Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/69

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Ням,

Улсын яллагч Д.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч Б.Б-  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И- овгийн Б-ын Б-т холбогдох эрүүгийн 1927001310056 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

                Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой гутал засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, Хархорин сум, ___ багийн нутаг “___” гэх газар оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай И- овгийн Б-ын Б- /РД:___/, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагаас 19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн нутаг “___” гэх газарт байх иргэн Ц.Ч-ийн гэрийн гадна ___ улсын дугаартай “Спортайж” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.14 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоолдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хадгалана...” “бусдад саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдыг тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ш.Г-ын амь насыг хохироосон, мөн ___ улсын дугаартай  “Спортайж” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- нь мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр том Д- ахынд очоод ирье гээд явсан. Буцаад ирэхдээ ийм машин авлаа гээд унаад ирсэн байсан. Тэгээд сумын төв оръё гээд хамт сумын төв явсан. Сумын төв ороод Т- ахтай уулзана гээд Т- ах дээр очсон. Гэрээс нь аваад засварын газар дээр нь ирээд машины цонхоо янзлуулъя гэсэн. Тэнд 3 шил архи уусан. Тэгээд би Төрийн банк орж хүүхдийн мөнгөө авчихаад “Наран булаг” дэлгүүрээс дахиад 2 шил архи авсан. Буцаад хөдөө гэр рүүгээ явж байгаад гэрийн урд Ц- ах, С- ах хоёртой таараад манайд очсон. Манайд очиход талийгаач манайд байсан. Манайд нэг шил 0.75 граммтай “Улаанбаатар” гэдэг архи уусан. Тэр архиа уучихаад том Д- ахыг гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Буцаж ирээд Б- ахынд очход Б- ахынх байгаагүй. Тэгээд манай нутгийн ах Л- гэдэг айлд орсон. Тэднийд бас нэг шил архи уусан. Тэгээд гэртээ харих гээд явсан. Даваа хүртэл манай нөхөр жолоодсон. Даваанаас буугаад би машинаа жолоодсон. Тэгээд манай хадам ээж болох Б-гийнд очоод хүүхэд уйлаад байхаар нь машиныхаа хаалгыг нь онгойлгоод талийгаачийг буугаарай гэж хэлчихээд хүүхдээ очиж авсан. Тэгээд Б ахыг машинаас буучихсан байхаар нь хаалгаа хаагаад хөдлөх гэтэл ухрах араандаа хийчихсэн байсан. Би машины ард Б ах байсныг нь мэдээгүй. Тэгээд машин ухрахдаа Б ахыг мөргөчихсөн. Тэгээд нөхөр Д-ийг сэрээх гэтэл сэрээгүй. Би татаж гаргах гэсэн боловч дийлээгүй. Тэгэхээр нь буцаад дээгүүр нь гараад явчихсан. Тэгээд гэртээ хариад хүүхдээ тэврээд хонио хураахаар явсан. Хонио хураачихаад гэртээ иртэл манай нөхөр сэрчихсэн байсан. Болсон явдлыг нөхөртөө хэлтэл би очиж үзчихээд ирье гэсэн. Очиж үзчихээд хөдлөхгүй байна, өнгөрчихсөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд намайг зөндөө загнасан. Тэгээд орой 18 цаг болж байхад Ч- ах ирээд манай хонь хаана байна гэсэн. Тэгэхээр нь би манай хоёрын хонь нийлчихсэн хойно байгаа гэсэн. Ч- ах архи нь гараагүй согтуу байсан. Ээжийг чинь авч ирмээр байна гэхээр нь Д- ахынд очиж хадам ээжтэй утсаар ярьчихаад бид 4 сумын төв рүү явсан. Гэтэл Уртын амны гарам дээр ирээд машин асахгүй байсан. Тэнд зогсож байтал Г ах мотоцикльтой ирсэн. Ч- ах Г- ахын мотоцикльтой гэртээ харьж машинаа авч ирсэн. Тэгээд Т- ах араас ирээд манай машиныг Хархорин сум руу чирч оруулж ирсэн. Тэгээд Т- ах бид нарыг буцаагаад хүргэж өгсөн...” гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б- эгч болохоор юу ч мэдээгүй Хархорин сумын төвд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ч-ийн хамт мотоцикльтой ирээд буцаагүй байж байгаад нас барчихсан байхад нь очиж үзсэн гэж ярьсан. Надад хэлэхдээ Т- гэж хүний цагаан саарал өнгийн автомашинаар Хархорин сумын төвөөс хөдөө гэрлүүгээ хүргүүлсэн гэж ярьсан. Харин Д-, Б- хоёр ямар нэгэн зүйл огт яриагүй буяны ажил өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр болсон. Тэгэхэд Д-, Б-, Ч нар байсан. Ямар нэгэн зүйл яриагүй бөгөөд дугуй л сууж байгаад явсан. Ч-той хамтран амьдарч байгаа Б- нь болохоор миний төрсөн эгч байгаа юм. Бид хоёр эцэг тусдаа эх нэгтэй хүмүүс байгаа юм. Миний аав Г- нь миний ээж Ц-тай сүүлд гэр бүл болж улмаар би төрсөн юм. Тухайн нийгмийн шаардлагаар гэр бүл болж чадаагүй гэрлэлтийн баталгаа байхгүй учир би өөрийн ээж Ц-аар овоглох болсон юм. Тэгэхээр Б- эгчийн хүү Д- нь надтай хамаатан бид бүгд төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа юм. Талийгаач хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн нутаг ___” гэх газарт оршин суух Б- эгчийн гэрт байж байгаад ийм асуудал болчихлоо. Миний аав Г- нь Б-, Ч- нартай цуг сүүлийн арав гаран жил амьдарч байсан. Тэднийхээс өөр айлд байгаад байдаггүй манайд хүртэл тэр болгон ирдэггүй. Талийгаач аав минь 1959 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, түүний ганц охин би байгаа юм өөр үр хүүхэд байхгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол, санал нэхэмжпэх зүйл одоогоор байхгүй. 2019 оны 05 дугаар сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байхад өөрийн эгч Т-аас мэдсэн. Миний эгч тус өдөр утсаар ярьж аав чинь өөд болсон байна гэж хэлсэн. Талийгаач манай эгч Б-гийн бэр болох Б- нь автомашинаар мөргөж дайрсан гэдгийг ойлгож мэдсэн надтай Б- ирж уулзаад намайг уучлаарай би мэдэхгүй автомашин жолоодож байхдаа ухраад дайрчихсан юм. Намайг уучлаарай гэж яриад байна лээ....” гэх мэдүүлэг / хх-ийн 74-77 дугаар хуудас/,

Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Т- найз дээрээ би дагуулан очиж төрсөн ахын хүү Д-ийг Т-тай уулзалдуулж автомашины өртөг үнэ хөлсийг ярьж тохир гэдгийг хэлсэн. Т- болон миний төрсөн ахын хүү Д- бид нар 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хархорин сумын төвд нийт 4 шил архи хувааж ууж хэрэглэсэн. Тэрний дараагаар автомашины наймаа тохиролцсон учир хөдөө миний төрсөн ахын хүү Д- эхнэр хүүхдийн хамт сууж нөгөө автомашиныг би жолоодож явсан. Хөдөө явж байх замд Ц-, С- хоёртой замд тааралдсан. Тэгээд хамт Д-ийн гэрт очиж нэмж нэг шил архи ууж хэрэглэсэн. Тухайн үед буюу бид нарыг Д-ийн гэрт очиход талийгаач “Б” гэж нутгийн бид нар дууддаг байсан хүн гэрт нь байсан өөр хүн байгаагүй. Тэгээд архи ууж дуусгаад манай гэрт очсон намайг гэрт автомашинаар миний төрсөн ахын хүү Д- эхнэр хүүхдийнхээ хамт хүргэж, буцаж автомашиныг Д- жолоодож харина гэж хэлээд явсан. Тэр өдрийн орой нар жаргахаас өмнө хонь мал хурааж байх үеэр би өөрийн төрсөн ахын хүү Д-ийн гэрт эхнэртэйгээ очсон. Тэр үед Д- өөрийнхөө гэрт мах чанаж байсан эхнэр нь хонио хурааж байсан. Тэгээд харанхуй болох гэж байсан учир өөрийнхөө хонийг хотлуулахаар эхнэр П-гийн хамт явсан. Миний мэдэхээр хонио хураагаад ирж байгаа бололтой хүүхдээ тэвэрчихсэн явж байсан. Миний эхнэр 2019 оны 05 дугаар сарын 23-ний өглөө 11 цагийн үед хүүхдийнхээ үсэглэлийн баярт оролцохоор Хархорин сумын төв хүү Р-ийн хамт мотоцикльтой явж байхдаа нөгөө таны Д- ахад өгсөн автомашин чинь асахгүй болчихсон байна. Д- ах зам дээр зогсож байна гэж утсаар хэлсэн. Тэгэхээр нь би Т-ын ___ дугаарын утсаар ярьж нөгөө өгсөн автомашин чинь асахаа болчихсон байна гэдгийг хэлсэн. Тэгээд өөрийнхөө гэрт очоод байж байхад Ч- мотоцикльтой ирээд Бат өнгөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд манай утсаар Батын ахан дүүст утсаар хэлсэн. Надад Ч- хэлэхдээ нөгөө хөгшин чинь харвачихсан байна гэж яриад бага гэрээ өгчих манайх илүү гэр байхгүй гэж ярьж явсан. Ч- ганцаараа эвгүй байна хамт манайд очъё гэж хэлсэн. Тэгэхээр би Ч-ийн хамт Д-ийн гэрт очсон тэгээд цагдаа нар ирэхээс өмнө Ч-ийн гэрт очсон намайг очход талийгаач гэрийн зүүн талын орон дээр цааш харчихсан байдалтай байсан би очиж ойртож үзээгүй. Тэгээд гэрт харьсан миний найз Т- 2019 оны 05 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед миний төрсөн ахын хүү Д-, түүний ээж Б- болон Д-ийн эхнэр хүүхдийн хамт хүргэж ирээд буцаж явсан. Би талийгаачийг нас барсан талаар Ч-оос 2019 оны 05 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед мэдсэн. Би Ч-той цуг Ч-ийн гэрт бол очоогүй. Тэр өдөр ерөөсөө очоогүй харин Хархорин сумын төвөөс “Жоохоноо” буюу Д-ийг ирчихсэн байхад Ч- болон Д- нартай цуг Ч-ийн гэрт орсон намайг орход талийгаач гэрийн зүүн талын орон дээр нүүр хэсгийг цааш харуулсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-82 дугаар хуудас/,

Гэрч Ц.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2019 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай нөхрийн хамаатан Д- мотоцикльтой ирсэн. Тэр үед манай нөхөртэй ярьж байгаад цуг Хархорин сум явахаар болж явсан. Тэр өдрийн 16 цагийн үед манай нөхрийг Д- эхнэр хүүхдийнхээ хамт хүргэж ирээд буцаж явсан. Тэр ногоон өнгийн автомашиныг унаж явсан. Тухайн үед манай нөхөр болон нөхрийн дүү Д- нар архи уусан байсан. Тийм ч их согтуу биш байсан автомашиныг манайд ирхэд манай нөхөр унтаж ирсэн. Манайхаас автомашиныг хэн унаж явсныг мэдэхгүй бодвол нөхрийн хамаатан Д- эсхүл Б- хоёрын нэг жолоодож явсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-103 дугаар хуудас/,

Гэрч Ө.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Талийгаач аав Ч-ийнд амьдраад олон жил болж байна. Ч-, Б- нартай талийгаач аягүй эвтэй, тэднийд байх дуртай байдаг байсан. Талийгаачийг нас барсан талаар Б- эгчээс сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 дугаар хуудас/,

Гэрч Ө.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед Д- над руу залгаж хэлэхдээ Бат ахын бие тааруу, нэг л эвгүй болчихсон байна гэхээр нь би бага хүү Д-ийг дуудаад гэрийнхээ гадна ирчихээд гэртээ оролгүй байж байгаад хэсэг хугацааны дараа орж зул асаасан. Намайг ирхэд нас барчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр хуудас/,

Гэрч Р.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ хэвтэж байхад найз Д-, өөрийн дүү Д- түүний эхнэр Б-, тэднийх хүүхэдтэйгээ нийт 4-үүлээ ирцгээсэн. Би Д- гэх найздаа Улаанбаатар хотоос дотны ах Батболд гэж хүнээс 2019 оны 04 дүгээр сард бэлэн 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан. ___ улсын дугаартай, ногоон өнгөтэй автомашиныг зарна шүү гэж хэлж байсан. Д- миний машиныг хөдөө унаж явсан байсан. Тэгээд хөдөө байхдаа дүү Д-идоо энэ машиныг зарна гэж хэлсэн гэсэн. Тэгсэн Д-ийн дүү Д- сонирхоод авъя гээд тэгээд надтай уулзалдахаар болсон юм билээ. Тэгээд тэр өдрөө миний машиныг манай найз Д-ийн дүү Д- зээлээр 3 500 000 төгрөгөөр худалдаж авахаар болж мөнгийг нь 2019 оны 07 дугаар сард өгнө гэж амаар тохиролцоод машиныг авч явсан. Машин авч явсны маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш 15 цагийн үед найз Д- утсаар залгаж яриад нөгөө машин чинь унтарчихаад асахгүй байна, гол дээр байна гэж хэлсэн. Тухайн газраас машинаа чирээд Хархорин сумын төв рүү орж ирээд засварынхаа гадаа очсон. Машиныг хашаанд түрж оруулаад орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар хуудас/,

Гэрч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын төв явахаар Орхон голын хойд хэсгээр дээрээс доош буюу уруудаж ганцаараа мотоциклтой явж байхад манай нутгийн Ч-, “Жоохоноо” буюу Д- эхнэр хүүхдийн хамт байсан. Тэд нарын унаж явсан бололтой жижиг бараан өнгийн автомашин асахгүй болчихсон Орхон голын хойд хэсэгт төв рүү чиглэсэн байдалтай зогсож байсан. Тэгээд очоод уулзахад надаас мотоциклоо өгөөч гэж Д- гуйж унаж Ч-ийн гэр лүү Ч-ийн хамт явсан. Тэгээд нээх удаагүй Д- миний мотоциклыг унаж түрүүлээд ирсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-123 дугаар хуудас/,

Гэрч Ц.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Манай гэрийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн нутаг “___” гэх газарт байхад буюу 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ойролцоогоор 17 цагийн үед манай айл байсан нутгийн дүү болох жоохон Д- эхнэр хүүхдийнхээ хамт мөн манай нутгийн ах болох Г-ын хамт жижиг суудлын автомашинтай ирсэн. Тэгээд манай гэрт нэг шил “Ерөөл” нэртэй архи хувааж ууцгаасан бөгөөд манай гэрт ямар нэгэн хэрүүл маргаан огт болоогүй манайхаас 18 цагийн орчимд явсан. Манайхаас явахад нь тухайн хүмүүсийг гаргаж автомашинд нь суулгаж өгсөн автомашиныг жоохон Д- жолоодож харин жолоочийн хажуугийн урд талын суудал дээр түүний эхнэр хүүхэд хоёр суучихсан Талийгаач Ш.Г- болохоор жолоочийн ар талын суудалд сууж явсан. Энэ өдрөөс хойш хоёр, гурав хоногийн дараа талийгаачийг нас барсан талаар дам сонсож мэдсэн учир явдлыг үнэхээр мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 126 дугаар хуудас/,

Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хөдөөнөөс нутгийн ах болох Дуйнхарын Д- болон эхнэр хүүхдийнхээ хамт Хархорин сумын төвд орж ирээд улмаар Д-ын Д-ийн гэрийн гадна байсан нэрийг нь мэдэхгүй хар ногоон өнгийн суудлын автомашиныг Т буюу Т-аас 3.500.000 /гурван сая таван зуун мянган төгрөгөөр/ худалдан авахаар ярилцаж тохиролцсон юм. Хархорин сумын төвд байхдаа нийт дөрвөн шил архи ууссан харин хөдөө гэртээ очоод нэг шил архи ууссан тэрний дараагаар талийгаач Г- болон эхнэр хүүхдийнхээ хамт хөдөө гэрээсээ хойшоо ___ багийн нутаг “___” гэх газарт байх манай нутгийн Л- ахын гэрт очиж нэг шил архи ууссан. Хөдөө гэрээсээ “___” гэх газарт байдаг Л- ахын гэрт очихдоо би автомашинаа жолоодож явсан тэгээд Л- ахын гэрээс гараад ямар ч байсан би автомашиныг жолоодсон тэгээд “___” хүрээд юу болсон тухайгаа би мэдэхгүй байгаа юм нэг мэдсэн гэртээ сэрсэн. Намайг сэрэхэд гэрт хүн байгаагүй харин эхнэр хүүхдүүд гэрийн хойд хэсэгт байдаг уулын наад хэсгээс хонио туугаад явган явж байсан. Эхнэр хонио тууж гэртээ ирснийхээ дараа надад би автомашинаар хүн дайрчих болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь автомашинаа унаж Ч- гэрийн гадна очиж үзсэн тэгээд гэртээ ирсэн эхнэртээ нас барчихсан байгаа талаар хэлж жоохон загнасан. Намайг очиход Ч- гэртээ байгаагүй. Талийгаач Ш.Г- нь миний ээж Б-гийн хойд аав нь байгаа юм. Би 5 дугаар ангиасаа мэднэ талийгаач намайг тавдугаар ангид ордог жил манай гэрт ирж байсан юм. Тэгээд ерөөсөө нэг гэрт өсөж том болсон талийгаач зан байдлын хувьд гайгүй сайхан сэтгэлтэй хүн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 дүгээр хуудас/,

Шинжээч Л.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд газар дээрээ нас барсан. ...Дээрх гэмтэл авсан хүн шууд үхэлд хүргэнэ, эмнэлэгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй маш хүнд гэмтэлтэй байсан. Талийгаачийг босоо байдалтай байхад нь мөргөж унгаагаад улмаар дээгүүр нь гарсан байх боломжтой. Тухайн гэмтлийг аваад газар дээрээ богино хугацаанд нас барна гэмтэл аваад хэдэн цагийн дараа нас барсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №61 тоот актын:

 Талийгаач Ш.Г-ын биед олон хавирганы хугарал, умдаг, аарцаг ясны хугарал, зүүн хөлний шагайн үений хугарал, дотор эрхтний доргилт цус хуралт, зүүн чамархай, баруун, зүүн мөр, баруун, зүүн гар, цээж, нуруу, баруун ташаанд зулгаралт, баруун, зүүн гар, зүүн хөлд шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь үүсээд 24-өөс дээш цаг болсон байна. Хатуу мохоо зүйл 1-2 удаагийн үйлчлэлээр авто ослын мөргөлдөх дайрагдах үед үүсэх боломжтой. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь авто ослын хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ...”.гэх дүгнэлт / хх-ийн 142-143 дугаар хуудас/

Шинжээч Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алт-ийн 08 тоот шинжээчийн дүгнэлт:

“...Спортайж маркийн ___ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а “...Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна”, 3.4.г “...Хүний ам нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй, зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, 3.4.д “...зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх”, 10.1-д жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хадгалана”, 10.14-д “...бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчиж хөдөлгөөнд оролцсон байх үндэсэлэлтэй ...Иргэн Б.Б- нь цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шалгаж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна ...уг осол гарахад нөлөөлсөн шалтгаан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.14 “...“жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хадгалана”, “...бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 159-160 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагаас 19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн нутаг “___” гэх газарт байх иргэн Ц.Ч-ийн гэрийн гадна ___ улсын дугаартай “Спортайж” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.14 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоолдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хадгалана...” “бусдад саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдыг тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ш.Г-ын амь насыг хохироосон, мөн ___ улсын дугаартай  “Спортайж” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-гийн мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлгүүд / хх-ийн 74-75, 76-77дугаар хуудас/, гэрч Д.Д-, Ц.П-, Ө.Т-, Ө.Б-, Р.Т-, Н.Г-, Ц.Л-, Д.Д-  /хх-ийн 78-82, 101-103, 112-113, 114, 116-117, 122-123, 126, 130-131 хуудас/ Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 61 тоот акт  /хх-ийн 142-143 дугаар хуудас/,  Шинжээч Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алт-ийн 08 тоот шинжээчийн дүгнэлт / хх-ийн 159-160 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-т Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүхээс Б.Б-т автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-т ял шийтгэл оногдуулахдаа ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасч, тэнссэн хугацаандаа оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирүүлсэн  Р.Т-ын эзэмшилд байх ___ улсын дугаартай Kia sportage маркийн 00401576 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Р.Т-т буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                     

1. Шүүгдэгч И- овгийн Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б-ын Б-ыг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б-ын Б-т оногдуулсан торгох ялыг тусд нь эдлүүлсүгэй.            

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Б-т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.                                  

            6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б-ын тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг   торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус тайлбарласугай

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б-ын Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

8. Шүүгдэгч Б-ын Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ___ улсын дугаартай Kia sportage маркийн 00401576 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Р.Т-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Т.Л-д даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ДАГИЙМАА