| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 158/2026/0013/З |
| Дугаар | 001/ХТ2026/0058 |
| Огноо | 2026-05-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2026/0058
“Э” ХХК-ийн гомдолтой,
Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний
газрын дарга, улсын ахлах байцаагчид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 158/ШШ2026/0012 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2026/0216 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШХТ2026/0199 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- нарыг оролцуулан, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага:
1.1.Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагч Н.Б-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №*** дугаартай шийтгэлийн хуудсаар “Э” ХХК-ийг үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ “... улсын байцаагч манай компанийг яг ямар үйлдлийг хийсэн болон хийгээгүй гэж үзэн шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй. Эрх бүхий албан тушаалтан үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тодруулах ажиллагаа хийгээгүй, баримт цуглуулаагүй атлаа торгууль ногдуулсан нь үндэслэлгүй. Мөн улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй” гэж,
4.Хариуцагчаас “... тус компани нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлүүд, МУ-ын Засгийн газрын “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм”-д заасны дагуу холбогдох арга хэмжээг аваагүй, уг асуудлын талаар холбогдох газарт мэдээлэл хүргээгүй зөрчлийг гаргасан учир шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэж тайлбарлан маргажээ.
5.Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 158/ШШ2026/0012 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.11, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.8-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-иас Булган аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын улсын ахлах байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2026/0216 дугаар магадлалаар: Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 158/ШШ2026/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
7.Хяналтын журмаар гаргасан гомдол: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Давж заалдах шатны шүүхээс үйлдвэрлэлийн осол мөн эсэх дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
7.2.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.9 дэх хэсэгт осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулахаар заасан байна. Дээрхээс үзвэл ажилтан М.М-ын гаргасан зам тээврийн ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу судалж баталгаажуулах байтал ажил олгогчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
7.3.Улсын дээд шүүхийн 2023.02.06-ны өдрийн 001/ХТ2023/0008 дугаар тогтоолдоо .... өөрөө гэмтсэнийг “үйлдвэрлэлийн осол” гэж үзэхгүй гэж дүгнэсэн, гэтэл давж заалдах шатны шүүхээс ажилтан М.М- нь өөрийн буруутай үйлдлээс буюу тодруулбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гэмтсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр шийдвэрлэсэн гэж үзэж байна.
7.4.Хариуцагч байгууллага нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар огт ажиллагаа явуулаагүй энэ талаар анхан шатны шүүх дээр тайлбарласан бөгөөд үйлдвэрлэлийн осол биш, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
7.5.Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
8.Хариуцагчаас гомдол гаргагч талын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШТХ2026/0199 дүгээр тогтоолоор гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ
10.Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
11.“Э” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан М.М- нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албан ажлаар Б аймгаас О аймгийн чиглэлд *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан байна.
12.Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас М.М-од холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *** дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан” буюу жолоочийн буруутай үйл ажиллагаа гэж дүгнэн 100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.
13.М.М-оос дээрх осолтой холбоотойгоор 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт “үйлдвэрлэлийн осолд орсон ба түүнийг ажил олгогч “Э” ХХК нуун дарагдуулсан” гэх агуулга бүхий гомдол гаргасныг Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлснээр хариуцагч хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №*** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Э” ХХК-ийг “Үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан” зөрчлийг үйлдсэн гэж үзэж дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
14.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч... тус тус хянана”, 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 29.4.1.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 6.2 “Ажил олгогч (комисс) нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дараах байгууллагад ...бичгээр болон утсаар мэдэгдэнэ: 6.2.1.осолдогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээнээс үл хамааран орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад” гэж тус тус заажээ.
15.Дээрх зохицуулалтаас үзэхэд, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд түүнийг тогтоох, судлан бүртгэх, холбогдох албан тушаалтанд мэдэгдэх, журам, дүрмийн дагуу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар акт, дүгнэлт гаргах үүргийг ажил олгогчид хүлээлгэж, хяналтын улсын байцаагч тухайн акт, дүгнэлтийг хянаж, баталгаажуулах эсэхийг шийдвэрлэх агуулгатай байна.
16.Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч “Э” ХХК Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дурдсанаар орон тооны бус байнгын комиссыг ажиллуулаагүй, ажилтан М.М- ажил үүргээ гүйцэтгэж яваад буцах замдаа зам тээврийн осолд өртсөнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн осолд бүртгэх, түүнийг мэдээлэх, акт тогтоох эсэх асуудлыг шийдвэрлээгүй нь тогтоогдсон.
17.Гэхдээ улсын байцаагчаас “Э” ХХК-ийн тухайн эс үйлдэхүйг дангаар нь “үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан” зөрчилд хамааруулан Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулсан нь хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр болжээ.
18.Энэ хэргийн тухайд 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болсон зам тээврийн осолд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.М-ыг буруутай болохыг эрх бүхий албан тушаалтнаас тогтоож, түүнд торгуулийн шийтгэл оногдуулсан байгаа тохиолдолд нэхэмжлэгч компанийг шууд үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэх боломжгүй.
19.Зөрчлийн тухайн хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нуун дарагдуулсан” гэх диспозици нь үйлдвэрлэлийн осол гарсан талаар эрх бүхий байгууллагаас зориуд далдлах, бодит нөхцөл байдлыг нуух, эсхүл түүнийг илрүүлэхгүй байхад чиглэсэн ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулсан байхыг шаардана, энэ тохиолдолд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ХХК нь ийм үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад дан ганц Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг биелүүлээгүй нь “үйлдвэрийн ослыг нуун дарагдуулсан” гэх үндэслэл болохгүй.
20.Иймд ажил олгогчийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 158/ШШ2026/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2026/0216 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан гомдол гаргагч “Э” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга, улсын ахлах байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.БАТБААТАР