| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 318/2025/00837/И |
| Дугаар | 224/МА2025/00035 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 224/МА2025/00035
Ж.Б-ын нэхэмжлэлтэй,
Ч.Б-д холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 318/ШШ2025/00780 дугаар шийдвэртэй,
Ж.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-д холбогдох “Орон сууц хөлслөх гэрээний дагуу хохирол 2,540,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч Ж.Б-ын гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 318/ШШ2025/00780 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний дагуу хохирол 2,540,000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие 3 дугаар багт байрлах, х дугаар байрны 9 тоотод оршин суудаг. Хавар 6 дугаар сарын 20-нд хагалгаанд орж биеэ эмчлүүлэх мөнгөний хэрэгцээ гарч 6 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 2 сараар бүрэн тавилгатай 3 өрөө байраа сарын 700,000 төгрөгөөр тохирч түрээсэлсэн. Улмаар түрээсийн хугацаа дуусаж, 7 хоногийн дараа гэртээ ирэхэд түрээслэгч байхгүй, гэр бохир заваан, ванн тосгуур хар хиртэй өнгөр тогтсон, хүүхдийн өрөөний буйдан дээр цус, шээсний толбоор дүүрсэн, хөнжил гудас, углаа, дэвсээ цус болж заваарсан байсан. Гутлын тавиурыг эвдэж сүйтгэсэн архидсан нь тодорхой байв. Учир нь хөргөгчид байсан 1 сагс 8 ширхэг пивоноос 1 ширхэг үлдсэн байсан. Буйдангийн араар унасан бэлгэвч, уут зэргийг өөрийг нь дуудаж үзүүлэн цэвэрлүүлж, цустай даавууг нь өөрт нь өгч явуулсан. Тэгээд чи энэ буйдан, ор хөнжил, гудасны даавууг сольж өгөх, эвдсэн зүйлээ бүтэн болгож өгөхийг шаардсан боловч өгөөгүй тул шүүхэд хандсан. Иймд Ч.Боос 2,540,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Ч.Б-ын татгалзлын үндэслэл: “...Миний бие нь 3 дугаар багт байрлах 907 дугаар байрны 9 тоотыг 2 сарын хугацаанд гэрээ байгуулан түрээсэлсэн төлбөр, тооцоо, тог, ус гээд бүх зардлаа төлөөд хүлээлгэн өгөхөд надаас ор, хөгжил даавуу мөн гутлын тавиур нэг тавцан хагарсан нэрийдлээр 2,540,000 төгрөг нэхэмжилж байгаа. Түрээсийн гэрээ хийхдээ байгаа эд зүйлийг хэрэглэж байгаарай гэж хэлсэн. Түрээсийн байранд бүх эд хөрөнгө байсан, би нэг ч зүйл алга болгоогүй. Цаг тухайд нь цэвэрлэж цэвэрхэн байсан боловч гомдол гаргаж байгаад харамсаж байна. Гутлын тавиур, пивоны үнийг төлж болох юм. Хэргийг үнэн зөвийг ойлгож зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.
4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэг, 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ч.Б-с 780,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,760,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгч Ж.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
6.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Талууд 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.Б нь Увс аймаг, Улаангом сум, 3-р баг, х байрны х тоот 3 өрөө, тавилгатай орон сууцыг хөлсүүлэх, Ч.Б нь сар бүр 700,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож, 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Ч.Б уг байранд амьдарсан болох нь талуудын тайлбар, байр түрээслэх гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдсон байна.
6.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
6.3. Талууд орон сууц хөлслөх гэрээний үүрэгт төлөх төлбөрийн талаар маргаангүй, мөн хариуцагч нь тус байранд амьдрах хугацаанд гутлын тавиур эвдэрсэн болон гэрийн шаахай, хөргөгчид байсан шар айргийг тус тус өөрөө хэрэглэсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн байна. Харин нэхэмжлэлд дурдсан, ор болдог буйдан, хөнжил, ор хөнжлийн даавуу, гудас зэргийг гэмтээж, бохирдуулсан үйл баримт буюу эдгээр эд хөрөнгөд хохирол учруулсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
7. Хариуцагч Ч.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гутлын тавиурын үнэ 735,000 төгрөг, гэрийн шаахайны үнэ 15,000 төгрөг, хөргөгчид байсан шар айргийн үнэ 30,000 төгрөг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 780,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцсэн байна.
8. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т “хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т “хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна.
Хэргийн баримтаар, хариуцагч нь нэхэмжлэгчийн буйдан, хөнжил, ор хөнжлийн даавуу, гудас зэргийг ердийн элэгдлээс илүү муутгасан, ашиглах боломжгүй болгосон болох нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 289 дугаар зүйлийн 289.1.4-т заасан үүргээ зөрчсөн, дээрх эд хөрөнгийг ердийн элэгдлээс илүү муутгаж ашиглах боломжгүй болгосон үйлдэл тогтоогдоогүй байна.
Хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь уг орон сууцанд байсан буйдан, хөнжил, ор хөнжлийн даавуу, гудас зэргийг ердийн элэгдлээс илүү муутгасан гэдгийг баримтаар нотолж чадаагүй байна. Талууд анх байрыг хөлслөх үедээ дээрх эд зүйлийг хүлээлцсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байх бөгөөд хэрэгт авагдсан фото зураг нь дээрх үйл баримтыг нотлохгүй, хэн, хэзээ, хэрхэн бэхжүүлсэн зураг болох нь тодорхойгүй тул зөвхөн энэ баримтыг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
9. Иймд хариуцагчаас 780,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,760,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуульд нийцсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
10. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
11. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
12. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.110 /дөчин гурван мянга нэг зуун арав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 318/ШШ2025/00780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.110 /дөчин гурван мянга нэг зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ