Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1871

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00791 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 883 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч ХХХ болон түүний өмгөөлөгч ХХХХХ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс “ХХХХ” ХХК-д түүхий эд материалын кассын няравын ажилд орсон бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж, кассын мөнгө илүүдсэн гэх шалтгаанаар ажлаас халсан. Мөн хашхирч дайрч, доромжлон сэтгэл зүйн дарамтанд оруулсан. Миний бие ерөнхий нягтлангийн буруутай үйлдлээс болж гарсан алдааг нь нотолсон. Мөн ажлаасаа халагдсан байтал 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр сэтгэл зүйн дарамтнаас гараагүй байхад төөрөгдүүлж, гүйцэтгэх захирлын 101 тоот тушаал гарсан. Ажлаас чөлөөлөх тухай  хүсэлтэд ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж, байгаа ар гэрийн гачигдал ч юмуу хүндэтгэн үзэх шалтгаан дурдаагүй. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тушаал шийдвэрийг зөвтгүүлж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ХХХ-ийн өөрийн хүсэл зоригоор өөрийн гараар бичсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлаас чөлөөлсөн бөгөөд хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн хариуцах эрх зүйн бүрэн чадамжтай этгээд тул гүйцэтгэх захирлын 101 тоот тушаал нь ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. ХХХ-ийн гаргасан хүсэлтийн хариуд гаргасан тушаалыг өөрчлөх боломжгүй талаар манай хүний нөөцийн ажилтан мэдэгдсэн болно. Тиймээс “ХХХХ” ХХК нь ХХХг хуучин ажилд нь эгүүлэн томилох боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХ-ийн нэхэмжлэлтэй “ХХХХ” ХХК-д холбогдох 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тушаал шийдвэрийг зөвтгүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 883 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул урьдчилан төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ХХХ болон түүний өмгөөлөгч ХХХХХ нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтад бүрэн гүйцэт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтыг үнэлсэн талаар зөвхөн дараах зүйлийг авч үзвэл,

Шүүх зохигчдын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтыг буруу үнэлсэн, логик утгыг нь олж дүгнээгүйг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэнээс нь авч үзвэл: “...кассын үлдэгдэл илүү байсан үйл баримт нь зөрчилд тооцогдох талаар маргадаггүй, харин энэ зөрчлөөс үүдэлтэй ажилтан өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа...” гэжээ. Энд дурдсан зүйл бол зөрчил гарсан талаар дурдагджээ. Энэ зөрчил нь мөнгө дутаасан бус илүүдүүлсэн. Энэ талаар хэн аль нь маргаагүй гэдэг нь ийм зөрчил гарсныг зохигчид хүлээн зөвшөөрсөн байна. Гэтэл энэ тохиолдолд ажилтан байгууллагын мөнгийг дутаалгүй илүү болгож өгөөд өөрөө ажлаас халагдах хүсэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл байгууллагадаа мөнгийг нь илүү гаргаж өгч, нэг ёсондоо гавъяа байгуулчихаад сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан болж байна. Байгууллага ч ажилтнаа мөнгө дутаагаагүй илүүдүүлсэн хүнийг шагнах атал чөлөөлчихжээ. Ийм авцалдаагүй зүйл болжээ.

Харин хэрэгт авагдсан талуудын өгсөн тайлбар, баримтаар мөнгө илүүдүүлсэн нь тогтоогдсоныг шүүх дүгнэхдээ хариуцагчийн тайлбарын “...энэ зөрчлөөс үүдэлтэй ажилтан өөрөө ажлаас халагдах хүсэлтээ өгсөн...” гэсэн маш ойлгомжтой тайлбарыг “...буюу ажилтны сайн дурын үндсэн дээр хүсэлтээ гаргаагүй гэх нөхцөл байдлыг нотлохгүй байна гэж үзлээ...” гэсэн нь шалтгаант холбоог буруугаар авч үзэх үндэслэлээ болгосон байна. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх, халах шалтгаан үүнтэй холбоотой гарсан. Ажилтан сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх шаардлага, шалтгаан үүсээгүй нь түүний хүчээр бичүүлсэн гэх хүсэлтээс тодорхой харагдаж байсан.

Иймээс ажил олгогч мөнгө илүүдүүлэх нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ, хуульд зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болдог бол үүнтэй холбоотойгоор тушаалаа зөвтгөх нь хууль болоод бодит байдалд нийцэх байсан. Ийм учраас ажилтан өөрийн санаачлагаар бус байгууллагын санаачлагаар халагдсан гэдгээ зөвтгүүлэхээр ажил олгогчид хүсэлт гаргасныг байгууллага албан ёсоор хариу өгөхөөс зайлсхийж амаар боломжгүй гэж хариу өгсөн мэтээр шүүхийн шатанд хэзээ хойно нэхэмжлэгчийн шаардсанаар илэрхийлсэн байгаа нь тухайн асуудлаас үүдэлтэй ажлаас чөлөөлөгдсөн нөхцөл байдал тогтоогдсон байгааг давхар нотолж байхад ажил олгогчийг зөвтгөж, ажилтаныг хүсэлтээ нотолж чадаагүй хэмээн үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн шийдвэрийн 3 дахь хуудасны 4 дэх хэсэгт бичсэн зүйл нь “ХХХХ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.12-д....гэсэн” нэхэмжлэгчид ашигтай, түүний хүлээлгэсэн үүрэгтэй холбоотой байхад хариуцагч энэ заалтыг хэрэгжүүлсэн мэтээр тайлбарлаж бичсэн нь хэт нэг талыг баримталж байгааг илтгэсэн мэт харагдаж байна. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардлагыг хангах зүйл зохицуулалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль буруу хэрэглэсэн байгааг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч ХХХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг зөвтгүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 833 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “ХХХХ” ХХК-иас шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийнх нь дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

            Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрийн хүсэл зоригоор бичээгүй тухайгаа ажил олгогчид мэдэгдэж, тушаалыг зөвтгөж өгөхийг хүсч 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр өргөдөл гаргасныг хариуцагч хүлээн авах боломжгүй гэж амаар мэдэгдсэн тул үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж,  ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч буюу ажил олгогч нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101 дүгээр тушаалаар ХХХг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч ажилтныг ийнхүү чөлөөлөх болсон нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тооллогоор кассын мөнгийг илүүдүүлсэн зөрчил илэрсэнтэй  холбоотой гэж шүүх хуралдаанд тайлбарласан, мөн үүнтэй холбоотой баримт болох бэлэн мөнгөний тооллогын баталгааг шүүхэд гаргасан байна. /хх-75, 65, 66/

            Дээрхээс үзвэл кассын бүртгэлээр байвал зохих дүнгээс мөнгө илүүдүүлсэн зөрчил гарсантай холбоотойгоор нярав ХХХг ажлаас чөлөөлснийг  хариуцагч үгүйсгээгүй байна.  Энэ тохиолдолд ажилтны гаргасан зөрчилд нь холбогдох хууль, дүрэм журмын дагуу хариуцлага тооцох эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчид олгогдсон. Түүнчлэн хүлээлгэх хариуцлага нь зөрчлийн шинж байдалд тохирсон, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, хууль, журамд нийцсэн  байхыг шаардана.

Хэрэгт авагдсан тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.11.5-д болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.3-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд ХХХ-ийн гаргасан гэх зөрчлийг нэрлэн заагаагүй байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах үндэслэл бүрдээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны хуулиар олгогдсон эрхийг нь хангах, мөн хууль болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч “ХХХХ” ХХК нь  нэхэмжлэгч ХХХг өөрөө хүсэлт гаргасан гэж хүсэлт бичсэн даруйд буюу 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хэргийн нөхцөл байдал болон дээр дурдсан хууль, журамд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь гарсан зөрчлийг хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэж, тушаалыг зөвтгөхийг ажил олгогчоос шаардах эрхтэй бөгөөд энэ тухай хүсэлтийг нь хүлээн аваагүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилдаа эгүүлэн тогтоолгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар  зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Харин нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгох зорилгоор тушаалыг зөвтгүүлэхийг хүссэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан ба үүнийг нэхэмжлэлийн бие даасан шаардлага гэж үзэхгүй, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн тухайд /хх-25/ бодитоор үүссэн асуудлыг хууль журамд нийцүүлэн шийдвэрлэхийг ажилтан шаардах эрхтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан  төөрөгдөлд орсноо тайлбарлан, өмнөх хүсэлтээс татгалзаж, тушаалаа зөвтгөхийг хүсэх боломжтой, ажил олгогч хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзнэ.

Хэргийн дээрх нөхцөл байдлуудаар нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч ХХХг “ХХХХ” ХХК-ийн касс, түүхий эд материалын няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 833 000 төгрөг нэхэмжилснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нь бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах нь зүйтэй.

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үндэслэл болсон ажилтны гаргасан зөрчилтэй холбоотой хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөх боломжтой тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах  гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00791 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан ХХХг “ХХХХ” ХХК-ийн касс, түүхий эд материалын няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 833 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг “ХХХХ” ХХК-д үүрэг болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс  хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН      

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ