Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/68

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Ням,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Хохирогч: З.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цогтбаяр,

Шүүгдэгч:Д.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О- овогтой Д-гийн Ш-д холбогдох эрүүгийн 1927001590061 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

                Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаануур суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг “___” гэх газар оршин суух О овогтой Д-гийн Ш- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Ш- нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ___ баг “___” гэх газар хохирогч З.Б-ийг цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Б- мэдүүлэхдээ:

Би тэр өдөр хувийн ажлаар сумын төв орсон. Тэгээд ажлаа амжуулж ирчихээд жаахан пиво уусан нь үнэн. Манайх хонь, үхэр, адуу нийлээд 300 гаруй толгой малтай. Х-, Г- бид хэд пиво уусан. Тэгээд өглөө босоод үлдсэн жаахан пивоо уучихаад орон дээр хэвтэж байхад хүүхэд өмөөрсөнгүй гээд намайг хутгалсан. Өөр ярих зүйл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...З.Б- ахынд ирээд Д.Ш-, З.Б-, Э.Х- бид хэд “Нийслэл” нэртэй 2,5 литр пиво хувааж ууж байгаад Э.Х-тай хамт өглөөний 5 цагийн үед гэрт нь очиж хоночихоод өглөө буцаад З.Б- ахынд ирсэн. Тэгээд үлдсэн 1 пиво ууж байсан. Тэгээд би гадаа адуу дурандаж байсан чинь хүүхэд нь агаа аавыг ээж хутгалчихлаа гээд гараад ирсэн. Тэгээд би буцаад гүйгээд орсон чинь гэрийн зүүн талын орон дээр З.Б- ах сууж байсан. Эхнэр болох Д.Ш- хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд би З.Б- ахын цээжин хэсгээс цус гарч байхаар нь хадгаар ороогоод байж байсан. ...цус тогтохоор нь эхнэртэй нь хамт баруун талын орон дээр өргөж эхнэртэй нь хамт өргөж хэвтүүлээд тавьсан. Би гараад Э.Х-т ээждээ хэл түргэн дуудаатах гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №330 тоот:

“...1. З.Б-ийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Д.Ш- нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг ___ гэх газар хохирогч З.Б-ийг цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

гэрч Э.Х-ын мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №330 тоот актын “...1. З.Б-ийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32 /, хохирогч З.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Ш-гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Д.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Уг гэмт хэргийн шүүгдэгч Д.Ш- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

            Хохирогч З.Б- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Д.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогтой Д-гийн Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Ш-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Д.Ш-д нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Д.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА