Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01844

 

 

 

 *******, ******* нарын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04183 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 8,666,400 төгрөг гаргуулах тухай,

 

иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Бид Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, 7-р байрны дээд давхарт 1990 оноос хойш амьдарч байна. 2010-2015 оны үед ******* СӨХ нь оршин суугчдад мэдэгдэлгүй дээвэр дээр ******* ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх техникийн зориулалттай ойролцоогоор 3х4х2.5 метр хэмжээтэй сэндвичин байшин барьж 6 жил шахам байршуулж, буулгасны дараа байрны дээврийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, гэмтээсэн. ******* ХХК-ийн буулгасан байшингийн суурь цемент нь овойж үлдээд, дээвэр нь стандартын шаардлага хангахгүй болж дээвэр дээр борооны ус тогтож, хар цаас нь борооны усны нөлөөгөөр чанар нь алдагдаж, айл руугаа ус шүүрч эхэлсэн. Жилээс жилд дээврээс айл руугаа ус гоожих хэмжээ нь ихсэж сүүлийн дөрвөн жил ус нь гоожиж байдал хүндэрсэн. Энэ хугацаанд дээвэр засуулах талаар ******* СӨХ-нд олон удаа шаардлага гаргасан боловч ус алдалтыг зогсоож, бүрэн бүтэн дээврийг засч чадахгүй, түр зуур чанаргүй аргалж байсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлт хоёр удаа /2022.11.03, 2023.10.10/ гарсан боловч хөрөнгө шийдвэрлээгүй. Бид ус алдалтыг зогсооход дээврийн засварын ажлыг яаралтай өөрсдөө хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Ингээд 2024 оны 05 сард өөрсдийн зардлаар 150 м.кв дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэж, энэ зуны 6-9 саруудад дээврийн ус гоожилтыг зогсоосон.

Иймд нэхэмжлэгч ******* нь 7-р байр 288 тоотын дээврийн засварын зардлын 50 хувь 2,833,200 төгрөг, ус гоожсон өрөөний дотор засварын зардалд 1,500,000 төгрөг, нийт 4,333,200 төгрөг, нэхэмжлэгч ******* нь 7-р байр 287 тоотын дээврийн засварын зардлын 50 хувь 2,833,200 төгрөг, ус гоожсон өрөөний дотор засварын зардалд 1,500,000 төгрөг, нийт 4,333,200 төгрөг, нийт 8,666,400 төгрөгийг ******* ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 

2.   Хариуцагчийн тайлбарын агуулга: Тус компани нь ******* СӨХ-той байгуулсан 2015 оны 01 сарын 07-ны өдрийн ТЛ-01/15 тоот Байр талбайн түрээсийн гэрээ-нд заасны дагуу 7-р байрны 8-р орцны дээвэр дээр үүрэн холбооны антен, сэндвичин байрыг байрлуулан үйл ажиллагаагаа явуулсан. 2018 оны 07 сард тус барилгын дээвэр дээр байрлуулсан антен, сендвичин байрыг буулгасан. Үүрэн холбооны антен, сэндвичин байрыг буулгахтай холбоотойгоор ******* СӨХ-ноос 2018 оны 07 сарын 26-ны өдөр 121 м.кв талбайн засвар үйлчилгээнд 3,107,000 төгрөгийн зардал гарах болсон тул тус зардлыг шилжүүлэхийг хүсье гэсэн албан бичгийг ирүүлсэн. Мөн ******* СӨХ-ноос 2018 оны 07 сарын 31-ний өдөр Дээвэр дээр байрлах сэндвичийг буулгах явцад дээврийн засварын ажил хийгдэх төлбөр 3,107,000 төгрөгийг шилжүүлнэ үү. Цаашид гарах үр дагаврыг тус сууц өмчлөгчдийн холбоо хариуцах болно гэсэн албан бичгийг ирүүлсэн. Хүсэлтийн дагуу ******* ХХК нь 3,107,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 01-ний өдөр шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д 2018 оны 09 сарын 03-ны өдөр 2016, 2017, 2018 оны зун борооны улмаас дээвэр дээр байрлуулсан антентэй холбоотойгоор таазнаас ус гоожиж байгаа талаар 2018 оны 09 сард танай аж ахуй хариуцсан менежерт уулзаж хэлэхэд засварын зардлыг тооцож өгнө гэсэн. Одоо ******* СӨХ дээврийг засаж дуусгасан, ус гоожихгүй байгаа тул засварын ажлыг хийж болно гэж үзэж байгаа. Зардлын дүн 550,000 төгрөгийн зардлыг олгож өгнө үү гэсэн агуулгатай өргөдлийг гаргасан. Өргөдлийн дагуу 550,000 төгрөгийг 2018 оны 09 сарын 12-ны өдөр шилжүүлсэн. 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 02-07-091/1065 тоот Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтэд Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р байрны 5-8 дугаар орцны дээврийн ашиглалтыг байдлыг Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм БНбД 13-104-20-ын хүснэгт 2-т хуйлмал материалан /3-4 үетэй/ дээврийн хучлагын бүрээс их засвар хүртэлх ашиглалтын хугацаа 10 жил... урсгал засвар хийх хүртэлх хугацаа 3-5... гэж заасныг хангахгүй байна гэж, мөн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 02-13-01/038/145 тоот Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтэд Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р байрны 5-8 дугаар орцны дээврийн ашиглалтын байдлыг Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, галд тэсвэртэй, цахилгаан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх гэж заасныг болон Дээврийн хучлага БНбД 31-02-03-ийн холбогдох заалтыг хангахгүй байна гэжээ. Дээрхээс үзвэл тус байрны 5-8 дугаар орцны дээвэр бүхэлдээ ашиглалтын байдал алдагдсан, их засвар, урсгал засвар хийх хугацаа болсон талаар дүгнэсэн байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу СӨХ оролцох үүрэгтэй байхаар заасан байна.

Иймд их болон урсгал засвар хийгээгүйн улмаас үүссэн хохирлыг ******* ХХК-аас шаардах бус ******* СӨХ-д хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох, гэм хорын хохиролд 4,333,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, гэм хорын хохиролд 4,333,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ********, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /84,281+84,281/ 168,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1.  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 502 дугаар зүйлийг үндэслэсэн нь учир дутагдалтай. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нарын оршин суудаг Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, 9-р байрны дээвэр дээр техникийн зориулалттай ойролцоогоор 3x4x2.5 метр хэмжээтэй сэндвичэн байшин барьж улмаар 6 жилийн дараа буулгахдаа дээврийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан асуудлаар маргаагүй.

4.2.  Түүнчлэн дээрх дээврийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсантай холбоотой хохирлыг барагдуулах үүднээс 3,000,000 төгрөгийг СӨХ-ны удирдлагуудад хүлээлгэн өгч улмаар засвар үйлчилгээ хийсэн гэх боловч энэ засвар үйлчилгээ нь дээврийн бүрэн байдлыг алдагдуулсан гэх хэсгийг бүхэлд нь хамраагүй болох нь тогтоогдсон төдийгүй зохигч маргаагүй. Учир нь дээрх засвар үйлчилгээний дараагаас нэг айл биш бүүр хоёр айлын дээрээс цас борооны ус алдах болсон төдийгүй энэ нь дээврийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас үүдэлтэй болохыг хариуцагч нар үгүйсгэдэггүй. Зөвхөн хариуцагч тал нь дээрхи дээврийн бүрэн бүтэн байдал алдагдсаныг засварлах төлбөрийг төлж барагдуулсан гэж маргадаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх дээврийн бүрэн бүтэн байдал алдагдсан асуудлыг тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

4.3.  Хэрэгт нэхэмжлэгч нар дээврийн бүрэн бүтэн байдлыг өөрсдийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагаар засварласан баримт авагдсан бөгөөд нийт 150 м.кв дээврийн талбайг засварласан болох нь нотлох баримтаар нотлогддог. Тэгвэл хариуцагч нар анхнаасаа дээврийн засварын хөлсийг бүрэн гүйцэд гаргаагүйн улмаас дээврийн бүрэн бүтэн байдлыг бүхэлд нь засварлаагүй нөхцөл байдал төдийгүй ийнхүү дутуу төлбөрийн улмаас бүрэн засварлагдаагүйгээс нэг биш бүр хоёр айлд гэм хорын хохирол учирсан байтал энэ хохирлыг тооцолгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хохирлын зохих хэсгийг гаргаж өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тус бүр 4,333,200 төгрөг буюу нийт 8,666,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.  Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж, *******-р байрны ******** тоот хаягт нэхэмжлэгч *******, ******* тоот хаягт нэхэмжлэгч ******* нар оршин суудаг бөгөөд эдгээр тоотууд нь тухайн орон сууцны дээд давхарт байрладаг;

3.2.  ******* ХХК нь тус орон сууцыг харьяалдаг ******* СӨХ-той байгуулсан Байр талбайн түрээсийн гэрээ-ний дагуу орон сууцны барилгын дээвэр дээр үүрэн холбооны антен, 3х4 м.кв хэмжээтэй сендвичэн байрыг 2015 оны 01 сард байршуулж, улмаар 2018 оны 07 сард буулгасан.

 

4.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******, ******* нарт хохирол учирсан явдалд хариуцагч ******* ХХК гэм буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч нарын шаардлага хангагдах боломжтой.

 

5.   Гэтэл нэхэмжлэгч *******, ******* нарын оршин суудаг орон сууцны барилгын дээврээс ус алддаг нөхцөл байдал нь хариуцагч ******* ХХК-ийн гэм буруутай үйлдлээс болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2022 оны 11 сарын 05-ны өдрийн 02-07-091/1065 дугаартай дүгнэлтэд ...Сүхбаатар дүүргийн 7-р хороо, ******* СӨХ-нд харьяалагдах орон сууцны 7-р барилгын дээврийн ашиглалтын байдал нь Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм БНбД 13-104-20-ын хүснэгт 2-т /хуйлмал материалан /3-4 үетэй/ дээврийн хучлагын бүрээс их засвар хүртэлх ашиглалтын хугацаа 10 жил.../, мөн дүрмийн хүснэгт 2-т /урсгал засвар хийх хүртэлх хугацаа 3-5 жил.../ заасныг тус тус хангахгүй байна... гэж, Хотын стандарт, хяналтын газрын Улсын байцаагчийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 02-13-01/038/145 дугаартай дүгнэлтэд ...Сүхбаатар дүүргийн 7-р хороонд байрлах орон сууцны 7-р барилгын 5-р орцны дээврийн ашиглалтын байдал нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 (барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, галд тэсвэртэй, цахилгаан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх)-ыг болон Дээврийн хучлага БНбД 31-02-03-ийн холбогдох заалтыг хангахгүй байна... гэж тус тус дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцны барилгын дээвэр нь барилгын норм ба дүрэмд заасан шаардлагыг хангаагүй буюу ашиглалтын хугацаа, их засвар, урсгал засвартай холбоотой ус алддаг байна.

 

6.   Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8, 16 дугаар зүйлийн 16.6-д тус тус зааснаар ******* СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, мөн орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэрт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт хүсэх эрхтэй этгээд юм.

Энэ ч утгаараа ******* СӨХ нь 2018 оны 07 сарын 31-ний өдөр ******* ХХК-д хандан ...дээвэр дээр байрлах сендвичэн байрыг буулгах явцад дээврийн засварын ажилд шаардагдах 3,107,000 төгрөгийг олгож өгнө үү... гэсэн хүсэлт гаргасны дагуу ******* ХХК 2018 оны 08 сарын 01-ний өдөр 3,107,000 төгрөгийг ******* СӨХ-нд олгосон байдаг.

Иймд дээврийн засвар чанартай хийгдсэн эсэх асуудал нь ******* СӨХ-нд хамаарах асуудал байна.

 

7.   Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлж орсон Г.Ариунаа нь ...******* СӨХ-ны хариуцах хэрэг болов уу гэж бодож байна. ******* ХХК нь СӨХ-нд тухайн үед засвар үйлчилгээтэй холбоотой мөнгийг төлсөн болохоор СӨХ тэр засварыг хийж тухайн хоёр айлыг хохиролгүй болгох хэрэгтэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ...анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 168,562 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР