Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0289

 

“М у э и с” БСБ-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Б.Х, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд “П”  ХХК, “П и”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “А э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, гуравдагч этгээд “У д с” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Л.Н нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “М у э и с” БСБ-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай шийдвэрээр: “Төрийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг баримтлан шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл “Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдагдсан ТК-415, 3 дугаар хавсралтын “П”  ХХК болон “П к”  ХХК-д холбогдох хэсгүүдийг 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг тус тус баримтлан “Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж, тогтоолын 1 дүгээр хавсралтаар нийслэлийн өмчид шилжүүлсэн Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг “П и”  ХК-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, нийслэлийн Засаг даргад холбогдуулан Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг зохих журмын дагуу нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгах, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг зохих журмын дагуу нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “М у э и с” БСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Л.Н нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгддөггүй төрийн өмчийн тухай гэх хуулийг баримтлан маргаан бүхий актын холбогдох хэсгүүдийг түдгэлзүүлэн шийдвэрлэж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Хариуцагчаас Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг батлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухайн хуулийн 11, 30,31 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 148 дугаар тогтоол болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны 2010 оны в/4174 тоот албан бичгийг үндэслэн гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ТУЗ-ийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу баталсан жагсаалтыг үндэслэн Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоол батлагдсан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй, Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 148 дугаар тогтоол болон Засгийн газрын 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 148 дугаар тогтоол болон Засгийн газрын 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 284 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, 2011 оны 61 дүгээр тогтоолоо гаргасан.

2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2012/03 дугаар дулаан хангамжийн төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай гэрээгээр 61 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар “Ивэн эх” ХХК-д шилжүүлэх ТК-415 нэртэй халаалтын цогц төхөөрөмжийг “П и”  ХХК-д шилжүүлсэн. Нийслэлийн өмчид шилжүүлэх хөрөнгийн жагсаалтад тусгагдсан ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг “П и”  ХХК гэх хувийн хуулийн этгээдэд шилжүүлсэн.

Хариуцагч байгууллага “Ивэн эх” ХХК нь тухайн үед 82 сая төгрөгийн өр төлбөртэй, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, боловсон хүчин болон менежментийн доголдолтой, тухайн орчны хэрэглэгчдээс гаргасан гомдол зэргийг ямар баримтыг үндэслэн мэдүүлж байгааг тогтоолгүй, түүнчлэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмжөөс халаалтаа авдаг байгууллагуудад тус төхөөрөмжийг худалдаж авах саналыг хүргүүлсэн эсэх, “П и”  ХХК-д ямар арга хэрэгслээр санал тавьсан гэдгийг нотлох баримтыг үндэслэлгүйгээр Архивын тухай хуулийг ноцтой зөрчиж, хариуцагч нарын тайлбарт нотлох баримтгүйгээр хөтлөгдөж, шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрвээ шүүхээс тодруулах шаардлагатай, ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримт цуглуулж, үнэлж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй атал хэргийн оролцогчдын тайлбарыг харгалзан үзэж шийдвэр гаргадаг байгууллага биш юм.

Мөн “П к”  ХХК гэх хуулийн этгээд Монгол Улсад бүртгэлгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11/4053 дугаар албан бичгээр тогтоогдож, Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын холбогдох заалт нь илт хууль бус байх шинжийг агуулж, илэрхий хууль зөрчсөн байгааг анхан шатны шүүхээс анхаараагүй.

Түүнчлэн гуравдагч этгээдээс хууль бусаар гэрээ байгуулах замаар нийслэлийн өмчит шилжүүлэх хөрөнгийг хувийн хуулийн этгээдэд шилжүүлэн, тогтоолд нэр дурдагдаагүй “П и”  ХХК гэх хуулийн этгээдэд шилжүүлэх хэлбэрээр тогтоолыг хууль бусаар гуйвуулан нийслэлийн өмчийн хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч, өөрт давуу байдал үүсгэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгааг шүүх анхаарч, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Төрийн эрх бүхий байгууллага гагцхүү хуульд заасан журмын дагуу захиргааны акт гаргах үүрэгтэй атал төрийн байгууллагын эрх хэмжээг заан шийдвэрлэж байгаа нь хууль бус бөгөөд шүүх хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хангалттай шийдвэрлэх боломжтой.

Анхан шатны шүүхээс Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж, тогтоолын 1 дүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг “П и”  ХХК-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулан түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 10 дүгээр хуралдаанаар нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2а/4173 дугаар албан бичгээр хүргүүлсэн “Нийслэлийн өмчид эд хөрөнгө бүртгэж авах тухай” тогтоол баталсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлд орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах тухай зохицуулалтын дагуу Төрийн өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2-т “Орон сууцны эзэмшлийн салаа шугамаас холбогдсон хэрэглэгчдэд суурилуулсан тоноглолын жагсаалт”-д заасан хөрөнгийг бүртгэж авахдаа 1 дүгээр хавсралтын 2.13 дугаарт тусгагдсан “Ивэн эх” ХХК-д суурилагдсан ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэж аваагүй орхигдуулсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс “...Энэхүү тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга нийслэлийн өмчийн барилга байгууламжид суурилагдсан хөрөнгийг бүртгэсэн байх бөгөөд хувийн өмчид суурилагдсан тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авах үндэслэлгүй” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан хэрнээ “... 61 дүгээр тогтоолоор “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд бий болсон нийслэлийн өмчид шилжүүлэх хөрөнгө, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн жагсаалтыг баталсан байх бөгөөд” гэж хоорондоо илт зөрүүтэй,  нэг баримтыг хоёр өөрөөр тайлбарлан дүгнэсэн байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан МОН-1548 дугаартай зээлийн гэрээний дагуу 1998 оноос эхлэн хэрэгжсэн “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд суурилагдсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн өмчит /2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоол/[1] болон хувийн өмчит /2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар тогтоол/[2] аж ахуйн нэгж байгууллагын өмчлөлд шилжүүлэн өгөх талаар “У д с” ТӨХК-иас төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргажээ.

Дээрх тогтоолоор шийдвэрлэсэн асуудлыг бүрэн дэмжиж буй тухайгаа Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн в/4174 дүгээр алба бичгээр[3] Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн байна. 

Мөн “У д с” ТӨХК-ийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/2315 дугаар албан бичгээр[4] “... нийслэлийн өмчид хуулийн этгээдийн өмчлөлийн барилга байгууламжид суурилагдсан халаалтын цогц төхөөрөмжүүдийг бусад тоноглолуудын хамт тухайн байгууллагын өмчид шилжүүлэх”, мөн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/2429 дүгээр албан бичгээр[5] “... хувийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудад суурилагдсан, одоо ажиллаж байгаа иж бүрэн автомат халаалтын цогц төхөөрөмжүүдийг бусад тоноглолуудын хамт тухайн байгууллагад худалдан өмчлөлд нь шилжүүлэх тухай” Төрийн өмчийн хороонд санал хүргүүлжээ.  

Үүний дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11, 30, 31 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 148 дугаар тогтоол болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны 2010  оны в/4174 дүгээр албан бичгийн үндэслэн Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоол батлагдсан байна.  

Энэхүү тогтоолд холбогдуулан “М у э и с” БСБ-иас нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс “Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдагдсан ТК-415, 3 дугаар хавсралтын “П”  ХХК болон “П к”  ХХК-д холбогдох хэсгүүдийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж”, үлдэх “Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж, тогтоолын 1 дүгээр хавсралтаар нийслэлийн өмчид шилжүүлсэн Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг “П и”  ХК-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг зохих журмын дагуу нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгах, Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг зохих журмын дагуу нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэсэн.  

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт болох Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын холбогдох заалтуудад холбогдуулан илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ “Захиргааны актын гүйцэтгэх этгээд тодорхой бус[6], иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй[7], Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн[8]” гэж тайлбарладаг.   

 “У д с” ТӨХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор “Хувийн өмчит аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийн өмчлөлийн барилга байгууламжуудад суурилсан дулааны тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталж, худалдах асуудлыг дэмжсэн” байх бөгөөд хавсралтаар “П а э”-т 761 дугаартай халаалтын цогц төхөөрөмжийг 37,028,387 төгрөг, ТК-415 дугаартай төхөөрөмжийг 71,463,790 төгрөгөөр /Аж ахуйн нэгжийн нэр байхгүй/, “П”  ХХК-д холигч насосыг 4,424,384 төгрөгөөр худалдахаар тус тус санал оруулсны дагуу Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг “Ивэх эх” ХХК-д, 3 дугаар хавсралтаар холигч насосыг “П”  ХХК-д, 761 халаалтын цогц төхөөрөмжийг “П к”  ХХК-д шилжүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар “А э” нь Баянгол дүүргийн 6 дугаар хороонд[9], нэхэмжлэгч “М у э и с” БСБ нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрладаг зэргээс үзвэл нэхэмжлэгчийн дулаанаар хангагдах эрх ашгийг хөндсөн гэж үзэхээргүй байна.

Мөн Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолоор 761 дугаартай төхөөрөмжийг “П к” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч “Пума констаркшн” ХХК /А э/ нэртэйгээр шилжүүлсэн, холигч насосыг “П”  ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч “П и”  ХХК-д шилжүүлэн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч маргаж байх бөгөөд 761 дугаартай халаалтын цогц төхөөрөмж нь “А э”-ийн барилгын дулааны узельд байршдаг[10], холигч насос нь “П и”  зочид буудлын дулааны узельд байршдаг зэрэг нь “У д с” ТӨХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн албан бичигт дурдагдсан “... халаалтын цогц төхөөрөмжүүдийг бусад тоноглолуудын хамт тухайн байгууллагад худалдан өмчлөлд нь шилжүүлэх ...” гэх саналтай нийцсэн гэж үзэхээр байна.

Мөн ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг нийслэлийн өмчид шилжүүлэх байтал хувийн хуулийн этгээдэд шилжүүлэн, тогтоолд нэр дурдагдаагүй “П и”  ХХК-д шилжүүлсэн гэж маргаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэж заасан бөгөөд “У д с” ТӨХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар тогтоол буюу хувийн өмчийн хуулийн этгээдэд шилжүүлэх дулааны тоног төхөөрөмжийн жагсаалтад ТК-415 халаалтын цогц төхөөрөмж орсон, мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан нийслэлийн өмчид бүртгэн авсан эд хөрөнгөд ТК-415 халаалтын цогц төхөөрөмж ороогүй зэргээс үзвэл уг төхөөрөмжийг нийслэлийн өмчлөлд бус хувийн хуулийн этгээдэд шилжүүлсэн үйлдэл илт хууль бус гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болжээ.  

Үүнээс гадна маргаан бүхий захиргааны акт болох Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 12, 13 дугаар мөрөнд ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг “Ивэн эх” ХХК-д шилжүүлсэн байх боловч хариуцагчийн тайлбараар уг мөрөнд алдаа гарсан, “Ивэн эх” ХХК-д шилжүүлээгүй гэх тайлбар, мөн уг төхөөрөмж нь “П и”  зочид буудлын дулааны узельд суурилагдсан нь Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн албан бичигт зааснаар уг төхөөрөмжийг “П и”  ХХК-ийн өмчлөлд шилжүүлснийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үйл баримтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т “Захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасантай нийцэхгүй буюу Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын холбогдох заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэл болохооргүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бус байх үндэслэлийг шалган тогтоох боломжтой байхад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэлээр дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул давж заалдах гомдолд дурдсан эсэхээс үл хамааран шалгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно”,  77 дугаар зүйлийн 77.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй ТК-415 халаалтын цогц төхөөрөмж нь анхнаасаа хувийн өмчит байгууллагад шилжүүлэхээр санал оруулан, түүнийг баталж маргаан бүхий тогтоолоор шийдвэрлэсэн тул нийслэлийн өмчлөлд бүртгэн авах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Төрийн өмчийн тухай гэсэн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгддөггүй хуулийг баримталсан гэж маргаж байх боловч энэхүү үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт болох Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоол нь 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийнх боловч нэхэмжлэгч  “М у э и с” БСБ нь 2016 онд байгуулагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгийг баримтлан Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд бий болсон, төрийн өмчийн бус хуулийн этгээдэд шилжүүлэх хөрөнгийн жагсаалтын “П”  ХХК болон “П к”  ХХК-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн хорооны 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж, тогтоолын 1 дүгээр хавсралтаар нийслэлийн өмчид шилжүүлсэн Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн ТК-415 халаалтын цогц төхөөрөмжийг “П и”  ХХК-д шилжүүлсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг зохих журмын дагуу нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгах, Төрийн өмчийн хорооны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “ТК-415 халаалтын цогц төхөөрөмж”-ийг зохих журмын дагуу нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” гэж өөрчилж, 2 болон 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтыг 2 болгон, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Б.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 


[1] 1 хавтаст хэргийн 202 хуудас                                                                                                

[2] 1 хавтаст хэргийн 204 хуудас

[3] 2 хавтаст хэргийн 125 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 216 хуудас

[5] 1 хавтаст хэргийн 215 хуудас

[6] Захиргааны ерөнхий хуулийн 47.1.4

[7] Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6

[8] Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.9

[9] 3 дугаар хавтаст хэргийн 212 хуудас

[10] 3 дугаар хавтаст хэргийн 145 хуудас