Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 036

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би, Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч Х.Досжаны нэхэмжлэлтэй, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Досжан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Х.Досжан би Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон тасралтгүй 12 жил ажилласан билээ. Ажиллах хугацаанд ажлын ямар нэг алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол гарсан байх ба уг тогтоолоор намайг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн үүрэгт ажлаас чөлөөлөн албан тушаал бууруулан Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнаар томилохоор шийдвэрлэсэн байна. Тухайн үед ийм тогтоол гарсан талаар би огт мэдээгүй байтал энэхүү тогтоолыг үндэслэн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны 04 дүгээр тушаалаар намайг Өлгий сумын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнаар томилсон билээ. Миний бие энэхүү эрх ашиг маань зөрчигдсөн эрхийн акт гарсныг мэдмэгц хуульд заасан хугацаанд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр Төрийн албаны төв зөвлөлд хандсанаар Төрийн албаны төв зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 314 дүгээр албан бичгээр хариу ирүүлсэн байх ба Төрийн албаны зөвлөл нь шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн байна. Миний хувьд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн хариуцлагатай холбоотой эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулж өгсөөр байтал үүнд нутгийн өөрөө удирдах байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хутгалдан оролцож энэхүү хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа бөгөөд холбогдох хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэд халдсан явдал гэж үзэж байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т ...төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно... хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүний сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэж ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно... гэж заасан бөгөөд энэхүү зохицуулалтаас үзэхэд зөвхөн миний зөвшөөрснөөр цалин хөлс бууруулж эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр сэлгэн ажиллуулж болохоор хуульчилсан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т ...төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох талаар тусгайлан зохицуулсан байх ба үүнд дараах хоёрхон тохиолдолд албан тушаал бууруулж болохоор зохицуулсан байна. Хуулийн 23.1.1-т ...албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн..., 23.1.2-т ... үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон.... гэж тус тус заасан байх ба энэхүү хоёр тохиолдлоос бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэд халдан албан тушаал бууруулж болохгүй байхаар хуульчилсан байна.

Гэтэл Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид болон Хурлын дарга надад мэдэгдэлгүйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээнд огт хамааралгүй төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар хууль зөрчсөн шийдвэр гаргаж, төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдан үүрэгт ажлаас чөлөөлж, цалин болон албан тушаал бууруулж миний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие тус шүүхэд Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан хуучны албан тушаалд эгүүлэн томилох тухай гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ талаар дахин шүүхэд маргаан гаргахгүй гэдгийг ойлголоо гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Досжан, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Х.Досжан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэхүү захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Досжанаас тус шүүхэд гаргасан Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч Х.Досжаны нэхэмжлэлтэй, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША