| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2019/0063/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/67 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/67
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч Д.Х-гийн өмгөөлөгч О.Хишигсүрэн
Шүүгдэгч Ү.Д-ын өмгөөлөгч Н.Болд
Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Дашцэрэн
Хохирогч Б.Ч-
Шүүгдэгч: Э.Ө-, Б.А-, Д.Х-, Ү.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-овогтой Э-ын Ө-, Б- овогтой Ү-ын Д-,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Б-ы А-, З овогтой Д-гийн Х- нарт холбогдох эрүүгийн 1927001240057 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй Хархорин сум АЗЗА Зам ангид замчин ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг Ганган-Орхон ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Д-овогтой Э-ын Ө- /РД:___/.
Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бичээч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 ээж, дүүгийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Вангийн-Овоо ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овогтой Б-ы А- /РД:___/,
Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 18 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин сумын ___ багт мал малладаг, ам бүл 3 аав, ахын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, З овогтой Д-гийн Х- /РД:___/,
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын ___ багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б- овогтой Ү-ын Д- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Э.Ө- нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Х-гийн нүүрэн тус газар цохиж дээд эрүүний үүдэн 1 шүд, хамар ясны хугарал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ү.Д- нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт Б.Ч-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Х-, Б.А- нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт Б.Ч-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ч- мэдүүлэхдээ:
2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Э.Ө-, Б-, Ж- бид 4 “___” бааранд орсон. Тэгээд нэг нэг пиво уучихаад гадаа тамхи татаад байж байтал Б.А- тамхи асуусан. Тэгээд би тамхи өгөөд хамт татаад байж байтал бид 2 маргалдсан. Бид 2 маргалдаж байгаад адилхан эр хүмүүс байна зодоон хийгээд яахав гээд буцаад баар руу орсон. Тэнд ороод жаахан сууж байгаад бид 4 гараад явж байтал Б.А-, Ү.Д- нар араас хашгираад гараад ирсэн. Тэгэхээр нь би буцаад очсон чинь Ү.Д- намайг цохисон. Д.Х- намайг өшиглөсөн гэж яриад байна. Би Д.Х-г өшиглөөгүй. Одоо хохирол, төлбөр, гомдол, санал байхгүй. Эмчилгээний төлбөрт 300 000 төгрөг авсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Х- мэдүүлэхдээ:
Хамар цөмөрч, бяцралт үүссэн учраас янзлуулах шаардлагатай байна. Мөн шүд хийлгэсэн мөнгө гээд нийт 2 000 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х- мэдүүлэхдээ:
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой Ү.Д-, Б.А-, П-, Л- дөрөвтэй таарсан. Тэгээд бид 5 “___” бааранд орсон. Тэнд хүн тус бүр нэг пиво голдоо нэг хар “Чингис" гэдэг нэртэй архи авсан байсан. Би архи, пиво уугаагүй. Гэтэл Б.Ч-, Б.А- 2 хоорондоо юм яриад муудалцаад байсан. Ү.Д-, П-, Л- бид хэд тэр хоёрыг салгаад орж ирээд байж байтал Б.А- орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь Ү.Д- бид 2 гарсан чинь энэ 2 дахиад муудаад зогсож байсан. Ү.Д- бид 2 салгах гэж очиход тэр 2 салахгүй байсан. Тэгэхээр нь би Ү.Д-ыг оръё гээд дагуулаад орох гэтэл Э.Ө- хаалганых нь гадна байж байснаа Ү.Д-ыг татаад цохичихсон. Гэтэл Ү.Д-ын хувцасыг тайлаад засмал зам дээгүүр хөөж явсаар байгаад хуучин ___тэнд очсон. Тэгээд би хэрүүл хийгээд яахав бид нар шүүх дээр асуудалтай байгаа юм чинь хэл амаараа учраа олъё гэсэн. Гэтэл Б.Ч-, Э.Ө- нар та нарын шүүх дээр асуудалтай байх чинь хамаагүй гээд байсан. Тэгээд Б.Ч- цаанаас гүйгээд ирэхээр нь Ү.Д- цохиод авсан. Гэтэл газар уначихсан. Тэгээд Б.А- бид хоёрыг хажууд нь очсон чинь 2 тийшээ хараад өшиглөөд байсан. Тэгэхээр нь Б.А- бид хоёр хажуу талаас нь өшиглөчихсөн. Намайг нэг өшиглөсөний дараа Э.Ө- хажуугаас ороод ирсэн. Тэгээд би тойроод зугтааж байгаад эргээд хартал нүүр рүү цохиод хаячихсан. Саарал машины өмнө намайг 2 удаа цохисон. Тэгээд цус гараад тогтохгүй болохоор нь харсан чинь 2 шүд байхгүй байсан. Би цохиулчихаад саарал машины тэнд сууж байтал цагдаа ирсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ:
Д.Х-, Ү.Д-, П-, Л- бид нар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “___” бааранд орсон. Тэндээс гарч ирээд Б.Ч-, Э.Ө-, Б- нартай маргалдсан. Б.Ч-ыг Ү.Д- цохиж унагаагаад Д.Х- бид 2 өшиглөсөн. Д.Х-г Э.Ө- цохисон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Д- мэдүүлэхдээ:
2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ___ бааранд ороод Э.Ө-, Б.А- нартай зодоон хийсэн. Би Б.Ч-ыг нэг цохисон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө- мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Д.Х-гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2019 оны 05 дугаар сарын 06-ны орой 22 цаг 10 минутын орчим Ү.Д-, Б.А-, Р.П-, Л- бид нар Хархорин сумын төвд “___” бааранд орж нэг шил хар “Чингис” архи мөн хүн тус бүр нэг лааз пиво авч сууцгаасан. Бид нар бааранд ороод нэг цаг гаран сууцгааж зарим нэг нь бүжиглэж, зарим нэг нь сууцгаасан. Тэгээд 23 цаг 20 минутын орчим “___” баарны гадаа Ү.Д-, Э.Ө- нар хоорондоо зодолдсон. Тэр үед Ү.Д-, Э.Ө- нарыг бид нар салгасан. Тэгээд байж байсан чинь Э.Ө-, Г.Б- нар гүйж ирээд Э.Ө- нь надруу дайраад миний нүүр орчим газар гараараа 2 удаа цохьсон. Намайг Э.Ө- 2 удаа цохих үед миний үүдэн нэг шүд хугарч унасан. Мөн хамраас нилээд цус гарсан. Би тэнд байсан саарал машины урд суугаад цусаа цэвэрлэж байсан чинь цагдаа нар ирсэн. Харин намайг Э.Ө- цохих үед Г.Б- салгасан. Тэр үед Ү.Д-, Б.А-, П-, Л- нар бутраад зугтаасан. Би Улаанбаатар хот руу орж эмчид үзүүлсэн чинь миний үүдэн нэг шүд хугарсан, хамар яс хугарсан байна гэсэн. Тэгээд би үүдэн нэг шүднийхээ ёзоор дээр шүд суулгуулсан. ...Э.Ө- намайг зодсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-ЗЗ дугаар хуудас/,
Гэрч Р.П-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэгээд бид нар хоорондоо маргалдаад хуучин ___урд очоод маргалдаж байсан чинь Б.Ч- гэх залуу Ү.Д- А- нар луу дайрсан. Тэр үед Ү.Д- нь Б.Ч-ыг нүүр орчим газар нь гараараа нэг удаа цохиж газар унагаасан. Тэгээд нэг харсан чинь Б.Ч-ыг газар уначихсан байхад нь Б.А- С.Х- нар хоёр талаас нь өшиглөөд зодож байхаар нь би очоод Д.Х- чи боль гэж хэлээд цааш нь түлхэж харин Б.А-ыг Б.Ч-аас салгаад эргээд харсан чинь Э.Ө- гэх залуу Д.Х-г зодоод цустай нь хутгаад хаячихсан байсан. Миний харснаар Б.Ч- газар дээшээ хараад хэвтчихсэн хажуугаас нь Д.Х-, Б.А- нар өшиглөөд байгаа харагдсан. Би яг хэн яаж хаана нь өшиглөсөн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Д.Х-, Б.А- нар нь Б.Ч-ыг өшиглөсөн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэгээд бид нар хоорондоо маргалдаад байж байсан чинь Б.Ч- гэх залуу
Ү.Д-, Б.А- нар луу дайрсан. Тэр үед Ү.Д-, Б.Ч-ыг нүүр орчим газар нь гараараа цохиж газар унагаасан. Тэр үед Б.Ч- Ү.Д-т цохиулаад газар уначихсан байхад нь Б.А-, Д.Х- нар хоёр талаас нь өшиглөж байхад бид нар очиж салгасан. Тэр үед Ү.Ө- гэх залуу Д.Х-гийн нүүр орчим газар нь гараараа цохиж газар унагаагаад өшиглөж Д.Х-г цустай нь хутгаад хаячихсан байсан. Тэгээд би Ү.Д-, Б.Ч- нарыг салгаад эргээд харсан чинь Д.Х- шүд унагаачихсан байна гээд цустайгаа холилдсон юм тонгойгоод сууж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №287 тоот:
"...1.Б.Ч-ын биед зүүн дал ясны хугарал, тархи доргилт, баруун шанаа, духанд шарх, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрний баруун талын зөөлөн эдийн гэмтэл, зүүн дал хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Амь насанд аюулгүй гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл
мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №286 тоот
"...1.Д.Х-гийн биед дээд эрүүний үүдэн 1 шүд, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
З.Амь насанд аюулгүй гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 77 дугаар хуудас/
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №339 тоот:
"...1. Б.Ч-ын биед үүссэн зүүн дал ясны хугарал, зүүн далны хэсэгт зулгаралт гэмтэл нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Б.Ч-ын биед тархи доргилт, баруун шанаа, духанд шарх, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрний баруун талын зөөлөн эдийн гэмтэл зэрэг нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хархорин сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 123-124 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүрд сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Бүрд сумын ___ багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Э.Ө- нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Х-гийн нүүрэн тус газар цохиж дээд эрүүний үүдэн 1 шүд, хамар ясны хугарал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Гэрч Ж.Л-ийн “...Тэр үед Ү.Ө- гэх залуу Д.Х-гийн нүүр орчим газар нь гараараа цохиж газар унагаагаад өшиглөж Д.Х-г цустай нь хутгаад хаячихсан байсан. Тэгээд би Ү.Д-, Б.Ч- нарыг салгаад эргээд харсан чинь Д.Х- шүд унагаачихсан байна гээд цустайгаа холилдсон юм тонгойгоод сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №286 тоот "...1.Д.Х-гийн биед дээд эрүүний үүдэн 1 шүд, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Амь насанд аюулгүй гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 77 дугаар хуудас/, хохирогч Д.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Ө-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Ү.Д- нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт Б.Ч-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Гэрч Р.П-гийн “...Тэгээд бид нар хоорондоо маргалдаад хуучин ___урд очоод маргалдаж байсан чинь Б.Ч- гэх залуу Ү.Д- Б.А- нар луу дайрсан. Тэр үед Ү.Д- нь Б.Ч-ыг нүүр орчим газар нь гараараа нэг удаа цохиж газар унагаасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №339 тоот "...3. Б.Ч-ын биед тархи доргилт, баруун шанаа, духанд шарх, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрний баруун талын зөөлөн эдийн гэмтэл зэрэг нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/, хохирогч Б.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Ү.Д-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.Х-, Б.А- нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт Б Ч-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Гэрч Р.П-гийн “...Тэгээд нэг харсан чинь Б.Ч-ыг газар уначихсан байхад нь Б.А-, С.Х- нар хоёр талаас нь өшиглөөд зодож байхаар нь би очоод Д.Х- чи боль гэж хэлээд цааш нь түлхэж харин Б.А-ыг Б.Ч-аас салгасан..., ...Д.Х-, Б.А- нар нь Б.Ч-ыг өшиглөсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Ж.Л-ийн “...Тэр үед Б.Ч- Ү.Д-т цохиулаад газар уначихсан байхад нь Б.А-, Д.Х- нар хоёр талаас нь өшиглөж байхад бид нар очиж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №287 тоот "...1.Б.Ч-ын биед зүүн дал ясны хугарал, тархи доргилт, баруун шанаа, духанд шарх, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрний баруун талын зөөлөн эдийн гэмтэл, зүүн дал хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Амь насанд аюулгүй гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №339 тоот "...1. Б Ч-ын биед үүссэн зүүн дал ясны хугарал, зүүн далны хэсэгт зулгаралт гэмтэл нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/, хохирогч Б.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Х-, Б.А- нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ү.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Х-, Б.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч Б.Ч- нь эмчилгээний зардал болон замын зардалд нийт 300 000 төгрөгийг шүүгдэгч Ү.Д-, Д.Х-, Б.А- нараас авсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ү.Д-, Д.Х-, Б.А- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Д.Х- нь хохирол 2 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч хохиролтой холбоотой баримтаа хавтаст хэрэгт гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Иймд шүүгдэгч Э.Ө- нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна. Харин хохирогч Д.Х- нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Ү.Д- нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлж өгнө үү” гэх саналыг гаргасан боловч тус шүүхийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ү.Д-т ял оногдуулаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйл хэрэглэгдэхгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-ийг хэрэглэх боломжтой. Гэтэл тэрээр шүүхээс тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй, өөрөөр хэлбэл Б.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоол гарахаас цаг хугацааны хувьд өмнө үйлдсэн байна. Иймд энэ гэмт хэрэгт нь тохирох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Х-, Б.А- нар нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг нь харгалзан шүүхээс тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ү.Д-, Б.А-, Э.Ө- нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Х- нь энэ хэрэгтээ 10 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Х-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул түүнд урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Э.Ө- нь Д.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ маргаагүй, цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн нэхэмжилсэн тохиолдолд төлөхөө илэрхийлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д-овогтой Э-ын Ө-, Б- овогтой Ү-ын Д- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б- овогтой Б-ы А-, Зөнт овогтой Д-гийн Х- нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Ө-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Ү.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Б.А-, Д.Х- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Э.Ө-, Ү.Д- нар нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар Д.Х-, Б.А- нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Д.Х-, Б.А- нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Д.Х-, Б.А- нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Д.Х-гийн хохирол 2 000 000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Д.Х- нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Д.Х-д урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Д.Х- нь энэ хэрэгтээ 10 хоног цагдан хоригдсон, Э.Ө-, Б.А-, Ү.Д- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Х-, Б.А-, Э.Ө-, Ү.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА