Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01855

 

 

 

 

   

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02928 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********, *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: *******, ******** нарын хооронд 2021 оны 10 сарын 23-ны өдөр байгуулагдсан 2439 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, ********, ******* нарын хооронд 2022 оны 10 сарын 24-ний өдөр байгуулагдсан 2486 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, *******, ******* нарын хооронд 2023 оны 08 сарын 28-ны өдөр байгуулагдсан 2100 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг *******д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай *******ын сөрөг нэхэмжлэлтэй,

 

иргэний хэргийг хариуцагч *******, *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ********ийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие хариуцагч ********ийг 2016 оноос ажлын шугамаар таньдаг. Хариуцагч нь 2021 оны 10 сард надтай уулзаж ...ОХУ-аас шатахуун оруулж ирэхээр болсон хөрөнгө оруулалт шаардлагатай байна, хэрэв нийлүүлэлт жигдэрчихвэл Хаан банкнаас авсан зээлээ төлж, танай 2 байрыг чөлөөлөөд өгчихмөөр байна, хэдэн хүмүүстэй тохиролцоод зээл авахаар болсон, та рестораны барилгаа барьцаалаад туслаач... гэх зэргээр гуйж рестораныг зээлийн барьцаанд тавихаар болсон. Тухайн үед нэхэмжлэгч миний бие үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хариуцагчид хийж өгөх гэхэд хариуцагч нь ...зээл гаргуулж авахын тулд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь зээлдэгчийн өмчлөлд байх шаардлагатай байна, та үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн барьцаанд барьцаалах итгэмжлэл биш харин худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж өгөх хэрэгтэй байна, хоёулаа тухайн хөрөнгийг худалдаж авсан мэтээр гэрээ хийе, зээлээ төлчихөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг буцаагаад шилжүүлээд өгчихнө, та итгэхгүй бол баталгаа болгож би танаас 500,000,000 төгрөг зээлсэн мэтээр хоёулаа зээлийн гэрээ байгуулъя, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй бол та зээлийн гэрээг үндэслээд надаас мөнгө нэхэмжилж болно... гэж гуйсан. Тэгээд бид дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдаж байгаа мэтээр 2021 оны 10 сарын 23-ны өдөр 2438 дугаартай худалдах, худалдан авах гэрээ болон 2439 дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулсан.

Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсны дараагаар 200,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өнөөдрийг хүртэл буцаан шилжүүлж өгөөгүй. Бодит байдал дээр гэрээ байгуулсан өдөр болон түүнээс хойш хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр 100,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлж байгаагүй, миний бие хариуцагчаас 100,000,000 төгрөг аваагүй, хөрөнгийг 2020 оны хавраас эхлэн өөрөө барьж ашиглалтад оруулж, түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа. Анх ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч миний эзэмшилд байгаа, гэрээ байгуулсан өдрөөс хойш хариуцагчийн эзэмшил ашиглалтад бодитоор шилжиж байгаагүй болно.

Иймд, *******, ******** нарын хооронд 2021 оны 10 сарын 23-ны өдөр байгуулагдсан 2439 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, ********, ******* нарын хооронд 2022 оны 10 сарын 24-ний өдөр байгуулагдсан 2486 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, *******, ******* нарын хооронд 2023 оны 08 сарын 28-ны өдөр байгуулагдсан 2100 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Дүнжингарав /13221/ гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв тал,байтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч *******д даалгаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга: Хариуцагч ******** нь *******тэй 2021 онд холбогдоод ...мөнгөний хэрэг яаралтай гарсан мөнгө зээлээч... гэж хүсэлт тавихад ...зээлэх боломж байхгүй... гэдгээ илэрхийлсэн. Улмаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг авах уу гэдэг санал тавьсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон холбогдох баримтуудыг шалгахад ********ийн өөрийнх нь өмчлөлд бүртгэлтэй байсан. *******аас ********д, ********ээс ********д, буцаад ********д шилжсэн, өмчлөх эрх хэд дамжсан байсан тул өмчлөлийн маргаан байхгүй гэж үзэж, ********тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар тохирсон. Улмаар 2022 оны 10 сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 200,000,000 төгрөгөөр тохиролцоод төлбөрийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн. Миний бие өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан, төлбөрийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Хариуцагч *******ын хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: Миний бие болон ******* нар бизнесийн хамтрагч байсан. Манай зүгээс мах нийлүүлдэг. 2022 оны 10 сараас 2023 оны 05 сарын хооронд нийт 500,000,000 төгрөгийн нийлүүлэлт хийсэн боловч төлбөр орж ирээгүй. *******ийн зүгээс ...үл хөдлөх эд хөрөнгө төлбөртөө тооцож авах уу... гэсэн санал гаргаж, улмаар 1,556.9 м.кв талбайтай газар, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг санал болгосон. Тэгээд 509,445,000 төгрөгт тооцож уг үл хөдлөх эд хөрөнгийг авсан. Үүний дараа үлдэгдэл төлбөрөө баталгаажуулж, тооцоо нийлэх акт үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч ******* саад болж байна.

Иймд, *******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Дүнжингарав гудамж, ******* хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй ******** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

4.   Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь одоогийн нөхцөл байдалд бүрэн гүйцэт баригдсан, зориулалтын дагуу ашиглагдаж байгаа. Хэдийгээр улсын бүртгэлийн баримтаар хариуцагч ******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн боловч зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар *******ыг өмчлөгч гэж үзэх, талуудын гэрээний болон өмчлөлийн маргааны асуудал шийдэгдээгүй байгаа үед нэхэмжлэгч *******ын эзэмшлийг хууль бус гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны урьтал нөхцөл нь тухайн хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил хууль бус байх агуулгатай бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хууль бус гэрээний үндсэн дээр шилжүүлсэн авсан тул гэрээний маргааныг шийдвэрлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшлийг шууд хууль бус гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, өмчлөх эрхийг харилцан шилжүүлээд буй хариуцагч нар нь өмчлөх эрхийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шударгаар олж аваагүй. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсныг хууль ёсны өмчлөгч гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5-т заасныг тус тус баримтлан ******** дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2021 оны 10 сарын 23-ны өдөр *******, ******** нарын хооронд байгуулагдсан 2439 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, ********, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 2486 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 08 сарын 28-ны өдрийн 2100 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тус тус тооцож, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******ын нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч *******д даалгаж, Эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ыг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,315,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********ээс 2,315,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6.   Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1.  Нэхэмжлэгч *******, хариуцагч ******** нар хамтран ажиллахаар харилцан тохиролцож, ОХУ-аас шатахуун оруулж ирэхэд хөрөнгө босгох зорилгоор нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ********ийн нэр дээр шилжүүлсэн нь хэргийн баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байсан хэдий ч өмчлөх эрхийг хариуцагч ********ийн нэр дээр шилжүүлэх, улмаар захиран зарцуулах эрхийг олгох зорилгоор худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Нөгөө талаар хэлцлийн үр дагаврыг *******, ******** нарын хэн аль нь ойлгож байсан бөгөөд хамтран ажиллах, ашиг олох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгөө хуульд заасны дагуу шилжүүлчихээд хамтын ажиллагаа нь бүтэлгүйтэж, ашиг олох боломжгүй болоод ирэхээр байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

6.2.  Анхан шатны шүүх хариуцагч ******* болон ******* нарыг маргаан бүхий хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй, шаардаагүй, хөрөнгийг очиж үзээгүй гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагч ******* нь хариуцагч ********ээс худалдан авах үедээ маргаан бүхий объектод очиж үзэж байсан, тухайн үед ******** нь зах зээлийн үнээс доогуур худалдаж байгаа болохоор өмнөх өмчлөгчийн түрээсийн гэрээг дууссаны дараа эзэмшлийг шилжүүлж өгнө гэсэн тул хариуцагч ******* нь итгэн гэрээний үнийг төлж, өмчлөх эрхийг шударгаар олж авсан.

6.3.  Хариуцагч ******** нь хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан буюу өөрийн нэр дээр шилжүүлээд 1 жилийн дараа хариуцагч ******* худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд өмчлөлийн маргаан байгаагүй. ******* нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг очиж танилцан, ********ийн хэлснээр түрээсийн гэрээний хугацаа дууссаны дараа эзэмшилдээ авах нөхцөлтэй 200,000,000 төгрөгөөр худалдан авах саналыг хүлээн зөвшөөрч, үнийг бүрэн төлсөн.

6.4.  Нэхэмжлэгч ******* дүр үзүүлэн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бол ********д шилжүүлснээс хойш *******т шилжүүлсэн 1 жил, *******д шилжүүлэх хүртэл мөн 1 жил орчим, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 3 жил орчим хугацаанд хөрөнгөө буцаан шаардах асуудлаар нэхэмжлэл болон холбогдох шаардлагыг гаргаагүй.

6.5.  Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлээгүй нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл биш. Учир нь, талуудын хоорондын тохиролцоогоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн хугацаа дууссаны дараа шилжүүлэхээр болсон байдаг бөгөөд ******** нь удахгүй шилжүүлж өгнө, түр маргаан үүсгэхгүй хүлээж бай гэх зэргээр хугацаа авсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Хэн аль нь өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн хийсэн зүйл байхгүй бөгөөд хэлбэрийн төдий гэрээ байгуулаагүй, өмчлөх эрхийг шударгаар гэрээний үндсэн дээр олж авах хүсэл зоригийн дагуу байгуулсан. Гэтэл хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн аваагүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.   Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдыг гаргаж байна.

7.1.  ******* нь *******ын томоохон бизнесийн хамтрагч тул түүнд итгэн үл хөдлөх эд хөрөнгийг биечлэн үзээгүй, *******ийн утсан дээрх зургаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг харж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авахаар болсон. Улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авах талаар *******т удаа дараа хэлсэн боловч удахгүй чөлөөлж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. ******* нь бизнесийн хамтын ажиллагаагаа бодоод маргаан үүсгэхгүй, *******ийг шилжүүлж өгөхийг хүлээсэн. Өр төлбөртөө тооцон авсан үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн эзэмшилд шилжүүлэн аваагүй нь өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

7.2.  *******, ******** нарын хооронд хүчин төгөлдөх бус хэлцэл байгуулагдсан гэж үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөхөөр заасан. Маргаан бүхий хөрөнгө нь ********ийн өмчлөлөөс шилжсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхөөр байх тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********ээс уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болон холбогдох хохирол төлбөрөө нэхэмжлэх боломжтой байхад хэлцлийг хүчин төлөгдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаад гомдолтой байна.

7.3.  Анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд байгуулагдсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, бараа материал хүлээлгэн өгсөн баримт болон тооцоо нийлсэн баримт зэргийг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт дурдаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлээгүй. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******** нар худалдах зорилгогүй байсныг хэрхэн нотолж тогтоож байгаа нь тодорхойгүй, талууд хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулалт хийж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн буюу тухайн хэлцлийг хийснээр ямар үр дагавар үүсэхийг мэдэж байсан, уг үр дүнг хүсэж, сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийсэн байхад зөвхөн үнийг төлөөгүй, хөрөнгийг шилжүүлээгүй гэх шалтгаанаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлгүй.

7.4.  Хариуцагч ******* нь Баянзүрх дүүргийн 11-р хороо, Дүнжингаравын гудамж, ******* хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй, ******** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2023 оны 08 сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан бөгөөд хуульд заасны дагуу шударга өмчлөгч тус Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

8.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Маргаан бүхий объектыг нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашигласаар ирсэн. ******** тухайн үед объектыг хариуцагч нарт үзүүлэх боломж байгаагүй. Хариуцагч ******** тайлбар гаргаагүй, ********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явсан. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлийг танилцуулж, шүүх хуралдааны товыг зарласан. Тиймээс анхан шатны шүүх ********тэй холбоотой хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд ******** гомдол гаргаагүй. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. ******* болон ******** нарын хооронд байгуулагдсан гэрээтэй холбогдуулан хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч *******ын гаргасан гомдлыг мөн хүлээн авах боломжгүй. Тухайн үед хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг очиж үзээгүй. Худалдах, худалдан авах гэрээний дагуу шударгаар шилжүүлэн авч байгаа бол хариуцагч нар объектыг өөрийн биеэр очиж үзэх ёстой байсан. Хариуцагч ******* тухайн обьектыг 509,000,000 төгрөгийн авлагад тооцож авсан тухай дурддаг ч тус объектыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. Эдгээр тайлбаруудаас үзэхэд тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах бодитой хүсэл зориг байгаагүй бөгөөд дүр үзүүлэн хийсэн хэлцэл дээр суурилсан хэлцэл байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д заасан улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлэх шаардлагыг хангаагүй гомдол гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу төлөх байтал 509,000,000 төгрөгийн маргаан бүхий гомдолд 70,200 төгрөг төлсөн байна. Иймд гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэж хуульчийн зүгээс үзэж байх тул хариуцагч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9.   Давж заалдах гомдолд хариуцагч ********ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч ******** болон ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Уг харилцааны дагуу 200,000,000 төгрөг зээлсэн боловч худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах хүсэлтийн дагуу тус гэрээг байгуулсан. Бодитоор худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй. Иймд хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Олон жилийн хугацаанд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагч нараас гаргаж байсан удаа байхгүй. Хариуцагч ******* тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бодитойгоор эзэмшиж ашиглаж байгаагүй. Иймд хариуцагч *******, ******* нарын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч ********ээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх байр суурьтай оролцож байна. Хариуцагч *******ын гаргасан гомдлын тухайд хохирол нэхэмжлэх боломж байна гэж үзэж байна. Бүрэн дуусаагүй барилгыг эзэмших гэрчилгээ *******ын нэр дээр байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Миний үйлчлүүлэгч бусдад 200,000,000 төгрөгөөр залилуулсан учир холбогдох гомдлыг гаргаж, шийдвэрлүүлэхээр явж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ******* болон хариуцагч *******ын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

2.   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********, *******, ******* нарт холбогдуулан *******, ******** нарын хооронд 2021 оны 10 сарын 23-ны өдөр байгуулагдсан 2439 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, ********, ******* нарын хооронд 2022 оны 10 сарын 24-ний өдөр байгуулагдсан 2486 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, *******, ******* нарын хооронд 2023 оны 08 сарын 28-ны өдөр байгуулагдсан 2100 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг *******д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******** нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

3.   Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

4.   Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.  *******, ******** нар 2021 оны 10 сарын 23-ны өдөр 2438 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, ******** нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 100,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тохирсон байх ба гэрээний 3.2-т Төлбөрийг 2021.10.23-ны өдөр бүрэн төлсөн тухай дурджээ; /хх 7-8/

4.2.  Мөн өдөр *******, ******** нар 2439 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 500,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, ******** нь тохирсон хугацаанд зээлийг буцаан төлөх нөхцөлийг тохирсон; /хх 9-10/

4.3.  Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө *******ын өмчлөлөөс ********ийн өмчлөлд 2021 оны 10 сарын 26-ны өдөр, ********ийн өмчлөлөөс *******ы өмчлөлд 2021 оны 11 сарын 04-ний өдөр, *******ы өмчлөлөөс буцаад ********ийн өмчлөлд 2021 оны 12 сарын 14-ний өдөр тус тус шилжсэн; /хх 40-41/

4.4.  Үүний дараа ********, ******* нар 2022 оны 10 сарын 24-ний өдөр 2486 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******** нь эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 200,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тохирсон; /хх 83-арын нүүр/

4.5.  Үүний дагуу ******* нь 2022 оны 10 сарын 24-ний өдөр 200,000,000 төгрөгийг ********ийн өмчлөлд шилжүүлсэн; /хх 155/

4.6.  Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө ********ийн өмчлөлөөс *******ийн өмчлөлд 2022 оны 10 сарын 26-ны өдөр шилжсэн; /хх 40-41/

4.7.  *******, ******* нар 2022 оны 09 сарын 30-ны өдөр 22/19 дугаартай Мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь хонь, үхрийн мах (бүтэн болон зорсон) бэлтгэн нийлүүлэх, ******* нь хонь, үхрийн махыг хүлээн авч, үнийг төлөх нөхцөлийг тохирсон; /хх 171-173/

4.8.  Улмаар *******, ******* нар 2023 оны 08 сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, уг хэлцлээр ******* нь нийт 509,945,000 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүн хүлээн авсан болохыг баталгаажуулж, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг уг төлбөрт тооцон *******ын өмчлөлд шилжүүлэн өгөх нөхцөлийг тохирсон; /хх 174-184, 115, хх 86-арын нүүр-87/

4.9.  Үүний дагуу *******, ******* нар 2023 оны 08 сарын 28-ны өдөр 2100 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх, ******* нь уг бэлгийг хүлээн авах нөхцөлийг тохирсон;

4.10.  Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө *******ийн өмчлөлөөс *******ын өмчлөлд 2023 оны 08 сарын 30-ны өдөр шилжсэн. /хх 40-41/

 

5.   *******, ******** нар 2021 оны 10 сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан аван гэрээ байгуулснаас гадна мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсан, мөн дээрх худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө бодитоор шилжээгүй, *******, ******** нарын хэн алинд нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй зэргээс үзвэл эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч байна.

Түүнчлэн, ******** болон *******ы хооронд байгуулагдсан 2021 оны 11 сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, *******, ******** нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нүүд мөн адил Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжийг агуулж байна. /хх 75, 79/

Өөрөөр хэлбэл, ******** нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үр дагаврыг өөр дээрээ буцаан авсан байна.

 

6.   Харин анхан шатны шүүх ...үл хөдлөх эд хөрөнгөтэй танилцаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор эзэмшиж ашиглаж байгаа этгээдтэй уулзаагүй... гэсэн үндэслэл зааж, улмаар ********, ******* нарын хооронд 2022 оны 10 сарын 24-ний өдөр байгуулагдсан 2486 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн *******, ******* нарын хооронд 2023 оны 08 сарын 28-ны өдөр байгуулагдсан 2100 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Тодруулбал, ******* нь ********тэй гэрээ байгуулах үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө ********ийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд *******өөс ********д гэрээний үнэ болох 200,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгсөн нөхцөл байдал, мөн ******* нь *******тэй гэрээ байгуулах үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө *******ийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд *******, ******* нар өмнө үүссэн өглөг авлагыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хаахаар тохирсон нөхцөл байдал зэргийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй байна.

Түүнчлэн, хариуцагч *******, ******* нар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн дээр *******аас ********д, ********ээс *******д, *******аас буцаад ********д шилжиж байсныг мэдсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймд, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 111 дүгээр зүйлийн 111, 114 дүгээр зүйлийн 114.1-д тус тус заасан зохицуулалтын хүрээнд хариуцагч *******, ******* нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцох боломжтой.

Зөвхөн ...үл хөдлөх эд хөрөнгөтэй танилцаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор эзэмшиж ашиглаж байгаа этгээдтэй уулзаагүй... гэсэн үндэслэл нь хуульд заасан өмчлөгчийн эрхийг хөндөх үндэслэл болж чадахгүй.

 

7.   Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, ********, ******* нарын хооронд 2022 оны 10 сарын 24-ний өдөр байгуулагдсан 2486 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, *******, ******* нарын хооронд 2023 оны 08 сарын 28-ны өдөр байгуулагдсан 2100 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-нүүд нь тусдаа бие даасан гэрээний шинжийг агуулж байхаас гадна *******, ******** нарын хооронд 2021 оны 10 сарын 23-ны өдөр байгуулагдсан 2438 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-тэй салшгүй холбоотой гэж үзэхгүй тул тэдгээрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй.

 

8.   Иймд, ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг *******ын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хэдийгээр ******* нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн дээр ********д үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн боловч ******* нь шудрага өмчлөгч болохынхоо хувьд *******ын нэхэмжлэлийн шаардлагаас хамгаалагдана.

 

9.   Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

10.   Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээд уг хэлцлийн улмаас хохирсон гэж үзвэл хэлцлийн нөгөө тал болох этгээдээс хохирлоо шаардахад энэ магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02928 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул хариуцагч ********, *******, ******* нарт холбогдох, *******, ******** нарын хооронд 2021 оны 10 сарын 23-ны өдөр байгуулагдсан 2439 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, ********, ******* нарын хооронд 2022 оны 10 сарын 24-ний өдөр байгуулагдсан 2486 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, *******, ******* нарын хооронд 2023 оны 08 сарын 28-ны өдөр байгуулагдсан 2100 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч *******д даалгах тухай, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******аас урьдчилан төлсөн 2,315,000 төгрөг, хариуцагч *******аас урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан хариуцагч *******д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******өөс 2025 оны 07 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 1,157,950 төгрөг, хариуцагч *******аас 2025 оны 07 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Д.НЯМБАЗАР