Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/01989

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/07184 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******-д тус тус холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, алданги 66,725,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Гуравдагч этгээд ******* орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч *******-д холбогдох бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие *******-тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №ОСЗБГ-23/22 орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, хороолол, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны А2 блокийн 9 дүгээр давхрын Н1 тоот 84,73 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ийг 3,400,000 төгрөгөөр нийт төлбөр 288,082,000 төгрөгөөр тооцон захиалан бариулж, гүйцэтгэгч нь 2023 оны 1 дүгээр улиралд багтаан барьж дуусган, хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Дээрх орон сууц захиалгаар барих гэрээний 3.2-т Захиалагч тал энэхүү гэрээний төлбөр 100% болох 288,082,000 төгрөгийг *******, ******* нарын хооронд байгуулсан №АГТ-011/22 тоот гэрээний төлбөрт бартер хэлбэрээр тооцуулан төлнө гэж заасны дагуу миний бие орон сууцны төлбөрийг *******-д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгөөр 5 удаа, мөн өдөр 18,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 115,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, мөн 13,900,000 төгрөг, нийт 266,900,000 төгрөгийг төлсөн. Орон сууц захиалгаар барих гэрээний нийт төлбөрийг хэсэгчлэх бус шууд төлж байгаа тул нийт төлбөр болох 288,082,000 төгрөг гэж заасныг 266,900,000 төгрөгөөр тооцож төлөхөөр *******-тай тохиролцож, харилцан зөвшөөрч баталгаажуулсан. Гэтэл ******* нь талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сард манайд и-мэйлээр өгөхөд миний бие цуцлах үндэслэл байхгүй тухай хариуг мөн өгсөн. Үүнээс хойш ямар нэг хариуг *******-аас дахин өгөөгүй тул тус орон сууцыг ашиглалтад орохыг хүлээсэн. Гэтэл орон сууцыг ашиглалтад оруулах улсын комиссын асуудал яригдаж байгаа үед буюу 2024 оны 11 дүгээр сард тус омпанийн эрх бүхий ажилтнууд танай гэрээг цуцалсан гэсэн. *******-ийн туслан гүйцэтгэгч Амонте контсракшн ХХК нь гэрээний үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй гэж нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлгүй. Учир нь, ******* болон ******* нар 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №АГТ-011/22 барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний дагуу харилцан ажиллаж байсан гэх бөгөөд тус гэрээтэй холбоотой уг гэрээний талуудад асуудал үүссэн нь иргэн ******* болон *******-ийн хооронд байгуулсан гэрээний үүрэгт огт хамааралгүй. Иймд, ******* нь Хан-Уул дүүрэг, хороолол, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны А2 блокийн 9 дүгээр давхрын Н1 тоот 84,73 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, орон сууцыг ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч *******ад хүлээлгэж өгөхийг хариуцагч *******, ******* нарт даалгах,

Мөн ******* нь талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний 2.1, 2.2-т тус тус заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний /2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах/ өдрийн хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн тул тус гэрээний 4.2.6-д заасны дагуу гэрээний үүргийн хугацаа хэтрүүлснийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 347 хоног гэж тооцож, 1 хоногийн алданги 0.5%-аар тооцоход 1,334,500 төгрөг /266,900,000*0,5% нь 1 хоногийн 1,334,500 төгрөг/, нийт 347хоног*1,134,500 төгрөг, нийт алданги 393,671,500 төгрөг болж байна. Иймд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 266,900,000 төгрөгийн 50%-аар алданги тооцож 133,450,000 төгрөг байх тул 50 хувиар тооцож 66,725,000 төгрөгийн алдангийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Манай компани Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдаж буй хотхоны А2 блок, 16 давхар Үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж байна. Тус 16 давхар барилгын гадна фасад угсралтын ажил хийж гүйцэтгүүлэхээр *******-тай 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр № АТГ-011/22 тоот барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба гэрээний ажлын хөлсөнд/бартер/ тооцон иргэн *******тай №ОСЗБГ-23/22 тоот орон сууц захиалгын гэрээг хийсэн. Тус №ОСЗБГ-23/22 тоот гэрээг хийх үед иргэн ******* болон хүүхдүүдэд нь тус орон сууцны /бартерийн байр, төлбөрийг *******-ийн дансанд хийх, гэрээний төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх гэх мэт/ талаар мэдээлэл өгсөн бөгөөд гэрээний төлбөр төлөх 3.1, 3.2-т *******-д №АТГ-011/22 гэрээний төлбөрт тооцуулан төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээг хийсэн.

******* нь №АТГ-011/22 тоот гэрээний үүргээ биелүүлээгүйгээс иргэдэд учрах хохирол болон бусад алданги торгуулийг төлөх ёстойг мэдэгдсэн албан бичгийг явуулж байсан. Мөн дээрх гэрээний нөхцөлөөр орон сууц худалдан авсан захиалагч иргэдэд албан ёсны мэдэгдэл хүргүүлсний дараа орон сууц захиалсан иргэд манай компанийн оффис дээр ирж хуралдан .... гэрээний хугацааг нэг удаа сунгаж өгөөч, бид *******-аар гэрээт ажлыг дуусгахад хяналт тавья гэдэг зөвшилцөлд хүрч дээрх гэрээг сунгасан боловч ******* нь гэрээний хугацааг сунгасан нэмэлт гэрээн дээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Гэрээг сунгах нэмэлт гэрээг хийгээгүй байж, гэрээт ажил хийхээр ажил гүйцэтгэх график албан бичгээр ирүүлсэн. Тус ажил гүйцэтгэх графикийн дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй ба материал нийлүүлэх боломжгүй гэж ******* нь албан бичгээр хүсэлт тавьсны дагуу манай компани гадна фасадны металл хавтан, дагалдах материалуудыг нийлүүлж, металл хавтан угсрах ажлыг хийж эхэлсэн. Гэвч *******-ийн ажилчид ажлын туршлагагүй, ажил гүйцэтгэх графикт тусгасан ажилчдын тоо бүрэн бус зэргээс хамаарч фасадны металл хавтанг буруу эсгэж, угсралтын явцад алдаатай угсарч, 600 м.кв металл хавтанг хэрэглэх боломжгүй болгон дахин цаг хугацаа, эд материал, ажилчдын цалин, ашиглалтын зардал, дахин төлөвлөлтийн айлуудын түрээсийн зардал зэргээр манай компанийг алдагдалд оруулсан.

Иймд, №АТГ- 011/22 тоот гэрээний ерөнхий нөхцөл /ГЕН/-ийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, заасан нөхцөлүүдийг үндэслэл болгон 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №200/23 тоот албан бичгээр мэдэгдэн гэрээг дахин цуцалсан. *******ад №ОСЗБГ-23/22 дугаартай гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл өгсний дараа тус орон сууцыг худалдан борлуулж барилгаа барьж дуусгасан. Тус №ОСЗБГ-23/22 дугаартай гэрээний төлбөр нь *******-ийн дансанд төлөгдсөн бөгөөд гэрээг цуцлах үед хийсэн ажлаа дүгнэж, тус байрыг худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан боловч өнөөдрийг хүртэл уулзалт хийгээгүй. Мөн иргэн ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй *******-аас хохирлоо нэхэмжлэх шаардлагатай гэжээ.

 

3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Манай компани уг хэргийн хариуцагч биш юм. *******-ийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 61 дугаартай Суудлан автомашины дулаан зогсоол захиалан бариулах гэрээ байгуулан гэрээний 1.3-т заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж *******ын нэр дээр Г15 гэсэн хаягт 25 тоот 15,12 м.кв талбайтай зогсоол шилжүүлэхийг даалгасан албан бичгийг өгсөн. Нэхэмжлэгчийн *******-тай байгуулсан гэрээний дагуу үүргийг бид хүлээхгүй бөгөөд гэрээний нэг тал биш учраас нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Гуравдагч этгээд *******ын бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

Би, *******-тай 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №ОСЗБГ-01/24 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны А2 блокын барилгын 9 давхарт, 903 тоот 3 өрөө, 86,31 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан. Түүнчлэн, орон сууцны үнийг гэрээний 3.2-т заасан хугацаанд 100% төлж, улмаар 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орон сууцаа хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч чадахгүй нөхцөл байдалтай байна. Учир нь, манайхыг байрандаа орох гэтэл бидний өмнө нэг айл хаалганы цоожийг эвдэн орж, одоог болтол гарахгүй байгаа юм. Би, орон сууцандаа хууль бусаар орчихоод байгаа айлыг нүүлгэж гаргуулах талаар *******-д хандахад уг орон сууцтай холбоотой шүүхийн маргаан үүсч, нэхэмжлэгчээр нь манай байранд хууль бусаар орчихоод байгаа ******* гэх хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг мэдсэн. Энэ нь миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Бодит байдал дээр *******-ийн зүгээс орон сууц захиалгаар барих гэрээний 4.2, 4.3-т тус тус заасны дагуу дээрх орон сууцыг надад шилжүүлэн өгч, байр хүлээлцсэн акт үйлдсэн. Энэ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. ******* нь *******-ийн өмнө төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүрэг биелэгдэх боломжгүй болсон буюу №АГТ-011/22 тоот ажил гүйцэтгэх гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон учраас ******* нь хуульд заасан эрхийнхээ дагуу гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт заасан хууль зүйн үр дагавар үүснэ. Миний *******-тай байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №ОСЗБГ-01/24 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд орон сууцны төлбөрийг гэрээний хугацаандаа 100 хувь төлснөөс гадна миний бие уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ хүлээн авч, улмаар акт үйлдэж баталгаажуулсан тул хууль ёсны өмчлөгч мөн гэж үзэж байна. Иймд, намайг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны А2 блокийн барилгын 9 давхарт, 903 тоот 3 өрөө, 86,31 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээний төлбөрт өгөхөөр тохиролцсон. ******* нь гадна фасадын ажлаа гүйцэтгэхэд бэлэн мөнгөний хэрэг байгаа тул гэрээний төлбөрт өгөхөөр тохиролцсон орон сууцыг гуравдагч этгээдэд худалдагч борлуулах саналтай байна гэснийг нь үндэслэн барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээний дагалдах гэрээ болох 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ-г *******тай байгуулсан дээрх гэрээг байгуулахдаа түүнд барилгын гадна фасадын ажил гүйцэтгэж дуусгавар болсон тохиолдолд тухайн маргаан бүхий орон сууц шилжих боломжтой болохыг анхааруулж хэлсэн бөгөөд *******-ийн хийж гүйцэтгэх гадна фасадын ажилд өөрсдөө хяналт тавьж байх болно хэмээн удаа дараагийн уулзалт дээр хэлэлцэн тохирч орон сууц захиалгаар барих гэрээний 3.2-т захиалагч тал энэхүү гэрээний төлбөр 100 хувь болох 288,082,000 төгрөгийг *******, *******-ийн нарын хооронд байгуулагдсан АГГ-011/22 тоот гэрээний төлбөрт бартер хэлбэрээр тооцуулан төлнө гэж гэрээ цуцлагдах нөхцөлийг тохирсон. Гэвч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй алга болсон учраас гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Барилгын ажлаа үргэлжлүүлж дуусгавар болгохын тулд дараагийн худалдан авагч болох *******той 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №ОСЗБГ-01/24 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж төлбөрийг бүрэн хүлээн авч талууд тооцоо нийлж, тухайн маргаан бүхий байрыг хүлээлгэж өгсөн. Иймд, дээрх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Гуравдагч этгээдтэй, ******* гэрээ байгуулсныг тус компани надад мэдэгдээгүй. 2025 онд ******* тухайн хотхоны байрыг ашиглалтад оруулснаас хойш ******* гуай хүүхдүүдтэйгээ өдөр болгон очиж уулзаж байсан. 04 дүгээр сард урд талын хотхоны оффис нээснээс хойш нэг өдөр ч алгасахгүй очиж байсан. Энэ байр давхар зарагдсан тухай нэг ч удаа мэдэгдэл ******* өгөөгүй. Гэтэл тухайн үед гуравдагч этгээдэд худалдан борлуулсан тухай нэг ч удаа албан ёсны тайлбар хариуг өгч байгаагүй. ******* албан ёсоор өөрийнхөө байранд орсон. Энэ дээр ямар нэг маргаан гараагүй. Хариуцагчийн хариу тайлбар болон гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, хороолол, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны А2 блокын 9 дүгээр давхрын Н1/903/ тоот 84,73 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч *******ад хүлээлгэж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэл, алданги 66,725,000 төгрөгийг *******-аас гаргуулах нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны А2 блокийн барилгын 9 давхарт, 903 тоот 3 өрөө, 86,31 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай *******ын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,160,135 төгрөг, гуравдагч этгээд *******ын 1,659,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 1,668,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн байна.

 

8. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

8.2. Хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээний 3.1-т ...288,082,000 төгрөг байхаар тохиролцсон ба мөн гэрээний 3.4-т ... гэрээний төлбөрийг гүйцэтгэгч талын дансанд шилжүүлэх бөгөөд гүйлгээний утга дээр захиалсан орон сууцны болон өөрийн овог нэр регистрийн дугаарыг бичнэ хэмээн тохиролцсон гэтэл хэрэгт авагдсан байгаа дансны хуулгаас ******* руу нэг ч төлбөр ороогүй болох нь нотлогдож байхад анхан шатны шүүхээс тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

8.3. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар эхэлж гэрээг байгуулсан ******* нь орон сууцыг өмчлөх, эзэмших давуу эрхийг эдлэх үндэстэй гэж үзэв гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасны дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох ******* нь орон сууц захиалгын гэрээг цаг хугацааны хувьд сүүлд буюу гэрээ цуцлагдсанаас хойш 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж гэрээний төлбөрөө бүрэн төлж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр акт үйлдэн, эзэмшилдээ авсан атал анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж түрүүлж гэрээ байгуулсан нь өмчлөх, эзэмших эрхийг давуу эдлэх эрхтэй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг акт үйлдэн хүлээн авч эзэмшилдээ авсан хууль зөрчөөгүй тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүхээс хуулийн буруу тайлбарлан дүгнэлт хийсэн байна.

8.4. Түүнчлэн, ... *******-ийг дуудан ирүүлэх ажиллагааг зохих журмын дагуу шүүхээс зохион байгуулсан, мэдэгдэх хуудсыг хаягийн дагуу удаа дараа хүргүүлсэн гэжээ. Гэтэл бодит байдал дээр шүүхээс хууль болон иргэний хэргийн нийтлэг хөдөлгөөний аргачлалын дагуу шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг огт хийгээгүй, мөн ******* нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдол бүхий этгээд бөгөөд хариуцагч *******-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус гэрээг үндэслэн, иргэн *******ыг дагуулан ирж гэрээ байгуулах хүсэлт гаргасан хуулийн этгээд юм. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг нэг мөр эргэлзээгүй талаас нь эцэслэн шийдвэрлэх үүргээ биелүүлэлгүй, тухайн маргааны гол үндэслэл болсон хуулийн этгээдийг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь хэргийг нэг мөр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө өгнө үү гэжээ.

 

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

9.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

******* нь *******-тай 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №ОСЗБГ-01/24 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, тухайн орон сууцны үнийг бүрэн 100% төлсөн бөгөөд уг орон сууцыг актаар хүлээлцэж, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа.

9.2. Иргэний хуулийн 346 дугаар зүйлд ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан байх бөгөөд эдгээр компаниудын хооронд тохирсноор үндсэн ажил дууссан тохиолдолд бартераар хөлсийг төлнө гэсэн зохицуулалт үйлчилж байсныг ******* нь шүүхэд тайлбарлаж байсан. Эдгээр компаниудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил нь бүхэл цогц ажил ба орон сууцны барилга тэр чигтээ яригдаж байхад ажлыг заавал актаар хүлээлцэх шаардлагатай байдаг гэдгийг шүүх анзаарч үзээгүй.

Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар зохигчд нь үүргүүдийг харилцан шилжүүлсэн байна гэж дүгнээд байгаа нь ч үндэслэлгүй юм. Учир нь, энэ хуулийн заалтаар өр төлбөр шилжүүлэхээр тохиролцож буй талуудын өмнөх үүргийн харилцаа дуусгавар болдог. Гэтэл манай нөхцөлд орон сууцыг бусдад шилжүүлснээр өмнөх үүрэг буюу *******-ийн ажил гүйцэтгэх үүрэг дуусгавар болох буюу ажлаа бүрэн хаях нөхцөл байдал үүсэх учраас ийнхүү тохиролцох нь Уран прокект ХХК-д хохиролтой зүйл болно. Харин ******* хэзээ ч ийм тохиролцоо хийгээгүй гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй.

Тодруулбал, манай нөхцөлд энэ хуулийн заалт хамаарахгүй бөгөөд ажил болон түүний хөлсний талаарх тохиролцоо нь өөр өөр үүрэг биш, харин бие биенээсээ хамааралтай тохиролцоо гэж үзэхээр байгаа тул хөлс төлөөгүй бол эд хөрөнгө шилжихгүй гэсэн алтан зарчим чухам л энд үйлчлэх ёстой. Анхан шатны шүүх Иргэний хуульд зааснаар эхлээд ажил гүйцэтгэх гэрээний харилцааг дүгнэсний дараа тухайн ажлын хөлсийг тохиролцсон дагалдах гэрээ болох орон сууц худалдах гэрээний харилцааг дүгнэх ёстой байсан.

Бодит байдал дээр ******* нь *******-д нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд *******ын эд хөрөнгө худалдан авах эрх нь *******-ийн үүрэг биелэгдсэн эсэхээс хамаарч тодорхойлогдох учраас ******* нь *******ын өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, ******* нь *******-ийг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд ажлын хөлсийг төлөхгүй байх эрхтэй. Тухайлбал, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан боловч манай нөхцөлд ******* нь маргаан бүхий орон сууцанд зөвшөөрөлгүйгээр дайран орсон, *******-ийн өмчийг дур мэдэн эзэмдэж авсан ба энэ орон сууцыг эзэмших эрхгүй болох нь баримтаар тогтоогдож байгаа. Үүнээс гадна анхан шатны шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг өөрийнхөөрөө хэт үндэслэлгүйгээр тайлбарлаж хэрэглэсэн.

9.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 27-д *******-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг хангасан боловч тэднийг оролцуулахгүйгээр, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангалгүйгээр шийдвэр гаргасан нь процессын ноцтой алдаа болсон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй зөрчсөн алдаа болсон.

Анхан шатны шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэгчийн талд шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

10. Хариуцагч ******* болон гуравдагч этгээд ******* нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талын *******тай байгуулсан гэрээ албан ёсоор цуцлагдаагүй, нэхэмжлэгчийн гомдол гаргах, нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байх хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сараас эхэлж тухайн орон сууц ашиглалтад орсон. Түүнчлэн, улсын комисс уг орон сууцыг хүлээж авч байх хугацаанд ******* өөрийн охин болон надтай хамт ******* дээр удаа дараа очиж уулзсан. Танайх орон сууцыг давхар худалдан борлуулаагүй биз дээ гэж хариуцагч талаас тодруулахад тийм асуудал байхгүй гэж хэлж байсан. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулсны дараа гуравдагч этгээд ******* гэх хүн гарч ирсэн. Мөн хэрэгт ******* болон ******* нарын хооронд 2025 оны 06 дугаар сард орон сууцыг хүлээлгэж өгсөн акт үйлдсэн баримт авагдсан байдаг. ******* нь *******ад тухайн орон сууцыг өгөхгүйгээр *******той хууль бусаар тохиролцож, акт үйлдсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ нь өмчлөгчийн эрхэд халдсан, хууль зөрчсөн ноцтой үйлдэл юм. Гэтэл тухайн баримтыг үндэслэж түүнийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

*******-ийн зүгээс *******-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан. Гэтэл гуравдагч этгээд гэх *******-ийн эрх үүрэгт ямар байдлаар сөргөөр нөлөөлсөн, тухайн компанийн эрх ашиг хэрхэн, яаж хөндөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад *******-ийг заавал гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулъя гэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, *******-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үүргийг хариуцагч тал хүлээсэн. Тухайн компани үнэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байгаа тохиолдолд хариуцагч талын зүгээс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байх явцдаа уг компанийг албадан ирүүлэх хүсэлт гаргах боломжтой байсан. Мөн *******-тай холбоотой гомдол, нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэхэд хэрэг үүсгэсэн эсэх, ямар байдлаар нэхэмжлэлээ тодорхойлсон зэргийг судалж, үнэхээр тухайн компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа бол үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой байхад энэ талаарх нотлох баримтыг огт хэрэгт гаргаж өгөөгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

11. Хариуцагч ******* болон гуравдагч этгээд ******* нарын давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

Манай компанийн хувьд ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээтэй огт холбоо, хамааралгүй гэв.

 

12. Гуравдагч этгээд *******ын давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

Манай зүгээс тайлбаргүй гэв.

 

13. Хариуцагч *******-ийн давж заалдах гомдолд гуравдагч этгээд *******ын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрээс шийдлийг хэвээр үлдээж, эрх зүйн дүгнэлт болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны А2 блокын 9 дүгээр давхарын Н1 тоот 84,73 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, алданги 66,725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******-аас бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Харин хариуцагч *******-аас энэ хэрэгт манай компани хариуцагч биш гэж маргажээ.

 

1.2. Гуравдагч этгээд *******оос хариуцагч *******-д холбогдуулан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

2.1. ******* нь *******-тай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн АГТ-011/22 дугаар Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ-гээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхон төслийн *******-ийн хэрэгжүүлж байгаа А2 блок 16 давхар Үйлчилгээний орон сууцны барилга-ын гадна фасадны ажлыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, энэ гэрээний хавсралтуудад заасан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, захиалагч нь ажил гүйцэтгэгчид 1,868,600,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Уг гэрээний тусгай нөхцлийн 13 дугаар зүйлд зааснаар ажлын хөлсний зарим хэсэгт 6 ширхэг, 380,48 м.кв орон сууцыг гүйцэтгэлийн төлбөрт тооцож өгөхөөр заажээ./1хх133-144/

 

2.2. *******-аас Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны А2 блокын 9 дүгээр давхарын Н1 тоот 84,73 м.кв талбай бүхий орон сууцыг 266,899,500 төгрөгөөр ******* нь худалдан авч, төлбөрийг *******-ийн гүйцэтгэх захирал ын Хаан банкны тоот дансанд тушаахаар талууд харилцан тохиролцсоны дагуу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 118,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 115,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 33,900,000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулсан байна./1хх12-14/

 

2.3. ******* нь *******тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ОСЗБГ-23/22 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны А2 блокын 9 дүгээр давхарын Н1 тоот 84,73 м.кв талбай бүхий орон сууцыг 288,082,000 төгрөгийг *******, ******* нарын хооронд байгуулсан АГТ-011/22 тоот гэрээний төлбөрт бартер хэлбэрээр тооцуулан төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /1хх6-10/

 

2.4. *******-аас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн АМ-22/066 тоот мэдэгдлээр *******-д хандан ******* нь манай байгууллагад орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан тул танай байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн биелэлтээс үл хамаарах нөхцөлөөр ******* захиалгын төлбөрөө бүрэн барагдуулсан захиалагчийн эрхийг олгохыг зөвшөөрч байна гэжээ. /1хх83/

 

2.5. ******* нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 27/23 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 48/23 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 66/23 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 69/23 дугаар, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/23 дугаартай албан мэдэгдлүүдээр *******-д хандаж, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн АГТ-011/22 дугаар Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ-г албан ёсоор цуцалсан тухай мэдэгдэж, бид гэрээний алданги болон байгууллагад учирсан хохирлыг танай байгууллагаас нэхэмжлэх болно гэжээ. /1хх146,147,148-149, 150-152/

 

2.6. ******* нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 98/23 дугаартай албан мэдэгдлээр иргэн *******ад хандаж АГТ-011/22 тоот гэрээний төлбөрт олгосон хотхоны А2 блокийн 9 дүгээр давхарын Н1 тоот 84,73 м.кв талбай бүхий орон сууцны захиалан бариулах ОСЗБГ-23/22-01 дугаар гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн. /1хх145/

 

2.7. ******* нь *******той байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ОСЗБГ-01/24 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ-гээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны А2 блокын 9 дүгээр давхарын Н1 тоот 84,73 м.кв талбай бүхий орон сууцыг 294,860,400 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. /1хх106-109/

 

3. ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх дүгнэлт зөв. Гэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн шаардлагад холбогдох эрх зүйн дүгнэлтийн зарим хэсгийг өөрчлөн дүгнэж, шаардах эрхэд хамааралгүй хуулийн заалтыг тогтоох хэсэгт баримталсан алдааг залруулна.

 

3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ******* болон *******-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай байсан ба уг гэрээний ажлын хөлсөнд тооцож, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны А2 блокын 9 дүгээр давхарын Н1 тоот 84,73 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний дагуу ******* нь барилгын ажлын гүйцэтгэлийн хөлсөнд авах орон сууцыг нэхэмжлэгч *******ад шилжүүлэн өгөхөөр тохирч, улмаар хариуцагч ******* болон нэхэмжлэгч ******* нар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч *******-аас *******-д ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг төлөх шаардах эрхийг нэхэмжлэгч ******* өөртөө шилжүүлэн авчээ.

 

3.2. Иймд, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх шилжиж нэхэмжлэгч ******* нь *******-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар худалдан авагчийн шаардах эрх үүссэн гэж дүгнэнэ. Харин ******* болон *******-ийн хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой асуудал нь нэхэмжлэгч *******ын хариуцагч *******-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу *******-д гэрээний төлбөрийг төлөх үүрэг хүлээх ба харин *******-д тухайн төлбөрийг төлөхгүй, гагцхүү орон сууцыг шаардах эрхтэй.

 

3.3. Түүнчлэн хариуцагч талаас *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зөрчил үүссэний улмаас нэхэмжлэгч *******тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд түүнд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн мэдэгдлийн хариуг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй талаар мэдэгдсэн гэж тайлбарласан ба хариуцагч талаас үүний дараа уг гэрээг дангаараа цуцалсан гэсэн нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн зөрчлийг гаргаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

4. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан.

 

Хэдийгээр үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой бүртгэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд үндэслэгддэг тул эзэмшлээр тодорхойлогдох давуу эрх үйлчлэхгүй. Гэвч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, худалдагч нь хэд хэдэн этгээдэд ийнхүү худалдсан байгааг харгалзан тус орон сууцыг эзэмшилдээ авсан болон түрүүлж гэрээ байгуулсан этгээдийг хамгаална.

 

4.1. Маргаан бүхий орон сууцыг хариуцагчаас, гуравдагч этгээдэд худалдсан гэрээ хэрэгт авагдаж, улмаар гуравдагч этгээд *******оос уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагч *******-д холбогдуулан бие даасан шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй.

 

4.2. Учир нь, тухайн маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч ******* эзэмшилдээ авч, уг орон сууцанд амьдарч байгаа болох нь тогтоогдож байх ба /2хх9/, *******од тухайн орон сууцыг хариуцагчаас хүлээлгэн өгсөн талаарх актыг үйлдсэн/1хх130/ байх боловч гуравдагч этгээд нь эзэмшилдээ шилжүүлэн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул түүний бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан алдангийн талаар буруу дүгнэлт хийсэн байх боловч нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр *******-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэж, шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн /1хх96,117,180/ байх боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй байх бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр уг гуравдагч этгээдийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэн шүүх хуралдаанд оролцуулах эсэх талаар хүсэлт гаргаагүй байна. Иймд, гуравдагч этгээд *******-ийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээн авахгүй. Өөрөөр хэлбэл, шүүхээс уг гуравдагч этгээдийг дуудан ирүүлэх ажиллагааг хийсэн гэж үзнэ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй, хууль хэрэглээний хувьд оновчгүй Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх заалтыг баримталсныг хасна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/07184 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 250.1, 232.1 гэснийг хасч, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******-аас төлсөн 1,668,560 төгрөгийг, гуравдагч этгээд *******оос төлсөн 1,669,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ