийн газрын 2004.08.05-ны өдрийн 165 дугаар тогтоол,

6.Засгийн газрын 2015.10.19-ний өдрийн 410 дугаар тогтоол,

7.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020.12.10-ны өдрийн А/677 тоот тушаал /хүчингүй болсон/,

8.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022.12.22-ны өдрийн А/603 тоот “Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаал,

9.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010.05.27-ны өдрийн А-156 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”,

10.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022.08.22-ны өдрийн А/282 тоот тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам” гэх мэт.

Энэ хугацаанд 1 дүгээрт: “Самар” бол ургамлын үр төл хэдий ч “ойн дагалт баялаг” юм гэдгийг Улсын Их Хурал 2012 онд Ойн тухай хуулиар хүлээн зөвшөөрч тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12-т хуульчилж өгсөн болохыг,

2 дугаарт: Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд зөвшөөрөлгүйгээр “ойн дагалт баялаг” түүсэн, бэлтгэсэн нь ойн санд учирсан хохиролд тооцогддог болохыг,

3 дугаарт: Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт ойн санд учирсан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг тус тусад нь тогтоох ёстой болохыг,

4 дүгээрт: Уг шууд хохирол болон нөхөн төлбөрийг Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн 18.3.4-д зааснаар Сум дундын болон сум, дүүргийн Ойн анги нь дээрх шууд хохирол болон нөхөн төлбөрийг тогтоох ёстой болохыг,

5 дугаарт: Ойн ангийн тогтоосон шууд хохирол болон нөхөн төлбөрийг Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж төлөлтөд хяналт тавих ёстой болохыг,

6 дугаарт: Засгийн газар нь 2015.10.19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор УИХ-ын баталсан “Ойн тухай” хуулийг зөрчин “ойн дагалт баялаг” болох самрыг ховор ургамлын жагсаалтад оруулсан болохыг,

7 дугаарт: Үүнээс үндэслэн Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж үзэх болсон болохыг,

8 дугаарт: Тухайн харилцааг илүү нарийвчилсан зохицуулалт бүхий 2012 оны Ойн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилсээр байхад ерөнхий зохицуулалттай 1995 оны Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг илүү баримтлан шийдвэрлээд байгаа болохыг,

9 дүгээрт: Түлхүү баримтлаад байгаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ойн санд учирсан хохирол, ургамалд учирсан хохирол нь тус тусдаа ойлголт гэдгийг хуульчилсан болохыг,

10 дугаарт: Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ойн санд учирсан хохирлыг 3 дахин, ургамлын аймагт учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн тооцохоор ялгамжтай хуульчилсан болохыг,

11 дүгээрт: Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.4 дэх хэсэгт ойн дагалт баялгийн нөхөн төлбөрийн хэмжээг зах зээлийн үнэлгээгээр тооцох болохыг, өөрөөр хэлбэл ойн дагалт баялгийн хувьд экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоохгүй болохыг,

12 дугаарт: Ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэснээс бусдаар ойн санд хохирол учруулсан тохиолдолд өөрөөр хэлбэл зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэх мэт тохиолдолд экологи-эдийн засгийн үнэлгээ тооцогдох болохыг,

13 дугаарт: Шууд хохирол болон нөхөн төлбөрийг Батсүмбэр сумын Сум дундын Ойн анги үнэлэн тогтоох, ингэхдээ аль алинд нь зах зээлийн үнэлгээгээр тогтоох, үүнийг нь байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавих, ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” бодитой, хуульд заасан арга хэлбэрээр тогтоогдох ёстой байсан болохыг тус тус ойлгож авсан болно.

Гэтэл миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийн хувьд Экологийн цагдаагийн алба нь дээрх хуульд заагдсан арга хэлбэрийг зөрчин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гэх газрыг шинжээчээр томилж, тэдгээр нь “ойн дагалт баялаг”-ийг зах зээлийн үнээр бус экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцон шууд хохирлыг хэт өндөр тогтоох, улмаар ургамлын аймагт учирсан хохирол гэж үзэн түүнийгээ 5 дахин нэмэгдүүлж давхар хохироож байна.

Экологийн цагдаагийн алба, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг төрийн байгууллага нь Ойн тухай хуульд заасан дээрх нарийвчилсан заалтуудыг мэддэггүй, ганцхан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийг бариад дүгнэлт гаргадаг, нөгөөх нь түүнийг нь баримтлан холбогдох саналаа гаргадаг буруу практик энэ төрлийн хэрэг дээр тогтсон болох нь өмнөх гэм буруугийн шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн өгсөн мэдүүлгээс харагдаж байгаа.

Тэдгээр нь 1995 оны ерөнхий зохицуулалттай Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг мэддэг атлаа илүү нарийвчилсан зохицуулалттай 2012 оны Ойн тухай хуулийг огт уншдаггүй, мэддэггүй, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэггүй байдал энэ хэргийн хувьд анзаарагдаж байлаа. Ойн тухай хуулийг яагаад баримталдаггүй талаараа шинжээч тайлбарлаж чадахгүй байсан болно.

Өмгөөлөгчийн хувьд гэмт хэрэг гэж үзээд байгаа бол шууд хохирол, нөхөн төлбөр хоёроо хуульд заасан арга, хэлбэрээр нь үнэн зөв тогтоолгож өгөхийг хүсэж мэтгэлцсэн боловч шүүх эцэслэн шийдвэрлэсэн болно.

Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад тодорхойлох хэсэгтээ “Самрыг ургамал уу, ойн дагалт баялаг уу гэдгийг тодорхойлоход тусгай мэдлэг бүхий шинжээчдийн дүгнэлт чухал юм” гэжээ.

Самар бол ургамлын үр төл мөн боловч олон ургамлын үр төл дотроос түүнийг ойн дагалт баялаг гэж Монгол Улсын Их Хурал Ойн тухай хуулийн 3.1.12-т онцлон хуульчилсан байхад шүүх тусгай мэдлэг хэрэгтэй гэж үзээд шинжээч томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэснийг зөрчиж байна.

Самрыг ургамал уу, ойн дагалт баялаг уу гэдгийг шинжээчээр тогтоолгох шаардлагагүй бөгөөд харин шууд хохирлыг 2012 оны Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “... ойн дагалт баялгийн нөөцийг килограммаар тооцно” гэж заасны дагуу 1 кг-ийг нь 98.900 төгрөгөөр тогтоох уу, зах зээлийн үнэлгээгээр тогтоох уу, нөхөн төлбөрийг нь 3 дахин эсхүл 5 дахин нэмэгдүүлэх үү, зах зээлийн үнэлгээгээр нэмэгдүүлэх үү, энэ нь хэд болох вэ гэдгийг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоолгож болно.

Гэхдээ хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шинжээч томилон тогтоолгохоор хуульчилсан байдаг боловч энэ төрлийн хэргийн хувьд шууд хохирол, нөхөн төлбөрийг хэн тооцон үнэлэх, хэн ногдуулж төлөлтөд хяналт тавих зэрэг нь тусдаа хуульчлагдсан учраас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар огт хамааралгүй байна.

Тэдгээр шинжээч нарынх нь тусгай мэдлэг хүрэхгүй, бусдыг улам бүр хохироох дүгнэлт гаргаж, бусдын эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг будлиантуулж байгаа нь тодорхой харагдаж байна.

Гурав. Гэмт хэрэг, зөрчил хоёрыг ялгах зайлшгүй шаардлагатай байсан талаар:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйл, 7.9 дүгээр зүйлүүдэд хохирлын хэр хэмжээгээр нь ялган зааглаж хуульчлаагүй боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022.08.22-ны өдрийн А/282 тоот тушаалаараа баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.22 дахь хэсэгт заасан 1 хүн 50 кг самар түүж бэлтгэхийг зөвшөөрдөг бөгөөд уг хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд гэмт хэрэг гэж үзэн  Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлээр зүйлчлэн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэх нь зохистой байна.

Тэгвэл Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарын хувьд нийлээд 126,2 кг самар бэлтгэсэн нь дээрх тогтоосон хэмжээний дотор байх тул Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой байсан.

Түүнчлэн 1995 оны Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ургамлын аймагт учирсан хохирол, ойн санд учирсан хохирлыг тус тус ялгамжтай хуульчилсан, Зөрчлийн тухай хуульд мөн л ялгамжтай зохицуулсан атал хохирол, нөхөн төлбөрийг ургамлын аймагт учирсан хохирол гэж үзсэн, улмаар 5 дахин нэмэгдүүлж хууль буруу хэрэглэсэн, Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлаас баталсан Ойн тухай хуулиар ойн дагалт баялаг болохыг тодорхойлсон байхад Засгийн газрын хууль зөрчин баталсан тогтоолын дагуу ховор ургамал гэж үзэн гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага тооцсон нь бүхэлдээ хууль бус үйл ажиллагаа байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн тухай ойлголт, шинжийг хуульчилсан бөгөөд 4 дэх хэсэгт нь “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан байна.

Үүнээс үзвэл Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын баталсан хуультай харшилсан тогтоол гарган ойн дагалт баялгийг ховор ургамлын жагсаалтад бие даасан ховор ургамал мэтээр оруулсан Засгийн газрын тогтоолыг үндэслэн ургамал гэж үзэн улмаар ургамлын аймагт хохирол учруулсан гэж хэт өндөр үнэлгээ тогтоох, улмаар гэмт хэрэг гэж ял халдааж байгаа нь бүхэлдээ хуулийг буруу хэрэглэсэн, миний үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хохироосон, буруу жишиг тогтоосон хууль бус шийдвэр, үйл ажиллагаа болсон байна.

Дөрөв. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хууль бус талаар:

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь хуулийг илт мушгин тайлбарласан дүгнэлтүүдийг хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүгч нарын тавьж байсан асуултуудаас харахад энэ төрлийн хэрэг дээр маш буруу ойлголттой явдаг, хууль тогтоомжийн актуудыг бүрэн гүйцэд судалдаггүй, Ойн тухай хуулийг ойг гар түймрээс хамгаалах зорилгоор батлагдсан хууль гэж явцуу ойлгосон байдал харагдаж байсан бөгөөд энэхүү байдал нь магадлалд хийсэн дүгнэлтээр батлагдаж байна.

Хэдийгээр давж заалдах гомдолдоо холбогдох хуулиудын зүйл, хэсэг, заалтууд болон холбогдох журам, заавар, аргачлалын талаар тусган оруулсан боловч тэдгээрийн утга агуулга, уялдаа холбоог судлахгүйгээр, өмнө нь энэ төрлийн хэргийг шийдвэрлэсэн практик ойлголтоороо хэргийг шийдвэрлэж байна.

Давж заалдах шатны шүүхийн хууль зөрчсөн дүгнэлтээс дурдвал:  1. Магадлалын тодорхойлох хэсэгт ... “Ойн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж ойг хамгаалахтай холбоотой харилцааны талаар хуульчилсан тул шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Байгалийн ургамлын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баримтлан дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй юм” гэжээ.

Тэгвэл зөвхөн энэ дүгнэлтийн тухайд 1 дүгээрт: Энэ шинжээчийн дүгнэлт гарах үед Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болоогүй буюу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч дүгнэлт гаргах эрх зүйн орчин бүрдээгүй байсан тул Ойн тухай хуульд заасан арга хэлбэрээр шууд хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах зохицуулалт үйлчилж байсан байна.

2 дугаарт: Шүүх хуралдаан дээр илтгэгч шүүгч нь Ойн тухай хуулийн зорилтыг ойг гал түймрээс хамгаалах л зорилготой юм биш үү гэж надаас асуугаад байсан. Гэтэл үнэнээсээ ийм ойлголттой байдаг болохоо шийдвэртээ хийсэн дүгнэлтээрээ харуулжээ.

Ингэж хууль тогтоогчийн санааг явцуу ойлгож, хуулийг амьдралд гууль болгон хэрэгжүүлж, бусдын хувь заяаг шийдвэрлэж байгаад харамсаж байна.

Ойн тухай хуулийн зорилтыг магадлалд бичсэнээс нь харахад хуульчийн хувьд, өмгөөлөгчийн хувьд ч зөвхөн ойг гал түймрээс хамгаалах зорилготой гэж явцуу ойлгох боломжгүй байна.

3 дугаарт: Улсын Их Хурал нь 2012 онд Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хууль, Ой, хээрийг хамгаалах тухай хууль, Ойн тухай хуулиудыг хүчингүй болгон Ойн тухай хуулийг шинэчлэн баталсан байх бөгөөд зорилтоосоо эхлээд агуулга, зохицуулсан харилцаа нь ой, ойн сан бүхий газрыг хэсэгчлэн авч тусгайлан зохицуулсан шинжтэй бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас илүү нарийвчилсан зохицуулалтыг тусгаснаараа онцлогтой болсон байна.

4 дүгээрт: Хууль хэрэглээний хувьд ч ойн сан бүхий газарт үйлдэгдсэн хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэрхэн үнэлэх, тооцох, нөхөн төлүүлэх талаар тусгайлан зохицуулсан тул Ойн тухай хуулийг баримтлах нь зүйтэй байна.

2. ... “Монгол Улсын Засгийн газрын 2015.10.19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ буюу pinus sibirica/-ийг ховор ургамлын жагсаалтад хамруулсан бөгөөд энэхүү ховор ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь Сибирь хуш /самар/-н нойтон 1 кг-ийг нь 98.900 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэх талаар Байгаль орчныг хамгаалах хуулийн 49 дүгээр зүйлд заасныг үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүд гарсан байх тул...” гэжээ.

1 дүгээрт: Энэ хэрэгт дээр дурдсанчлан Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болоогүй байхад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулж хууль зөрчсөн байгаа.

2 дугаарт: Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүд гарсан гэж өмнөх шийдвэрээсээ хуулбарлан авч дүгнэсэн бололтой. Ийм дүгнэлтүүд энэ хэрэгт байхгүй болно.

3 дугаарт: Дахин хэлэхэд Засгийн газрын тогтоолыг дурдаад байх юм. Тэр тогтоол чинь өмнө нь батлагдсан Ойн тухай хуулийг зөрчиж гарсан байна гэж давж заалдах гомдолдоо бичээд байхад ойлгохгүй байна.

4 дүгээрт: Улсын Их Хурлаас 2012 онд баталсан ойн тухай хууль, Засгийн газраас баталсан 2015 оны тогтоол хоёрын аль нь илүү хүчин чадалтай вэ, хоорондоо зөрчилдвөл алийг нь дагаж мөрдөх вэ? гээд миний хувьд Ойн тухай хуулийг баримтлах нь зүйтэй гээд гомдлоо бичээд байхад огт хариулт өгч, дүгнэлт хийхгүй байна.

5 дугаарт: 1995 онд батлагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль,      2012 онд батлагдсан Ойн тухай хууль хоёрын алийг нь баримтлах нь зохимжтой талаар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянасан гэх давж заалдах шатны шүүх гомдлын агуулга, хууль зүйн үндэслэлд хариу өгөөгүй, хууль зөрчсөн шийдвэрийг залруулаагүй, хууль тогтоомжийн актуудын эрэмбэ буюу Ойн тухай хуулиас давсан Засгийн газрын тогтоолыг баримтлан бусдад ял халдаасан асуудалд зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, хууль бус шийдвэрийг зөвтгөсөнтэй өмгөөлөгчийн хувьд эвлэрэх, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүхээс эхлэн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хүртэл хөндөж мэтгэлцээд тодорхой хариулт, үнэлэлт дүгнэлт авч чадахгүй байгаа тул хяналтын шатны шүүхээс хариулт хүлээн энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Самар гэдэг зүйл хоёр нэр томьёогоор ойлгогдож байна. 2012 оны Ойн тухай хуулиар ойн дагалт баялагт тооцогдож байгаа. Харин Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор ховор ургамлын үр гэдэгт тооцогдож, цагдаа болон шүүхийн байгууллагаас ховор ургамал гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцож байна. Улмаар хохирлын хэмжээг тогтоохдоо экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцох, ургамлын аймагт учруулсан хохиролд тооцож 5 дахин нэмэгдүүлэх зэргээр давхар хохироож байна. Энэ асуудлаар нэгдсэн жишиг шийдвэр гаргуулахаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Ойн тухай хууль нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас илүү нарийвчилсан зохицуулалтай, хууль зүйн хүчин чадлын хувьд Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоос илүү байх ёстой гэж үзэж байна. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт самар багтдаг. Ойн санд хохирол учруулсан тохиолдолд шууд болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөр гэсэн хоёр хэлбэрээр хохирлыг тогтоодог. Гэтэл шууд хохирлыг тогтоохдоо тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцохоор хуульчилсан байхад экологи эдийн засгийн үнэлгээгээр буюу 1 кг самрыг 98.900 төгрөгөөр тооцож 5 дахин нэмэгдүүлсэн нь миний үйлчлүүлэгч нарыг хохироосон асуудал юм. Самрыг ховор ургамал гэж үзсэнээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Хэрэв Ойн тухай хуулийг баримталбал ургамлын аймагт хохирол учруулсан гэж үзэхгүй, хохирлын асуудал үүсэхгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд зааснаар хариуцлага оногдуулах боломжтой. Гэтэл эрүүгийн гэмт хэрэг тооцож ял халдаасан нь үндэслэлгүй. Мөн хохирлын хэмжээг хэт өндөр тогтоосон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох нь зохимжтой” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр эрхтнийг бэлтгэж, тээвэрлэсний улмаас байгаль орчинд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Самар нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан Ховор ургамлын жагсаалтад орсон. Уг тогтоолд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулсан бөгөөд самрыг “Нарсны төрлийн модны үр” гэснийг “ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ” гэж өөрчлөлт оруулсан байна. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1632 дугаартай тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр самрыг “ховор ургамал” гэж үзсэнийг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан дүгнэхэд үндэслэлтэй байна. Энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлээс “... Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын баталсан хуультай харшилсан тогтоол гарган ойн дагалт баялгийг ховор ургамлын жагсаалтад бие даасан ховор ургамал мэтээр оруулсан Засгийн газрын тогтоолыг үндэслэн ургамал гэж үзэн улмаар ургамлын аймагт хохирол учруулсан гэж хэт өндөр үнэлгээ тогтоох, улмаар гэмт хэрэг гэж ял халдааж байгаа нь бүхэлдээ хуулийг буруу хэрэглэсэн, миний үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хохироосон, буруу жишиг тогтоосон хууль бус шийдвэр, үйл ажиллагаа болсон байна ...” гэсэн гомдол гаргажээ.

 Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг бүхэлд нь хамгаалах, нөхөн сэргээх, тэдгээртэй холбогдсон цогц харилцааг зохицуулахаар Улсын Их Хурлаас 1995 онд батлан гаргасан суурь хууль юм.

Суурь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан байгалийн тодорхой төрлийн объектод хамаарах харилцааг холбогдох салбар хууль, эрх зүйн бусад актуудаар нарийвчлан зохицуулдаг онцлогтой.

Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: 

1/ "байгалийн ургамал" гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; 

2/ "байгалийн ургамлын нөөц" гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулахаар хуульчилжээ.  

Хэдийгээр Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар самар нь ойн дагалт баялаг мөн боловч Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ямар ургамлыг ховор ургамалд тооцох талаар тогтоол гаргаж, жагсаалт батлах эрх хэмжээг Монгол Улсын Засгийн газарт хууль тогтоогчоос олгосон байна.

Энэ эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 1995 оны  153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” хэмээн баталж, мөн Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ болгон өөрчлөлт оруулсныг буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулжээ.

Харин Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн:

3.1.1."ой" гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;

3.1.2."ойн сан" гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;

3.1.11."ойн баялаг" гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;

3.1.12."ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог хуульчилсан нь “самар нь хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж буй ховор ургамал” болохыг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

Тодруулбал, Ойн тухайн хуулиар тухайн байгалийн ургамлууд ургаж буй ойн бүсчлэлийг тогтоож улмаар тус бүcчлэлийн хүрээнд ургамлуудыг хэрэглээнийх нь шинж чанараар мод ба бусад дагалдах баялаг хэмээн зөвхөн ойн баялгийн нөөцийг ерөнхийлсөн байдлаар тодорхойлсон байх тул дээрх хууль тогтоомжуудын хооронд зөрчилдөөн байхгүй гэж үзнэ.

Шүүгдэгч нарын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 126.2 кг хушны самар түүсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоон төлүүлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “... хуулийг буруу хэрэглэсэн, миний үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хохироосон, буруу жишиг тогтоосон хууль бус шийдвэр, үйл ажиллагаа болсон гэх гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

3.Шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 11-нээс 22-ны өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шургуут гэх газраас Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 126.2 кг Сибирь хушны үр, идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн **-** УНС улсын дугаартай “Mitsubishi L200” загварын тээврийн хэрэгслээр 2022 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн хяналт шалгалтын пост хүртэл тээвэрлэн, Байгаль экологи, ургамлын аймагт 12.481.180 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 62.405.900 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хууль ёсны, үндэслэлтэй болсон байна.

4.Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо ижил буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

5.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

6.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 788 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Б.БАТЦЭРЭН

                        ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                 Б.ЦОГТ