| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2019/0059/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/61 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/61
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: М.Р- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогтой М-ын Р-д холбогдох эрүүгийн 1927001190050 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг "___" гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М- овогтой М-ын Р-, /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч М.Р- нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Бөхөн шарын амны “___" гэх газрын ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Р- мэдүүлэхдээ:
Би 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “___” гэх газрын ойд угаараа өнхрөөд уначихсан байсан нэг модыг авсан. Тэгээд би гэрийнхээ ханыг солих санаатай тэр модыг авч цуулсан гэв.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2018 онд өрхийн түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан. Харин 2019 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Би амьдарч байгаа нутгийнх нь байгаль хамгаалагч учир зөвхөн надаас авах ёстой. Өөр албан тушаалтнаас авах ёсгүй. Хохирлын актаар тогтоосон хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Н.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2019 оны 04 дүгээр 26-ны Бат-Өлзий суманд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутагт байрлах "___" шатахуун түгээх станцын хажууд тээврийн хэрэгсэл шалгаад зогсож байтал урдаас ___ улсын дугаартай бор өнгийн УАЗ-31512 маркийн автомашин ирж явснаа намайг харангуутаа буцаж эргээд Цехийн хороо талруугаа зугтсан. Би тухайн тээврийн хэрэгслээ шалгаж явуулчихаад араас нь мотоцикльтойгоо яваад Цехийн хороо өнгөрч хогийн цэгийн урд талд араас нь гүйцэж зогсоосон. Улмаар жолоочоос бичиг баримтыг шалгаж, автомашины кабины дотор талын байдлыг шалгахад тухайн машин дотор цуудас мод ачсан байдалтай тэгээд жолоочоос тухайн модны гарал үүслийн бичгийг асуухад ямар нэгэн бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн хүнийг автомашины хамт цагдаагийн хэсэг дээр авчирч тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд машиныг хийж байгаль орчны байцаагч Б.Я-д хүлээлгэн өгсөн. Хаанаас бэлтгэсэн талаараа хэлж ярьсан зүйл байхгүй. Ямар нэгэн зөвшөөрлийн бичиг байхгүй байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч Г.О-ий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Манай нөхөр М.Р- 2 жилийн өмнө Дундговь аймгаас хүнээс өнгө үзэмж муутай нилээн тааруухан машин авч ирсэн. Тэгээд тухайн машиныг худалдаж авсны дараа нээх унадаггүй байсан юм. Сэлбэг болон эд ангиуд нь эвдрээд нээх унадаггүй байсан. Манай нөхөр авснаасаа хойш авто тээврийн оношилгоонд оруулж байгаагүй. Татвар ч төлж байгаагүй. Шал дэмий хашаанд байж байхаар улсын бүртгэлээс хасуулна гэж манай нөхөр ярьж байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Яллагдагч М.Р-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай бор өнгийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, машины үнэлгээ /хх-ийн 58-67 дугаар хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, модыг эд мөрийн баримтаар хураан авах мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 108 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метрийн урттай 108 ширхэг гэрийн унины цуулбар модыг битүүмжлэх мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, модны үнэлгээ /хх-ийн 8-11 дүгээр хуудас,/
Экологи эдийн засгийн үнэлгээ, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 49-53 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч М.Р- нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Бөхөн шарын амны "___" гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Г.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Экологи эдийн засгийн үнэлгээ, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 49-53 дугаар хуудас/, гэрч Г.О-, Н.Л- нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 36, 46-47 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Р-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Уг гэмт хэргийн шүүгдэгч М.Р- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Р- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Ц- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Р- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, М.Р-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай бор өнгийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 108 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метрийн урттай 108 ширхэг гэрийн унины цуулбар модыг тус тус улсын орлого болгохыг, М.Р-ын хувьд ногдох хөрөнгөөс 700 000 төгрөгийн үнэлгээ бүхий нас гүйцсэн сарлагийн үнээг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М- овогтой М-ын Р-ыг зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Р-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар М.Р- нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. М.Р- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар М.Р-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай бор өнгийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 108 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метрийн урттай 108 ширхэг гэрийн унины цуулбар модыг тус тус улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар М.Р-ын хувьд ногдох хөрөнгөөс 700 000 төгрөгийн үнэлгээ бүхий нас гүйцсэн сарлагийн үнээг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА