| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0256/Э |
| Дугаар | 260 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 260
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суваргачин овогт Н.Ж-д холбогдох эрүүгийн 1921 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1955 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн сумын оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Ж.Б регистрийн дугаартай, С овогт Н.Ж.
Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх сумын Засаг даргын тамгын газрын байрны гадна иргэн Ц.Бямбабаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь зүүн дунд чөмөгний төвгөр дайрсан хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ц.Бямбабаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн орчим би Баянтүмэн сумын наадам үзэж байгаад морь дагах зөвшөөрөл авахаар Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газрын хажуу талд дарга Энхтүвшинтэй уулзаад байж байтал гаднаас Ж ах согтуу байдалтай орж ирсэн. Манай сумын ах бөгөөд би та сайн байна уу? гээд гар барих гэтэл чамтай юуг нь гар барьдаг юм гэж хэлсэн. Тухайн үед миний төрсөн дүү Болор-Эрдэнэ та яагаад зүгээр байгаа хүнтэй хэрүүл хийгээд агсам тавиад байгаа юм бэ? гэж хэлсэн. ... Би та болио яах гээд байгаа юм гэж хэлээд Ж ахыг хойш нь түлхсэн. Тэр үед Ж ах миний нүүрэнд зангидсан гараараа нэг удаа цохисон. Би ч бас Ж ахын нүү рүү зөрүүлж нэг удаа цохисон. Тэгтэл Ж ах миний хоёр мөрнөөс маань барьж байгаад намайг ташиж газар унагаасан ба миний дээр дарж унасан. ... Намайг эмнэлэгт хэвтэж байхад Ж ах эмчилгээний зардалд 700,000 төгрөг өгсөн. ... одоо надад тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Гэрч Ц.Болор-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед манай ах Бямбабаяр, Ж ахтай мэнд мэдээд та дээшээ суу гэж хэлэхэд Ж ах “чи муу хулгайч юу хуцаад байгаа юм гэж хэлээд манай ахын шилэн хүзүүн дээр алгадсан. ...Тэр комиссын гэр дотор сумын засаг дарга болон наадам зохион байгуулж байсан удирлага дарга нар байсан учраас гэр дотор битгий хэрүүл шуугиан хийгээрэй гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. ...гараад харахад Бямбабаяр ах Ж ахтай заамдалцчихсан зогсож байсан. ... Ж ах Бямбабаяр ахын цамцнаас зулгааж байгаад ташиж газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Гэрч Б.Цацралтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн орчим Их насны морь үзээд ирье гээд морь уралдааны газар руу дүү Болор-Эрдэний портер машинтай нь явсан. Тэгээд 30 орчим минутын дараа машинтайгаа ирээд машинаасаа бууж чадахгүй байсан. ...Болор-Эрдэний эхнэр нь Бямбабаяр ахыг Ж гээд ах цохиод ташиж унагаасан, тэгэхэд нилээн эвгүй унасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тоотын дүгнэлтийн хэсэгт: "1.Ц.Бямбабаярын биед зүүн дунд чөмөгний төвгөр дайрсан хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 28/
-Шүүгдэгч Н.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-35/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх сумын Засаг даргын тамгын газрын байрны гадна хохирогч Ц.Бямбабаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь зүүн дунд чөмөгний төвгөр дайрсан хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Бямбабаяр бид хоёрын хооронд хэрүүл маргаан болж гэрээс гарч маргалдсан. Тэгээд Бямбабаярын шанаанд нэг удаа цохисон. Тэгэхэд Бямбабаяр зөрүүлж миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Улмаар би таших мэх хийж унагачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, түүнийг давхар нотолсон хохирогч Ц.Бямбабаярын өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн орчимд би Баянтүмэн сумын наадам үзэж байгаад морь дагах зөвшөөрөл авахаар Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газрын хажуу талд дарга Энхтүвшинтэй уулзаад байж байтал гаднаас Ж ах согтуу байдалтай орж ирсэн. Манай сумын ах бөгөөд би та сайн байна уу гээд гар барих гэтэл чамтай юуг нь гар барьдаг юм гэж хэлсэн. Би ... та болио яах гээд байгаа юм гэж хэлээд Ж ахыг хойш нь түлхсэн. Тэр үед Ж ах миний нүүрэнд зангидсан гараараа нэг удаа цохисон. Би ч бас Ж ахын нүү рүү зөрүүлж нэг удаа цохисон. Тэгтэл Ж ах миний хоёр мөрнөөс маань барьж байгаад намайг ташиж газар унагаасан ба миний дээр дарж унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч Ц.Болор-Эрдэнийн өгсөн: “...Тухайн үед манай ах Бямбабаяр маань Ж ахтай мэнд мэдээд та дээшээ суу гэж хэлэхэд Ж ах “чи муу хулгайч юу хуцаад байгаа юм” гэж хэлээд манай ахын шилэн хүзүүн дээр алгадсан. ...Ж ах Бямбабаяр ахын цамцнаас зулгааж байгаад ташиж газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тоот дүгнэлт /хх-ийн 28/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Ц.Бямбабаярын биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Н.Ж-гийн хохирогч Ц.Бямбабаярыг цохиж, улмаар ташиж унагасан санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Ж-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Ж-гийн ЖБ- регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Н.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-гийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Ж-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Ж-гийн ЖБ- регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР