Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01834

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04982 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23/01 дугаар компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж *******-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцаа эзэмших эрхийг *******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах үндсэн,

2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хамтран ажиллах гэрээ болон компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж *******-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, ******* *******-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие *******-ийг 2017 онд үүсгэн байгуулан, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын MV-020738 дугаартай Дадын хар толгой-2 гэх газарт төслийг хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулж байна. *******, түүний хэрэгжүүлж буй төслийг миний бие өөрийн урт хугацааны хөдөлмөрийн үр дүнд бий болгосон. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлолтын болон гадаад нүүрс экспортын тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт болон экспортын ажлыг хэрэгжүүлж эхлэх зорилгоор *******, ******* нартай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр хамтран ажиллах тохиролцооны нэг хэсэг болгон *******-ийн 100 хувийн хувьцаанаас 40 хувийн хувьцааг *******д шилжүүлэхээр тохиролцож, шилжүүлсэн. Ингээд хариуцагч ******* нь гадаадын хөрөнгө оруулалт олж ирэх талаар санал тавьсан. Үүний дагуу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 01 дугаар хамтран ажиллах гэрээг байгуулсан.

*******тай зөвхөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу хамтран ажиллахаар л тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний хувьд бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүйгээр шилжүүлдэг онцлогтой байтал талууд хамтран ажиллах гэрээний нэг хэсэг болгож ашиг орлого хуваарилах буюу хариу төлбөртэй байдлаар тохиролцож буй нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй, эд хөрөнгөтэй *******-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлэхдээ ямар нэгэн татвар хураамж төлөөгүй нь уг гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх байдлаар компанийн хувьцааг шилжүүлж буй компанийн хувьцаа бэлэглэх гэрээ нь хүчин төгөлдөр бус тул түүний үндсэн дээр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах өнөөдрийн байдлаар компанийн шилжүүлсэн хувьцаа хариуцагч ******* нэр дээр байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт *******-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцааг *******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23/01 дугаар компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу *******-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцааг *******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 2 дах хэсэгт заасны дагуу ******* нь өөрийн эзэмших эрхтэй хувьцааг 6 сарын түр хугацаанд хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн. Гэвч бэлэглэлийн гэрээгээр хувьцааг хугацаагүйгээр буцах нөхцөлгүйгээр ******* нэр дээр өмчлөлд шилжүүлсэн нь хамтран ажиллах гэрээнээс ялгаатай үр дагаврыг бий болгож, хамтран ажиллах гэрээг халхавчилж байна, ******* нь тодорхой хэмжээний ашигт малтмалын нөөцтэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн ажиллагаа нь жигдэрсэн ажиллах хүч техник хэрэгсэлтэй байхад ******* миний бие бусдад үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлгүй байсан компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, үүний үр дагавар нь компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчингүй болж, гэрээний дагуу шилжүүлсэн хувьцааг буцаан шилжүүлэх агуулгатайгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгнө гэжээ.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* 2019 оны 01 дүгээр сард *******-ийн хувьцаа эзэмшигч *******тэй анх танилцсан. Тухайн үед -ийн 66 хувийн хувьцаа эзэмшигч *******33 хувийн хувьцааг ******* нь шилжүүлэн авахаар харилцан тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *******т нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 33,000 энгийн хувьцаа буюу нийт 330,000,000 төгрөгийн үнэтэй хувьцааг шилжүүлэн өгсөн. ******* миний бие ******* 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хувьцааны төлбөр шилжүүлэх хэлцэл байгуулж, *******ийн эзэмшилд шилжсэн 33 хувийн хувьцааны төлбөр 330,000,000 төгрөгийг ******* *******ийн өмнөөс төлсөн. Энэ нь *******-ийн 40 хувийн хувьцааны төлбөрт тооцогдохоор ******* бид хоёр харилцан тохиролцсон. ******* миний бие нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *******-ийн хувьцааны нэг бүр нь 1000 төгрөг нийт 400,000 төгрөгийн үнэ бүхий 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. -ийн тухайд ОНӨҮГ-34 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Эргэл Халивын Өргөтгөл нэртэй 19,547 га талбайд ашигт малтмалын хайгуулын лицензтэй байсан. Бид 2019 онд гэрээ байгуулсан үеийн цаг хугацаагаар өөрсдийн эзэмшлийн компаниудын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нөхөж хийсэн бөгөөд 07/22 дугаар Хамтран ажиллах гэрээний хавсралтад үүнийг тусгасан. Үүнд, *******-ийн үнэлгээ 2017 оны 12 сараас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хугацаанд 3,684,070,221.09 төгрөг, -ийн тухайд хайгуулын зардалд зарцуулсан 7,265,880,000 төгрөгөөр тус үнэлэгдсэн болохыг талууд баталгаажуулсан байдаг.

Иймд, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар бүхий хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч талын хүсэл зориг бол өөрт ногдох хувьцааны төлбөрөө ******* надаас хүлээн авах баталгаа болгох зорилгоор дүр үзүүлж байгуулсан хэлцэл юм. Нэхэмжлэгч нь компанийн цаашдын үйл ажиллагаанд өөрөө хөрөнгө оруулах боломжгүй болсныг мэдэж байсан учир өөрийн хүсэл зоригийг илэрхийлж 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн тухайд 60 хувийн хувьцааны төлбөрөө хүлээн авсан мөртлөө надад хөрөнгөө 6 сарын хугацаанд итгэмжилсэн болохоос үнэ төлбөргүй өгсөн мэтээр хариуцагч намайг бусдыг төөрөгдүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ болон компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож ******* болон ******* нарын хооронд хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоож, ******* *******-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг улсын бүртгэлд даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.3, 2.7, 2.8-д заасан нөхцөлөөс үзэхэд нэхэмжлэгч *******ийн *******-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцааг 6 сарын хугацаанд түр шилжүүлэн авч *******ийн нэрийн өмнөөс гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлцэл хийхэд дэмжлэг үзүүлэн ажиллах, тус хэлцэлд заасан хугацаанд хэрхэн шийдвэрлэгдсэнээс үл хамааран *******ийн 60 хувийн хувьцааг үл маргах журмаар буцаан шилжүүлэх үүргийг хүлээсэн болно. ******* нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хамтран ажиллах гэрээнд сайн дураар гарын үсэг зурж, хүсэл зоригийн илэрхийллээ нотариатаар гэрчлүүлсэн. Түүнчлэн, ******* гаргасан сөрөг нэхэмжлэлд *******-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар ажилласан, компани 200 тэрбумын тайлант хугацааны өр төлбөртэй талаар дурдсан байна. Гэтэл *******-ийн үйл ажиллагаа менежментийг *******ийн хамаарал бүхий компаниуд, тэдгээрийн ажилтнууд авч явдаг бөгөөд үүсгэн байгуулагдсанаас хойш ******* болон ээж ******* гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан болно. Дээрх хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч олох, тэдгээртэй ******* компанийг төлөөлөн уулзалт хийх шалтгаанаар түүнд гүйцэтгэх захирлыг түр шилжүүлсэн болно. Хувьцаагаа хамтран ажиллах болон харилцан тохиролцох гэрээний дагуу /өмнөх хувь эзэмшлээ тус тус эзэмшсэнээр компанийн тухай хууль, компанийн дүрмийн дагуу эзэмшиж буй хувьцааны хэмжээгээрээ хамтран хариуцлага хүлээгээд явна. Түүнчлэн, хоорондын төлбөр тооцоог ч харилцан тооцоо нийлж, харилцан барагдуулах нь тодорхой юм. Мөн ******* танилцуулж байснаар Австрали улсын ******* компани *******-ийн төсөлд хөрөнгө оруулалт хийх, эсвэл хувьцааг худалдан авах шийдвэр гарсан бол хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцаанаасаа хэд хэдэн хувийг хөрөнгө оруулагчид шилжүүлэх зэрэг дараагийн асуудлаа тохирох байсан. Уг хөрөнгө оруулагч хайх шаардлага нь компанид хөрөнгө оруулагч олж, үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой байсан бөгөөд дан ганц *******ийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчид *******ар зуучлуулан зарах талаар ямар ч хэлцэл хийгдээгүй болно. Иймд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 23/01 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндсэн болон сөрөг шаардлагыг хангаж, *******-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхийг *******ийн нэр дээр буцаан шилжүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* ******* нарын хооронд *******ийн *******-ийн 60 хувийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхийг *******д худалдсан худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулагдсан болохыг тогтоож, *******-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 107,200/18,650+18,650+70,200/ төгрөгийг, хариуцагч *******ас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,876,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 37,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т, нэхэмжлэгч *******ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 34,876,450 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхээс талуудын хооронд хийгдсэн хэлцлүүдийг буруу тайлбарласан, улмаар үүссэн харилцааг зөвөөр тодорхойлоогүй, бичгийн нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлтүүд өгч, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хамтран ажиллах гэрээнд ******* хувьцаагаа худалдахаар урьдчилсан санал солилцож, судалгаа хийгдэж байгаа тухай л дурдаж, уг хэлцэл хийгдэхээр болсон тохиолдолд ******* нь *******ийн хувьцааг буцаан шилжүүлэх нөхцлийг л заасан. Өөрөөр хэлбэл, *******ээс өөрийн 60 хувийн хувьцааг худалдах эрхээ *******д шилжүүлэх болон ******* зөвхөн өөрийн 60 хувийн хувьцааг шууд худалдах нөхцөлийн талаар дурдаагүй, худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй болно. Тиймээс шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Улмаар компанийн хувьцааг шууд худалдахаар тохиролцсон гэж үзсэн дүгнэлттэй холбоотой компанийн хувьцаа эзэмшигчийн давуу эрхийг зөрчсөн гэх дүгнэлт үндэслэлгүй байна. Хэрэв хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэж байгаа бол хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй этгээд болох ******* нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хамтран ажиллах гэрээг зөвшөөрөн баталж, давуу эрхээсээ татгалзсан нөхцлийг шүүх анхаараагүй.

6.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон гэрч ******* мэдүүлэгт зөвхөн *******ийн хувьцааг худалдах талаар мэдүүлээгүй бөгөөд гэрчийн мэдүүлгийн бүрэн агуулгаар үнэлэхгүйгээр дүгнэсэн болно. Мөн гэрчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан бичгийн баримтаас өөрөөр гуйвуулан дүгнэсэн.

Түүнчлэн, дээрхийн дагуу шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т ******* нь ******* компанид *******ийн эзэмшлийн 60 хувийн хувьцааг худалдах зорилгоор, дээрх агуулга бүхий хэлцлийг байгуулсан, уг харилцан тохиролцооны үйл баримтын талаар маргахгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж, нэхэмжлэгч ******* нь ******* компанид хувьцаа худалдахаар, уг хугацаанд өөрийн эзэмшлийн хувьцааны эрх хэмжээгээр хамтран ажиллахаар талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талуудын маргаан байхгүй байна гэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч талаас ингэж тайлбарлаагүй, нотлогдохгүй болно.

6.3. Худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзэж байгаа бол хүсэл зоригийн илэрхийллийг хэрхэн хүлээн авсан буюу хүсэлт зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон эсэхийг дүгнэх шаардлагатай юм. Хэзээ, яаж худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзээд байгаа юм бэ гэдэг чухал асуудал юм. Шүүхээс хэлцлүүдийг тайлбарлахдаа Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасан хүсэл зоригийг тайлбарлах журмыг баримтлаагүй байна. Иргэн, хуулийн этгээд өөрийн эд хөрөнгө, түүний эрхийг бусдад ямар үнээр хэрхэн худалдах нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэх ойлголт. Энэ хүрээнд ******* нь 2019 онд *******-ийн 40 хувьцаагаа -ийн 40 хувийн хувьцаа болон *******-ийн тусгай зөвшөөрлийг авахад гарсан нийт 20 тэрбум төгрөгийн зардлын 40 хувьд ногдох зардлыг төлснөөр авах хэлцлийг *******тай байгуулж гэрээг нотариатоор гэрчлүүлсэн байхад анхан шатны шүүхээс тус хэлцлийн гол нөхцөлд бодит үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

6.4. 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд талууд эвлэрэн хэлэлцэх хугацаа авахаар шүүх хуралдаан дээр хойшлуулах хүсэлт гаргахад хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан зохигчийн эрх болон мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тус тус ноцтой зөрчсөн.

6.5. Сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж дутуу төлсөн.

Хариуцагчийн зүгээс талуудын хооронд *******-ийн 60 хувийн хувьцааны эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох нэхэмжлэлд 2,000,000 ам.долларын шилжүүлгийн баримтын хүрээнд 34,876,450 төгрөг, бусад шаардлагад 70,200 төгрөг төлж бусад 3 шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.4-т заасныг тус тус зөрчсөн байна. Дээрх байдлаар шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23/01 дугаар компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж *******-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч,

2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хамтран ажиллах гэрээ болон компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж *******-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, хариуцагчийг *******-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 23/01 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндсэн болон сөрөг шаардлагыг хангаж, *******-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зохигчдын хооронд *******ийн *******-ийн 60 хувийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхийг *******д худалдсан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан болохыг тогтоож, *******-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр хариуцагчийг бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

3. Дээрх шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, дараах агуулгатай гэрээг байгуулсан байна. Үүнд:

2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-гээр: /А тал нь *******, Б тал нь ******* болно./

1.1. А тал 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 23/01 тоот Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу *******-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцааг ******* нэр дээр буцаан шилжүүлэхийг *******д даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлж байна.

1.2. Б тал 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ болон Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ... ******* *******-ийн 60%-ийн 600 ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлд даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлж байна.

1.3. Талууд талуудын хооронд *******-ийн 60%-ийн 600 ширхэг хувьцаа хувьцааны эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэхүү гэрээний хоёрдугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөлийн дагуу эвлэрч, эвлэрлийн үр дагаврыг зохицуулж, тус шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа болно.

1.4. Талууд энэхүү гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй. Б тал нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн тул хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн өмнөх үүссэн болон цаашид үүсэх аливаа өр төлбөр (татвар, нийгмийн даатгал болон бусад бүхий л), бусдын өмнө хүлээх үүрэг, түүний үр дагаврыг А талд хамааруулахгүйгээр дангаар хариуцан шийдвэрлэнэ.

2.1. Б тал нь *******-ийн дээрх нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл бүхий маргааныг шийдвэрлэхийн тулд маргаан бүхий *******-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцааны төлбөрт нийт 20,000,000 /хорин сая/ ам.доллартой тэнцэх төгрөгийг төлбөр гүйцэтгэх өдрийн Монголбанкны ханшаар тооцож дараах нөхцлөөр А талд нэмж төлөхөөр харилцан тохиролцож байна.

2.2. Б тал нь эхний 5,000,000 /таван сая/ ам.доллартой тэнцэх төгрөгийг төлбөр гүйцэтгэх өдрийн Монголбанкны ханшаар тооцож *******-ийн MV-020738 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Дадын хар толгой-2 гэх нэртэй төслийн уурхай дээр ажиллах А талын хамааралгүй оператор компанийг энэхүү гэрээ байгуулагдсанаас хуанлийн 3 хоногийн дотор Б тал бие даан сонгож ажлын талбай дээр хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил эхлүүлэх ба үүнээс хойш ажлын 10 хоногийн дотор А талын Голомт банкны тоот дансанд төлнө.

2.3. Б тал нь А талд үлдэгдэл төлбөр болох 15,000,000 /арван таван сая/ ам.доллартой тэнцэх төгрөгийг төлбөр гүйцэтгэх өдрийн Монголбанкны ханшаар тооцож А талын Голомт банкны тоот дансанд энэхүү гэрээний 2.2 дахь төлбөр орох хугацаанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор төлнө.

2.4. А тал нь ******* хуулийн этгээдийн нэрийг цаашид ашиглах тул Б тал нь *******-ийн нэрийг солиулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

2.5. Б тал нь энэхүү гэрээний 2.2, 2.3-д заасан үүргээ хэрэгжүүлэх хүртэл *******-ийн хувьцаа болон ашигт малтмал ашиглалтын MV-020738 дугаар тусгай зөвшөөрлийг аливаа байдлаар бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгохгүй байх үүрэгтэй. Уг үүргээ зөрчиж хийсэн аливаа гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.

2.6. Б тал нь гэрээний 2.2, 2.3-д заасан төлбөрийг төлөх баталгаа болгож, талууд доор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцов. Үүнд:

2.6.1. Б тал энэхүү гэрээний 2.2, 2.3-д заасан үүргийн аль нэгийг хугацаандаа бүрэн биелүүлээгүй тохиолдолд А талын шаардлагаар уурхайн хөрс хуулалт, олборлолт, борлуулалтыг бүрэн зогсоож, хуанлийн 3 хоногийн дотор оператор компанийг уурхайгаас гаргах үүрэг хүлээнэ.

2.6.2. Энэ тохиолдолд А тал гэрээний 2.2, 2.3-д заасан төлбөрийг төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд өөрийн оператор компанийг уурхайн талбайд ажиллуулж, Б талын хяналт доор нүүрс олборлон борлуулах замаар төлбөрийг нүүрсний борлуулалтаас тооцож авах эрхтэй. Б тал нь үүнд бүх талаар дэмжиж ажиллах ба шаардлагатай бичиг баримт, гэрээг байгуулах, А талын дансаар нүүрсний төлбөрийг авах, бүхий л зөвшөөрлүүдийг цаг алдалгүй гаргаж өгөх үүрэгтэй,

2.6.3. Б тал нь энэхүү гэрээний 2.2,2.3-д заасан үүргээ биелүүлэх хүртэлх хугацаанд А тал нь өөрийн хамаарал бүхий компанийн менежментийн багаараа дамжуулан уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын үйл ажиллагаанд хяналт тавина.

2.6.4. Б тал энэхүү гэрээний 2.2, 2.3-д заасан төлбөрийн үүрэг ямар ч тохиолдолд заавал биелэх, дээрх баталгааг хэрэгжүүлэх эсэхээс үл хамааран заавал төлөх үүрэгтэй.

2.7. Б тал нь энэхүү гэрээний 2.1-т заасан үүргээ биелүүлсэн боловч 2.3-т заасан төлбөрөө төлөөгүй буюу дутуу төлж хугацаа хэтэрсэн тохиолдолд А талын санаачилгаар *******-ийн ашигт малтмал ашиглалтын MV-020738 дугаар тусгай зөвшөөрлийг банкны барьцаанд тавьж, үлдэгдэл төлбөрийг гаргаж өгөхийг зөвшөөрч байна.

2.8. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө.

2.9. Энэхүү гэрээг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс баталгаажуулах бөгөөд талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах, эвлэрлийн гэрээ байгуулах дарааллыг бүрэн ойлгож, давж заалдах журмаар гомдол гаргахаас өмнө энэхүү гэрээг байгуулж байгаа асуудалд аливаа саналгүй, хүлээн зөвшөөрч байгаа болно. Талууд гэрээнд заасан аль нэг үүргийг хугацаандаа, зохих ёсоор гүйцэтгээгүй бол албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан, гүйцэтгэх хуудас бичүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ. гэж талууд харилцан тохиролцож, гарын үсгээ зуржээ.

 

4. Түүнчлэн, талууд 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-гээр:

1.1. *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04982 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд талууд шүүхийн шийдвэрийг бичгээр албажин гарахаас өмнө буюу 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр маргааныг эвийн журмаар шийдвэрлэж дуусгахаар Эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг тэмдэглэн;

1.2. Нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргаж, талууд Эвлэрлийн гэрээ-г байгуулж, маргааныг эвийн журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож давж заалдах шатны шүүхээр батлуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр болсныг тэмдэглэн;

1.3. Талуудын хооронд байгуулсан 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрлийн гэрээ нь хүчинтэй бөгөөд хариуцагч талд тус эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгох үүднээс энэхүү гэрээгээр дараах өөрчлөлтийг оруулахаар тохиролцов. Үүнд:

Гэрээний 2.2-т Б тал нь эхний 5,000,000 /таван сая/ ам.доллартой тэнцэх төгрөгийг төлбөр гүйцэтгэх өдрийн Монголбанкны ханшаар тооцож *******-ийн MV-020738 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Дадын хар толгой-2 гэх нэртэй төслийн уурхай дээр ажиллах А талын хамааралгүй оператор компанийг энэхүү гэрээ байгуулагдсанаас хуанлийн 3 хоногийн дотор Б тал бие даан сонгож ажлын талбай дээр хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил эхлүүлэх ба үүнээс хойш хуанлийн 10 хоногийн дотор А талын Голомт банкны тоот дансанд төлнө гэснийг Б тал нь эхний 5,000,000 /таван сая/ ам.доллартой тэнцэх төгрөгийг төлбөр гүйцэтгэх өдрийн Монголбанкны ханшаар тооцож *******-ийн MV-020738 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Дадын хар толгой-2 гэх нэртэй төслийн уурхай дээр ажиллах А талын хамааралгүй оператор компанийг Б тал бие даан сонгож ажлын талбай дээр хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор эхлүүлэх үүрэгтэй ба үүнээс хойш хуанлийн 10 хоногийн дотор А талын Голомт банкны тоот дансанд төлнө.

1.4. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь талууд гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болж нэмэлт өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар, бүрэн, дүүрэн гүйцэтгэснээр дуусгавар болно.

1.5. Нэмэлт, өөрчлөлтийг монгол хэл дээр 2 эх хувь үйлдэх ба эх хувь тус бүр нь хуулийн өмнө адил хүчинтэй байна. Бусад өөрчилснөөс бусад зохицуулалт 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-ний дагуу байна.

1.6. Энэхүү нэмэлт гэрээ нь 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Эвлэрлийн гэрээ-ний салшгүй хэсэг болох бөгөөд Эвлэрлийн гэрээ-тэй хамт давж заалдах шатны шүүхээр баталгаажуулж, маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлүүлнэ. гэж тус тус тохиролцон, нотариатч А.Золбоо үйлчлүүлэгчийн боловсруулсан гэрээ гэрчилсэн тэмдэглэлийг үйлдсэн байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Талуудын хооронд байгуулагдсан 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-ний 2.8-д заасан алданги төлөх зохицуулалтыг хасах өөрчлөлт оруулахаар тохиролцов гэж зохигчид 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 01-02 дугаартай гэрээгээр харилцан тохиролцсон.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэх эрхтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн бүрэн эрхтэй байна. /1хх61,2хх224/

 

7. Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээнүүд нь хуульд нийцсэн, зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04982 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид дор дурдсан нөхцөлөөр:

1.1. Хариуцагч *******д холбогдуулан гаргасан 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23/01 тоот Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, *******-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцааг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* татгалзах,

1.2. Нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ болон Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагчийг *******-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг улсын бүртгэлд даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч ******* татгалзах,

1.3. Талуудын хооронд *******-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцаа хувьцааны эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох тухай хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцөлөөр:

1.3.а. Хариуцагч ******* *******-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцааны төлбөрт нийт 20,000,000 /хорин сая/ ам.доллартой тэнцэх төгрөгийг нэхэмжлэгч *******т төлөх,

1.3.б. Эхний 5,000,000 /таван сая/ ам.доллартой тэнцэх төгрөгийг төлбөр гүйцэтгэх өдрийн Монголбанкны ханшаар тооцож, *******-ийн MV-020738 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Дадын хар толгой-2 гэх нэртэй төслийн уурхай дээр ажиллах нэхэмжлэгчийн хамааралгүй оператор компанийг гэрээ байгуулагдсанаас хуанлийн 3 хоногийн дотор хариуцагч бие даан сонгож ажлын талбай дээр хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор эхлүүлж, үүнээс хойш хуанлийн 10 хоногийн дотор нэхэмжлэгчийн Голомт банкны тоот дансанд төлөх,

1.3.в. Үлдэгдэл төлбөр 15,000,000 /арван таван сая/ ам.доллартой тэнцэх төгрөгийг төлбөр гүйцэтгэх өдрийн Монголбанкны ханшаар тооцож нэхэмжлэгчийн Голомт банкны тоот дансанд энэхүү гэрээний 2.2 дахь төлбөр орох хугацаанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор төлөх,

1.4. Нэхэмжлэгч ******* ******* хуулийн этгээдийн нэрийг цаашид ашиглах тул хариуцагч ******* *******-ийн нэрийг солиулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх,

1.5. Хариуцагч ******* гэрээний 2.2, 2.3-д заасан үүргээ хэрэгжүүлэх хүртэл *******-ийн хувьцаа болон ашигт малтмал ашиглалтын MV-020738 дугаар тусгай зөвшөөрлийг аливаа байдлаар бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгохгүй байх үүрэгтэй, уг үүргээ зөрчиж хийсэн аливаа гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна,

1.6. Хариуцагч гэрээний 2.2, 2.3-д заасан төлбөрийг төлөх баталгаа болгож, гэрээний 2.2, 2.3-д заасан үүргийн аль нэгийг хугацаандаа бүрэн биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн шаардлагаар уурхайн хөрс хуулалт, олборлолт, борлуулалтыг бүрэн зогсоож, хуанлийн 3 хоногийн дотор оператор компанийг уурхайгаас гаргах үүрэг хүлээх; энэ тохиолдолд гэрээний 2.2, 2.3-д заасан төлбөрийг төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч өөрийн оператор компанийг уурхайн талбайд ажиллуулж, хариуцагчийн хяналт дор нүүрс олборлон борлуулах замаар төлбөрийг нүүрсний борлуулалтаас тооцож авах эрхтэй; хариуцагч нь үүнд бүх талаар дэмжиж ажиллах, шаардлагатай бичиг баримт, гэрээг байгуулах, нэхэмжлэгчийн дансаар нүүрсний төлбөрийг авах, бүхий л зөвшөөрлүүдийг цаг алдалгүй гаргаж өгөх үүрэгтэй; хариуцагч нь энэхүү гэрээний 2.2, 2.3-д заасан үүргээ биелүүлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь өөрийн хамаарал бүхий компанийн менежментийн багаараа дамжуулан уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын үйл ажиллагаанд хяналт тавих,

1.7. Хариуцагч гэрээний 2.3-т заасан төлбөрөө төлөөгүй буюу дутуу төлж хугацаа хэтэрсэн тохиолдолд нэхэмжлэгчийн санаачилгаар *******-ийн ашигт малтмал ашиглалтын MV-020738 дугаар тусгай зөвшөөрлийг банкны барьцаанд тавьж, үлдэгдэл төлбөрийг гаргаж өгөхийг зөвшөөрсөн,

1.8. Хариуцагч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн тул хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн өмнөх үүссэн болон цаашид үүсэх аливаа өр төлбөр (татвар, нийгмийн даатгал болон бусад бүхий л), бусдын өмнө хүлээх үүрэг, түүний үр дагаврыг нэхэмжлэгчид хамааруулахгүйгээр дангаар хариуцан шийдвэрлэхээр тус тус харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ээс төлсөн 35,161,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ