Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 204/МА2025/00023

 

 

  2025 оны  10 сарын   30                                                 204/МА2025/00023                       

 

 

А ХХК -ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанд

 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү /цахимаар/,

                                          Хариуцагчийн төлөөлөгч Н.Н

                                              Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр

                                          Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 6 дүгээр сарын 27-ны өдрийн 146/ШШ2025/00170 дугаар шийдвэртэй А ХХК -ийн нэхэмжлэлтэй Ш нөхөрлөл ХХК-өөс  худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 110,930,100  төгрөг  гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Н.Н ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч А ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч А ХХК  нь хариуцагч Ш нөхөрлөл ХХК -тай 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20240604/04 дугаар бүхий Худалдах худалдан авах гэрээ байгуулж 84,342,000 хүртэлх үнийн дүн бүхий ургамал хамгааллын бодис, үр бордоо, хөдөө аж ахуйн техник хэрэгслийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүний үнийг бүрэн төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу хариуцагч Ш нөхөрлөл ХХК  нь бүтээгдэхүүнээ шилжүүлэн авахын өмнө нийт төлбөрийн 15 хувь болох 12,651,300 төгрөгийн урьдчилгааг нэхэмжлэгчид төлсөн. Талууд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу худалдах худалдан авах гэрээг байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 20240604/04 дугаар бүхий барьцааны гэрээг мөн байгуулан бичгээр баталгаа гаргасан. Тус барьцааны гэрээгээр Өвөрхангай аймгийн Х сумын Д гэх газар байрлах 48,6263 м.кв/га, 46,9307 м.кв/га газруудыг тус тус барьцаалсан болно. Мөн хариуцагч нь нэмэлтээр 2,262,700 төгрөгийн зээлээр бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан болно. Иймд хариуцагч Ш нөхөрлөл ХХК  нь тус гэрээний дагуу үлдсэн төлбөрт 84,342,000 төгрөгийн үлдэгдэл 71,690,700 төгрөг, төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алдангид нийт 36,976,700 /худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т ...хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Худалдагчид төлнө/ төгрөг, нэмэлтээр авсан барааны төлбөрт 2,262,700 төгрөг нийт 110,930,100 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК -д төлөх үүрэгтэй. Гэвч хариуцагч Ш нөхөрлөл ХХК -аас гаргуулан авсан ба бусад төлбөрийг гэрээний үүргийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд хариуцагч Ш нөхөрлөл ХХК -аас худалдан худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 110,930,100 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

            2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч А ХХК -ийн зүгээс хариуцагч Шаргал талын буян компанитай 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүнийхээ дагуу 84,342,000 төгрөгийн ургамал хамгааллын бодис болон бордоо, хөдөө аж ахуйн тийм техник хэрэгслийн бүтээгдэхүүнийг борлуулахаар тохиролцсон байгаа. Хариуцагч талаас үүргийн гүйцэтгэлээ 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр биелүүлэх буюу гүйцэтгэхээр тохиролцож гэрээг байгуулсан. Энэ гэрээнд хариуцагч нь бүтээгдэхүүнээ шилжүүлэн авахын өмнө нийт төлбөрийн 15 хувь болох 12,651,300 төгрөгийг урьдчилгаанд төлсөн байгаа. Талууд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гэрээг байгуулж за үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор бол а хоёр мянга хорин дөрөв ноль зургаа дөрөв гэсэн дугаар бүхий одоо барьцааны гэрээг мөн давхар байгуулсан. Барьцааны гэрээгээрээ Өвөрхангай аймгийн Х сумын Д гэх газар байрлах 48 метр квадрат болон 46 метр квадрат газруудыг тус тус барьцаалсан. Хариуцагч нь мөн нэмэлтээр 2,262,700 төгрөгийн нэмэлтээр бараа бүтээгдэхүүн худалдаж авсан. Хариуцагч талаас гэрээний үндсэн үүргийн төлбөр болох 84,342,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Урьдчилгаагаа төлөөд 71,690,700 төгрөгийг хугацаандаа төлөөгүй байгаа. Үүний алдагдалд 36,976,700 төгрөгийг төлөхөөр гэрээнд болон Иргэний хуулийн холбогдох заалтуудад үндэслээд ингэж тооцогдож гарч байгаа. Мөн нэмэлт бараа авсан 2,262,700 төгрөгийг нийлүүлээд нийтдээ 110, 930,100 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК -д төлөх үүрэгтэй байгаа. Гэсэн хэдий ч өнөөдрийг болтол хариуцагч талаас төлбөрөө төлж үүргээ биелүүлсэн байдал байхгүй байгаа. Иймээс нэхэмжлэгч тал худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл мөнгө 73,953,400 төгрөг, алданги 36,976,700 төгрөг, нийт 110,930,100 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаа... гэв.

            3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нотлох баримтыг шинжлэн судаллаа. Тэгэхээр хавтаст хэрэгт холбогдох гэрээнүүд, баримтууд, барьцааны гэрээ авагдсан байна. Юуны өмнө талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн бэ гэхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.3.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа тэр дундаа зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Талууд гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс нэг зүйлээр татгалзал тайлбарлаад байна. Тэр нь юу вэ гэхээр би гарын үсэг зураагүй. Нөхөрлөлийн гишүүнээс гарчихсан хүн зурсан гэдэг. Тэгтэл хавтаст хэрэгт байгаа баримтаар үүнийгээ өөрөө нотолдоггүй. Мөн Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд нөхөрлөл бол аль ч гишүүн нь нөхөрлөлөө төлөөлөөд гарын үсгээ зураад хэлцэл байгуулах эрх нь олгогдчихсон байдаг. Тэгэхээр Н.Н  гэдэг хүний хувьд Ууганбаяр гэдэг хүн зурчихсан учраас би хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа энэ татгалзал өөрөө хууль зүйн хувьд үндэслэлгүй. Хоёрдугаарт төлбөр тооцооны асуудал яригддаг. 12,000,000 төгрөгийн урьдчилгаагаа төлчихсөн. 71,000,000 төгрөг үлдчихсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар талууд гэрээндээ алдангийн хэмжээг тохирчихсон. Иргэний хуульд алдангийн хэмжээг тодорхой хэмжээнд хязгаарлалт тавьж өгсөн байдаг. Энэ нь алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу нэхэмжлэгч байгууллагаас алдангийг хуульд нийцүүлж нэхэмжилсэн байгаа. Нэмэлтээр авсан бүтээгдэхүүнээ ч гэсэн хариу тайлбар дээрээ тайлбарлаад биччихсэн байна лээ. Үнийн дүн нь манайхаас өндөр. Гэхдээ бид нар яг хүлээлцэж авалцсанаараа нэмэлт бүтээгдэхүүний төлбөрийг нэхсэн. Үүнийг хариуцагч хариу тайлбараараа зөвшөөрчихсөн байдаг. Гуравдугаар асуудал үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүй бол яах юм бэ гэдэг асуудлыг өөрсдөө анх гэрээ байгуулахтай барьцааны гэрээ байгуулчихсан байна. Барьцааны гэрээний эрх зүйн үр дагавар бол үүргийн гүйцэтгэлээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна л гэдэг асуудал байгаа. Энэ дээр нэхэмжлэгч байгууллагын зүгээс холбогдох улсын тэмдэгтийн хураамжаа төлөөд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Ер нь өнөөдрийн хурал дээр хариуцагчийн зүгээс тайлбарлаад байгаа үндэслэлүүд нь болохоор хэн авсныг нотлох юм эсвэл би гарын үсэг зураагүй гэдэг байдлаар явж байгаа. Нөхөрлөлийн тухай хуулиараа нөхөрлөлийн аль ч гишүүн нь нөхөрлөлөө төлөөлөөд гэрээ байгуулах эрхтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар бараа бүтээгдэхүүнээ хүлээж авсан гэдэг үйл баримт байна. Өөрсдийнхөө тайлбараар ч гэсэн хүлээж авснаа нотолж байна. Өөрөөр хэлбэл хүлээж аваагүй юм бол яагаад 41,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн буцааж өгье гээд байгаа юм. Тэгэхээр эндээс энгийн логикоор тайлбарлахад хүлээж авсан дээр маргаан алга гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа юм. Мэдээж тэр бараа бүтээгдэхүүн буцаах асуудлаа 2 хуулийн этгээд хоорондоо эрх зүйн харилцаанд орж байна. Албан бичгээр хандаад явбал нээлттэй. Гэтэл хавтаст хэрэгт буцаая гэснээ амаар тайлбарладаг боловч буцаая гээд хандчихсан нотлох баримт байхгүй. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад дүгнэлт өгч шийднэ. Тэгэхээр энэ үүднээс харахад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэсэн тайлбартай байна... гэв.

            4. Хариуцагч Ш нөхөрлөл ХХК  төлөөлөгч Н.Н  анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бордоог манай гишүүн байсан хүн Ууганбаяр захиалга өгсөн. Өмнө нь яг ийм асуудлаар 2023 онд шүүхэд хариуцагчаар оролцож байсан. Болортуяа гэдэг хүнээс 3 тонн рапс Ш нөхөрлөл ХХК  нэр дээр аваад гэрээ хийгээд 2 тонныг нь өөр хүмүүст өндөр үнээр зараад, 1 тонныг нь манай нөхөрлөл хэрэглэж байсан. Тэрийг нь би төлж байсан. Энэ удаад бас ийм зүйл болж байна уу даа гэсэн хардлага төрөөд байна. Өмнө жил энэ хүн Дарханы хажууд байдаг газарт тарьж байсан. Энэ хор, бордоо дээр хэдийг нь хааш нь авсан болох нь тодорхойгүй байгаа учраас эргэлзэж байна. Дахин Ууганбаярын хэрэглэсэн бүтээгдэхүүнийг би төлөх болж байна. 134 ширхэг, 120 ширхэг гээд тусад нь биччихсэн байна. Яагаад 1 хүн авсан бол 1 дор л бичигдмээр юм. Тэгсэн 2 мөрөнд бичсэн байна. Манай зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нөхөрлөлөөс гарсан. Манай нөхөрлөлийн нэрийн өмнөөс бараа бүтээгдэхүүн авч хэрэглэсэн гэж хардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 20 килограмын савлагаатай 129 ширхэг 41,280,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглээгүй байгаа. Үүнийг буцаах хүсэлтэй байна. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буцааж өгөх гэсэн боловч аваагүй. Үүнийг нь буцааж өгөх хүсэлтэй байна... гэв.

            5. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш нөхөрлөл ХХК -иас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 110,930,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 712,600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш нөхөрлөл ХХК-өөс  712,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК -д олгож, нэхэмжлэгч А ХХК  нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул нэхэмжлэгч А ХХК -иас 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот дансанд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

            6. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Н  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шаргал талын буян нөхөрлөлд А ХХК -иас гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 170 дугаар шийдвэрээр төлүүлэх шийдвэр гаргасан. Шаргал талын буян нөхөрлөл нь тус компаниас огт авч хэрэглэхгүй хор бордоог үнийн дүнд оруулж нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Шаргал талын буян нөхөрлөл нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах хүсэлтэй байна гэжээ.

            7. Хариуцагчийн төлөөлөгч Н.Н  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолд нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

8. Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хуульд заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг баримтлан анхан шатны шүүх дүгнэж, нөхөрлөлийн гишүүн хянаж байсан. Тухайн нөхөрлөлийг төлөөлөн гэрээ байгуулах, бусадтай харилцах эрхтэй гэж дүгнэсэн. Гэтэл Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т хэсэгт нөхөрлөлийг үүсгэн байгуулж байгаа гэрээнд нөхөрлөлийг хэн төлөөлөх, удирдах талаар тусгайлан зохицуулна гэж заасан. Энэ тухай хавтаст хэрэгт тусгайлан авагдсан баримт байхгүй байхад шүүх тухайлан дүгнээд байгаа нь үндэслэлгүй. Үүнтэй холбоотойгоор хариуцагч Н.Н  анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч байгууллагатай худалдах, худалдан авах гэрээг бид байгуулаагүй, би байгуулаагүй гэдэг. Харин гэрээнд гарын зурсан Н.Н  гэдэг нэршил бүхий гарын үсэг нь миний гарын үсэг биш, би зураагүй талаар тайлбарладаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх боломжтой байхад тухайн нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цуглуулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Мөн үйл баримттай холбоотойгоор анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл байна, талууд хүсэл зоригоо илэрхийлж бодитой үйлдэл хийж байгаа буюу Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах санал, саналын хариу байна гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу барааг хүлээлгэж өгсөн учраас гэрээг байгуулсан гэж дүгнээд байгаа. Гэхдээ анхан шатны шүүхийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нийцэхгүй дүгнэлт байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч байгууллагад маргааны зүйл болох бордоо, химийн хортон шавжны хор гэх бүтээгдэхүүнийг бодитоор хүлээлгэн өгсөн талаарх бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй. Хавтаст хэргийн 62 дугаар талд авагдсан гэрээний саналыг нэхэмжлэгч талаас бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгсөн баримт гэж тайлбарлаад байгаа нь гэрээтэй нийцэхгүй байна. Мөн талуудын хооронд хийгдсэн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт гэрээ нь 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хүчинтэй байна. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т тухайн гэрээ нь 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу гэрээний үргэлжлэх хугацааны туршид нийт 84,342,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч тал буюу хариуцагчид нийлүүлнэ гэсэн тохиролцоо байдаг. Хавтаст хэргийн 62 дугаар талд авагдаад байгаа үнийн санал 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үнийг та бүхэнд худалдах боломжтой гэсэн санал байгаагаас биш тухайн өдрөө ийм хэмжээний барааг хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Тухайн үнийн санал 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэсэн. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т гэрээний дагуу бүтээгдэхүүн худалдах бүрдээ хавсралт үйлдэж баталгаажуулна. Хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна. Нэхэмжлэгч байгууллага тодорхой бараануудыг зээлээр олгох бүрдээ тусгайлан хавсралт үйлдэх талаар тохиролцсон байна. Гэрээний 2.4-т худалдан авагч нь бүтээгдэхүүн авахын өмнө бэлэн, эсвэл бэлэн бус хэлбэрээр тухайн хавсралтаар хүлээн авч байгаа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 30%-ийг урьдчилан худалдан авагчид буюу нэхэмжлэгчид төлсөн байхыг бид гэрээгээр шаарддаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа үнийн саналаар бид нар өгсөн гэж хэлээд байгаа нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-т заасан эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно гэж заасан. Гэрээгээр тодорхойлсон ямар байдлаар хүлээлгэж өгсөн талаарх нөхцөлийг хангалттай тодорхой тохирсон байхад тухайн маргаан бүхий бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэж өгсөн баримтыг хэрэгт хавсаргахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д  бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч байгаа тохиолдолд худалдан авагч нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баримт үйлдэнэ гэж заасны дагуу баримт үйлдэж худалдагч талд шилжүүлж өгнө гэж байгаа. Нэхэмжлэгч байгууллага бага хэмжээний хөрөнгө биш 84,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч байгууллагад хүлээлгэн өгч байгаа тохиолдолд хүлээлгэн өгсөн баримтыг хариуцагч авах ёстой байсан. Гэтэл энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгоно. Нэхэмжлэгч байгууллага нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага байгаа. Хариуцагч байгууллагад хүлээлгээд татварын тайлангаа гаргасан. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-д сар бүр тооцоо нийлж акт үйлдэнэ гэж тусгасан. Хавтаст хэргийн 63 дугаар талд шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж авагдсан байсан. Уг захирамж болон шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад шүүх хуралдаан эхлээд үргэлжлээд хэргийг шийдвэрлэх шат хүртэл үргэлжилж байгаад шийдвэрлэхээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж байгаа. Шүүх хуралдааны мэтгэлцсэний дараа нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн акт манайд акт байгаа, тухайн актаа бид гаргаж өгөх хүсэлтэй байна гэсний дагуу анхан шатны шүүх хүсэлтийг нь хүлээж авсан байдаг. Гэхдээ энэ нь шийдвэрт нөлөөлөхгүй байх гэж бодож байна. Хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан албан бичиг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 25/123 дугаар албан бичгээр холбогдох баримтуудыг бид нар хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй гэдэг асуудлаар шүүх захирамж гаргасан. Энэ баримтыг авъя гээд 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэг болсон. Нэхэмжлэгч компанийн Эрдэнэмөнх захирлын тамга тэмдэг, гарын үсэгтэй албан бичгийг хэрэгт өгсөн л гэж байгаа болохоос итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг татгалзаж, дэмжиж байгаа эсэх нь тодорхойгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулаад талуудаас шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байна уу гэхэд байхгүй байна гээд шүүх хуралдаан үргэлжлээд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хүрэлцэхүйц хэмжээний бодитой, хангалттай бичгийн нотлох баримт хэрэгт цуглараагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж талуудын хооронд байгуулаад байгаа гэрээний хүчин төгөлдөр эсэх нөхцөл байдалд хангалттай дүгнэлтийг хийгээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т шүүх шаардлагатай тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулахаар нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулах эрх хэмжээ нь олгогдсон байдаг. Нэхэмжлэгчээс гаргаж өгнө гээд байгаа баримтын асуудлыг асууж тодруулах ёстой байсан. Мөн хариуцагчийн төлөөлөгч талуудын хооронд байгуулагдсан гэрээн дээр зурагдсан Наранбаатар гарын үсэг зураагүй гэдэг. Гэтэл эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх бүрэн гүйцэт дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлд дурдаад байгаа 2,000,000 гаруй төгрөгийн баримт хэрэгт байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

           

            9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Баярхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Талуудын хооронд 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу А ХХК -аас барааг авсан байдаг. Үүнийгээ хариуцагч тал хариу тайлбартаа хэлдэг. Гэтэл бараа бүтээгдэхүүнийг нөхөрлөл аваагүй, манай өөр хүн аваад явсан гэдэг тайлбар гарсан. Энэ нь нөхөрлөлийн дотоод зохион байгуулалт, хэн хэн нь хэрэглэсэн гэдэг асуудал өрнөсөн байх. Харин нөхөрлөл өөрсдөө төлөөлөөд гэрээгээ байгуулаад бараа бүтээгдэхүүнээ авч гарын үсэг зураагүй гэдэг зүйл яриад байна. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүх зөвхөн гүйцэт нөхөрлөлийн гишүүнгүйд нөхөрлөлийг удирдах төлөөлөх эрхтэй гэсэн 2 дугаар заалтыг нь яриад байна. Энэ нь хэд хэдэн этгээд, эсвэл нэг этгээд тухайлан дангаар төлөөлөх тохиолдолд би тохирно л гэдэг зохицуулалтын эрх олгосон. Нөхөрлөлийн удирдлага нь өөрөө гэрээ хийж гарын үсэг зурсан байна. Ийм учраас анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнэсэн. Иргэний хэргийн шүүхээр талууд тэгш эрхэд нь мэтгэлцсэн, оролцоог нь шүүх хангасан ямар нэгэн процесс зөрчил байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн оролцогч, ялангуяа хариуцагч нэхэмжлэлийн татгалзал, түүнийгээ өөрөө нотлох баримтаа өөрөө л судлуулна. Энэ нь иргэний шүүхийн онцлог байгаа. Харин Захиргааны хэргийн шүүх биш гэдгийг хэлмээр байна. Гэрээ байгуулагдаагүй гэдэг байдлаар маргасан талаар хүсэлтээ харах эрх нь нээлттэй байгаа. Хавтаст хэрэгт авагдаагүй гэрээнд  дурдсан нөхцөлүүдийг дүгнээд төсөөллийн байдлаар ийм юм байгаа юм биш үү?, Тийм юм байгаа юм биш үү? гэдэг байдлаар хэрэг хянан хэрэг ажиллагаа явагдахгүй, Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх нотлох баримтыг үнэлж дүгнээд шийдвэрлэнэ гэж байгаа. Тэр нь хэргийн оролцогч өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд эрхээ эдэлж үүргээ хүлээгээд оролцохоос биш нотлох баримтууд дутуу гаргаж шийдвэрлэнэ гэдэг байдлаар хандахгүй. Би анхан шатны шүүхийн хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх хуульд заасан процессынхоо дагуу  зөрчилгүйгээр үргэлжлээд явсан. Үнэхээр асуудал байсан тухайн үед нь та нар нотлох баримт гаргаж өгнө гэж хүсэлтүүдээ гаргаад өгөөгүй юм бэ? Энэ нь шүүхийн өөрийн эрх хэмжээний асуудал байгаа. Хавтаст хэрэгт авагдсан Шаргал талын Буян гэдэг компани нөхөрлөл тайлбараа өгөхдөө ч бараа авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тайлбартаа 84,000,000 төгрөгийн үнэтэй бараанаас бид нар ашиглаж чадаагүй Ууганбаяр гэдэг нөхөр ашиглаад явсан. Тэгэхээр энэ нөхөрлөлийн дотоод асуудал байгаа. Ууганбаяр хэрэглээд нөхөрлөлөө төлбөрт унагаж байгаа бол дотоод хариуцлагын асуудал байгаа гэдгийг хэлмээр байна. Анхан шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэж шийдвэрлэсэн. Тийм учраас процесс зөрчил гарсан асуудал байхгүй. Мөн Ууганбаяр хэрэглэсэн, Наранбаатар гарын үсэг зураагүй гэдэг зүйлийг өнөөдөр би сонслоо. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 6 дүгээр сарын 27-ны өдрийн 146/ШШ2025/00170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

11. Нэхэмжлэгч А ХХК  нь Ш нөхөрлөл ХХК-өөс  худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 110,930,100 төгрөг  гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Н  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч... энэ бүтээгдэхүүнийг Ц.У  авч хэрэглэсэн. Манайд хамааралгүй... гэж маргасан.

12. Анхан шатны шүүх 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэгч талаас шинээр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 38.9 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь зохигчдын хуульд заасан эрхийг нь хязгаарласан байна.

Мөн нэхэмжлэгч талаас бараа материал хүлээлгэж өгсөн тухай баримтыг гаргаж өгөх хүсэлт гаргасныг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/ хангаж шийдвэрлэсэн боловч энэ хүсэлтийг бодитоор хангасан эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэжээ. 

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тухайлбал талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрх, диспозитив зарчмыг зөрчсөн байх нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн, зохигчдын хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн төлөөлөгч Н.Н аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 712,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 146/ШШ2025/00170 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Н.Н аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 712,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

             3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.