Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/37

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуасай овогт Д.Н холбогдох эрүүгийн 1821...... дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны .. дүгээр сарын .. -ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар баг 2 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, 80 хувийн группэд байдаг, Хуасай овогт Д.Н /РД: ЖН /  

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчим “Уаз фургон” маркийн ..-.. ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг “Цайдамын нуур” гэх газар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч Б.Х, Ц.Ш нарын биед хөнгөн хохирол, зорчигч Б.Д биед хүндэвтэр хохирол учруулж, .............. сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ослын улмаас шууд зардалд 5.070.000 төгрөгийн, шууд бус зардалд 876.000 төгрөгийн, нийт 6.126.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд .....сумаас өвчтөн хүргэхээр Дорнод аймаг руу гарсан юм. Ингээд Цайдамын нуурын урд талаараа урагшаа явж байхад гэнэт жолооны хүрд даагдахгүй болоод замын хажуу руу орсон юм. Тормос дарсан боловч зогсох боломжгүй нэг мэдсэн чинь онхолдсон байсан. Би копун дээр доошоо хараад хэвтэж байсан бөгөөд бусад зорчигчид арын зааланд байсан байх. Би хөдөлж чадахгүй намайг хурдан буулгаад өгөөч гэж хэлээд хашгирч байсан бөгөөд нэг мэдэхэд түргэний машин ирчихсэн байсан. Ингээд эмнэлэгт ирж үзүүлсэн. Маргааш орой нь Улаанбаатар хот руу машинаар явж гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хүзүү хугарч, мэдрэлийн судсаа дарсан байна гэсэн юм. Хагалгаанд ороод одоо л гайгүй болж байгаа юм. Миний машинд дөрвөн зорчигч байсан бөгөөд тэдгээр хүмүүст ямар гэмтэл учирсан болохыг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

            Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... Миний хүзүү хоёр тал руугаа эргэх муутай, өвдөлт ихтэй байгаа юм. Эмчилгээний зардалд нийт 2 сая гаруй төгрөг гарсан бөгөөд нийт зардлын тооцоог цаасан дээр бичиж өгсөн байгаа. Уг мөнгийг нэхэмжилж байгаа юм. Өөр гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,

            Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим бага эмч Ц.Ш, асрагч Б.Д, жолооч Н нар байгууллагын саарал өнгөтэй, фургон маркийн ..-.. ДОР улсын дугаартай машинтай өвчтөн Б.Х түүний эхнэр Аз нарыг аймгийн эмнэлэгт хүргэхээр сумаас явсан. Тэгээд 19 цаг 10 минутын орчим Ш над руу утсаар залгаж “Цайдамын нуурын урд дээр машин онхолдчихлоо” гэж хэлсэн. Би 103-т дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

            Гэрч Ц.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Аймгийн төв рүү явж байгаад Цайдамын нуурын орчим гэнэт жолоочийн руль нь булаах шиг болоод замын хажуу руу дараад замын хажуу тал руу машины урд доод хэсгээрээ цохих шиг болсон. Тэгээд би ..... сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б руу залган осол болсон талаар хэлж аймгийн төвөөс машин дуудсан. Надад гаргах гомдол санал,  нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

            Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр .................сумын эрүүл мэндийн төвд очиж үзүүлэхэд Дорнод аймгийн төв рүү очиж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд яаралтай очиж үзүүлэх шаардлагатай байна гээд ...............сумын эмнэлгийн машинаар Дорнод аймгийн төв рүү явахаар болсон. Тэгээд 16 цагийн орчим ........... сумаас эмнэлгийн машинтай эхнэр А, бага эмч Ш, сувилагч Д, жолооч Н нарын хамтаар явсан. Аймгийн төв рүү явж байгаад Цайдамын нуурын орчим гэнэт бидний сууж явсан машин замын хажуу руу эргээд замын тал руу хамар хэсгээрээ газар цохих шиг болсон. ... Тухайн үед яг юунаас болж осол болсон талаар мэдэхгүй байна. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

            Иргэний нэхэмжлэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би Цагаан-Овоо сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр ажилладаг. ... “УАЗ” фургон маркийн ..-... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Цагаан-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт ..... сумын Эрүүл мэндийн төв дээр өвчтөн ирж үзүүлэхэд тухайн өвчтөнийг үзээд яаралтай Дорнод аймгийн төв рүү явуулах шаардлагатай гэж үзээд жолооч Н-г дуудан 17 цагийн орчим ...........сумын төвөөс эрүүл мэндийн төвийн машинтай Дорнод аймгийн төв рүү хөдөлсөн. Хөдлөөд 19 цаг өнгөрөөгөөд бага эмч Ш утсаар залган Цайдам нуурын урд талд машин уначихлаа гэж ярьсан. Тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээг “Вендо” ХХК-иар үнэлүүлэхэд тээврийн хэрэгсэл учирсан гэмтэл нь нийт 6.126.000 төгрөг гарсан ... Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 776 тоотын дүгнэлтийн хэсэгт: “ 1. Ц.Ш биед тархи доргилт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй” гэжээ. /хх-ийн 41/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 788 тоотын дүгнэлтийн хэсэгт: 1. Б.Х биед духанд язарсан шарх, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэжээ. /хх-ийн 33/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 тоотын дүгнэлтийн хэсэгт: “1.Б.Д биед 2018.10.26-ны өдрийн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 775 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэмтлээс гадна хүзүүний 6-р нугалмын хугарал, сээрний 2.3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун болон зүүн 1-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүдийн хүзүүний 6-р нугалмын хугарал нь дангаараа, сээрний 2.3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал дангаараа, баруун болон зүүн 1-р хавирганы хугарал дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 79-80/

            Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн .... тоот дүгнэлтийн хэсэгт: 1.Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй, тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн. 2. УАЗ фургон маркийн .....  ДОР улсын дугаартай автомшины тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй. 3. Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Д овогтой Н /ЖН........../ регистрийн дугаараар лавлагааг авахад /BCD-….../ жолооны эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна. 4.5 УАЗ- фургон маркийн ..... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Соёл-Эрдэнийн хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 27-28/

            Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн  дүгнэлтийн хэсэгт: 1.Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ч.Улзын 2018.11.20-ны өдрийн гаргасан .. тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх ба УАЗ фургон маркийн .... ДОР улсын дугаартай автомашины жолооч Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл нэмэлтээр тогтоогдлоо. 2. Хэрэг, ослын газарт очсон ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Соёл-Эрдэнийн хэргийн газрын үзлэгийн дүгнэлтэд жолооч Д.Н жолоодон явсан УАЗ фургон маркийн ..... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзсэн тул тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ. /Тормозны хэвийн ажиллагаатай байсан эсэхийг Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчийн зохих дүгнэлтээр тогтоох боломжтой/ 3.Жолооч Д.Н нь замын нөхцөл байдлыг зөв үнэлж харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож хурдаа зөв тохируулж яваагүйн улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй. 5, 6, 7. УАЗ фургон маркийн .... ДОР улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгээр ослын улмаас урд тэнхлэгийн зүүн үзүүр хэсгээр хугарсан, хэвтээ тэнцүүлэгч баруун талдаа хугарсан, зүүн талын урд нум хугарсан эвдрэлүүд нь автомашин зорчин явсан замаас гарч замын хажуу талын хөвөө хэсгийн гүн хувил дээгүүр харайлгасны улмаас, хувилд цохигдон хугарч, эвдэрсэн байх үндэслэлтэй. 8.Асуултанд дурьдагдаагүй шинээр нөхцөл байдал илрээгүй” гэжээ /хх-ийн 117-118/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-17/

-Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55/

-“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 56/

-Дорнод аймгийн ............сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 58-60/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой ... цагийн орчим “Уаз фургон” маркийн .....  ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг “Цайдамын нуур” гэх газар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч Б.Х, Ц.Ш нарын биед хөнгөн хохирол, зорчигч Б.Д биед хүндэвтэр хохирол, ...... сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ослын улмаас шууд зардалд 5.070.000 төгрөгийн, шууд бус зардалд 876.000 төгрөгийн нийт 6.126.000 /зургаан сая нэг зуун хорин зургаан мянга/ төгрөгийн хохирол тус тус болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд .............сумаас өвчтөн хүргэхээр Дорнод аймагруу гарсан юм. Ингээд Цайдамын нуурын урд талаараа урагшаа явж байхад гэнэт жолооны хүрд даагдахгүй болоод замын хажуу орсон юм. Тормос дарсан боловч зогсох боломжгүй нэг мэдсэн чинь онхолдсон байсан. ...Би хөдөлж чадахгүй намайг хурдан буулгаад өгөөч гэж хэлээд хашгирч байсан бөгөөд нэг мэдсэн түргэний машин ирчихсэн байсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/, хохирогч Б.Д өгсөн... Миний хүзүү хоёр тал руугаа эргэх муутай, өвдөлт ихтэй байгаа юм. Эмчилгээний зардалд нийт 2 сая гаруй төгрөг гарсан бөгөөд нийт зардлын тооцоог цаасан дээр бичиж өгсөн байгаа. Уг мөнгийг нэхэмжилж байгаа юм. Өөр гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ....., 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ..... , 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот дүгнэлтүүд, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ..., Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны .... өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Н.... холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд  ял оногдуулбал зохино.

 Хохирогч Б.Д. нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 1342500 /нэг сая гурван зуун хорин таван мянга/ төгрөг, цалингийн зээлийн төлөлтөд 840.000 төгрөг/ найман зуун дөчин мянга/ төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа талаараа мэдүүлэг болон холбогдох баримтыг өгсөн байх ба харин хохирогч нь Прокурорын газарт ирүүлсэн хүсэлтдээ “Н” сайн дураараа эвлэрч хоорондоо маргах зүйлгүй болсон тул эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү?” гэж /хх-ийн 123/, мөн шүүх хуралдааныг товыг хохирогч Б.Д мэдэгдэхэд “би шүүх хуралдаанд оролцохгүй, Д.Н бид нар хоорондоо тохиролцсон тул нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хариуг өгсөн, мөн энэ хэргийн улмаас шүүгдэгч нь Дорнод аймгийн .............сумын Эрүүл мэндийн төвийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нийт 6.126.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь  нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн зэргээс тус тус үзэхэд хохирогч Б.Д , Дорнод аймгийн .............сумын Эрүүл мэндийн төвд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Д , Дорнод аймгийн ..................сумын Эрүүл мэндийн төвд төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Н ЖН регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5,  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хуасай овогт Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хуасай овогт Д.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Д.Н  ЖН................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР