| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2019/0067/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/71 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/71
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Хохирогч Г.Д-, Б.Д-
Шүүгдэгч: Б.Д-,
Шүүгдэгч: Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д- овогтой Б-гийн Д-, М овогтой Г-гийн Д- нарт холбогдох эрүүгийн 1927001610062 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг “___” гэх газар оршин суух гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан Д- овогтой Б-гийн Д- /РД:___ /,
2. Монгол улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг “___” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Мөнх овогтой Г-гийн Д- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Г.Д- нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Б.Д-ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, яллагдагч Б.Д- нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутагт хохирогч Г.Д-гийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Г.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Г.Д-тэй хамт сумын төв орж нэг шил архи аваад Г.Д-гийнд очиж уусан. Нэг шил архиа уугаад согтсондоо бид 2 маргалдсан. Тэгээд би гэртээ хариад жаахан унтаж байгаад малынхаа хашааг янзалж байтал Г.Д- ирээд цохиод авсан ....” гэв.
Хохирогч Г.Д- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд бид хоёр согтоод маргалдсан. Тэгээд Д- малынхаа хашааг ачиж ирнэ гээд яваад өгсөн. Тэгээд би 14 цагийн үед гараад гэрийнхээ гадаа байсан чинь Д- машинтай малын хашааг зөөгөөд явж байхаар мотоциклио жолоодож хажууд нь очоод зогссон Тэгээд Д- машинаас бууж ирээд бид хоёр маргалдаад би Д-ийн нүүр лүү цохисон. Дараа нь миний нүд хэсэгт Д- цохисон. Манай гэрт Д- согтуу орж ирээд агсам тавьсан гэснийг дуулаад. Тэгээд Д-тэй маргалдаж намайг зодсон. Миний биед хөнгөн гэмтэл учирсаныг хүлээн зөвшөөрч байна. Гомдолгүй, мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Хохирогч Б.Д- нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 26-ны орой 10 цагийн үед Бат-Өлзий сумын төвөөс дэлгүүр орж нэг шил архи аваад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум ___ баг “___” гэх газар Д- гэх айлд ороод нэг шил Нутгийн буян шошготой архи уусан. Тэгээд Д-тэй маргалдсан. Малын хашааг ачаад буулгах газраас ирээд зогссон чинь Д- мотоцикльтойгоо ирсэн. Тэгээд Д- яагаад эхнэр хүүхдэд агсам тавиад байгаа юм бэ гээд миний баруун нүд хэсэг рүү гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд Д-г цохиод авсан.Миний биед хөнгөн гэмтэл учирсаныг хүлээн зөвшөөрч байна. Гомдолгүй. мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 333 тоот дүгнэлт: “...1. Г.Д-гийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4 1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 334 тоот дүгнэлт: “...1. Б.Д-ийн биед тархи доргилт, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсссэн байх боломжтой. 3. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-7 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Д-, Б.Д- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 71 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Г.Д- нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутагт хохирогч Б.Д-ийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, яллагдагч Б.Д- нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутагт хохирогч Г.Д-гийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Г.Д-, Б.Д- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14, 16-17 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 28, 35 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Д-, Б.Д- нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д-, Б.Д- нарыг гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Д-, Б.Д- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1.2-д заасан ...учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Д-, Б.Д- нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Д-гийн хувьд ноогдох хөрөнгө болох 1 тооны үхэр битүүмжилсэн Прокурорын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай, шүүгдэгч Г.Д-ийн хувьд ноогдох хөрөнгө болох 1 тооны үхэр битүүмжилсэн Прокурорын 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 51 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь дурдах зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогтой Г-гийн Д-, Д- овогтой Б-гийн Д- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-гийн Д-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн Д-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-гийн Д-, Б-гийн Д- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-, Б.Д- нарт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Д-гийн хувьд ноогдох хөрөнгөөс 1 тооны үхэр битүүмжилсэн Прокурорын 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 50 дугаартай тогтоол, шүүгдэгч Г.Д-ийн хувьд ноогдох хөрөнгөөс 1 тооны үхэр битүүмжилсэн Прокурорын 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 51 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Г.Д-, Б.Д- нар цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Г-гийн Д-, Б-гийн Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г-гийн Д-, Б-гийн Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА