Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 224/МА2025/00034

 

 Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвд холбогдох

иргэний хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 318/ШШ2025/00682 дугаар шийдвэртэй,

    Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвд холбогдох, “Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвийн дарга О.У, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

    1. Хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвийн дарга О.У-ийн гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 318/ШШ2025/00682 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.  

    2. Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 гаргуулах тухай.

     Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Э” ХХК нь Увс аймгийн Х сумын байгууллагуудыг дулаан эрчим хүчээр хангах ажлыг 2016 оноос хойш эрхлэн явуулж байгаа бөгөөд 2023 онд тус сумын Соёлын төвийг дулааны эрчим хүчээр хангах тухай “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-г 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шинэчлэн байгуулсан.

    Тус гэрээгээр хангагч байгууллага нь гэрээгээр тогтоосон хугацаанд хэрэглэгчийн 2,767.85 м.куб талбайг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч байгууллага нь гэрээгээр тохиролцсон дулааны төлбөрийг тухайн сар бүрийн эцэст гэрээгээр тогтоосон үнэ, тариф (1 м.куб тутамд НӨАТ-тай 1,496 төгрөг)-ын дагуу тооцон төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг.

      Гэрээний хэрэгжилтийн явцад Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл /УАЭХ33/-ийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №07 тогтоолоор Х сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн баталж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №16 тогтоолыг хүчингүй болсныг мэдэгдэж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дээрх тогтоолоор шинэчлэн батлагдсан үнэ, тариф (1 м.куб нь НӨАТ-тай 2334.20 төгрөг)-ыг мөрдөж ажиллахыг манай компанид үүрэг болгон даалгасан.

     Тус тогтоол нь Хууль зүйн яамны эрх зүйн мэдээллийн нэгдсэн бүртгэлд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6280 дугаарт бүртгэгдэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаарт нийтлэгдсэн болно.

    Энэхүү дулааны үнэ тарифын асуудал нь Эрчим хүчний тухай хуулийн 27.5 болон 28.5-т заасны дагуу зохицуулагддаг бөгөөд энэ талаар талууд “Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ, тарифыг мөрдлөг болгон ажиллахыг” мөн гэрээний 4.1-т тодорхой тусгасан байдаг.

     Гэтэл хэрэглэгч нь 2023 оны 9 дүгээр 15-ны өдрөөс эхлэн буюу 2023 оны 9-12 дугаар саруудын дулааны төлбөрийг төлөхдөө дээр дурдсан шинэчлэн батлагдсан 1 м.куб нь НӨАТ-тай 2334.20 төгрөгийн үнэ тарифыг мөрдөж холбогдох төлбөр тооцоог хийх ёстой байсан боловч дээрх хуулийн болон гэрээний заалтад заасны дагуу шинэчилсэн үнэ тарифыг мөрдөж төлбөр тооцоог бүрэн барагдуулаагүйгээс гадна нийт 8,120,041.55 төгрөгийн дулааны төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд манай компанид төлж барагдуулаагүй хэвээр байна.

     Түүнчлэн гэрээний 4.5-т заасны дагуу алданги тооцох нөхцөл бүрдсэн бөгөөд ийнхүү тооцохдоо Иргэний хуулийн 232.4-т заасныг баримтлан хэрэглэгчээс хугацаа хоцорсны алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох нийт 4,060,020.78 төгрөгийн алдангийг бид нэхэмжилж байна.

     Иймд дулааны төлбөрийн үлдэгдэл 8,120,041.55 төгрөг, алданги 4,060,020.78 төгрөг, нийт 12,180,062.33 төгрөгийг Х сумын Соёлын төвөөс гаргуулж өгнө үү” гэжээ.

     3. Хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвийн дарга О.У шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус сумын Соёлын төвийн байрыг дулааны эрчим хүчээр хангахаар 02 тоот гэрээг “Э” ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр хоёр тал харилцан зөвшөөрч баталгаажуулсан. Гэвч Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолоор үнэ тариф шинэчлэн баталж 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөхөөр заасан байдаг. Дээрх тогтоол нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэсэн заалтыг хангахгүй байна. Иймд манай байгууллага 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 тоот гэрээний үүргээ биелүүлж, сар бүр төлбөрөө тогтмол төлсөн болно” гэж тайлбарлажээ.

    4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдож байна.  

     4.1. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т: Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн ажиллана, мөн зүйлийн 8-т: тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон  шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргана  гэж тус тус заасан.

    Шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, гомдол хүлээн авах, хуваарилах болон  хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох асуудал нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэх асуудалд хамаарч байна.  

       4.2. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х сумын Соёлын төвд холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч ээлжийн амралт эдлэх болсонтой холбоотойгоор тухайн хэргийг өөр шүүгчид хуваарилах шаардлага үүссэн байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т: “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 78.1-д заасан журмаар томилно” гэж,  

     -  Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 07 сарын 03-ны өдрийн  38 дугаар тогтоолоор баталсан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хуваарилах журмын 4.1-т: Ерөнхий шүүгч тухай бүр Шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулж, хэргийг дахин хуваарилах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу хэргийг өөр шүүгчид хуваарилах асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэхээр байна.

    Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х сумын Соёлын төвд холбогдох иргэний хэргийг өөр шүүгчид хуваарилах асуудлыг хэлэлцсэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 сарын 20, 2025 оны 08 сарын 28-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөн нь тус тус Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-т заасныг зөрчсөн байна.

     Учир нь, тус шүүх 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүн таслах ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх иргэний хэргийг шүүгчид хуваарилах асуудлыг хэлэлцсэн шүүгчдийн зөвлөгөөнд 2 шүүгч оролцсон нь зөвлөгөөнийг хүчингүйд тооцох үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх  оролцоогүй буюу зөвлөгөөний ирц бүрдээгүй байхад 2 шүүгч оролцон зөвлөгөөн хийж, хэргийг хуваарилсан нь буруу болжээ.

      Иймд тус зөвлөгөөнөөс гарсан шийдвэр /зөвлөгөөний тогтоол/-ийг хууль бус  гэж үзэх бөгөөд уг зөвлөгөөний тогтоолоор хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хууль бус бүрэлдэхүүн гэж үзнэ.

    4.3. Анхан шатны шүүх дээрх байдлаар хууль болон хэрэг хуваарилах журмыг зөрчиж, хэргийг хянан хэлэлцсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах бөгөөд энэ нь Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 318/ШШ2025/00682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.  

   5. Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 8 сарын 20-ны өдрийн 999 дүгээр захирамж /хэргийн 56-р тал/, 2025 оны 8 сарын 28-ны өдрийн 1195 дугаар захирамж /хэргийн 80 дугаар тал/-ууд хуульд нийцээгүй байна. Тус захирамжуудыг тус шүүхийн Ерөнхий шүүгч бус, өөр шүүгчид гаргасан байх ба тэдгээр нь Ерөнхий шүүгчийн албан үүргийг тус тус орлон гүйцэтгэж байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн эзгүйд албан үүргийг нь өөр шүүгчид шилжүүлсэн буюу орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэр тус хэрэгт авагдаагүй байна.

       Мөн шүүгч дангаараа буюу нэг шүүгч Шүүгчдийн зөвлөгөөнийг хуралдуулж, тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж, 2025 оны 8 сарын 22-ны өдрийн 81 дүгээр тогтоол /хэргийн 63, 64-р тал/ гаргасан  нь мөн Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-т заасныг тус тус зөрчсөнийг тэмдэглэх нь зүйтэй.

     6. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

   7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 209,831 /хоёр зуун есөн мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвд олгох үндэслэлтэй байна.            

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

   1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 318/ШШ2025/00682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвийн давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,831 /хоёр зуун есөн мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвд олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр  зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ

                                                ШҮҮГЧ                                Ж.ОТГОНХИШИГ

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН