| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2016/0484/И |
| Дугаар | 489 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 489
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Дэнжийн 21-1а тоотод оршин суух Харчин овгийн Бямбажавын Ганхуяг /РД:ИР66011416/,
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнжийн 21 дүгээр гудамж 1а тоотод оршин суух Харчин овгийн Гончигийн Будсүрэн /РД:ПЮ66073006/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Бадралын 9 дүгээр гудамж, 13 тоотод оршин суух Боржигон овгийн Лхагвын Болдбаатар /РД:УД76032272/-т холбогдох эрүүл мэндэд учирсан хохирол 362.300 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганхуяг, Г.Будсүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүрэгт 17-07УБҮ улсын дугаартай Соната 6 маркийн автомашинд сууж үйлчлүүлсэн. Жолооч Болдбаатар бид хоёрыг суумагц хурдтай хөдөлж Хангай сервисийн хажууд зогсож байсан хар өнгийн машиныг мөргөх шахахдаа жолоогоо зүүн гар тийш дарж замын хашлага мөргөж замын эсрэг урсгал руу орж гэрлийн шон мөргөж зогссон. Энэ үед нөхөр Ганхуяг салхивчны урд шил мөргөсөн. Миний зүүн хөлийн өвдөг орчим хөхөрсөн. Бид осол болмогц буугаад явцгаасан. Шөнө нь даралт ихсээд дотор муухай оргиод байхаар нь Түргэн дуудаж үзүүлсэн. Цагдаад мэдэгдсэн. Маргааш нь бид хоёр Гэмтлийн эмнэлэгт очиж толгойны томограф оношлогоо хийлгэж 8 дугаар сарын 5-наас 12-ныг хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Нөхөр Ганхуяг гадуур эмчилгээ хийлгэсэн. Иймд Л.Болдбаатараас 2 хүний толгойны томограф оношлогооны үнэ 240.000 төгрөг, эм тариа, ор хоногийн мөнгө 86.300 төгрөг нийт 362.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Болдбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарын шаардсан 362.300 /гурван зуун жаран хоёр мянга гурван зуу/ төгрөгийг төлнө. Гэхдээ төлбөрийг 2016 оны 10 сараас эхлэн гурав хуваан хэсэгчлэн төлөх саналтай байна гэв.
Зохигчдын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Л.Болдбаатар нь осол болсон үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр нэхэмжлэгч нарын томографт үзүүлсэн 240.000 төгрөг, эм тарианы зардал 86.300 төгрөг нийт 362.300 /гурван зуун жаран хоёр мянга гурван зуу/ төгрөг 2016 оны 10 дугаар сараас эхлэн 3 хувааж 3 сарын дотор төлөх санал гаргасан. Нэхэмжлэгч Б.Ганхуяг, Г.Будсүрэн нар төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч эвлэрэв гэжээ.
Шүүх энэ хэрэгт ИХШХШТ хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганхуяг, Г.Будсүрэн нар хариуцагч Л.Болдбаатараас эрүүл мэндэд учирсан хохирол 362.300 төгрөг гаргуулахыг шаардсан. /хх-1/
Хариуцагч Л.Болдбаатар осол болсон үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй. Тэрээр төлбөрийг хэсэгчлэн төлөх санал гаргасан. /хх-21/
Нэхэмжлэгч нар хариуцагчийн төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацааг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ /хх/ байгуулсан.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийг хялбаршуулан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.520 төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч Л.Болдбаатараас 5.760 төгрөгийг, улсын төсвийн данснаас 5.760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75 дугаар зүйлийн 75.1.-75.5., 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Бямбажавын Ганхуяг, Гончигийн Будсүрэн нар хариуцагч Лхагвын Болдбаатарт холбогдох эрүүл мэндэд учирсан хохирол 362.300 /гурван зуун жаран хоёр мянга гурван зуу/ төгрөг гаргуулах шаардлагад зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Ганхуяг, Г.Будсүрэн нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.520 /арван нэгэн мянга таван зуун хорь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.Болдбаатараас 5.760 / таван мянга долоон зуун жар / төгрөгийг, улсын төсвийн данснаас 5.760 /таван мянга долоон зуун жар/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ганхуяг, Г.Будсүрэн нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ