| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/14034/И |
| Дугаар | 210/МА2025/01990 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/01990
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/11346 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Ашиглалтын зардалд 2,155,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ашиглалтын зардалд 2,155,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу орон сууцны ашиглалтын зардлыг 1 сарын 65,000 төгрөгөөр тооцож, 32 сарын ашиглалтын зардалд 2,155,050 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.
1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Оршин суугчидтай СӨХ-ны талаар гэрээ хэлэлцээр хийгээгүй тул хууль бус мөнгө шаардаж байна, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
2.1. ******* нь *******, ******* нартай байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А-02/13-180 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-гээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ******* хотхоны А блокын гэрээнд заасан хэсгийг барих ажлыг захиалагчийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, орон сууцны барилгын ажлын явцад захиалагч хяналт тавих, ажлын үр дүн буюу орон сууцыг хүлээлцэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулах, А блок 2 орцны 13 давхарын 45.5 м.кв талбай бүхий *******, 2 өрөө орон сууцыг 159,250,000 төгрөгөөр захиалахаар талууд харилцан тохиролцжээ. /хх10-13/
2.2. Дээрх барилгыг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн БА-177/2022 дугаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, *******-ийн захиалгатай 75 автомашины дулаан зогсоолтой, зоорьтой, 16 давхар 3 блок, зоорьтой 1 давхар 1 блок нийт 4 блок хүчин чадал бүхий үйлчилгээтэй 334 айлын орон сууцны зориулалттай барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтанд оруулсан байна. /хх8-9/
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр зардлыг хуваарилах талаарх заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул хууль хэрэглээг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээнэ.
3.1. Талууд сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах хүртэлх тухайн орон сууцны барилгын нийтийн эзэмшлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг төлөх эсэх талаар маргасан байна.
3.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний 3.2.6-д Төлбөрийн нэхэмжлэл хэний нэр дээр байхаас үл хамааран түлхүүр хүлээлгэн өгснөөс хойшхи хугацааны зардлыг /дулаан, ус, цахилгаан, интернэт, утас, кабелийн гэх мэт/ хариуцна гэж тохиролцсон байна.
3.3. Нэхэмжлэгч талаас уг гэрээний заалтыг үндэслэн сууц өмчлөгчдийн холбоо байгуулах хүртэл хугацаанд тухайн орон сууцны барилгын нийтийн эзэмшлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг хариуцан ажиллаж байсан тул тухайн барилгын ашиглалт үйлчилгээний зардлыг нийт 329 оршин суугч айл өрхөд хуваан тооцоход 65,521.2 төгрөг гарсан гэж тайлбарлаж, уг зардлын задаргаа болон үйлчилгээний зардлын нэхэмжлэх цалин хөлсний баримтууд болон хэрэглээний төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд гаргасан байна.
3.4. Хэрэгт авагдсан дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн орон сууцны барилгын нийтийн эзэмшлийн ашиглалт болон үйлчилгээ болох лифт буюу цахилгаан шатны үзлэг үйлчилгээ, жилд 1 удаа хийгддэг лифтний магадлал, хог тээвэр, цэвэрлэгээний материал, багаж хэрэгсэл, ажлын хувцас, лифт, нийтийн эзэмшлийн гадна-дотор гэрэлтүүлгийн цахилгаан, засвар үйлчилгээний материал, ус, лифт, гэрэлтүүлэг, камер, хаалга, нийтийн хэсэг, гадна зам, талбайн засвар үйлчилгээний материал, ногоон байгууламжийн зардал мөн нийтийн эзэмшлийн ашиглалт үйлчилгээнд ажиллах ажилчдын цалин хөлс зэрэгт гарсан зардалд нэг айл өрхөд ногдох 65,521.2 төгрөгийн тооцоо гаргасан байна./хх16/
3.5. *******-ийн 2022 оны 08 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх хугацааны Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан-гаар *******од 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн хоорондын хугацааны нийтийн эзэмшлийн ашиглалт, үйл ажиллагааны зардалд 2,155,050 төгрөг гарсан гэж тодорхойлжээ. /хх14-15/
3.6. Хариуцагч нь сууц өмчлөгчдийн холбоо байгуулаагүй, иргэдтэй уулзалт хийж үнэ хөлсийг тогтоогоогүй, гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
3.7. Түүнчлэн, талууд орон сууц худалдах худалдан авах гэрээний 3.2.6-д зааснаар Төлбөрийн нэхэмжлэл хэний нэр дээр байхаас үл хамааран түлхүүр хүлээлгэн өгснөөс хойшхи хугацааны зардлыг /дулаан, ус, цахилгаан, интернэт, утас, кабелийн гэх мэт/ хариуцна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэж байна.
Тодруулбал, хариуцагч нь орон сууцны нийтийн эзэмшлийн ашиглалт, үйлчилгээнээс хүртээгүй буюу уг орон сууцыг эзэмшиж ашиглаагүй гэх татгалзлаа нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан зардалд 2,155,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул шийдвэрт энэ талаар хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.
4. Хариуцагчийн гаргасан сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй, иргэдтэй хурал хийж төлбөрийн талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй гэх татгалзал нь түүнийг нийтийн эзэмшлийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
4.1. Түүнчлэн, хариуцагч нь тухайн орон сууцыг улсын комисс хүлээлгэж өгснөөс хойш сүүлд нүүж орсон, ******* орон сууцны өмчлөгч, түрээслэгч аль нь тодорхойгүй нөхцөл байдалд төлбөр гаргуулж шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй. Учир нь хариуцагч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд маргаж мэтгэлцээгүй, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул уг гомдлыг хангах үндэслэлгүй.
4.2. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг ойлгохоор заасан байдаг.
4.3. Гэтэл хариуцагч талын гаргасан Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, 14.7 дахь заалтууд нь барилгын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд барилгын гүйцэтгэгч, захиалагч, зураг төсөл зохиогч, барилгын материалын ханган нийлүүлэгч нарт хамаарах зохицуулалтууд бөгөөд улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон барилгын нийтийн эзэмшлийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой гарсан зардлыг хэрэглэгчид хариуцан төлөх үүргээс ялгаатай ойлголт юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/11346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 147 дугаар зүйлийн 147.1 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,431 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ