Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/85

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Гийн Сд холбогдох эрүүгийн 1917001490076 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч  Монгол   Улсын  иргэн,    Х      овогт    Гийн

С /РД:ЕЙ/, Дорноговь аймгийн С суманд 1979 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн С сумын 3 дугаар баг, Бийн ............ тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, Барилгын мужаан мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн нарын хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Г.С нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Бийн 10-1007 тоот гэртээ хамтран амьдрагч А.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр, толгойн тус газар гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Г.С нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянбулагийн 10-1007 тоот гэртээ хамтран амьдрагч А.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр, толгойн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1 Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Э гадуур гарч хүүхдийн хувцас зээлье гэхэд нь би маргааш нөгөөдөр ажлын хөлс бууна. Тэгэхээр авъя гэхэд намайг хэл амаар доромжлоод би уурлаад зүүн хацар луу нь алгадаж, толгой руу нь цохисон. Тухайн үед хажууд 2 хүүхэд байсан. Өмнө нь цохиж зодож байгаагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нөхөр хүүхдүүдийнхээ хамт гэртээ байж байгаад нөхөр Сд хандаад хүүхдийн сургууль орох цаг боллоо гарч хүнээс мөнгө зээлээд хүүхдүүдийнхээ юмыг авъя гэж хэлсэн. Тэгтэл С чи цаашаа дэмий тэнээд алга болно гээд над руу уурласан. Тэгэхээр нь          Сд би хаашаа алга болдог юм бэ чам шиг архи уугаад тэнэхгүй чи хоол ундаа хийгээд гэртээ байж бай гэсэн чинь чи надаар хоол хийлгэдэг хэн бэ? эр хүнээр хоол хийлгэдэг хэн бэ гээд миний дух руу 2 удаа цохисон. Мөн зүүн чих шанаа руу 1 удаа алгадсан. Мөн баруун хацар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд хүү Сыг та муусайнуудыг өрөвдөж явдаг шүү гэж хэлээд бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Би Сээс зугтаагаад гараад гүйсэн чинь С хашааны хаалган дээр зогсчихоод гаргахгүй байсан. Цагдаа дуудах гэсэн утас халаасанд хийчихээд өгөхгүй байсан. Тэгээд маргалдахаа болиод нэг хэсэг байж байтал миний толгой өвдөөд бөөлжөөд хэвтээд өгсөн. Маргааш өглөө             Сийг унтаж байхаар нь гэрээсээ гараад цагдаа руу утсаар ярьсан. Мөн 2019 оны цагаан сарын шинийн 2-ны өдөр архи уучихаад гэртээ агсан тавиад идээгээ нураагаад байхаар нь би уурласан чинь миний баруун хацар луу нэг удаа алгадсан. Тухайн үед надад гэмтэл учраагүй болохоор цагдаад эмнэлэгт хандаагүй. Өөрөөр цохиж зодож байгаагүй. Миний биед учирсан тархи доргилт, баруун нүдний дотор булан, зүүн хөхлөгийн сэртэнд цус хуралт, зүүн чихний хөхлөг сэргэнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд С надад учруулсан.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/

 

1.3. Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “ С ахыг эхнэртэйгээ муудалцсан асуудлаар шалгагдаж байгаа гэсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод ажил хийж байсан болохоор хэргийн нарийн учрыг мэдэхгүй байна. 2019 оны цагаан сараар санагдаж байна. С ах гэртээ чанга чанга дугараад байхаар нь яваад орсон чинь эхнэртэйгээ муудалцаад байж байсан. С ах согтуу байхаар нь гэртээ оруулаад унтуулсан. Тухайн үед эхнэрээ зодож цохиогүй. Эхнэр нь надад зодож цохисон талаар юм хэлээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/

 

1.4. Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 257 дүгээр дүгнэлтэнд: А.Эийн биед тархи доргилт, баруун нүдний дотор булан, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, зүүн чихний хөхлөг сэртэнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 14 хуудас/

 

1.5.Аюулын зэргийн үнэлгээ /х.х-ийн 9-10 хуудас/

 

  Иймд шүүгдэгч Г.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Шүүгдэгч Г.С нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч А.Энхмаагийн хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “С надаас уучлалт гуйсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр маргаангүй болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/

 

2.2. Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “С ахын хувьд дөлгөөхөн, үг дуу цөөнтэй хүний өөдөөс сөргөөцөлдөөд байдаггүй. Хүнтэй эвтэй харьцдаг. Хүний дургүй хүргээд хэг ёг гээд байхгүй. Дүү нартаа хүртэл чанга дугараад үг хэлж үзээгүй. Дуугүй л өөрийнхөө хариуцсан ажлыг хийгэд л байж байдаг. Хүнтэй маргалдаж муудаж байхыг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

 

2.3. Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “С ахын хувьд дөлгөөхөн, үг дуу цөөнтэй хүний өөдөөс үсчээд байхгүй. Барилгын ажил хийж ар гэрээ авч явдаг. Хөндлөнгөөс харж байхад эхнэртэйгээ эвтэй харагддаг. Хоёулаа дөлгөөхөн зантай хүмүүс байгаа  юм.   С ахын хувьд элдэв янзын ааш байхгүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/

 

2.4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүд /х.х-ийн 30-31 хуудас/

 

2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 49 хуудас/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Г.Сд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Гийн Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ