| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 192/2025/00682/И |
| Дугаар | 210/МА2025/01843 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01843
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03483 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын нөхөн төлбөрт 284,270,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Нөхөр бид хоёр 2023 онд Lexus-570 маркийн ******* улсын дугаартай автомашиныг Голомт банк ХК-ийн зээлээр худалдан авсан бөгөөд тухайн үед Голомт банк ХК-аар дамжуулан ******* ХХК-тай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулан, хураамжийг төлсөн. Бид гэр бүлийн хамт 2024 оны 02 сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж явахдаа ******* улсын дугаартай Lexus-570 маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осолд орж, миний нөхөр ******* ы амь нас эрсдэж, даатгалын гэрээний 4.3.1, 4.3.3-т заасан даатгалын тохиолдол үүссэн. Даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар ******* ХХК-д хандсан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэлийг өөрт ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэж жолооч хурд хэтрүүлсэн гэх гэрээний заалтад хамруулан нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. Даатгалын гэрээнд хурд хэтрүүлсэн тухай ойлголтыг тусгайлан, тодотгож заагаагүй тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан агуулгаар хурд хэтрүүлсэн гэх ойлголтыг ойлгох нь хууль ёсны гэж үзэж байна. Харин шүүх гэм буруутайд тооцохдоо хурд хэтрүүлсэн биш, хурдыг тохируулан сонгож явна гэх заалт, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн ерөнхий заалтыг баримталсан.
Иймд даатгалын нөхөн төлбөр 284,270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбарын агуулга: ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 06 сарын 23-ны өдөр Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, гэрээний дагуу ******* улсын дугаартай Lexus-570 маркийн автомашиныг даатгуулсан. Даатгуулагчийн эхнэр ******* буюу нэхэмжлэгч нь 2024 оны 02 сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замд тус автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол болж, даатгалын зүйлд хохирол учирсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг тээврийн хэрэгслийн хурд хэсэгт заасан бүхий л нөхцлүүдийг аливаа байдлаар зөрчсөн нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэнд тооцогдох юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй хурдны хязгаар буюу тус дүрмийн 12.4, 12.5, 12.6-д заасан хурдны хязгаар нь зөвхөн тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, үзэгдэх орчин хэвийн нөхцөлд баримтлах хурдны хязгаар бөгөөд дурдсан нөхцөлүүд болон замын хөдөлгөөний дүрэмд заасан бусад нөхцөлүүд хэвийн бус байгаа нөхцөлд дүрмийн 12.1-т заасныг баримтлан замын хөдөлгөөнд оролцох ёстой. Гэтэл жолооч дээрх заалтыг зөрчсөн. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч *******ийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн даатгуулагч ******* ы амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ нь даатгуулагчтай байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.6-д жолооч хурд хэтрүүлэх, улаан гэрлээр уулзвар нэвтрэх, урсгал сөрсний улмаас үүссэн хохирол гэж заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Түүнчлэн манай байгууллага даатгалын гэрээг нэхэмжлэгчтэй бус түүний нөхөр ******* тай байгуулснаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь даатгалын гэрээний тал биш тул даатгалын гэрээний үүргийг ******* ХХК-аас шаардах эрхгүй этгээд байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 127,921,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 156,348,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,579,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 797,557 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх зөвхөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасныг зөрчсөн үйлдлийг хурд хэтрүүлэх ойлголтод хамааруулан авч үзвэл тус дүрмийн 12 дугаар бүлэгт заасан бусад заалтыг зөрчсөн нь хурд хэтрүүлэх ойлголтод хамаарахгүй бөгөөд цастай, шуургатай, гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд жолооч суурингаас гадна 80 км цагийн хурдтай явж болно гэж ойлгогдож байна. Уг дүрмийн 12 дугаар бүлэгт хурдны дээд хязгаараас гадна бусад нөхцлүүдэд жолооч нөхцөл байдлыг үнэлэн өөрт болон бусдад аюулгүй хурдыг сонгож явах үүргийг тодорхойлон заасан. ******* нь замын нөхцөл байдал гулгаатайг мэдсээр байж, хурдаа тохируулан сонгож явах үүргээ хэрэгжүүлээгүй нь хурд хэтрүүлэх ойлголтод зайлшгүй хамаарах бөгөөд энэ тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг зөвхөн орон нутгийн замын хөдөлгөөнд 80 км.цаг хурдаар тодорхойлох боломжгүй. Түүнчлэн, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор *******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Нэхэмжлэгч *******ийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хурд хэтрүүлсэн тухай дахин нотлох шаардлагагүй байна. Уг шийтгэх тогтоолд осол болох үед замын нөхцөл байдал хэвийн биш, гулгаатай байсныг нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрөө хурдаа тохируулан явах ёстой талаар ухамсарлаж, мэдэж ойлгож байсан хэдий ч хурдаа тохируулан яваагүй. Иймд нэхэмжлэгч *******ийг хурд хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хөдөлбөргүй тогтоогдсон.
4.2. ******* ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан этгээд нь ******* бөгөөд хэрэгт нэхэмжлэгч ******* нь даатгуулагч ******* ы өвлөгч мөн эсэхийг тодорхойлсон баримт авагдаагүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасныг хэрэглэх урьдчилсан нөхцөл болох өвлүүлэгч, өвлөгч нар өвлүүлэгчийг нас барахаас өмнө хамт амьдарч байсан талаар хэрэгт баримт авагдаагүй. Даатгуулагч ******* , нэхэмжлэгч ******* нарын гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ авагдсан боловч энэ нь тэднийг хамт амьдарч байсныг нотлох баримт биш. Өөрөөр хэлбэл, тэд хамт амьдарч байсан талаарх Засаг даргын тодорхойлолт баримт авагдаагүй, үүнийг нотлоогүй. Түүнчлэн өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй байхаар заасан. Энэ талаар ямар ч баримт байхгүй.
4.3. Түүнчлэн, өвийн тухай ойлголт эд хөрөнгийн болон эрхийн тухай ойлголтыг хамаарах бөгөөд уг тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасныг хэрэглэх боломжгүй. Мөн даатгагч ******* ХХК нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасан үүргээ хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй өвлөх эрхийн гэрчилгээ, түүнтэй адилтгах бусад нотлох баримтад үндэслэх үүрэгтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх нэхэмжлэлийн үнийн дүнтэй холбоотой хэсгийг гэрээний дагуу шийдвэрлэсэн. Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болон бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан судалж шийдвэр гаргасан. Хариуцагч байгууллага нь замын хурд хэтрүүлсэн гэж маргадаг. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд нарийвчлан тусгаагүй. Даатгалын гэрээтэй холбогдуулан даатгалын компани нь ямар тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй гэдгээ тодорхой тусгах ёстой. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хурд хэтрүүлсэн гэх ойлголтыг нарийвчлан зааж өгсөн. Хот суурин газар хороолол дотор 20, 60, 80, 100 км цагаас дээш нөхцлийг хурд хэтрүүлсэн гэж ойлгоно, харин бусад нөхцөлд дээрх км цагийг аюулгүйн хурд гэж ойлгоно. Өмнөговь аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолд дурдагдсан нэхэмжлэгчийн мэдүүлгийг иш татсан. Шулуун замд 80-100 км цагийн хурдтай замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зорчдог. Гэтэл нэхэмжлэгчийн зорчиж байсан зам нь халтиргаа, гулгаатай байсан тул бага хурдтай буюу өөрийн боломжит хэмжээний аюулгүйн хурдыг тохируулан зорчиж байсан гэж мэдүүлсэн. Шүүх автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй төдийгүй тухайн замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож зорчоогүй гэх агуулгаар дүгнэсэн. Уг дүгнэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамт зорчиж байсан, түүний нөхөр нь осол болсон газар нас барсан. Даатгалын гэрээнд зааснаар зогсоох арга хэмжээ аваагүй бол даатгалын нөхөн төлбөрийг бууруулан тооцохоор зохицуулсан. Мөн Өмнөговь аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй гэх агуулгаар дүгнэсэн. Анхан шатны шүүхийн өвтэй холбоотой дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь нөхөр хүүхдийн хамт амьдардаг байсан гэх үйл баримт тогтоогдсон. Өвийн гэрчилгээг авсны дараа шаардах эрх үүснэ гэх хуулийн зохицуулалт байхгүй. Уг маргааны хувьд өвлөгч байхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 284,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* ХХК, ******* нар 2023 оны 06 сарын 23-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* улсын дугаартай, Lexus-570 маркийн автомашиныг гэрээнд заасан эрсдлээс хамгаалах, ******* нь даатгалын хураамж төлөх нөхцөлийг тохирсон;
3.2. Даатгуулагч ******* нь даатгалын хураамж 3,750,000 төгрөгийг 2023 оны 06 сарын 23-ны өдөр төлсөн;
3.3. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2024 оны 02 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч ******* нь ******* улсын дугаартай, Lexus-570 маркийн автомашиныг жолоодон явахдаа ******ийн жолоодож явсан ******* улсын дугаартай Lexus-570 маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан;
3.4. Үүний улмаас зорчигч ******* ы амь нас хохирч, зорчигч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, ******* улсын дугаартай, Lexus-570 маркийн автомашинд 284,270,000 төгрөгийн хохирол, ******* улсын дугаартай Lexus-570 маркийн автомашинд 104,625,000 төгрөгийн хохирол тус тус учирсан;
3.5. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн;
3.6. Дээрх шийтгэх тогтоолоор жолооч *******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж заасныг, мөн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон;
4. Зохигч дээрх үйл баримтын тухайд маргаагүй, харин нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т тус тус заасныг зөрчсөн нь Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 7.6-д заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарах эсэх, мөн нэхэмжлэгч ******* нь даатгуулагч ******* ы өмнөөс даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
4.1. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний шууд утгыг анхаарна гэж, 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заасан.
Хариуцагч нь ...нэхэмжлэгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т тус тус заасныг зөрчсөн, энэ нь даатгалын гэрээний 7.6-д заасан хурд хэтрүүлсэн гэсэн даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлд хамаарна... гэсэн агуулгатай тайлбар гаргасан нь Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 6.6-д Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасан нөхцөлүүдийг зөрчсөн бол нөхөн төлбөрийг 50% хүртэл хязгаарлаж болно гэж тусгасантай зөрчилдөж байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн бол нөхөн төлбөр олгохгүй... гэсэн агуулгатай тайлбар нь ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн бол нөхөн төлбөрийг 50% хүртэл хязгаарлах... агуулгатай гэрээний зохицуулалттай зөрчилдөж байна.
Үүнээс гадна даатгалын гэрээний 7.6-д заасан хурд хэтрүүлсэн гэдэгт ямар тохиолдлыг хамааруулж ойлгохыг гэрээнд тодорхой тусгаагүй.
Тээврийн хэрэгслийн хурдтай холбоотой зохицуулалт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-12.6-д тусгагдсан бөгөөд үүнээс зөвхөн 12.2, 12.3-т заасан дээрх нөхцөлүүдийг нөхөн төлбөрийн хэмжээг багасгах үндэслэл болгохоор даатгалын гэрээний 6.6-д тусгаж, бусад хэсэн болох 12.1, 12.4, 12.5, 12.6-д заасныг хэрхэн үзэх нь даатгалын гэрээнд тодорхойгүй.
Иймд Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 7.6-д заасныг 6.6-д заасантай харьцуулах замаар жолооч хурд хэтрүүлсэн гэдгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн тохиолдолд хамааруулах үндэслэлтэй гэж Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар тайлбарлах нь зүйтэй байна.
Хариуцагч ******* ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 127,921,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 6.6, 6.12-т заасантай тус тус нийцжээ.
4.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж амь нас хохирогч ******* ы эхнэр *******ийг даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй этгээд гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан хууль ёсны өвлөгч биш тул нэхэмжлэгч *******ийг Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний шаардах эрхийг өвлөх эрхтэй этгээд эсэх талаар маргах эрхтэй этгээд биш.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 797,558 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.НЯМБАЗАР