Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/65

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-,

Шүүгдэгч: А.Б-

Нарийн бичгийн дарга: A.Батцог, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн А-ын Б-т холбогдох эрүүгийн 1827000640043 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, ___ баг, ___ тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Т овгийн А-ын Б- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч А.Б- нь Б.О-тэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн өрөөний цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Lenovo” маркийн нөөтбүүк 1 ширхэг, “Могул” маркийн компьютер 1 ширхэгийг нууцаар, хууль бусаар авсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б- нь мэдүүлэхдээ: “ Би 2018 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 9 цагийн үед Б.О- над руу залгаж намайг дуудсан. Бид хоёр хамт сургууль орох гээд явж байсан. Б.О- замдаа надад комьютерийн keyboard хэрэгтэй байна гэж хэлсэн. Бид хоёр тийм зүйл ярьж байгаад сургуулийн эмчийн өрөөний цонхоор сургууль руу орсон. Бид хоёр тухайн өрөөнөөс комьютерийн өөрт хэрэгтэй байгаа зүйлс болон могул брендын нөүтбүк авч гарч ирсэн. Б.О- надад чамд дэлгэц хэрэгтэй байгаа биздээ гэж хэлэхээр нь би комьютерийн дэлгэц авч гарч ирсэн. Сургуулиас гарч ирээд бид хоёр гэр гэрлүүгээ явсан ......” гэв.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.М- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуульд эд зүйл хариуцсан нярав хийдэг. Сургуулийн эд хөрөнгөнд эд зүйл хариуцагч учраас миний нэр дээр байдаг болохоор сургуулийн зүгээс намайг томилж энэхүү хэрэгт хохирогчоор оролцуулж байна. 2018 оны 03 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Бат-Өлзий сумын ЕБС-ийн эмч Чимгээгийн өрөөнөөс “Могуль” маркийн иж бүрэн суурин компьютер 1 ширхэг, “Lenovo” маркийн нөөтбүүк 1 ширхэг тус тус алдагдсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-22 дугаар хуудас/,

Гэрч Т.Чимгээ нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуульд эмчийн ажил хийдэг юм. 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Бат-Өлзий сумын ЕБС-ийн эмчийн өрөө буюу миний өрөөнөөс “Могуль” маркийн иж бүрэн суурин компьютер 1 ширхэг, “Lenovo” маркийн нөөтбүүк зэргийг алдсан. “Могуль” маркийн иж бүрэн суурин компьютер ажлын ширээн дээр дэлгэц нь процессор нь ширээний доод талд байсан. Харин “Lenovo” маркийн зөөврийн компьютер нь ширээний хажууд олон нүдтэй шкафны нүдэнд нь хийсэн байсан. Тухайн үед би өрөөгөө түгжээд түлхүүрээ өөрөө авч явсан. Тухайн үед явахад үүдэнд жижүүр Я- байсан. Тэгээд би явлаа гээд гараад явсан. Өрөөний хаалга цоожтой, хаалгыг онгойлгож ороход цонх онгорхой цонхны тавцан болон пааран дээр шавар болсон байдалтай “Могуль” маркийн иж бүрэн суурин комьпютер 1 ширхэг, “Lenovo” маркийн зөөврийн компьютер зэрэг алга болсон байсан. Би ажил тараад явахдаа өрөөний хаалга болон цонхыг бүгдийг нь хааж түгжчихээд явсан. Цонх ямар нэгэн байдлаар хагарч эвдэрсэн зүйл байгаагүй. Харин цонхны түгжээ нь мултарсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 37 дугаар хуудас/,

Гэрч Ж.Ш- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 09 цаг болж байхад сургуулийн гаднаас нь бүтэн тойрч байтал эмчийн өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд сургуулийн захирал, нийгмийн ажилтан нарыг дуудаж хулгай орсон талаар мэдсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 38 дугаар хуудас/,

Гэрч С.Э- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед намайг гэртээ байсан чинь манай ангийн Б-, О- нар “Могуль” маркийн компьютерийн дан шалдан board авч ирсэн. Тэгээд надаар форматлуулсан. Тэгсэн маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө манай сургуулийн эмчийн өрөөнд хулгай орж  “Lenovo” маркийн хар нөөтбүүк, “Могул” маркийн  компьютер алдагдсан гэж дуулдсан. Намайг асуусан чинь сургуулийн эмчийн өрөөний цонхоор ороод авчихлаа форматлаад өг гэж гуйсан. Манай ангийн хүүхдүүд болохоор би хэн нэгэнд хэлээгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 39 дугаар хуудас/,

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч А.Б- нь Б.О-тэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн өрөөний цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Lenovo” маркийн нөөтбүүк 1 ширхэг, “Могул” маркийн компьютер 1 ширхэгийг нууцаар, хууль бусаар хулгайсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-22 дугаар  хуудас, гэрч Т.Чимгээ, Ж.Ш-, С.Э- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгүүд /хх-ийн 25, 37, 23, 38, 24, 39 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б- нь гэм буруутай байна, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч А.Б-ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Өсвөр насны шүүгдэгч А.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдав.

Шүүх өсвөр насны шүүгдэгч А.Б- нь 18 насанд хүрээгүй буюу 16 нас 8 сар 17 хоногтой байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-т заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б-т ял оногдуулахыг тэнсэж 01 /нэг/  жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, уг хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч  эх Г.Г-т даалган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 8.7 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б-т ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:                                                                     

1. Шүүгдэгч Т овгийн А-ын Б-ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-т заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б-т ял оногдуулахыг тэнсэж 01 /нэг/  жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, уг хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Г.Г-т даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 8.7 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б-т ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй

5.Үүрэг хүлээлгэсэн өсвөр насны шүүгдэгч А.Б-т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар  өсвөр насны шүүгдэгч А.Б- нь шүүхээс хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээ, үүргийг биелүүлээгүй мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай.

7. Өсвөр насны шүүгдэгч А.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан бичгийн баримтгүй болохыг тус тус дурдсугай

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА