| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0233/Э |
| Дугаар | 230 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 230
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Идэрбат
Хохирогч П.Мөнхбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б.Д-д холбогдох эрүүгийн 192 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Орос, Англи хэлний багш мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 1-9 насны 3 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Ж регистрийн дугаартай, Г овогт Б.Д.
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг “Эхэн бүрд” гэх газарт иргэн П.Мөнхбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь уруулын дээд хэсэг, хоёр хацар, зүүн чихний омогт зулгаралт, дээд уруулын дотор салст, цээж хэвлий, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруул, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч П.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 07 дугаар сарын 23-ны орой гэртэй байж байхад гадаа машин ирэх шиг болсон. Хэн ирсэн юм болдоо гэж бодоод байж байхад Д ирээд “би чамайг ална...” гэж хэлээд намайг цохиж унагаагаад пингээс чирч гаргаад гадаа дахин цохисон. Энэ үед хүмүүс бид хоёрыг салгасан. Бид хоёрыг салгаагүй байсан бол Д намайг алах байсан байх. Д анх манай гэрт ирэхдээ намайг алах зорилготой ирсэн. Намайг ямар зорилгоор алах гэж оролдсон юм бол гэж гайхаж байна. Энэ үйлдэл нь санамсаргүй үйлдэл биш. Д Жоохноо гэдэг залуутай уулзаад “хоёулаа Мөнхбат руу очоод агсам тавья” гэж хэлэхэд Жоохноо “Би Мөнхбат ахад агсам тавьж маргалдах шалтгаан байхгүй” гэж хэлсэн байсан. Энэ тухай би мөрдөн байцаагчид хэлээд Жоохноогоос мэдүүлэг авахуулах талаар хүсэлт гаргасан. Би өөрөөгөө айлын өвөлжөөн дээр буусан гэж бодохгүй байна. Д-гийн эхнэр манайхыг нүүгээд ирж байхад харсан. Тэгээд та нар манай өвөлжөөнд бууж болохгүй гэдэг талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Тухайн газарт буух буухгүйгээ Д-гээр заалгахгүй. Надад холбогдох газраас та энэ газарт бууж болохгүй, нүүх талаар мэдэгдэх юм бол нүүхэд бэлэн байна. Би Монгол улсын иргэнийхээ эрхийг эдэлж байна гэж бодож байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би 60 наслахдаа хүнд зодуулж оронд нь мөнгө төгрөг авдаг хүн биш. Би болсон явдлын дараа өөртөө эм, тариа хэрэглэсэн. Гэхдээ тухайн мөнгийг авахгүй. Мөрдөн байцаагч энэ хэргийн бодит хохирлыг та шүүгдэгчээс авах ёстой гэж надад тайлбарласан болохоор Д-гээс 120,000 төгрөгийг авсан. Нэмж нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Гэрч Ж.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед ... Д гэх залуу нэлээд согтуу машинаа барьж манайх руу ирсэн бөгөөд шууд Мөнхбат хаана байна алнаа гэж бахираад таамбар руу очсон ... би вагончиг дотроо байж байтал 2 зээ маань өвөөг зодлоо гээд над руу ирэхээр нь би таамбарт очиход Д манай нөхрийн энд тэндээс нь зулгааж, муухай орилоод таамбар доторх хамаг эд зүйлийг нураасан. Мөн гадаа байсан хувинтай сүүг асгасан. ... согтуу орилж байснаа манай таамбараас нөхрийг маань чирч гаргаад зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Гэрч Ц.Тогос-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 23-ны орой 18-19 цагийн үед .. Д, эхнэр болон нагац ах Даваажав нарын хамтаар бууж ирсэн. ... Д өөрийнхөө Портер маркийн машиныг жолоодоод хойшоогоо Мөнхбат ахын гэр рүү явсан. Тэдний гадаа очиж зогсох үед Д, Мөнхбаттай барьцалдчихсан футболкаа тайлаад хаяж байсан. Тэгээд Даваажав бид хоёрыг мотоциклоосоо бууж байх мөчид Д Мөнхбатын нүүр рүү нь зангидсан гараараа цохиж байсан. Мөнхбат цохиулаад газар унасан ба Д Мөнхбатын дээрээс нь дайрч байх үед Даваажав Дгийн араас нь татаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
Гэрч А.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед ... Сэргэлэн сумын 3 дугаар баг “Гурван худгийн хоолой” гэх газарт Мөнхбат бусдад зодуулаад толгойноосоо цус гараад байна гэх дуудлага ирсэн. ... намайг очиж үзлэг хийх үед хамарнаас нь цус гараад хатсан байдалтай, царай баргар, уруул нь хавдсан, баруун хөхний доор хөхрөлттэй, хэвлийн олгойн хагалгааны зүүн хэсэгт хөхөрсөн байсан. ... Мөнхбат надад хэлэхдээ урд талын хөрш маань ирж намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 479 тоот дүгнэлийн хэсэгт: "1. П.Мөнхбатын биед уруулын дээд хэсэг, хоёр хацар, зүүн чихний омогт зулгаралт, дээд уруулын дотор салст, цээж, хэвлий, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруул, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 48/
Шүүгдэгч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-60/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг “Эхэн бүрд” гэх газарт хохирогч П.Мөнхбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь уруулын дээд хэсэг, хоёр хацар, зүүн чихний омогт зулгаралт, дээд уруулын дотор салст, цээж, хэвлий, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруул, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: 2019 оны 07 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед ... Мөнхбат ахын гэр рүү ганцаараа орсон. ... Мөнхбат ахтай мэнд мэдээд та яагаад хүн доромжилж байгаа юм шиг хүний өвөлжөөн дээр бууж байгаа юм бэ? гэж хэлсэн. Улмаар Мөнхбат ахын эхнэр нь чиний өмчилж авсан газар юм уу? гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ чинь миний өвөлжөө та нар ч гэсэн малтай байж хүний өвөлжөөн дээр зусланд гарах шаардлагатай юм уу? гэж хэлсэн бөгөөд Мөнхбат, Энхтуяа нар чиний газар биш бид нар хаана буухаа мэдэж байна гэж хэлсэн. Тухайн үед миний уур хүрч та нар миний өвөлжөөн дээрээс зайл, та нар өмнө ч гэсэн миний хонийг хулгайлж байсан биз дээ? пиздаа нар минь гэж бахирсан. ... Мөнхбат ах миний дээр гарч ирээд зүүн шанаанд маань 2-оос 3 удаа цохисон. Тэгэхээр нь би Мөнхбат ахын цээж рүү нь өвдгөөрөө жийж түлхээд хамар руу нь нэг удаа цохисон. Тэр үед Мөнхбат ах газар шалан дээр унаж байсан. ... Би хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/, түүнийг давхар нотолсон хохирогч П.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2019 оны 07 дугаар сарын 23-ны орой гэртэй байж байхад гадаа машин ирэх шиг болсон. Хэн ирсэн юм болдоо гэж бодоод байж байхад Д ирээд “би чамайг ална...” гэж хэлээд намайг цохиж унагаагаад пингээс чирч гаргаад гадаа дахин цохисон. Энэ үед хүмүүс бид хоёрыг салгасан. ...Д анх манай гэрт ирэхдээ намайг алах зорилготой ирсэн. Намайг ямар зорилгоор алах гэж оролдсон юм бол гэж гайхаж байна. Энэ үйлдэл нь санамсаргүй үйлдэл биш гэж үзэж байна. ... Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч Ж.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 28/, гэрч Ц.Тогос-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 35/, гэрч А.Нэргүйн өгсөн мэдүүлэг /хх-ийн 38/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 479 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч П.Мөнхбатын биед учирсан “уруулын дээд хэсэг, хоёр хацар, зүүн чихний омогт зулгаралт, дээд уруулын дотор салст, цээж, хэвлий, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруул, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Д-гийн хохирогч П.Мөнхбатын цээжин хэсэгт хөлөөрөө өшиглөж нүүрэн тус газарт нь гараараа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Д-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгчийн гэм бурууг нотолсон тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Д-гийн ЖЯ- регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Д-гийн ЖЯ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР