Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/60

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч: А.Х-,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогтой Б-гийн М-эд холбогдох эрүүгийн 1927001070046 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

       Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг “___”   гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Догой овогтой Б-гийн М, /РД:___/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2017 оны хавар, 2018 оны намар, мөн 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг “___” гэх газар өөрийн эхнэр А.Х-г нүүрэн тус газар нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

            Би нэг айлд очсон чинь танай хадам аав нэг хонгор халзан азарга авах гэж байгаа гэж байна. Хэнээс, ямар үнээр авах гэж байгаа юм бэ гэж асуусан. Би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд гэртээ очоод хонгор халзан азарга авах гэж байгаа юм уу, надад хөрсийг нь үзүүлэхгүй яасан юм бэ. Яагаад энэ талаараа надтай яриагүй юм бэ. Би хүнээс сонслоо гэж уурласан. Тэгээд хадам аавыг заамдаад авсан чинь эхнэр дундуур орж ирсэн. Тэгэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ. Аав чинь адуу авах гэж байгаа гэж хэлэхгүй яасан юм гэсэн. Тэгээд аав гараад явсан. Эхнэр надаас барьсан байсан. Эхнэрийг холдож бай гээд гараа авах гэж байгаад санаандгүй цохичихсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Х- мэдүүлэхдээ:

Танай хүн тэр өдөр “___” орчихоод ирье гээд явсан. Тэгээд орой нь бид нарыг хургаа ялгаж байхад ирсэн. Надаас аав чинь хаана байна гэж асуухаар нь би хэлээгүй. Гэтэл манай том хүүгээс өвөө чинь хаана байна гэж асуусан. Тэгээд хүүхэд өвөө гэрт унтаж байгаа гэж хэлсэн. Тэгээд надад танай аав чинь надад азарга авах гэж байгаа гэж яагаад хэлээгүй юм. Би яахаараа 3 хүнээс сонсох ёстой юм бэ? гээд уурлаад байсан. Тэгээд гэрт ороод аавыг бариад авахаар нь би чи болиоч гээд дундуур нь орсон чинь намайг цохиод авсан гэв.

Гэрч Л.А-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүргэн Б.М-ийн гэрт унтаж байхад Б.М гаднаас орж ирээд босоод ир чи гээд дээлнээс татаад босгоод ирсэн. Тэгээд та азаргаа зарснаа надад хэлсэнгүй гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө азаргаа зарах нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Б.М- зайл гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад явсан. Б.М- миний араас гарах гэхээр нь А.Х- араас нь бариад авахад нь тохойгоороо нүд рүү нь цохьсон юм шиг байна лээ. Намайг цохиж зодсон асуудал байхгүй. Азаргаа зарлаа гээд надад агсам тавиад гэрээс зайл гээд хөөгөөд байсан...." гэх мэдүүлэг, /хх-ийн 27-29 дугаар хуудас/,

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр унтах гэж байтал Л.А- гэх хүн орж ирээд сумын төв рүү хүргээд өг Б.М-тэй маргалдаад гэж хэлсэн. Тэгээд сумын төв рүү хүргэж өгөх гэтэл сумын төвд байдаг гэрийн түлхүүр эхнэрт байгаа. Чи очоод аваад ир гэхээр нь би Б.М-ийн гэрт очсон..." гэх мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №232 тоот:

1. А.Х-гийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг “___” гэх газар өөрийн эхнэр А.Х-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

хохирогч А.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-18-22/, гэрч Л.А- нарын мэдүүлэг /хх-27-29 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №232 тоот актын “...1. А.Х-гийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-35 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч А.Х-гийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

       Иймд шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Уг гэмт хэргийн шүүгдэгч Б.М- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

            Хохирогч А.Х- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.М-ийн эзэмшлийн 5 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай Портер маркийн автомашин битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 39 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т  хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогтой Б-гийн М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.М-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Б.М- нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Б.М-ийн эзэмшлийн 5 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай Портер маркийн автомашин битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 39 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА